Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00844

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00844

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б-т холбогдох,

Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгсэл, машины торгуулийн төлбөрт төлсөн 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай,

Гуравдагч этгээд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суух Д.А -ын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, Б.Энэрэл, талийгаач хүү Э.С нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн тал хувь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг өв залгамжлуулан гаргуулах тухай нэхэмжлэгч З.Од холбогдох бие даасан шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх, хариуцагч Э.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие З.О нь хариуцагч Э.Бийн төрсөн ах Э.Стай 2015 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд охин С.А 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн.Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд Э.Сын төрсөн ганц охин нь С.А юм. Э.С нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт ослоор нас барсан юм. Гэтэл талийгчийн төрсөн дүү Э.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж Э.Сын эзэмшлийн Приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай авто машиныг эзэмших болсон юм. Би өөрийн охин С.А хууль ёсны төлөөлөгч тул зөрчигдсөн эрхийг нь хамгаалж тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, С.А Э.Сын өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 233 дугаартай шийдвэрээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Сүхбатын Амин-Эрдэнийг талийгаач Э.Сын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоосон. Ингээд охин С.А нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар-т авто машиныг шилжүүлж авахаар хүсэлт өгсөн боловч З.Батцэцэг нь тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулаагүй, мөн уг машин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Э.Бийн эзэмшлээс шилжүүлэх боломжгүй болсон юм. Ингээд шийдвэрлэх аргагүй болж шүүхэд хандлаа.Тус машиныг эзэмшигч Э.Б нь 2020 оны авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт оруулаагүй, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400.00 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахуулсан байсныг миний бие торгуулийг төлбөл нэр дээрээ шилжүүлж авч болно гэсний дагуу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр торгуулийг төлсөн.

Иймд хариуцагч Э.Бээс Тоёота Приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, МНW203002927 арлын дугаартай, тээврийн хэрэгслийг гаргуулах, мөн тус машины торгуулийн төлбөрт төлсөн 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.А шүүхэд гаргасан шаардлагадаа: З.О нь миний охин Батцэцэгт холбогдуулан миний талийгаач хүү Э.Сын нэр дээр бүртгэлтэй байсан Тоёота Приус маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хүү бүхэлд нь өв залгамжилж авах эрхтэй гэж үзэн уг тээврийн хэрэгслийг биет байдлаар шаардаж нэхэмжилсэн байна. Уг эд хөрөнгө нь дан ганц талийгаач хүүгийн минь эд хөрөнгө биш юм. Тоёота Приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 сард миний хүү Улаанбаатар хотод очиж нийт 8.000.000 /найман сая/ төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед хүү маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан бөгөөд 2016 онд би цалингийн зээл авч хүүдээ Верна маркийн машин 5.000.000 сая төгрөгөөр худалдаж авч өгөөд такси үйлчилгээнд явж бага зэрэг орлого олж миний цалингийн зээлээс төлөлцөж байсан. Хүү маань уг машинаа 2018 онд 3.300.000 төгрөгөөр бусдад худалдаж, дээр нь намайг болон дүүгээ мөнгө нэмж өг, би удахгүй уул уурхайн үйлдвэрт ажилд орохоор болсон. Та хоёрын цалингийн зээлийг төлөөд байхаар болчихно, машинаа сайжруулахгүй бол хол хөдөө муу машинтай эвдрээд явж болохгүй байна гэхээр нь Аюурзана би дахин цалингийн зээл авч 3.400.000 төгрөгийг хүүгийнхээ данс руу шилжүүлсэн. Мөн миний охин Э.Б нь цалингаасаа хуримтлуулж байсан 1.500.000 төгрөгийг ахдаа Улаанбаатар хот явахад нь бэлнээр өгсөн. Бид уг машиныг гэр бүлийн хэрэгцээнд унаж ашиглаж байсан. Би 2 хүүхэд төрүүлж өсгөсөн, ам бүл тавуулаа, Мөрөн сумын 5-р багт охин Э.Б, зээ охин Б.Энэрэл, хүү Э.С нарын хамт амьдарч оршин суудаг байсан боловч 2018 оны 11 сарын 09-ний өдөр хүү маань зуурдаар нас барсан. Манайх одоо ам бүл 3, охин Э.Б, зээ охин Б.Энэрэлийн хамт амьдардаг. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ нь миний талийгаач хүүгийн нэр дээр бүртгэлтэй байгаа ч гэсэн уг машиныг худалдаж авахад манай гэр бүлийн гишүүдийн хамтын хүч хөдөлмөрийн үр шимээр худалдаж авсан хөрөнгө учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм. Мөн Д.А би гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү Сүхбатад ноогдох хөрөнгөөс хууль ёсоор өвлөж авах эрхтэй гэж үзэж байна. Миний талийгаач хүүгийн нэр дээр бүртгэлтэй байсан Тоёота Приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 6 сард 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан, уг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оны 6 сарын байдлаар буурсан бөгөөд нийт 6.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө юм.

Иймд 1.6.000.000 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, талийгаач хүү Э.С, Б.Энэрэл нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү.

2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох нийт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн тал хувь 750.000 төгрөгийг Д.А надад өв залгамжлуулан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие З.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Бээс Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардсан. Учир нь талийгаач Сүхбат болон З.О нарын дундаас охин Амин-Эрдэнэ төрсөн. Охин Амин-Эрдэнэ нь талийгаач Сүхбатын хууль ёсны өв залгамжлагч, үүнийг шүүх тогтоосон. Мөн өв залгамжлалын гэрчилгээ авсан.

Мөн Э.Б нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаандаа торгуулийн төлбөр болоод татвар төлөөгүй байсан. Замын цагдаа дээр очиход торгуулиа төлсөн тохиолдолд шилжих хөдөлгөөн хийгдэнэ гэж хэлсэн тул З.О нь 400.000 төгрөгийн торгуулийг төлсөн. Гэвч тээврийн хэрэгслийн шилжүүлэг хийгдээгүй. Иймд Батцэцэгээс Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон торгуулийн төлбөрт төлсөн 400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Талийгаач Э.Сын хууль ёсны өвлөгч нь талийгаачийн ээж Д.А, охин Э.Амин-Эрдэнэ нар юм, маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн багасгаж байна.

Э.Сын өвлөгдөх эд хөрөнгө болох 8.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний ээж охин хоёрт хувь тэнцүү хэмжээгээр хуваахад 1 хүнд 4.000.000 төгрөгийн эд хөрөнгө ногдохоор байна. Иймд Э.Бээс С.Ад ногдох 4.750.000 төгрөг, машины торгуульд төлсөн 400.000 төгрөг, нийт 5.150.000 төгрөг гаргуулна гэв.

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр гаргуулж авсан нь үнэн. Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ганц миний ахын хөрөнгө биш.

Гэр бүлийн дундын эд хөрөнгө. Ах маань өөрөө эрхэлсэн ажилгүй байсан.Тухайн үед ээж бид хоёр ажил хийдэг байсан. Ах ажил төрөлгүй хэцүү байна, машин авч такси үйлчилгээнд явмаар байна гэхэд нь бид гурав ярилцаад Верна маркийн машиныг цалингийн зээл авч 2016 оны намар аваад, 2017 оны намар нь зарсан. Тэгээд ах маань Өмнөговь аймаг руу явж ажил хийе, найзуудаас ажлын санал ирлээ гэж байсан.Верна маркийн машинаа унаад ажил руугаа явсан. Намар нь ажил төрөл болохгүй байна, машинаа зарна гээд ээж бид хоёртой дахин ярилцаад машинаа сайжруулж, ээж дахин цалингийн зээл авч өгч Тоёота Приус-20 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч байсан юм. Би дээрх машиныг ээжийнхээ зөвшөөрлийн дагуу өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. З.О нь манай ахын эхнэр болж тусдаа гэр бүл болж гараагүй гэв.

Гуравдагч этгээд Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан шаардлагаа дэмжиж байна. Энэ тээврийн хэрэгсэл нь миний гэр бүлийн дундын хөрөнгө юм. Би энэ машиныг өөрөө хөдөлмөрлөж, цалингийн зээл авч байж хүүдээ авч өгсөн машин. З.О нь бидний дундын эд хөрөнгөөс булаацалдаад байгаа юм. Миний үр хүүхэд ч намайг ингэж зовоогоогүй. Би хүнд хүчир ажил хийдэг хүн. Намайг З.О их дээрэлхэж байна. Үрээ алдсан эх хүн хэцүү байдаг. Хүний зовлонг хүн ойлгодоггүй юм. Хүүгийн минь ясыг өндөлзүүлж байна. Ингэж шүүхээр яваагүй бол би өөрөөр хандах байсан. Хүүгээ тусад нь гаргаагүй, З.Отой үерхэж байгаад салсан байдаг. З.О олон худал зүйл ярьж, охиныг минь янз бүрээр хэлж хамт олон дунд нь нэр хүндийг нь унагаасан. Энэ мэт зүйлсэд гомдолтой байна. З.О аав ээжтэйгээ сайхан амьдардаг. Зөвхөн мөнгөний төлөө л ингэж явж байна. Манай хүү байсан бол намайг ингэж дээрэлхэж чадахгүй байх байсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан шаардлагад өгсөн тайлбартаа:

Гуравдагч этгээдээс Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж шүүхэд шаардлага гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд хамтын хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Урьд нь шүүхэд нэхэмжлэгчээс Э.Бт олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Э.Амин-Эрдэнийг талийгаач Э.Сын өвлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байхад Д.А нь гуравдагч этгээдээр оролцох бүрэн боломжтой байхад оролцоогүй. Гэтэл өв залгамжлалын гэрчилгээнд заагдсан тээврийн хэрэгслийг авах гэхээр ийм нөхцөл байдал үүсгэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн Э.С худалдан авахад хариуцагч Батцэцэг 1.500.000 төгрөг, гуравдагч этгээд Аюурзана 3.400.000 төгрөгийг тус тус өгсөн гэдэг. Гэхдээ үүнийг хэрхэн яаж нотолж байгаа нь тодорхойгүй. Д.А банкнаас зээл авч, талийгаач Э.Сад машин авч өгсөн гэж банкны дансны хуулга гаргаж өгч байгаа боловч дансны хуулганд байгаа мөнгө нь тухайн авто машиныг худалдаж авсан эсэхэд зарцуулсан эсэх нь тодорхой бус, үүнийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзэх байх. Миний хувьд дээрх машин нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж үзэж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.О нь хариуцагч Э.Бт холбогдуулан өв залгамжлалаар охин Э.Амин-Эрдэнэд өвлөгдөх Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгсэл, машины торгуулийн төлбөрт төлсөн 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.А нь нэхэмжлэгч З.Од холбогдуулан 6.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох 1.500.00 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн тал хувь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг өв залгамжлуулан гаргуулах бие даасан шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэл З.Огийн нэхэмжлэлийн шаардлагын тухай:

З.О нь Э.Бт холбогдуулан Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгсэл, машины торгуулийн төлбөрт төлсөн 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх шүүх хуралдаанд...талийгаач Э.Сын хууль ёсны өвлөгч нь түүний охин Э.Амин-Эрдэнэ, ээж Д.А гэдэгтэй маргах зүйлгүй. Талийгаач Э.С нь Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгслийг 8.000.000/ найман сая/ төгрөгөөр 2018 онд худалдан авч байсан ба талийгаачийн охин, ээж хоёрт тэнцүү хэмжээгээр хуваахад 1 /нэг/ хүнд 4.000.000 төгрөг ногдохоор байгаа. Энэ хэмжээгээр хувь тэнцүү хуваахаар эвлэрэх саналыг хариуцагч болон гуравдагч этгээдэд тавихад хүлээн аваагүй. Д.А нь бие даасан шаардлага гаргаж өвлөгдөх хөрөнгөөс 750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ үүнтэй холбоотойгоор шаардлагаа өөрчилж хариуцагч Э.Бээс машины торгуулийн төлбөрт 400.000 төгрөг, өвлөгдөх хөрөнгийн ногдох хувьд 4.750.000 төгрөг, нийт 5.150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ багасгаж байна... гэж тайлбарласан.

Үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн багасгасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хувийг хариуцагчид гардуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар...өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэж, өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх эрхтэй..., 520 дугаар зүйлийн 520.1.1... нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг хууль ёсны өвлөгч...,520 дугаар зүйлийн 520.6...гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1 дэх хэсэгт заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй... гэж заажээ.

Хэргийн баримтаас үзэхэд талийгаач Э.С нь нэхэмжлэгч З.Отой 2015 онд танилцан үерхэн, нөхөрлөж байгаад тэдний дундаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин С.А төрсөн, Э.С нь 2018 оны 7 дугаар сар 03-ны өдөр Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгслийг 8.000.000/ найман сая/ төгрөгөөр худалдан авч, өмчилж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан, энэ үед тэд тусдаа амьдарч байсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1486 дугаартай шүүхийн шийдвэр, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 115/005498 дугаартай эцэг тогтоосон тухай лавлагаа, охин С.А төрсний гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь, Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 3-6, 110 хуудас/

Талууд дээрх үйл баримтад хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгч З.О нь талийгаач Э.Сын оршин сууж байсан газрын нотариатад өв нээлгэхээр хандахад талийгаачийн төрсөн дүү Э.Бт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байжээ.

Иймд тэрээр Э.Бт холбогдуулан Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгслийн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, охин Э.Амин-Эрдэнийг талийгаач Э.Сын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаcан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг Хөвсгөл аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 7-11 хуудас/

Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчаас шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Ад Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгслийг өвлөх бүртгэлийн №0045 дугаар эрхийн гэрчилгээг олгожээ.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д...өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ..., 528 дугаар зүйлийн 528.2-т...өвлөгч өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгогчийг хүсэж өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан... гэж үзэхээр хуульчилсан боловч өв нээгдэх үед уг тээврийн хэрэгсэл хариуцагч Э.Бийн нэр дээр байсан болох нь хэргийн дээрх баримтаар тогтоогдож байгаа тул хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүйг буруутгах боломжгүй, өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхгүй.

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч...Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай, NHW203000000 арлын дугаартай, тээврийн хэрэгсэл нь миний талийгаач ах Э.Сын нэр дээр өмчлөлийн бүртгэлтэй боловч тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахад ээж, бид хоёр мөнгө өгч авсан машин юм. Иймд дээрх тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн гишүүдийн хөдөлмөрлөж орлогоор авсан, манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...хэмээн тайлбарлан, мэтгэлцсэн.

Гэвч тэрээр тайлбартай холбоотой, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.

Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэхээр, хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөхөөр хуульчилсан, ийм гэрээслэл хэрэгт баримтаар авагдаагүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаач Э.Сын өвлөгдөх эд хөрөнгийг нэгдүгээр ээлжинд өвлөх хууль ёсны өв залгамжлагч нь түүний төрсөн охин Э.Амин-Эрдэнэ байх тул нэхэмжлэгч З.О нь охин Э.Амин-Эрдэнийн өмнөөс иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй, Э.Амин-Эрдэнэд хууль ёсоор өвлөгдөх 8.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс ногдох хувь болох 4.750.000 төгрөгийг хариуцагч Э.Бээс гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зөрчил гаргаж 400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан, Э.Б нь...торгуулийн төлбөрт төлсөн 400.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн.

Иймд Э.Бээс нийт 5.150.000/таван сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Од олгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Д.А нь нэхэмжлэгч З.Од холбогдуулан 6.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, Б.Энэрэл, талийгаач хүү Э.С нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох нийт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн тал хувь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг өв залгамжлуулан гаргуулахаар шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас 750.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт гуравдагч этгээдээс нас барсны гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, Д.Аюурзанын хаан банкны депозит дансны хуулга 2 хуудас, Э.Бийн хаан банкны депозит дансны хуулга 2 хуудас,тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар хувь 1 хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 559 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар магадлал, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1490 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар хувиуд зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.6-д ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд дараах хөрөнгө хамаарна..., 126 дугаар зүйлийн 126.2.1-д ...гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоор олж авсан үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө...,126 дугаар зүйлийн 126.3-д ...гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн...улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн...бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно... гэжээ.

Гуравдагч этгээд Д.А бие даасан шаардлагын үндэслэлээ... Талийгаач хүү маань тусдаа гараагүй, ээж, дүү нарын хамт амьдарч байсан. Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Энэ машиныг авахад би цалингийн зээл авч 3.400.000 төгрөг, охин Э.Б цалингийн хуримтлалаасаа 1.000.000 / нэг сая/ гаруй төгрөг өгч 2018 онд 8.000.000 төгрөгөөр худалдан авч байсан.Одоо үнэ буурч 6.000.000 төгрөг болсон байгаа. Иймд дээрх авто машиныг хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулна...хэмээн тайлбарласан.

Талийгаач Э.С нь нас барах үедээ ээж, дүү нарын хамт нэг ам бүлд хамтран амьдарч байсан хэдий ч маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг гэр бүлийн бусад гишүүний олсон орлогоор худалдан авч, шинэчилсэн үйл баримт нотлох баримтаар хэрэгт нотлогдохгүй байна.

Түүнчлэн хаан банкны депозит дансны хуулгад Б.Аюурзанын 5890316604 тоот данснаас 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5068140987 тоот дансанд 3.400.000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч хаан банкны 5068140987 тоот данс хэний эзэмшлийн данс болох нь тодорхойгүй, дээрх мөнгөөр талийгаач Э.С нь Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан гэж үзэх боломжгүй.

Харин талийгаач Э.С маргааны зүйл болох Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 07 дугаар сард 8.000.000 төгрөгөөр худалдан авч, түүнийхээ өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн лавлагаа, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт зэргээр нотлогдож, түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг талийгаач Э.С дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон эсэх тодорхойгүй, хэргийн орлолцогч Д.Ад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, танилцуулсан боловч хэрэгт ач холбогдол бүхий баримтыг ирүүлээгүй болно.

Иймд гуравдагч этгээд Д.Аюурзанын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүд болох Д.А, охин Э.Б, Б.Энэрэл, талийгаач хүү Э.С нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Гуравдагч этгээд Д.А нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач хүү Э.Сад ногдох 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн тал хувь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг өв залгамжлуулан гаргуулахаар шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх нь дээрх шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.

Иймд гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан дээрх шаардлагад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж З.Огоос 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Д.Ад олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Бээс 97.350 төгрөгийг гаргуулж З.Од, гуравдагч этгээд Д.Аюурзанын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, З.Огоос 22.550 төгрөгийг гаргуулж Д.Ад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар 528.2, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Бээс 5.150.000 /таван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Од олгож, З.Огоос 750.000 /долоон зуун тавин мянга/төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Д.Ад олгож, гуравдагч этгээд Д.Аюурзанийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус-20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.350 /нэг зуун дөчин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Бээс 97.350 /ерэн долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж З.Од, гуравдагч этгээд Д.Аюурзанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.500 /нэг зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, З.Огоос 22.550 /хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж Д.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ДАВААХҮҮ