| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/01555/И |
| Дугаар | 181/ШШ2018/01788 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2018/01788
| 2018 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2018/01788 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,
Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн үндсэн төлбөр 36 914 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 143 хоногийн алданги 15 836 106 төгрөг, нийт 52 750 106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2018 оны 05 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Бтрейд ХХК нь ЖХХК-тай 2017 оны 12 сарын 14-ний өдөр 25/017Б тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. ЖХХК-ийн бидэнд ирүүлсэн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 56А/2017 тоот албан бичгийг үндэслэн бетон зуурмаг цутгалтын ажил эхлэхээс өмнө нийт захиалсан бетон зуурмагийн үнийн дүнгийн 50 хувийг төлөх, ажил гүйцэтгэж дууссаны дараа үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр, 12 сарын 17-ны өдөр М300 маркийн 286 м3 бетон зуурмагийг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай нийлүүлсэн. Гэрээнд зааснаар захиалагч тал нийлүүлэгч талд төлбөрийг төлж барагдуулах хугацаа нь 2017 оны 12 сарын 25-ны өдөр дууссан. Энэ өдрөөс хойш үлдэгдэл төлбөр болох 36 914 000 төгрөгийг төлж барагдуулахыг тус компанийн менежер Ц.О өдөр бүр ярьж сануулж, шаардаж байсан. Мөн 2018 оны 04 сарын 02-ны өдөр төлбөрийг яаралтай төлж барагдуулах тухай 36/018 тоот албан бичгийг захиалагч талд илгээсэн. Гэвч захиалагч тал хөрөнгө оруулалт хүлээж байна гэх шалтгаанаар төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй 143 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Энэ нь манай компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байх тул бид гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 36 914 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 143 хоногийн алданги 15 836 106 төгрөг, нийт 52 750 106 төгрөгийг хариуцагч ЖХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэгдсэн талаар манай компани маргаагүй. Бтрейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 36 914 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 15 836 106 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: бетон зуурмагийг улсын төсвийн санхүүжилтээр баригдаж байгаа Цогцос хадгалах төвийн барилгад зарцуулсан бөгөөд төсвийн санхүүжилт хугацаандаа өгөгдөхгүй байгаагаас болж төлбөр төлөх хугацаа хэтэрсэн болохоос биш манай компаниас үл хамаарах шалтгаантай юм. Нөгөөтэйгүүр алданги хэт их хэмжээтэй байна гэв.
Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бтрейд ХХК нь хариуцагч ЖХХК-д холбогдуулан, гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 52 750 106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Бтрейд ХХК нь ЖХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, нийлүүлэгч Бтрейд ХХК нь М300 маркийн 300 м3 бетон зуурмагийг нэг бүрийн үнэ 199 000 төгрөг буюу нийт 59 700 000 төгрөгийн үнэтэйгээр бетон зуурмагийг захиалагч ЖХХК-д нийлүүлэх гэрээ хийгдэхэд гэрээний нийт үнийн 50 хувийг захиалагч тал бэлнээр төлөх, ажил хийгдэж дуусахад үлдэгдэл төлбөрийн 50 хувийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор саадгүй төлөхөөр харилцан тохиролцсон байна. /гэрээ хх-ийн 8-10 дугаар талд/
Дээрх гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг, гэрээний агуулга зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар талууд гэрээний 2.1 дэх хэсэгт бетон зуурмагийн үнэ, тээврийн зардлыг хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.3 хувиар алданги тооцох талаар тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хэргийн 11 дүгээр талд авагдсан Бтрейд ХХК-иас ЖХХК-д хүргүүлсэн 2018.04.02-ны өдрийн 36/018 дугаартай Бетон зуурмагийн төлбөрийн тухай албан бичгийн баримт, хариуцагчийн тайлбар зэргээр ...нийтдээ 286 м2 бетон зуурмаг нийлүүлсэн ба уг зуурмагийн үндсэн төлбөр 56 914 000 төгрөг болсноос 20 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 36 914 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр 2 тал харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 1.4-т заасан ба энэ талаар талууд маргаагүй байх тул 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг дээрх гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу хоногийн 0.3 хувиар алдангийг тооцож үзэхэд /36 914 000 төгрөг : 0.3% = 110 742 х 143 хоног/ 15 836 106 төгрөг болж байна.
Иймд хариуцагч ЖХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 914 000 төгрөг, алданги 15 836 106 төгрөг, нийт 52 750 106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Зохигч талууд дээрх гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн 20 000 000 төгрөг болон төлөгдөөгүй үлдэгдэл 36 914 000 төгрөгийн талаар маргаангүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч алдангийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...бетон зуурмагийг улсын төсвийн санхүүжилтээр баригдаж байгаа цогцос хадгалах төвийн барилгад зарцуулсан, төсвийн санхүүжилт хугацаандаа өгөгдөөгүй, алдангийг хэт өндөр тооцсон гэж маргадаг боловч энэ талаар холбогдох баримтыг гаргаж татгалзалаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ЖХХК-иас 52 750 106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бтрейд ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 800 төгрөгөөс 421 701 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 9 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч ЖХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 421 701 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Бтрейд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор өөрөө шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ