Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0259

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга, С.Мяндасмаа, Б.Нямдорж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан “Моодун хаан групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, С.Мяндасмаа нар давж заалдах гомдолдоо: “1. Шүүгч шийдвэртээ “...зохих журмын дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “Моодун хаан групп” ХХК нь анх газрыг авахдаа төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулж авсан эсэхийг тодруулах тухай шүүх дээр яригдахад шүүгч анхааран үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...” гэж заасныг зөрчсөн байна.

2. 3асгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаар тогтоолоор Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, шинэ хотын инженерийн барилга, байгууламж барих бэлтгэл ажлыг хангаж, эхний ээлжинд дэд бүтцийг барьж байгуулах ажлыг зохион байгуулахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд даалгасан.

Гэтэл батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хотыг байгуулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулагдаагүй, шинэ хотын инженерийн барилга, байгууламж барих бэлтгэл ажлыг хангаж, эхний ээлжинд дэд бүтцийг барьж байгуулах ажил бүрэн хийгдээгүй байхад нэхэмжлэгч нар нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын үндсэн дээр олгогдоогүй, 40.1.6 дахь заалтад заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэхээр байгааг бодитойгоор үнэлж дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна

3. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30-7-д” “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу Засгийн газар 2010 оны 140 дүгээр тогтоолын 1 дэх заалт болон тогтоолын 7 дах хэсгээр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр орших 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэхээр тогтоол гарч хүчин төгөлдөр мөрдөж байтал Сэргэлэн сумын Засаг дарга “Моодун хаан групп” ХХК-д газар давхцуулан олгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж заасныг Засаг дарга зөрчсөн байгааг шүүх анхааран үзээгүй байна.

4. Монгол Улсын Засгийн газар нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2010 онд “Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудлын дэвсгэр газар нутагт орших 12084,9 га газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 140 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж, 4 дэх хэсэгт “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, ...” гэж тус тус заасантай нийцэж байгааг шүүгч анхааран үзээгүй байна.

Иймд Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-ыг шүүх хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь мөн хуульд үл нийцнэ. Учир нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.1-9.1.9 дэх заалтуудад тохиолдлуудыг дурдсан нь захиргааны шүүх хэрэглэж шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болохгүй гэдгийг уншиж чаддаг ямар ч хүн мөн зүйлийн хэсэг, заалтын бичвэрээс шууд ойлгохоор байна.

2. Засгийн газрын тогтоол 2010 онд батлагдсан бол 2014 онд газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга олгосон байна. Цаг хугацааны хувьд 2010 он буюу Засгийн газрын тогтоол гарах үед, түүнчлэн хүчин төгөлдөр үйлчлээд 4 жил болох хугацаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хөндөх ч боломжгүй байв. Түүнчлэн захиргааны байгууллагын шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, эсхүл шүүхэд, улмаар дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах талаарх хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-12 дугаарыг зүйлд заасныг тухай тохиолдолд хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй юм.

3. Нэхэмжлэгч 2014 онд газар эзэмших эрхтэй болох үед Засгийн газар болон холбогдох байгууллага, албан тушаалтан өмнө нь уг газрыг тусгай хэрэгцээнд авсан газрын талаар нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэггүй учир “Моодун хаан групп” ХХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул шүүх мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг үндэслэн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэх нь хуульд нийцэх байв.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

“Моодун хаан групп” ХХК-аас “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолын тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамжаар сумын нутаг Хөшигийн хөндий нэртэй газарт нэгж талбарын 18636283045207 дугаартай 240 га, 18604283360374 дугаартай 160 га, 18639281527471 дугаартай 50 га, нийт 500 га газрыг үйлдвэр, үйлчилгээний цогцолбор, морин тойруулга, аялал жуулчлал, орон сууц, зочид буудлын зориулалтаар “Моодун хаан групп” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хил заагийг тогтоожээ.

Гэвч ийнхүү тогтоох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /энэ хуулийн 16.1.5-16.1.8-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх/-т Засгийн газар шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбайн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрхтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газарт үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах бүрэн эрх тухайн үед Газрын тухай хуулиар олгогдоогүй байтал 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, хил заагийг тогтоосон нь илт хууль бус болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Тухайлбал, Газрын тухай хуульд 16 дугаар зүйлийн 16.1.13 /үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар/ дахь заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмснээс үзвэл Засгийн газар хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй асуудлаар маргаан бүхий 140 дүгээр тогтоолыг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-д заасан илт хууль бус захиргааны акт болох үндэслэл болох бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 /газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх/-д заасан зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 07/675 дугаар албан бичгээр Засгийн газар 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг мэдээллийн санд оруулж, баталгаажуулаагүй нь тогтоогдсон энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн “Моодун хаан групп” ХХК-д газар эзэмшүүлсэнд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргыг буруутгах боломжгүй бөгөөд ийнхүү буруутган холбогдох шийдвэрийг нь өөрчилж, хүчингүй болгосон шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байна.

Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06/22 дугаар тогтоол, мөн Сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 513 дугаар захирамж буюу тухайн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон эсэхтэй маргаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн[1] тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иймд нэхэмжлэлийн “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор өөрийн 2010 оны 140 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хэрэгцээний газрын хил зааг”-ийн 7 дахь заалтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар хамаарч байна.

Засгийн газрын 2010 оны маргаан бүхий 140 дүгээр тогтоол нэгэнт илт хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдсон энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид олгохдоо хариуцагчийн нэрийг тодорхой бичээгүйг анхааруулах нь зүйтэй.

Энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                              ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

                                              ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

                                              ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 


[1] 2 дахь хавтаст хэргийн 11 дэх тал