Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02696

 

 

 

 

 

2019 оны 12 сары20 өдөр

181/ШШ2019/02696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******,*******, 29-39 тоотод оршин суух Жагэр овогт Өрнөхийн Хишигсүх /Рд:ФЖ58032819/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******/-д холбогдох,

37,209,000 төгрөгийн үнэ бүхий 372.090 ширхэг хувьцааг гаргуулан Ө.Хишигсүхийн өмчлөлд шилжүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Хишигсүх, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван, Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Хишигсүх 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сингапур улс дахь Францын Франсез ду Коммерс Екстенкур банканд хадгалагдаж байсан өөрийн 94,717 ам.долларыг иргэн Р.Лутаад шилжүүлсэн. Р.Лутаа нь тухайн мөнгөн хөрөнгийг Тахько ХК-ийн өмнөөс ХОТШ банктай байгуулсан хэлэлцээрийн дагуу урт хугацаат зээлийн төлбөр төлөхөд ашигласан.

Р.Лутаа нь надаас авсан 94,717 ам.долларыг буцаан төлөхдөө Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687,610 ширхэг хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон. Энэ талаараа 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр баталгаа үйлдэн надад өгсөн.

Тухайн үед буюу 2004 онд Тахько ХК-ийн хувьцааг хууль бусаар хувьчилж авсан асуудлаар Улсын мөрдөн байцаах газар дээр хэсэг хүмүүс гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн. Иймд Р.Лутаа нь Тахько ХК-ийн хувьцааны маргаан шийдэгдсэний дараа надад эзэмшүүлэх хувьцаагаа шилжүүлэхээр тохирсон.

Тахько ХК-ийн хувьцааг хувьчилж авсан асуудал ...эрүүгийн хэрэг биш болох нь тогтоогдсон. Үүнийг дараа иргэний болон захиргааны хэргийн журмаар нөгөө хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаж 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. 2006 оны намар Р.Лутаа өвчний улмаас нас барсан.

Р.Лутаа бид хоёр олон жилд хамтран ажиллаж, ажил амьдрал дээр дотно сайн найзууд байсан. Тиймээс миний талийгаачийн гэр бүлд хүндэтгэлтэй хандаж Тахько ХК-ийн хувьцааны маргаан шийдэгдсэний дараа, өв залгамжпалын асуудал эцэслэн шийдэгдсэний дараа өөрийн эзэмших ёстой Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлүүлнэ хэмээн хүлээцтэй хандаж ирсэн.

Тиймээс 2017 оноос эхлэн Р.Лутаагийн хүү хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбатаас өөрийн эзэмших ёстой Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг шилжүүлэн авахыг амаар хүссэн. Л.Буянбат нь тухайн асуудлыг судлаж шийдвэрлэж өгнө гэж хариуг амаар өгсөн боловч 2018 он хүртэл ямар нэгэн дорвитой хариу өгөлгүй, асуудлыг хойшлуулж байсан. Сүүлдээ Л.Буянбат нь утсаа авахаа больж надтай уулзахаас зугатах болсон.

Иймд миний бие Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг шилжүүлэн авч чадахгүй өдийг хүрлээ. Иргэн Р.Лутаагийн хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбатаас Тахько ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 37,209,000 төгрөгийн үнэ бүхий 372,090 ширхэг хувьцааг гаргуулж, Ө.Хишигсүхийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолын дагуу 59,283,000 төгрөгийн дүрмийн сантайгаар Тахько ХК-ийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр анх хувьчилсан байдаг. Тус компани нь 1986-1990 онуудад үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологийг шинэчлэх зориулалтаар тухайн үеийн Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкнаас зээл авч байсан бөгөөд 68,760,997 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэйгээр хувьчлагдсан.

Улмаар 1993 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Тахько ХК болон иргэн Р.Лутаа нарын хооронд Хөрөнгө оруулах тухай хэлэлцээр байгуулагдаж, дээрх өрийн үлдэгдлийг хөрөнгө оруулагч Р.Лутаа төлж барагдуулснаар тус компанийн албан ёсны хөрөнгө оруулагч болохоор харилцан тохиролцсон ба энэхүү гэрээ хэлцлийн дагуу иргэн Р.Лутаа нь дараахь байдлаар зээлийн өр төлбөрийг 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгасан байна. Үүнд:

-       1993 оны 07 дугаар 05-ны өдөр 19.700.000 төгрөг,

-       1993 оны 09 дугаар 29-ний өдөр 11.670.000 төгрөг,

-       1993 оны 12 дугаар 30-ны өдөр 37,189,367 төгрөг,

-       1993 оны 12 дугаар 30-ны өдөр 201,630 төгрөг, Нийт 68,760,997 төгрөг.

Иргэн Р.Лутаа нь дээрх өр төлбөрийг төлж дуусгасан тухай талууд 1994 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хэлэлцээр дүгнэсэн тухай протокол-оор баталгаажуулсан байна.

Тахько ХК-ийн ТУЗ-өөс дээрх зээлийг төлсөн хэмжээгээр тус компанийн дүрмийн санг нэмэгдүүлэхээр 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэснийг Монгол улсын Үнэт цаасны хорооны 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлан, 687,610 ширхэг хувьцааг нэмж бүртгүүлэх зөвшөөрлийг олгожээ.

1998 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Тахько ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээрээр дээрх 687,610 ширхэг хувьцааг иргэн Р.Лутаа 130,658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 92,837 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон боловч 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээр өөрчлөлт оруулж, иргэн Р.Лутаа 120,658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 80,000 ширхэг хувьцааг эзэмшихээр болсон байдаг.

Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь Р.Лутаа нь надаас авсан 94.717 ам.долларыг буцаан өгөхдөө Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687,610 ширхэг хувьаанаас 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон гэж шүүхэд мэдүүлж байгаа нь үндэслэлгүй болох нь дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байх ба хэрэв иргэн Ө.Хишигсүх хувьцааг эзэмших эрхтэй байсан бол 687,610 ширхэг хувьцааг нэр бүхий 7 иргэн хувааж эзэмших үед тэрээр өөрийн нэр дээр хувьцааг бүртгүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд анхнаасаа Ө.Хишигсүх, Р.Лутаа нарын хооронд хувьцааны эрх шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй зөвхөн 94,717 ам долларыг зээлийн харилцаа, төлбөр тооцооны асуудал үүсч, 2004 оны 11 дүгээр cap гэхэд төлбөр тооцоогоо дуусгасан болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд:

1. Улсын мөрдөн байцаах газарт ...Ө.Хишигсүхийг 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, гэрчээр байцаасан байдаг. ...Ө.Хишигсүх мэдүүлэхдээ: 2001 оноос Тахько ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, ...1995 онд Лутаагаас Япон улсад үйлдвэрлэсэн оёдлын Жүки гэх нэртэй машинуудыг 90 гаруй мянган доллараар авч, Дархан хотод оёдлын үйлдвэр байгуулж байсан. Үлдсэн мөнгөө бага багаар нь аваад дуусгасан гэжээ.

Түүнчлэн иргэн Р.Лутаа нь 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ...1993 оны эцэс болоод тодорхой зээлийн төлбөр төлөгдөөгүй ба миний хувийн хөрөнгө ч хүрдэггүй, тэгээд найз Ө.Хишигсүхээс хоорондын тооцоотой байсан мөнгөө авсан юм. Өөрөөр хэлбэл миний нэрийн өмнөөс Сингапураас Хишигсүх ХОТШ банк руу шилжүүлсэн юм. Ингээд л зээл төлж дуусгасан юм, Ер нь 94 мянган доллар бол миний мөнгө юм гэж мэдүүлснээр Ө.Хишигсүхтэй төлбөр тооцоогоо дуусгасан болох нь давхар нотлогдож байна.

2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 189 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

2. Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь нэхэмжлэлдээ 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Баталгаа гэх бичгийг 15 жилийн дараа гарган ирж, иргэн Л.Буянбатаас 372,090 ширхэг хувьцааг зээлийн эргэн төлөлтөнд шилжүүлэх ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Ө.Хишигсүх нь 2001 оноос Тахько ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан учраас 687,610 ширхэг хувьцаанаас Р.Лутаа нь 120,658 ширхэг хувьцааг эзэмшиж, үлдсэн хувьцааг хамтран ажиллаж байсан нэр бүхий 6 хүнд хуваан эзэмшүүлсэн болохыг тодорхой мэдэж байсан.

Иргэн Ө.Хишигсүхийн нэхэмжлэлдээ хавсаргасан Кредит Суис Хонг Конг банкны мэдэгдэл, Баталгаа гэх бичгүүдийг үндэслэн, 1994 оноос хойш 25 жил, 2004 оноос хойш 15 жилийн дараа Тахько ХК-ийн 372,090 ширхэг хувьцааг эзэмших тухай нэхэмжпэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй болох нь дараахь хууль тогтоомжуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулан гэрчээр байцаасан тэмдэглэл, иргэн Р.Лутаагийн 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт сэжигтнээр байцаалт өгсөн тэмдэглэлүүдээр иргэн Р.Лутаа нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн байна.

- Иргэн Р.Лутаагийн хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбат нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өв залгамжпах эрхийн гэрчилгээ-гээр өөрийн эцэг Р.Лутаагийн Тахько ХК-ийн хувьцааг өвлөн авсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар манай гэр бүлд хүндэтгэлтэй хандаж ирсэн, 2017 оноос эхлэн, амаар надаас шаардаж байсан мэтээр шүүхэд худал мэдүүлсэн, мөн дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Т.Доржготов 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:

Бүх хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр ямар нэгэн хүнд шилжүүлэх буюу худалдах эрх олгогдох учраас бүх гишүүдийн хурлаас зөвшөөрөл олгох ёстой Р.Лутаа ганцаараа хувьцааг хуваарилах эрхгүй, энэ хувьцааг 7 хүн хувааж авахаар хэлэлцэн тохиролцсон гэдэг, 6 нь яг адилхан 80,000 ширхэг, үлдсэн нь миний санаж байгаагаар 120,000 гаран ширхэг хувьцаа Р.Лутаад үлдсэн байх ёстой, 1998 онд хэлэлцээр хийгдэн хувьцаа хуваасан.

Бид өрийг дарахын тулд ТУЗ-ын хурал хийж Японд гэр экспортоор гаргасан ба өөр янз бүрийн бизнес хийн өр төлбөрийг төлж барагдуулсныг би сайн мэдэж байна, 1992 онд оёдлын үйлдвэрийн цех байгуулахад дор хаяж 50 орчим жүки машиныг нэг бүрийг нь 1200 доллараар авч байсан.

Ө.Хишигсүх Тахько ХК-иас нэхэмжилсэн өр гэж байхгүй хэрэв нэхэмжилж байсан бол хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой, 2000 онд Чимэдцэрэн өөрийн 80,000 ширхэг хувьцааг авсан, Эрдэнэбат, Батбилэг, Баярмаа, Энхтуяа нар хувьцаандаа тохирох эд хөрөнгийг аваад 687,610 ширхэг хувьцаанаас хасуулсан. Миний 460 ширхэг хувьцаа бол байгаа харин Настын хувьцаа хүүд нь шилжсэн. Үүнийг Хишигсүх өөрөө мэдэж байсан. 1993 онд Лутаа нар ямар тохиролцоо хийсэн талаар би мэдэхгүй байна гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь Л.Буянбатад холбогдуулан, 37.209.000 төгрөгийн үнэ бүхий 372.090 ширхэг хувьцааг гаргуулан Ө.Хишигсүхийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргана.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ...Иргэн Ө.Хишигсүх 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... 94,717 ам.долларыг иргэн Р.Лутаад шилжүүлсэн. Р.Лутаа нь ...урт хугацаат зээлийн төлбөр төлөхөд ашигласан. Р.Лутаа нь 94,717 ам.долларыг буцаан төлөхдөө Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687,610 ширхэг хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон. Энэ талаараа 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр баталгаа үйлдэн надад өгсөн гэж үндэслэж,

хариуцагч ...иргэн Р.Лутаа нь зээлийн өр төлбөрийг 2004 оны 11 дүгээр сард Хишигсүхэд төлөх мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн, ... Ө.Хишигсүх нь 2001 оноос Тахько ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, ...Л.Буянбат нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өв залгамжпах эрхийн гэрчилгээ-гээр өөрийн эцэг Р.Лутаагийн Тахько ХК-ийн хувьцааг өвлөн авсан, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчээс ...Кредит суис Хонг Конг факс орчуулгын хамт /хх-5-6/, Баталгаа /хх-7/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2009.01.13-ны өдрийн 32 дугаартай тогтоол /хх-8-10/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009.5.18-ны өдрийн 89 дугаартай тогтоол /хх-11-13/, Ө.Хишигсүхийн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх /хх-89-92/, Баянгол дүүргийн прокурорын газрын 2018.12.12-ны өдрийн 2517 дугаартай тогтоол /хх-93/, 2018.10.12-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх-94-95/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.10.26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-96-100/, Ө.Хишигсүхийг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-134-135/, Нийслэлийн прокурорын газрын 2006.12.21-ний өдрийн 1/2654, 1/2655 дугаартай албан бичгүүд /хх-144-145/, Ө.Хишигсүхийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-146/, Кредит суис Хонг Конг факс орчуулгын хамт /хх-162-163/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.09.02-ны өдрийн 846 дугаар шийдвэр /хх-236-240/, нотлох баримтыг,

-хариуцагчаас ...Нийслэлийн прокурорын газрын 2006.12.01-ний өдрийн 189 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-29/, Нийслэлийн прокурорын газрын 2005.10.12-ны өдрийн 136 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-30-31/ өв залгамжлах эрхийн гэрчилгээ /хх-32-33/, 2004.11.06-ны өдөр Лутааг байцаасан тэмдэглэл /хх-34-36/, Улсын ерөнхий прокурорын 2005.12.05-ны өдрийн 5/173 тоот албан бичиг /хх-37-38/, 2004.11.16-ны өдөр Ө.Хишигсүхийг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-39-40/, 2000.04.22-ны өдөр Тахько ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай /хх-41/, Тахько ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээр /хх-42-43/, Үнэт цаасны хорооны 1996.5.23-ны өдрийн 48 дугаартай тогтоол /хх-44/, хэлэлцээрийн биелэлтийг дүгнэсэн тухай протокол /хх45-46/, Тахько ХК болон Р.Лутаа нарын хооронд хөрөнгө оруулах тухай байгуулсан хэлэлцээр /хх-47-48/, Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлтийн банкны 1993.06.22-ны өдрийн 20 дугаартай албан бичиг /хх-49/, Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлтийн банк болон Р.Лутаа нарын хооронд хөрөнгө оруулалтыг дэмжих зуучлах туха хэлэлцээр хавсралт /хх-50-53/, 2006 оны 3 сарын Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-243-246/, 2006.04.25-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-247-250, 2хх-1-10/, ХОТШ банкны эрх хүлээн авагчийн 2002.04.17-ны өдрийн 85 дугаартай албан бичиг /2хх-11/, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын Лавлагаа авах тухай албан бичиг /2хх-12/, Интерполын үндэсний төв товчооны 2002.09.05-ны өдрийн албан бичиг хавсралт /2хх-13-14/, Нийслэлийн архивын 2005.02.16-ны өдрийн албан бичиг хавсралт /2хх-15-16/, Улсын мөрдөн байцаах газрын 2004.10.28-ны өдрийн Лавлагаа авах тухай албан бичиг /2хх-17/, Интерполын үндэсний төв товчооны 2005.03.01-ний өдрийн албан бичиг хавсралт /2хх-18-20/ зэргийг нотлох баримтаар өгснийг,

-шүүхийн журмаар ... Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2019.06.05-ны өдрийн 01/2120 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-70-84/, 2019.06.26-ны өдрийн 01/2292 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-102-121/, Шүүхийн төрөлжсөн архивын 2019.08.20-ны өдрийн 13911 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-190-227/ гэрч Т.Доржготовын мэдүүлэг /хх-229-234/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008.09.02-ны өдрийн 846 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт хийсэн үзлэг /2хх-40-58/ зэргийг нотлох баримтаар бэхжүүлж, бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сингапур улс дахь Францын Франсез ду Коммерс Екстенкур банкнаас 94,717 ам.долларыг Өргөө ХХК-ийн нэрээр иргэн Р.Лутаад шилжүүлсэн. Р.Лутаа нь тухайн мөнгөн хөрөнгийг Тахько ХК-ийн өмнөөс ХОТШ банктай байгуулсан хэлэлцээрийн дагуу урт хугацаат зээлийн төлбөр төлөхөд ашигласан нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлсэн тухай факс /хх-6/, Тахьто ХК-д ХОТШ банкны валютын дансаар төлбөр хийсэн баримт, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 846 дугаар шийдвэр /хх-239 дүгээр хуудасны 7-8 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байдал түүний дахин нотлохгүй гэсэн зарчимтай.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ...Ц.Бат-Амгалан, Ц.Баянмөнх, С.Дамдиндоо нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Буянбат, гуравдагч этгээд Тахько ХК нарын хоорондох хувьцааны маргаан бүхий хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 846 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчилж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 634 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүчингүй болгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайханы хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх8-10/

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор ...Ц.Бат-Амгалан, Ц.Баянмөнх, С.Дамдиндоо нарын нэхэмжлэлтэй, харицагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэмж гаргасан хувьцааны маргаан бүхий хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 13 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх 11-13/

Ө.Хишигсүх, Р.Лутаа нарын хооронд 1993 онд 94,717 ам доллар шилжүүлсэн, ашигласан буюу захиран зарцуулсан харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ... Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан Иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээний эрх зүйн харилцаа анх үүссэн байна гэж дүгнэлээ. /1994 оны Иргэний хуульд зохицуулсан/

Мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэжээ.

Р.Лутаа 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ... баталгаа гаргасан байх ба уг Баталгааг 2002 оны Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргах тухай баримт гэж үзэх үндэслэлгүй.

Харин Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хэрэгт авагдсан баталгаа /хх-7/ гаргасан агсан Р.Лутаагийн баримт нь үүргээ биелүүлэх, мөнгийг эргүүлэн өгөх, буцаан өгөх үүргээ илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл бүхий баримт байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болохоор заасан.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болно гэжээ.

Талуудын хооронд ... 1993 онд зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Ө.Хишигсүх нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргээ биелүүлэх баталгаанд дурдсан мөнгийг буцаан өгөхийг өв залгамжлагч Л.Буянбатаас шаардах боловч гэрээний үүрэг, төлбөр мөнгийг агсан Р.Лутаа нь 2004 оны 9 дүгээр сарын 24-нээс 2004 оны 11 дүгээр сард багтаан биелүүлсэн, төлсөн нь

-хэрэгт авагдсан ... Ө.Хишигсүхийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж, гэрчээр байцаасан мэдүүлэгт Ө.Хишигсүх мэдүүлэхдээ: 2001 оноос Тахько ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, ...1995 онд Лутаагаас Япон улсад үйлдвэрлэсэн оёдлын Жүки гэх нэртэй машинуудыг 90 гаруй мянган доллараар авч, Дархан хотод оёдлын үйлдвэр байгуулж байсан. Үлдсэн мөнгөө бага багаар нь аваад дуусгасан,

-мөн ... Р.Лутаа нь 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ...1993 оны эцэс болоод тодорхой зээлийн төлбөр төлөгдөөгүй ба миний хувийн хөрөнгө ч хүрдэггүй, Ө.Хишигсүхээс хоорондын тооцоотой байсан мөнгөө авсан. Өөрөөр хэлбэл миний нэрийн өмнөөс Сингапураас Хишигсүх ХОТШ банк руу шилжүүлсэн юм. Ингээд л зээл төлж дуусгасан юм, Ер нь 94 мянган доллар бол миний мөнгө юм гэх бичгийн баримт,

-хариуцагч Л.Буянбатын ...Ө.Хишигсүх, Р.Лутаа нарын хооронд хувьцааны эрх шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй зөвхөн 94,717 ам долларыг зээлийн харилцаа, төлбөр тооцооны асуудал үүсч, 2004 оны 11 дүгээр cap гэхэд төлбөр тооцоогоо дуусгасан гэх хариу тайлбар,

-гэрч Доржготовын ...өр гэж байхгүй хэрэв нэхэмжилж байсан бол хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой, ...1993 онд Лутаа нар ямар тохиролцоо хийсэн талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул түүний дээрх мөнгө, хөрөнгийг шаардах эрх дуусгавар болсон байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн,  үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Р.Лутаа нь 94,717 ам долларыг буцаан төлөхдөө Тахько ХК-ийн 1996 онд нэмж гаргасан өөрийн нэр дээрх 687,610 ширхэг хувьцаанаас нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 372,090 ширхэг хувьцааг шилжүүлж төлөхөөр болсон. Энэ талаараа 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр баталгаа үйлдэн надад өгсөн...гэж тайлбарлаж байна.

Компаний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ гэжээ.

Хуулийн заалтаас харахад ...өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдлэхээр заасан байх ба Р.Лутааг нэмж гаргасан хувьцаанаас 372,090 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна.

Үүнийг хариуцагчийн ... Тахько ХК-ийн хувьцааг эзэмших тухай хэлэлцээрээр дээрх 687,610 ширхэг хувьцааг иргэн Р.Лутаа 130,658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 92,837 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон боловч 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээр өөрчлөлт оруулж, иргэн Р.Лутаа 120,658 ширхэг, Ч.Батбилэг, Ц.Наст, Т.Доржготов, Ж.Чимидцэрэн, Л.Эрдэнэбат, Ш.Мөнх-Очир нар тус бүр 80,000 ширхэг хувьцааг эзэмшихээр болсон байдаг гэх тайлбар няцааж,

-гэрч Т.Доржготовын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн ...Бүх хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр ямар нэгэн хүнд шилжүүлэх буюу худалдах эрх олгогдох учраас бүх гишүүдийн хурлаас зөвшөөрөл олгох ёстой Р.Лутаа ганцаараа хувьцааг хуваарилах эрхгүй, ...Ө.Хишигсүх Тахько ХК-иас нэхэмжилсэн өр гэж байхгүй хэрэв нэхэмжилж байсан бол хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой гэх мэдүүлэг үгүйсгэж байна.

Энэхүү баталгаагаар Р.Лутаагийн Тахько ХК-д эзэмшиж байсан 687,610 ширхэг хувьцаанаас 372,090 ширхэг хувьцааг Б.Хишигсүхэд хууль эрхийн дагуу шилжүүлж эзэмшүүлсэн өдөр хүртэл хүчинтэй байх боломжгүй. Өөрөөр хэлбэл аливаа үүргийг хугацаагүй бусдад олгох боломжгүй, хуульд заасан хязгаартай болно.

Иргэн Р.Лутаагийн хууль ёсны өв залгамжлагч Л.Буянбат нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өв залгамжпах эрхийн гэрчилгээ-гээр өөрийн эцэг Р.Лутаагийн Тахько ХК-ийн хувьцааг өвлөн авсан /хх-32/, ....Р.Лутаагаас 2004 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Ө.Хишигсүхэнд баталгаа гаргаж өгсөн, ...Эрүү, Иргэн, Захиргааны хэрэг маргаан 2006, 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.

Мөн хуулийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан боловч мөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах хүртэл тоолоход мөн хуульд заасан тусгай, ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нөгөө талаар 2018 онд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ...Ө.Хишигсүхийн гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэлээр хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, тасалдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. /хх-134-135/

Иймд хариуцагчаас 37.209.000 төгрөгийн үнэ бүхий 372.090 ширхэг хувьцааг гаргуулан өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Л.Буянбатад холбогдох 37.209.000 төгрөгийн үнэ бүхий 372.090 ширхэг хувьцааг гаргуулан Ө.Хишигсүхийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Хишигсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар сарын 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 343,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хишигсүхэд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН