Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2019/00784

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2019/00784

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р сумын … дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газрын

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р сумын …. дугаар багт байрлах, Ихязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Спорт агнуурын орлого 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, бүгд 4.133.200 /дөрвөн сая нэг зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2019/00825/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч байгууллагын захирал Д.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус суманд тусгай зориулалтаар спорт агнуурын үйл ажиллагаа явуулдаг компаниудын 2014 оноос хойш сүүлийн 3 жил буюу 2014 оноос 2016 оны гэрээний биелэлт, төлбөр төлөлтийн байдалд аймгийн Аудитын газраас хяналт шалгалт хийж, загасны төлбөрийн дутуу төлөлтийг барагдуулж, зөрчил дутагдлыг арилгуулсан байх талаар хугацаатай үүрэг өгсөн байна. Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газраас тодорхой ажлуудыг зохион байгуулж, төлбөр барагдуулах талаар тус компанид удаа дараа албан бичиг хүргүүлж шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Тус компаний 2015, 2016 оны гэрээг дүгнэхэд тул болон бусад загасны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байдлыг хянаж шалгахад нийт 4.133.200 төгрөг, үүнээс агнуурын орлогод 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг дутуу төлсөн байна. Иймд тус компаний загасны төлбөрийн дутуу 4.133.200 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Р суманд 1977 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, Хөвсгөл аймгийн Р сумын 6 дугаар багт оршин суух, РИ77111904 дугаар регистртэй, Тогтоол шарав овогт М.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Тусгай зориулалтаар спорт агнуурын чиглэлээр тул болон бусад загас барих гэрээ байгуулахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга баталж, Р сумын Засаг дарга, байгаль орчны газар, ИХХК-ий хооронд тус гэрээг 2015 он, 2016 онд байгуулсан. Одоо ч тус гэрээг байгуулж байгаа. ИХХК-тай байгуулсан 2015 оны гэрээнд загас агнуурын бүс нутгаас гадаадын жуулчин 7 ширхэг тул загас, 70 ширхэг жижиг загас барихаар, 2016 онд байгуулсан гэрээнд загас агнуурын бүс нутгаас гадаадын жуулчин 6 ширхэг тул загас, 60 ширхэг жижиг загас барих, 1 ширхэг тул загас барихад 70 доллар, улсын тэмдэгтийн хураамж 20 доллар, 1 жижиг загас барихад 10 доллар, улсын тэмдэгтийн хураамж 5 доллар төлөхөөр тус тус заасан байсан. Байгаль орчны яамнаас 1 ширхэг тул загас барихад 10 ширхэг жижиг загас дагалдан барихаар журамд заасан байдаг. Мөн тус загасыг барих тусгай зөвшөөрөл авахад улсын тэмдэгтийн хураамж төлдөг. Тухайн үеийн долларын ханшийг 1.953 төгрөгөөр тооцож байсан. 2017 онд аймгийн Аудитын газраас шалгалт ирж, дээрх хоёр гэрээг дүгнэхэд дараахь зөрчил илэрсэн. Үүнд: 2015 онд байгуулсан гэрээнд зааснаар нийт 3.281.040 төгрөг төлөхөөс 896.400 төгрөг төлж, жижиг загас болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр огт төлөөгүй. 2016 онд байгуулсан гэрээнд зааснаар 2.856.960 төгрөг төлөхөөс 1.108.400 төгрөг төлж, 2015 онд 2.384.640 төгрөг, 2016 онд 1.748.560 төгрөг тус тус дутуу төлсөн. 2015 он, 2016 оны гэрээний дагуу загасны төлбөрт 4.347.750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1.790.250 төгрөгийн төлбөр төлөхөөс загасны төлбөр 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, нийт 4.133.200 төгрөг дутуу төлөгдсөн байна. Энэ талаар аудитын дүгнэлт байхгүй, тэмдэглэлд тусгагдсан. Гэрээнд зааснаар жил бүр дүгнэх ёстой боловч аудитын шалгалт 2017 онд ирж гэрээг дүгнэсэн. Загасны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж манай сумын орлогод орж байгаа учир Засаг даргын Тамгын газар нэхэмжлэх эрхтэй. Одоо дээрх төлбөрүүд шууд Байгаль орчны яамны дансанд ордог болсон. ИХХК нь 2015 онд 2 жуулчин ирээгүй, яамнаас жижиг загас барих лиценз өгөөгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар бидэнд мэдэгдээгүй байгаа. Тус компаний үйл ажиллагаанд Засаг дарга болон байгаль орчны байцаагч хяналт тавих ёстой. Аудитын шалгалт ирсны дараа ИХХК-д төлбөрөө төлөхийг шаардахад төлөхгүй гэх хариу ирүүлсэн учир загасны төлбөр 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, нийт 4.133.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ИХХК-ий захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Р сумын 6 дугаар багт оршин суух, РИ73071711 дугаар регистртэй, Цагаан хуулар овогт Дамдинсүрэнгийн Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тусгай зориулалтаар спорт агнуурын чиглэлээр тул болон бусад загас барих гэрээ байгуулахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга баталж, Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга, Байгаль орчны газар, ИХХК-ий хооронд тус гэрээг 2015 он, 2016 онд байгуулсан. Тус байгуулсан гэрээнүүдийг жил бүр дүгнэх ёстой боловч дүгнээгүй мөртлөө гэнэт 2017 онд аудитын шалгалтаар ийм төлбөр гарсан гэж Р сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан тоот ирүүлсэн. Би уг албан тоотод 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлөхгүй гэсэн тайлбараа албан ёсоор өгсөн. Манай компани тул загас барих зөвшөөрөл буюу лицензийг Байгаль орчны яамнаас авахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөд авдаг болохоор заавал төлсөн байгаа. 2015 онд гадаадын 2 жуулчин ирээгүй, мөн тус яамнаас өгсөн лиценз дээр 10 жижиг загас барихаар зөвшөөрөл бичээгүй тул гадаадын жуулчид жижиг загас барихаар заагаагүй байна гээд төлбөр төлөөгүй. Бид ч шаардах эрхгүй. 2016 онд 6 ширхэг тул загас болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Тус сумын Засаг даргын тамгын газарт лицензийн нэг хувийг өгсөн. 2015 онд 2 жуулчин ирээгүй гэдгийг Засаг дарга өөрөө мэдэж байсан. Гэрээн дээр 1 ширхэг тул загас барихад 10 жижиг загас барина гэж заасан мөртлөө яамнаас жижиг загас барих зөвшөөрөл өгдөггүй нь хоорондоо зөрчилддөг. Хэрэв Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга, Байгаль орчны газар тухайн үедээ гэрээг дүгнээд зөрчилтэй бол 2016 онд гэрээ байгуулахгүй байсан. Гэтэл манай компанитай гэрээ байгуулсан тул зөрчилгүй гэж бодож байсан. Загасны төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг тус сумын орон нутгийн орлогод оруулдаг учир сумын Засаг даргын тамгын газар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин одоо тус төлбөр байгаль орчны яаманд төлдөг болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газар нь аудитын шалгалтаар зөрчил илэрсэн гэж байгаа боловч манай компанид акт тавьсан ямар нэг баримт байхгүй байдаг. Иймд загасны төлбөр 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, нийт 4.133.200 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ихязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан спорт агнуурын орлого 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, бүгд 4.133.200 /дөрвөн сая нэг зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Засаг дарга баталж, тус аймгийн Байгаль орчны газар, Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга, Ихязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд гуравласан гэрээ байгуулагдсан бөгөөд спорт агнуурын орлого, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газар нэхэмжлэх эрхтэй болохыг шүүх хуралдаанд зохигч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заасны дагуу тус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Хэргийн зохигч гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2017 онд аудитын шалгалт ирж гуравласан гэрээг дүгнэхэд тухайн орон нутгийн орлогод орох ёстой байсан 2015 он, 2016 оны спорт агнуурын орлого, улсын тэмдэгтийн хураамжийн дутуу төлбөр, бүгд 4.133.200 /дөрвөн сая нэг зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийн зөрчил гарч, дүгнэлт гарсан тул тус төлбөрийг гаргуулж авна,

Хариуцагч нь 2015 он, 2016 онд гэрээг дүгнээгүй мөртлөө 2017 онд аудитын шалгалтаар зөрчил гарсан гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу тус гэрээг байгуулахдаа талууд ашиг олох, бусад тодорхой зорилго хэрэгжүүлэх, талуудын хамтын үйл ажиллагаа явуулах ямар үүрэг хүлээх зэрэг гол нөхцлийн талаар болон хураамжийг ямар хэлбэрээр хариуцах зэргийг харилцан тохиролцсон байх ёстой.

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга, Ихязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд гэрээний гол нөхцөл болох гадаадын анчдад загас агнуурын бүс нутгаас тул загас бариад буцааж тавих, бусад загас бариулах үнэ хөлс, түүнд хяналт шалгалт тавих талаар харилцан тохирч, тодорхой нэг зорилгыг хэрэгжүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар Хамтран ажиллах гэрээ байгуулагджээ. Тус хамтран ажиллах гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй тул гэрээний талууд адил тэнцүү үйлчилгээ үзүүлэх хураамжийн хэлбэрээр тохиролцжээ гэж дүгнэлээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга баталж, тус аймгийн Байгаль орчны газар, Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга, Ихязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд гуравласан Хөвсгөл аймагт тусгай зориулалтаар спорт агнуурын чиглэлээр тул болон бусад загас бариулах гэрээ 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ...7 ширхэг тул загас бариад буцааж тавих, 70 ширхэг бусад загас бариулахыг тохирч, 1 ширхэг тул загасны төлбөр 70 доллар, хураамжийн төлбөр 20 доллар, бусад 1 ширхэг загасны төлбөрийг 10 доллар, хураамжийг 5 доллараар тооцохоор... гэх нөхцөлтэйгээр, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ...6 ширхэг тул загас бариад буцааж тавих, 60 ширхэг бусад загас бариулахыг тохирч, 1 ширхэг тул загасны төлбөр 70 доллар, хураамжийн төлбөр 20 доллар, бусад 1 ширхэг загасны төлбөрийг 10 доллар, хураамжийг 5 доллараар тооцохоор... гэх нөхцөлтэйгээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Гурван талт гэрээний талууд болох а/. Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга нь тус гэрээний 1.12-д ...Тусгай зориулалтаар спорт агнуурын чиглэлээр загас барихаар отогт ирсэн загасчдын тусгай зөвшөөрлийг суманд бүртгүүлсний дараа тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч байнга хяналт тавьж ажиллах боломж нөхцлөөр хангаж ажиллуулна... гэж заасан үүргээ биелүүлээгүй,

б/. Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар нь тус гэрээний 4.5-д Гэрээний биелэлтийг нэгтгэн дүгнэж, тухайн жилийн эцэст аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж талуудад хүргэнэ, 4.6-д Гадаадын загасчдад зуучлагч компани тусгай зөвшөөрлийн эрхийн бичгийг гадаадын загасчид тухайн сумын нутаг дэвсгэрт ирсэн өдрөөс хойш нэг хоногийн дотор сумын Засаг дарга /байхгүй тохиолдолд түүний орлогч/-д бүртгүүлээгүй болон Засаг дарга хяналт тавих ажлыг зохион байгуулаагүй тохиолдолд дараа жил гэрээ байгуулахгүй байж болно гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй,

в/. Тус гэрээний 5.1-д Спорт загасчлалын өдөр тутмын актыг асуултын дагуу тогтмол хөтөлж талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулан нэг нэг хувийг авах ба энэхүү акт нь гадаадын анчидтай тооцоо хийх үндсэн баримт болно гэж заасан гэрээний талуудын хамтран хүлээх үүргийг дагаж мөрдөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Ихязгаарлагдмал хариуцлагатай компаний үйл ажиллагаанд нь Хөвсгөл аймгийн Р сумын Засаг дарга гэрээнд заасан дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэн хяналт тавьж, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар гэрээг дүгнэн, зөрчилтэй бол 2016 онд сунгахгүй байх, гэрээний гурван тал хамтран үйлдэх акт хөтөлж байсан бол төлбөр төлөх асуудалд маргаан гарахгүй байжээ.

Мөн нэхэмжлэгчийн ...Тус суманд тусгай зориулалтаар спорт агнуурын үйл ажиллагаа явуулдаг компаниудын 2014 оноос хойш сүүлийн 3 жил буюу 2014 оноос 2016 оны гэрээний биелэлт, төлбөр төлөлтийн байдалд аймгийн Аудитын газраас хяналт шалгалт хийж, загасны төлбөрийн дутуу төлөлтийг барагдуулж, зөрчил дутагдлыг арилгуулсан байх талаар хугацаатай үүрэг өгсөн...Тус компаний 2015, 2016 оны гэрээг дүгнэхэд тул болон бусад загасны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байдлыг хянаж шалгахад нийт 4.133.200 төгрөг, үүнээс агнуурын орлогод 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг дутуу төлсөн... гэх нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2017 онд аймгийн аудитын газраас шалгалт ирж, дээрх хоёр гэрээг дүгнэхэд зөрчил илэрсэн...2015 он, 2016 оны гэрээний дагуу загасны төлбөрт 4.347.750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1.790.250 төгрөгийн төлбөр төлөхөөс загасны төлбөр 2.596.260 төгрөг, тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, нийт 4.133.200 төгрөг дутуу төлөгдсөн байна... гэж тайлбарлаж байгаа ч энэ тухайгаа нотлох аудитын дүгнэлт болон бусад хэрэг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд зөвхөн өөрөө гаргаж, цуглуулж өгөх үүрэгтэй байдаг.

Иймд Ихязгаарлагдмал хариуцлагатай компаниас спорт агнуурын орлого 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, бүгд 4.133.200 /дөрвөн сая нэг зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Төрийн сангийн 2015 он, 2016 оны орлогын дансны хуулгын хуулбарууд, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Загас барих тусгай зөвшөөрөл-ийн хуулбар зэрэг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл тус баримтыг эх хувиас хуулбарласан, нотариатаар гэрчлэгдээгүй хуулинд заасан шаардлагыг хангаагүй, өөрийн байгууллагын хуулбар үнэн дардас дарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй.

Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Ихязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох спорт агнуурын орлого 2.596.260 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.543.940 төгрөг, бүгд 4.133.200 /дөрвөн сая нэг зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Р сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА