Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

 

 

 

 

    

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,

-улсын яллагчаар Э.У,

-шүүгдэгч, хохирогч Б.Т, Б.Ц,

-шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т, Б.Ц нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн.... төрсөн, ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд ... шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Т. Регистрийн дугаар: ...

2.Монгол Улсын иргэн, .... төрсөн, .... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Ц. Регистрийн дугаар: ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т, Б.Ц нар нь Төв аймгийн .... тоотод 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнө үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдож, харилцан бие биедээ хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Хохирогч Б.Т нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Хохирогч Б.Ц нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Шүүгдэгч Б.Т, Б.Ц нар нь Төв аймгийн ... тоотод 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнө үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдсоны улмаас “Б.Цгийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун шуунд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун шуу, хамарт зөөлөн эдийн няцралт”, “Б.Тгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий харилцан бие биедээ хөнгөн хохирол тус тус санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
  • Хохирогч Б.Цгийн мэдүүлэг /хх-ийн 7-8, 12-13 тал/,
  • Гэрч Э.Б мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  • Гэрч Р.О мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
  • Шүүгдэгч Б.Тгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
  • Шүүгдэгч Б.Цгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
  • Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,
  • Төв аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,
  • Шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
  • Шүүгдэгч Б.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66, 89 тал/ хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т, Б.Ц нар нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 109-110 тал/,

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 04 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-113-116 тал/ 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Т, Б.Ц нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Т, Б.Ц нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Т, Б.Ц нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Т, Б.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Т, Б.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Т, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Т, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Т, Б.Ц нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

4. Шүүгдэгч Шүүгдэгч Б.Т, Б.Ц нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Т, Б.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН