Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

 

 

 

 

 

   2021             1               6                                         2021/ДШМ/32

                                                       

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ат холбогдох 1909037390874 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Бын А, 1988 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач дизайнер мэргэжилтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1053 дугаартай магадлалаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн;

            Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Зыг “түрээсийн байранд оруулж өгнө” гэж “Жүүдү” ХХК-ийн дансаар 2.800.000 төгрөг, бэлнээр 300.000 төгрөг нийт 3.100.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Бын Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 606 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 1 жил 10 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Аын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ааас 3.100.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Зд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Аын цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1053 дугаартай магадлалаар 1 жил болгон өөрчилсөн. Магадлал хүчин төгөлдөр болоогүй байхад хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “...Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол гэсэн өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн байхад шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 2020/ШТЦ/843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр өөрчлөлт орсон. Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол гэсэн үндэслэлийг барьж шүүх шийдвэрлэсэн. Өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол нэмж нэгтгэнэ” гэсэн заалт байсан. Шүүгдэгч тухайн үед ялтан биш магадлал хүчин төгөлдөр болоогүй шүүгдэгч байсан. Гэтэл хэргийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд байгаа хавтас хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж шалгуулж байгаа хэргийг нэгтгэн шийдүүлмээр байна. Үүнийг шүүх хүлээж аваагүй шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.А өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэгдэж байсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Сүхбаатар дүүрэгт хэрэг үйлдсэнийг хэлэлцэх боломжтой байсан. Гэвч Сүхбаатар дүүрэгт үйлдсэн гэмт хэргийн талаар өөрөө хэлээгүй. А өөрөө эрх зүйн байдлаа дордуулж байгаа гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримталж хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Г.А нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Зыг “түрээсийн байранд оруулж өгнө” гэж “Жүүдү” ХХК-ийн дансаар 2.800.000 төгрөг, бэлнээр 300.000 төгрөг, нийт 3.100.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Зын “...Миний хариуцан ажиллаж байсан ангийн хүүхдийн эцэг А гэх хүн “би барилга хот байгуулалтын яаманд ажилладаг, таныг түрээсийн орон сууцанд оруулаад өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би А гэх хүнд бэлнээр 300.000 төгрөг, "Жүүдү" ХХК-ийн данс руу 2.800.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаар яриад асуухаар манай “дарга солигдсон байгаа, удахгүй болно” гэх мэтээр ярьсаар байгаад сураггүй алга болсон. Харин хамгийн сүүлд утсаар 2019 оны 6 дугаар сард над руу залгасан. Тэр үед би “одоо нөгөө мөнгөө буцаагаад авмаар байна, наад асуудал чинь худлаа юм биш үү” гэсэн чинь надад “за за би хуралтай байна, одоо гараад шилжүүлье” гэж хэлсэн. Түүнээс хойш огт холбоогүй утсаа салгаад алга болчихсон. ...” /хх 27-29/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...Миний бие иргэн Н.Заас 2018 оны 10 дугаар сард Голомт банкны дансаар 2.800.000 төгрөг, бэлнээр 300.000 төгрөг авсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...” /хх 5-9/ гэх мэдүүлгүүд,

Голомт банкны дансны баримт /хх 66/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.А нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Аыг иргэн Н.Зыг түрээсийн байранд оруулж өгнө гэж 3.100.000 төгрөгийг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 606 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Аын биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 10 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь өөр дүүрэгт бусдыг хуурч залилсан гэх хэргүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлт гаргасан боловч түүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, мэдүүлэг өгсөн бичгийн баримт хавтас хэрэгт авагдаагүй ба давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөөгүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын “...Шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1053 дугаартай магадлалаар 1 жил болгон өөрчилсөн магадлал хүчин төгөлдөр болоогүй байхад хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “...Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол гэсэн өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн байхад шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолд хяналтын журмаар шүүгдэгч Б.Аын гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 297 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Түүнчлэн, шүүгдэгчид энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх уг хэрэг нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ