Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/03126

 

 

 

 

2017 оны 12 сарын 06-ны өдөр                  Дугаар181/ШШ2017/00                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:

            Хариуцагч:

            Гэм хор учруулсны хохирол 187617 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагч Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганхуяг, иргэдийн төлөөлөгч Б.Золбоо, нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2017 оны 07 сарын 15-ны өдрөөс 2017 оны 07 сарын 24-ний өдрүүдэд Л.ын эзэмшлийн Сүхбаатар дүүррэг, 8 дугаар хороо, их тойруу гудамж 47 дугаар байрны 33 тоот орон сууцны халуун усны тоолуурын чөмөг нь элэгдэлд орж ус алдсаны улмаас  ХХК-ийн эд хөрөнгийн даатгалын №1701001418 тоот гэрээт даатгуулагчаас Б.Тын 24 тоот орон сууц /доод айл/ руу ус алдаж, улмаар гал тогооны өрөөний булан, коридорын ханын цаас хуурч, тааз шарлаж, угаалгын өрөөний ханын вааран хавтанцарыг гэмтээж 187617 төгрөгийн хохирол учирсан байсан.

           Энэхүү ослын улмаас Б.Тын эд хөрөнгөд учирсан 187617 төгрөгийн хохирлыг  ХХК-аас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд грагаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг  ХХК нь шилжүүлж авсан юм. Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Б.Тын эд хөрөнгөд учирсан хохиролд олгосон нөхөн төлбөр болох 187617 төгрөгийг хариуцагч Л.аас гаргуулж,  ХХК-д олгуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Л. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 7 сарын 15-ны өдрөөс 7 сарын 24-ний өдрүүдэд 2-р давхарын 24 тоот айлд ус алдсаныг манай 5-р давхарын 33 тоотоос ус алдсан мэтээр тодорхойлж  ХХК-аас 187617 төгрөгийг хохиролд гаргуулан авсан байна. Манайх санаатай болон санаандгүй байдлаар крант, жорлон, ванн, гал зуухны өрөөнөөс ус алдуулсан асуудал байхгүй. Уг алдсан гээд байгаа усны тоолуур нь манай орцны бүх айлуудын халуун, хүйтэн ус дамжуулдаг дундын хос босоо шугаман дээр байрладаг. Энэ шугам нь манай гэрт хамааралгүй, Ган-Эрдэнэ СӨХ-нд хамааралтай шугам юм.

            Би тухайн үед тоолуурнаас ус дусаж байсныг Ган-Эрдэнэ СӨХ-ны даргад хэлснээр сантехникийн слесэрээр нь солиулсан. Манай байрны СӨХ-ний жижүүр нь сар болгоны 20-иос хойш тоолуурын заалт бичиж авдаг учир 7 дугаар сарын заалт бичиж авах үед тоолуураас ус дусаж байгаагүй байсан.

            Манай 33 тоот нь 5 давхарт байдаг ба ус алдаж хохирол учирсан гэх 24 тоот нь 2-р давхарт байдаг. Яахаараа манай доод талын 4 болон 3-р давхарын айлуудад ус ороогүй байдаг юм. Энэ айл нь сар шахам гэртээ байгаагүй гэдэг учир байхгүй хугацаанд нь өөр тохиолдлоор, өөр газраас ус алдсан байхыг үгүйсгэхгүй.  ХХК-ийн нэхэмжлэлийн талаар надтай уулзаж хохирлын талаар надад танилцуулаагүй, манай гэрт орж ирж ус хаанаас алдсан, ямар байдалтай зэргийг тогтоогоогүй. Даатгалын тохиолдолыг газар дээр нь үзэж ямар шалтгаантайг нь тогтоох ёстой.  ХХК-ийн нэхэмжлэл дотор миний иргэний үнэмлэх, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбарыг хавсаргасан байна. Би иргэний үнэмлэх, байрны гэрчилгээгээ өгөөгүй нотариатаар батлуулаагүй. Эзэн нь бичиг баримтаа өгөөгүй байхад ямар аргаар миний бичиг баримтуудыг хотариатаар батлуулж хавсаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

            24 тоотын айлын дээрээс ус алдсан байдал нь чухам хаанаас, хэний буруугаас болсон талаар мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй байна. Иймээс  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч Л.т холбогдуулан “Нөхөн төлбөрт олгосон гэм хорын хохирол 187617 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Хариуцагч Л. нь 5-р давхарын 33 тоотоос ус алдаагүй байхад 2-р давхарын 24 тоотод хохирол учирсан болохыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж тогтоолгоогүй байж надаас гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэмж гаргах нотлох баримт болон санал хүсэлт байгаа эсэхийг лавлахад, өөр гаргах бичгийн нотлох баримт, санал хүсэлт байхгүй, манайх шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтыг бүрдүүлж даатгалын нөхөн төлбөрийг олгосон өөр баримт байхгүй гэж тайлбарласан болно.

Даатгалын тухай хуулийн 8.4, 8.4.1 - 8.4.4-т тус тус заасан баримтуудыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоор заасан заалтыг  ХХК нь биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Даатгуулагч Б.Т нь Ү-2203020058 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 47 дугаар байрын 2-р орцны 24 тоотын 3 өрөө, 79,83 м.кв талбайтай, орон сууцыг  ХХК-тай “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701001418 дугаартай гэрээ”-г 2017 оны 01 сарын 05-ны өдөр байгуулан даатгуулсан байна.

Дээрх гэрээгээр даатгуулсан Б.Тын 24 тоотын орон сууцанд 2017 оны 07 сарын 14-ний өдрөөс 2017 оны 08 сарын 09-ний өдрүүдэд эзгүй байх үед нь дээд айлынх нь цэвэр усны тоолуураас ус алдсан байдалтай байсны улмаас түүний байрны “00-ын өрөөний лампир таазыг хуулбал чийг мөөгөнцөртөй, коридорын ханыг нэвчин обой хуурч тааз ус алдсан хэсгээр мэдэгдэж байна” иймд яаралтай засвар хийх шаардлагатай, байрны засварт орох нөхөн төлбөрийг олгохыг хүссэн энэхүү өргөдлийг 2017.08.11-ний өдөр бичиж  ХХК-д өгөхдөө Ган-Эрдэнэ СӨХ-ны 2017.08.11-ний өдрийн 09 дугаартай “...24 тоотын иргэн Б.Тын гэрт 2017 оны 07 сарын 15-наас 07 сарын 24-ний өдрүүдэд тус байрны 33 тоотын иргэн Л.ын гэрийн халуун усны тоолуурын чөмөг нь элэгдэлд орж ус алдагдаж байснаар түүний гэрт хохирол учирсан тул даатгалын журмын дагуу нөхөн төлбөрийг олгож өгч туслана уу” гэсэн тодорхойлолтыг хавсаргасныг нэхэмжлэгч  ХХК хүлээн авч, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-иар үнэлгээг тогтоолгож, нөхөн төлбөрт 187617 төгрөгийг Б.Тд олгосон үйл баримт тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч  ХХК нь дээрх даатгалын гэрээний нөхөн төлбөрт төлсөн 187617 төгрөгийг хариуцагч Л.ын 33 тоот орон сууцны халуун усны тоолуурын чөмөг элэгдэж, ус алдсаны улмаас гэм хорын хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрх үүсэх учиртай.

Хуулийн уг зохицуулалтаар гэм хорыг учруулсан гэм буруутай этгээдийн хууль зөрчсөн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар тодорхойлсон байдаг.

Тодруулбал, хэргийн тухайд хариуцагч Л.ын 33 тоотоос ус алдсан гэх, улмаар 24 тоотод Л.ын буруугаас гэм хор учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэсэн, мөн хуулийн 38.1-д “Зохигч, ...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан заалтыг нэхэмжлэгч  ХХК нь хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Иймд, хариуцагч Л.аас гэм хор учруулсны хохиролд 187617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.аас 187617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6280 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

                          ШҮҮГЧИД                                               Ч.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                          С.ХИШИГБАТ