| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
2025 01 15 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч Л.С,
хохирогч Ж., Ю.Г,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Ж.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... төрсөн, .... настай, .... ажилтай, .... оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж.Б. Регистрийн дугаар: ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 автозамын 36 дахь километрийн шонгийн орчим ... улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 13.1 дэх заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан хохирогч Ю.Гийн жолоодон явсан ...улсын дугаартай Хино рэнжер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Ю.Г, Ж.О, Г.Лнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Хохирогч Ж.О нь: “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Ю.Г нь: “Би энэ гэмт хэргээс хойш унаж татдаг болсон. Үүнийг эмчлэхийн тулд 3-5 жилийн хугацаанд эмчлэгддэг гэсэн. Саяхан эмнэлэгт үзүүлэхэд тархинд цус хуралттай байна гэсэн. Надад эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг өгсөн. Би одоо эмчилгээний зардал 5 000 000 төгрөг, машины хохирол 5 000 000 төгрөг нийт 10 000 0000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн .... дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 автозамын 36 дахь километрийн шонгийн орчим ... улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 13.1 дэх заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан хохирогч Ю.Гийн жолоодон явсан ...улсын дугаартай Хино рэнжер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Ю.Г, Ж.О, Г.Лнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараахь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12 тал/,
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-24 дүгээр тал/,
Хохирогч Ж.Оийн өгсөн: “Би тухайн өдөр Архангай аймгийн Хужирт сумаас 10 цаг 40 минутад нэгдсэн зараар унаа олоод Улаанбаатар хот орохоор хар өнгийн приүс-41 маркийн машинд суусан. Тухайн машинд жолооч бас нэг охин байсан. Бид Зуулаа хамт хөдөлсөн би машины арын суудалд нөгөө охин жолоочийн хажуу талын суудалд суугаад Улаанбаатар хот орохоор хөдөлсөн. Замдаа 17 цагийн миний төрсөн ах утасдаад хаана явна гэхээр нь би жолоочоос бид хэд хаана явна гэж асуухад Атар өнгөрч байна гэхээр нь би ахад Атар гэж хэлээд хот ойртчихсон гээд арын суудал дээр нь суудалаа налаад унтчихсан байсан. Нэг сэрсэн би машины гадна талд танихгүй эмэгтэй хүний өвөр дээр миний толгойг түшчихсэн, зам дээр нэг зүйл 4 дэвсчихсэн би хэвтэж байсан. Тэгээд би сандраад босох гэсэн намайг нөгөө эмэгтэй эгчээ “та битгий хөдлөөрэй” гэж хэлсэн. Би ойр орчимоо хартал миний сууж явсан машин осолд орсон байсныг мэдсэн. Тухайн үед миний утас дуугартал нөгөө эмэгтэй миний утсыг аваад энэ хүн “хүй 7 худаг” дээр машины аваарт орчихлоо гэж хэлсэн. Тэгээд манайхан ирсэн. Бас эмнэлэг цагдаа нар ирсэн. Эмнэлэг намайг насилкан дээр хэвтүүлээд Гэмтэлийн эмнэлэгт хүргэсэн. Би хараагүй унтаж явсан юм. Тухайн ослоос болоод миний биед тархинд гэмтэл учирсан, хуйх нь сөхөгдсөн, хүзүү гэмтэлтэй, цээж гэмтэлтэй, гар хөл гэмтэлтэй, аарцаг хугарсан, Тухайн үед гэмтэл дээр эмч ирж үзсэн. Тухайн үеийн ослоос болж сэтгэл санаанд хохирол учирсан би ажилаа хийж чадахгүй, ганцаараа амьдардаг болохоор зээл хуулиа төлөхөөс авахуулаад хэцүү байна. Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгоно. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
Хохирогч Г.Лөгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Улаанбаатар хот орохоор зар дээрээс унаа хараад нэг машин байхаар нь залгаад 11 цагт хар өнгийн приүс-41 маркийн машинд суусан. Тухайн үед жолооч ах ганцаараа байсан. Намайг суулгасны дараа дахин нэг эгчийг очиж авсан. Тэгээд бид З-уулаа болоод сумаас хөдөлсөн. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Замдаа Улаанбаатар хот нилээн дөхөж явтал жолооч ах зүүн дохио өгөөд урд байгаа машиныг гүйцэт түрүүлэх гэхээр нь би ахаа урдаас машин ирж байна даа гэж хэлтэл жолооч ах амжинаа гэж хэлээд дартал өөдөөс ирж том машины урдаас очоод мөргөчихсөн. Тэрнээс хойш юу болсоныг би санахгүй. Нэг сэрсэн замын хажууд машины гадна хэвтэж байсан. Хажууд баахан хүн байх шиг байсан. Тэгээд удалгүй эмнэлэгийн машин ирээд намайг болон машинд байсан эгч, жолооч ах, нөгөө машины жолооч ах бид 4-г аваад гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тухайн үед жолооч ах урсгал сөрж голын цагаан зураасыг даваад эсрэг урсгалд орсон. Тухайн зам тээврийн ослоос болж миний 2 хавирга хугарсан, 2 хавирга цуурсан, биед энэ хөхрөлт үүссэн. Тухайн үедээ шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед би болон жолооч ах суудлын бүсээ зүүсэн байсан. Надад уг ослоос үүдэн сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, сэтгэл санааны хохирлоо тогтоолгох шаардлагагүй. Би эмчилгээнийхээ зардлыг гаргуулан авчуул санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,
Хохирогч Ю.Гийн өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр уг ослын болсон нөхцөл байдлыг гэрчээр мэдүүлсэн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ засвар оруулах болон нэмж ярих зүйл байхгүй. Тухайн ослоос болж миний миний 2 хавирга хугарч, нурууны нэг үед гулгалт үүссэн. Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлсэн хүндэвтэр зэрэгт хамаарсан байсан, шүүх эмнэлэгийн дүгнэлттэйгээ танилцсан байгаа. Надад сэтгэл санааны хохирол байхгүй, сэтгэл санааны хохирл тогтоолгохгүй. Надад нөгөө машины жолооч надад нийт 24 сая төгрөг өгсөн, үлдсэнийг нь даатгалаас гаргаж өгнө гэсэн. Миний эмчилгээний зардалд 1 сая орчим төгрөг болсон мөн машины даатгалаас 5 сая төгрөг гарна гэсэн зөрүү 500 мянган төгрөг гарсан түүнийгээ төлүүлээд гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
Хохирогч Ю.Гийн дахин өгсөн: “Миний биеийн байдал ерөнхийдөө тогтвортой байгаа, 3 удаа таталт өгсөн, эм таринаасаа бол салаагүй л явж байна, ерөнхийдөө хохирол мөнгө баргадсан байгаа, одоо даатгалаас хэдэн төгрөг орж ирэх ёстой тэгвэл ямар нэг хохирол мөнгө гээд байх зүйл байхгүй байна. Ерөнхийлөө эрүүл мэндээрээ л хохироод байна, таталтын эм 3-5 жил уух л юм ярьж байна лээ, ажил хийж болохгүй хэцүүхэн л байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Лавлагаар харахад иргэн Ж.О нь 2,520,320 төгрөгийн, Г.Лнь 627,460 төгрөгийн, Ю.Г нь 1,067,242 төгрөгийн тус тус тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн ... дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/,
Гэрч Ю.Гийн өгсөн: “Би тухайн өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Хино Райнжир маркийн ачааны крантай машинаараа Төв аймгийн Аргалант сумын галзуу харын худаг гэх газар зам дагуу байрлах зоорь барьж байгаа газар луу ачаа буулгахаар 15 цагийн үед гараад бараг очих газраа ирж байхад 17 цаг 30 минутын орчим би засмал замаар хүй 7-н худаг өнгөрөөд явж байтал өөдөөс эсрэг урсгалд хар өнгийн машин ирж байсан би зөрөх гэтэл гэнэт нөгөө машин даялаад миний явж байсан урсгалд орж ирэхэд би маш хурдан жолооны хүрдээ баруун тийш дарж тормас гишгэтэл яах ийхийн зуургүй нөгөө машин миний машины зүүн урд хэсгээс мөргөөд би тэр эрчиндээ замын хажуу руу орчихсон. Харин нөгөө машин намайг мөргөөд замын урд хөвөө жалгар уу ороод зогссон байсан. Тэгээд би нэг хэсэг шоконд ороод машиндаа сууж байтал замаар миний ард явж байсан машины хүмүүс бууж ирээд миний машины хаалгыг онгойлгох гэхэд онгойхгүй нилээн ноцолдож байж онгойлгоод би бууж ирээд машинаа болон нөгөө машиныг хартал нилээн эврэлтэй болсон байсан. Нөгөө машины хүмүүсийг бас хүмүүс буулгаад цаана зарим нь хэвтчихсэн байсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа ирээд намайг болон нөгөө машинд явсан жолооч болон хоёр эмэгтэй хүмүүсийг аваад гэмтлийн эмнэлэг хүргэсэн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдаагийн алба хаагч согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0%- тай гарсан. Тухайн үед би 3 тн ачаатай байсан миний машины ачааны тэвшнээс илүү гараагүй байсан. Миний машин 5 тн даацтай машин байгаа. Тухайн осол болох үед би өөрийн явах чиглэлэдээ явж байсан. Эсрэг урсгалд орсон зүйл байхгүй. Нөгөө урсгалд явсан хар өнгийн машин гэнэт урсгал сөрж орж ирсэн би зугатааж мөргүүлэхгүй арга хэмжээ авсан боловч маш хурдан болж өнгөрсөн. Миний машины зүүн урд талаас ирээд мөргөчихсөн. Тухайн ослоос болж миний 2 хавирга хугарсан, цээж хүндүүртэй байгаа, тухайн үедээ шүүх эмнэлэгт үзүүлсэн. Машиныхаа эврэлийн төлбөр, биеэ үзүүлсэн эмчилгээний зардалаа төлүүлчүүл ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/,
Шүүгдэгч Ж.Бийн гэрчээр өгсөн: “Би тухайн өдрийн өглөө Өвөрхангай аймгийн хужирт сумаас Улаанбаатар хот орохоор ганцаараа гарах гэснээ замын хань авий гэж бодоод 2 эмэгтэй авсан. Тэгээд 11 цагийн үед сумаас гарсан. Замдаа Улаанбаатар хот нилээн дөхчихсөн байсан. Хүй 7 худаг гэх газарт явж байхдаа гэнэт толгой эргээд явчихсан. Тэгээд эсрэг урсгалд ороод буцаагаад дарахын завдалгүй цаанаас эсрэг урдсалд явж байсан машины зүүн урд хэсэг рүү мөргөчихсөн. Тэгээд юу болсоны мэдэхгүй ухаан балартсан байсан. Тэгсэн эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. Тэгээд намайг болон нөгөө машины жолооч, миний машинд сууж явсан 2 эмэгтэй бид 4-г аваад гэмтэлийн эмнэлэг хүргэсэн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Замын цагдаа согтуурал шалгадаг багажаар үлээлгээхэд 0%-тай гарсан. Тухайн үед гэнэт толгой эргээд нэг харсан эсрэг урсгалд орчихсон байсан. Тэгээд эсрэг урсгалаас өөрийн урсгал руу дарсан боловч амжаагүй эсрэг урсгалд явсан машиныг мөргөсөн. Би тухайн үед амарчихаад явж байсан болохоор ядарсан нойрмоглосон зүйл байхгүй. Миний 2 хавирга хугарсан. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 451 дугаартай “1. 2. Ж.Оийн биед хүзүүний 7-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн бага зэрэг зөрөөтэй хугарал, аарцаг ясны зүүн талын ар хана сэлтэрхий, дотор хананаас урд хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн зулай, чамархай, дагзны хуйхны хууларсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зүүн шуу, шилбэ, гуя, баруун гуяны цус хуралт, хэвлийн зулгаралт, цээж, аюулхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 446 дугаартай “1, 2 дугаар асуултад: Г.Лбиед баруун 1-р хавирга, зүүн 2, 8, 9-р хавирганы хугарал, зүүн шуунд шарх, зүүн хөлийн шагайд цус хуралт, дух, зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн хөлийн шагайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 3 дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4 дүгээр асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 445 дугаартай “1, 2 дугаар асуултад: Ж.Бын биед өвчүү ясны хугарал, зүүн 5-р хавирга, 6-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3 дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4 дүгээр асуултад: Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 449 дугаартай “1 дүгээр асуултад: Ю. Гансүхийн биед зүүн талын 5, 6 дугаар хавирганы хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2 дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар тал/,
Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан №21083/ДД№30731701 дугаартай, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-109 дүгээр тал/,
Шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд Приус-41 маркийн 0524 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад урсгал сөрж зам тээврийн осол гаргаж өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад шалгагдаад байгаа юм, би ерөнхийдөө өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа, миний хувьд гэмтсэн болон эсрэг талын тээврийн хэрэгслийн жолооч нарын хохирлыг өөрсдийнх нь хэлсэн мөнгөн дүнгээр бүрэн барагдуулж дууссан байгаа тиймээс миний дээрх холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна, дахиж нэмж ярих зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 152 дугаар тал/ зэрэг болон шүүгдэгч Ж.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 автозамын 36 дахь километрийн шонгийн орчим ... улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 13.1 дэх заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан хохирогч Ю.Гийн жолоодон явсан ...улсын дугаартай Хино рэнжер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, Ю.Г, Ж.О, Г.Лнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Б нь “...” улсын дугаартай “Тоёота приус 41” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Хино рэнжер” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ю.Г, Ж.О, Г.Лнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ж.Бийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч Ж.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.С:
Шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар тооцож 2 700 000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э:
Шүүгдэгч Ж.Бийн хувьд хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Хохирогч Ж.О: “Хэлэх зүйл байхгүй.” гэх саналыг,
Хохирогч Ю.Г: “Хэлэх зүйл байхгүй.” гэх саналыг,
Шүүгдэгч Ж.Б: “Хэлэх зүйл байхгүй.” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ж.Бт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр сая долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Бт ял шийтгэл шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Баас 4.215.022 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
хохирогч Г.Лэмчилгээний зардалд 4.500.000 төгрөгийг, хохирогч Ж.Оийн эмчилгээний зардалд 11.600.000 төгрөгийг, хохирогч Ю.Гийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг, тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохиролд 24.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж,
хохирогч Ю.Г нь эмчилгээний зардалд 5000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол 5.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулж хохирогч Ю.Гэд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2700 /хоёр сая долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 2700 /хоёр сая долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Ж.Бт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Баас 4.215.022 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох,
Хохирогч Г.Лэмчилгээний зардалд 4.500.000 төгрөгийг, хохирогч Ж.Оийн эмчилгээний зардалд 11.600.000 төгрөгийг, хохирогч Ю.Гийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг, тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохиролд 24.000.000 төгрөг төлсөн болохыг,
Хохирогч Ю.Г нь эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол 5.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулж хохирогч Ю.Гэд олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
7. Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН