Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар А.Болор,

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Г.Одбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа /¹1814/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбо овогт Гомбодоржийн Одбаатарт холбогдох 201625031701 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан, дэнж-2 гудамж, 3-08 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 346 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гомбо овогт Гомбодоржийн Одбаатар /РД-МО82112917/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Г.Одбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас 21 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 20 дугаар гудамжны 1053 тоотод оршин суух иргэн Ж.Наранцэцэгийн эзэмшлийн "Бадмаараг" найман нэрийн дэлгүүрт цонхоор нэвтрэн орж Парламент тамхи 2 блок, Mild seven тамхи 2 блок, Esse тамхи 2 блок, Change esse тамхи 1 блок, LD тамхи 12 блок, Winston тамхи 3 блок, Улаан West тамхи 10 блок, Kent тамхи 1 блок, Bond тамхи 1 блок, Dubliss тамхи 1 блок, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг, Madelin дарс 0.75 литрийнх 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад нийт 555.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Г.Одбаатар мэдүүлэхдээ: Би 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр архи уусан. Тэгээд маргааш нь ажил дээрээ очсон боловч ажлаа хийж чадахгүй байхаар энэ тухайгаа даргадаа хэлсэн. Намайг гэртээ очиж архиа гаргаад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд би Алтангэрэл гэдэг ахынх руугаа ганц юм олж уух санаатай очсон боловч гэртээ байгаагүй. Би хуучин Бадмаараг дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Бадмаараг дэлгүүрийн цонх нь онгорхой байсан болохоор нь хоёр банзийг нь сугалж аваад хашаа руу нь орсон. Архинаас 2-3 ширхэгийг авахад төмөр нь салаад унасан. Би цонхоор нь дотогш ороод гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь дэлгүүр рүү нь явж орсон. Архи хийх цүнх байхгүй болохоор нь дээшээгээ 2 давхар руу гарч хүүхдийн цүнхийг нь авч, лангуун дээрээс Соёрхол, Сархад, Хар чингис архинуудыг авсан. Тамхины лангуунаас зарж байсан тамхинуудыг бүгдийг нь авсан. Тамхи блокоороо байгаагүй, зарагдаж байсан зуугийн тор, цүнхэнд нь 10 гаруй блок тамхи авсан. Тэгээд би түрээслэж байсан байрныхаа гудамжинд очиж толгой өвдөөд байсан болохоор ганцаараа сууж байгаад 0.5 литрийн архыг нь задалж уусан. 2015 онд тархиндаа харвалт өгч байсан болохоор болсон асуудлын заримыг нь сайн санадаггүй гэв.

 

Хохирогч Ж.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 10 цаг 40 минутын үед өөрийнхөө ажиллуулдаг "Бадмаараг" нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрээ хаагаад нөхрийнхөө хамт гэрээсээ гарсан. Тухайн үед Гачуурт явчихаад орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын баруун урд зүгт харсан цонхны шил нь байхгүй, хамгаалалт иршотик төмөр нь унасан байхаар нь хулгайч орсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод ороход манай гэрээр дамжин дэлгүүр лүү ордог бор өнгийн модон хаалга онгорхой байсан. Тэгээд дэлгүүр лүүгээ орж харахад тамхины тавиур дээр байсан тамхинууд, архины лангууны хэсэгт байсан хэд хэдэн архи хулгайд алдагдсан байсан. Шууд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд манай дэлгүүрт үзлэг шалгалт хийсэн, хяналтын камерыг цагдаа нар шүүж үзэхэд 13 цагийн үед цагаан өмд, цамц, малгайтай нэг хүн дэлгүүрийн гадуур явж байсан, дараа нь дэлгүүр дотор орж ирчихсэн тамхины лангууны хэсэгт бөхөлзөөд байсан, бодвол тамхи авч байсан байх. Тэгээд нөгөө хүн маань гартаа бээлий өмсчихсөн архины лангуун дээр очоод архи авч байгаа дүрс бичигдсэн байсан.

Парламент тамхи 2 блок, 1 блок нь 38.000 төгрөг,

Mild seven тамхи 2 блок, 1 блок нь 37.000 төгрөг,

Esse тамхи 2 блок, 1 блок нь 28.000 төгрөг,

Change esse тамхи 1 блок, 1 блок нь 30.000 төгрөг,

LD тамхи 12 блок, 1 блок нь 38.000 төгрөг,

Winston тамхи 3 блок, 1 блок нь 25.000 төгрөг,

Улаан West тамхи 10 блок, 1 блок нь 20.000 төгрөг,

Kent тамхи 1 блок, 1 блок нь 30.000 төгрөг,

Bond тамхи 1 блок, 1 блок нь 18.000 төгрөг,

Dubiiss тамхи 1 блок, 1 блок нь 20.000 төгрөг,

Соёрхол архи 0.75 литрийнх 2 ширхэг, 1 шил 15.000 төгрөг,

Соёрхол архи 0.5 литрийнх 2 ширхэг, 1 шил 11.200 төгрөг,

Madelin дарс 0.75 литрийнх 1 ширхэг, 1 шил нь 7.500 төгрөг,

Хүүхдийн цүнх алдагдсан байсан. Уг хүүхдийн цүнхийг үнэлж мэдэхгүй байна. Нийтдээ 850.900 төгрөгний эд зүйл алдагдсан байна. Энэ дээрх хэлсэн үнэ яг гэрээт компаниудаас бөөний үнээр авдаг үнэ байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Гэрч Ц.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг 40 минутын үед эхнэрийн хамт ажиллуулдаг "Бадмаараг" нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрээ хаагаад эхнэрийн хамт гэрээсээ гарсан. Тухайн үед Гачууртын хар усан тохой руу Христийн сүмийн хамт олонтойгоо зугаалганд явсан юм. Тэгээд орой 20 цагийн орчимд гэртээ эхнэрийн хамт ирэхэд манай гэрийн таампарын цонх нь байхгүй, төмөр иршотик төмөр нь унасан байдалтай байхаар нь хулгай орж гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд гэрлүүгээ ороод дэлгүүр ортол тамхины лангуун дээр байсан тамхинууд байхгүй, архины лангуун дээр байсан Соёрхол, Хар чингис архи зэрэг алдагдсан байсан. Манай эхнэр яг юу юу алдагдсаныг мэдэж байгаа. Би барааг нь зөөж өгдөг юм. Эхнэр яг дэлгүүрийн тооцоо зэргийг барьдаг болохоор сайн мэднэ. /хх-ийн 24-25х/

 

Яллагдагч Г.Одбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн байсан. 8 дугаар сарын 20-ны өдрийн өглөө ажил дээрээ очоод шартаад нэг шуудай цемент ч өргөж дийлэхгүй байсан, тэгээд Батхүү ах намайг гэртээ амарч байгаад архиа гаргачихаад маргааш ир гээд явуулсан. Би зүс таних ах Аагийнх руу ганц шил архи уучих санаатай очсон юм. Тэгтэл Аагий ахын гэр нь цоожтой болохоор буцаад Нарантуул-2 зах руу явж байтал замд байх "Бадмаараг" дэлгүүр хаалттай байсан. Уг нь "Бадмаараг" дэлгүүрээс архи авах бодолтой очсон. "Бадмаараг" дэлгүүрийн гадна хаалга нь хаалттай, түгжээтэй байсан, би хашааны хаалгыг нь хартал бас түгжээтэй байсан. Тэгээд Бадмаараг дэлгүүрийн зүүн талаар яваад хойд хэсэгт байх нарийн гудамжаар ороод хашаа доторх луу нь харсан чинь машин тэрэг нь байхгүй, хүнгүй байх шиг харагдсан. Би урд нь Бадмаараг дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан, Бадмаараг дэлгүүрээс Найрсаг гэх нэртэй архи авч хэрэглэдэг байсан, уг дэлгүүрийн хүмүүс дэлгүүрийнхээ таампараас архиа гаргаж өгдөг байсан. Би нарийн гудманд хэсэг сууж байгаад дэлгүүр буюу гэр лүү нь харахад таампарынхан цонх нь онгорхой юм шиг харагдахаар нь хашааных нь 2 банзыг хуга татаад хашаа руу орсон. Тэгээд таампарын цонх нь онгорхой байхаар нь би байшингийнхан илүү гарсан хундаман дээр нь зогсоод иршотик төмрийн завсараар хартал нөгөө Найрсаг архи өрөөстэй байсан, тэгэнгүүт нь би иршотик төмрөөс бариад баруун гараа төмрийнх нь завсар оруулаад 4-5 ширхэг архи авсан чинь иршотик төмөр нь салаад уначихсан. Тэгэхээр нь би цонхоор нь ороод гэрийн хаалгыг таттал онгорхой байсан. Тэгээд дэлгүүр лүү нь ороод дэлгүүрээс тамхи, архи хийх цүнх савны юм олдохгүй болохоор нь 2 давхар луу гараад хүүхдийн цүнх байхаар нь аваад доошоо бууж дэлгүүр лүү орсон, гал тогооны хэсэгт байсан жижигхэн дөрвөлжин хэлбэртэй бараан өнгийн цүнхийг авсан. Таампарт хайрцагтай архин дээр байсан цагаан өнгийн ажлын бээлийг авч өмссөн. би тамхи өрөөстэй лангуун дээрээс Parlament, Kent улаан West, улаан шонхор, нарийн LD, Esse. Change esse гэх мэт зөндөө олон тамхи авсан. Би дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн цүнхнийг дүүргэсэн, мөн 100 төгрөгийн цэнхэр өнгийн уутыг дүүргэж тамхи авсан. Нилээн их хэмжээний тамхи авсан, уг тамхины лангуу байсан бүх тамхийг авсан. Хүүхдийн жижиг цүнхэнд архины лангууны хэсгээс Хар чингис архи 0.75 литрийнхээс 2 ширхэг, 0.5 литрийнхээс 1 ширхэг, Соёрхол архи 0.75 литрийнхээс 3 ширхэг, 2 ширхэг дарс зэргийг хийж авсан. Хүүхдийн цүнх дүүрсэн, би үнэтэй гэх архи дарсыг нь авсан, орж ирсэн замаараа буцаад гарсан.

...Саарал өнгийн өмд, цагаан өнгийн цахилгаантай цамц, цагаан өнгийн саравчтай малгай, улаан өнгийн нүүр гарын алчууртай явж байсан. Би алчуураа хүзүү хэсгээрээ ороосон байсан. Хар өнгийн маск зүүсэн. Дэлгүүр дотор байсан цагаан өнгийн ажлын бээлийг авч өмссөн.

Тухайн үед авсан архиа гудамжинд ууж байгаад нэг мэдэхэд тасраад уначихсан байсан. Сэрэхэд миний хулгайлж авсан цүнхтэй зүйлүүдийг бүгдийг аваад явсан байсан, ойр хавиар хайгаад олоогүй, тамхинаас 1 блокийг, Соёрхол архи 0,75 граммын 1 шилийг авч үлдсэн юмаа. Архийг бол ууж арай дуусгаагүй үлдээсэн байсан. хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33х/

Ж.Наранцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8х/, Ж.Наранцэцэгийн өгсөн тайлбар /хх-ийн 11х/, "Бадмаараг" дэлгүүрт /Хэрэг учралын газарт/ үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг болон гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 4-10х/, Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17-19х/, Хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-23х/,            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Одбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас 21 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 20 дугаар гудамжны 1053 тоотод оршин суух иргэн Ж.Наранцэцэгийн эзэмшлийн "Бадмаараг" найман нэрийн дэлгүүрт цонхоор нэвтрэн орж Парламент тамхи 2 блок, Mild seven тамхи 2 блок, Esse тамхи 2 блок, Change esse тамхи 1 блок, LD тамхи 12 блок, Winston тамхи 3 блок, Улаан West тамхи 10 блок, Kent тамхи 1 блок, Bond тамхи 1 блок, Dubliss тамхи 1 блок, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг, Madelin дарс 0.75 литрийнх 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад нийт 555.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-33х/, хохирогч Ж.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23х/, гэрч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25х/, Ж.Наранцэцэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8х/, Ж.Наранцэцэгийн өгсөн тайлбар /хх-ийн 11х/, "Бадмаараг" дэлгүүрт /Хэрэг учралын газарт/ үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг болон гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 4-10х/, Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17-19х/, Хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-23х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Г.Одбаатарыг бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Одбаатар нь хулгайн гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад учруулсан гэм хорын хохирол болох эд зүйлийн үнэлгээ нь нийт 555.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Наранцэцэгт олгуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Одбаатарт ял шийтгэл оногдуулахад согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүхээр удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи бичлэг нь энэ хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь үлдээв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гомбо овогт Гомбодоржийн Одбаатарыг бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Одбаатарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыгэдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Одбаатарын цагдан хоригдсон нийт 49 /дөчин ёс/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь хавсаргасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одбаатараас 555.700 /таван зуун тавин таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Наранцэцэг /РД:ХД71042127/-т олгосугай.

8. Г.Одбаатарын эдлэх ялын хугацааг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Одбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ