| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2021/03086/И |
| Дугаар | 181/ШШ2022/01038 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2022/01038
| 2022 05 04 | 181/ШШ2022/01038 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 14-р хороо 14-р хороолол Нарны зам-8 хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг Залуучуудын өргөн чөлөө гудамж 24а байр 15 тоотод оршин суух Захирагч овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 7,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
1.Хариуцагч Д.*******ад шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:
******* ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Замтын булгийн эх гэх гэрээнд тусгайлан заасан газарт худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр Д.*******тай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээгээр худгийн өрөмдлөгийн ажлын нэг тууш метрийг 100,000 төгрөгөөр тооцон нийт 100 тууш метрийн гүн бүхий нэг худаг гаргахаар нийт үнийн дүн 10,000,000 төгрөг болсон. Гүний ус яг хэдэн метрээс гарах эсэхийг урьдчилан бүрэн тодорхойлох боломжгүй байдаг. Тиймээс гэрээний 2.1, 3.2-т ажлын хэмжээг тодорхойлохоос гадна нийт төлбөрийг захиалагч тал ажлын гүйцэтгэлээр төлөхөөр зөвшөөрөн, энэхүү гэрээгээр тохиролцсон.
Ажлын гүйцэтгэлээр ус 171 тууш метр гүнээс гарсан байна. Захиалагч тал урьдчилгаа төлбөр болох 5,250,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 07-нд төлсөн.
Гүйцэтгэгч тал буюу ******* ХХК нь гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж гэрээнд заасан ажлын үр дүнг захиалагч талд зохих ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч тал ажил хүлээлцэх актаар хүлээж авсан болно. Гэрээнд зааснаар ажлын гүйцэтгэлээр 171 тууш метрийн гүн өрөмдсөн бөгөөд энэ гүйцэтгэлээр гэрээний төлбөр 17,100,000 төгрөг болох боловч 150 тууш метрийн гүн өрөмдсөн үнийн дүн болох 15,000,000 төгрөгөөр гэрээний төлбөрийг тооцон үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.2-т заасны дагуу нэхэмжилсэн.
Гүйцэтгэгч талаас гэрээний ажлын үлдэгдэл хөлс болох 5,000,000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч захиалагч тал төлөөгүй. Гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохирсон. Уг алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 2,500,000 төгрөгийн алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн .
Бид Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн Анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 151/11132021/01719 тоот захирамжаар хариуцагчийн оршин байгаа газар тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжийн үндэслэх хэсэгт хариуцагч Д.******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 05/54 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. гэсэн учраас тус шүүхэд гомдол гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тиймээс хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, Д.*******ын оршин байрлах хаягийн лавлагааг нотлох баримтаар төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр гаргуулж авч, мэдэгдэх хуудас явуулахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 24а байрны 15 тоотод бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, охин, зээ нарын хамт оршин сууж байгаа талаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт шүүхэд ирсэн байсан учраас тус хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр хариуцагчийн албан ёсны бүртгэлтэй хаяг тодорхой болсон гэж үзээд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч Д.*******тай Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах хэд хэдэн удаа холбогдож нэхэмжлэлийн талаар мэдэгдсэн, харин сүүлдээ утас нь холбогдохоо больсон тул нэхэмжлэлийг гардуулж өгч чадаагүй.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний ажлын үлдэгдэл хөлс болох 5,000,000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч хариуцагч Д.******* төлөхгүйгээс гадна маш их зардал, чирэгдэл боллоо.
Иймд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр төлсөн тул алданги болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* нь шүүхийг үл хүндэтгэн ирэхгүй байнга чирэгдэл учруулдаг 2018 онд ажлаа хүлээн авсан атлаа өдийг хүртэл мөнгөө төлөхгүй биднийг хохироосон тул алдангийг багасгах боломжгүй гэв.
2. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:
Миний бие 2018 оны 06 дугаар с арын 06-ний өдөр Эрдэнэ дрийлинг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийж, худаг гаргах ажлыг 1-3 хоногт хийж гүйцэтгэсэн. Худгийн цооног өрөмдлөгийн ажлын явцад тодорхой саад гарч байсан боловч худаг ухах гүйцэтгэлийн ажилбарыг хэвийн гэж дүгнэн хүлээн авсан хэдий ч худгийн гүн ёроолд шавхалт цэвэрлэгээ хийж дуусаад гарах усны хэмжээг хэмжиж тогтоох зорилгоор 1,0 тонн багтаамжтай саванд юүлж эхлээд 8-10 минут болоход ус тасалдаж сав арай дүүргэлгүй талдаа хүрээд дууссан. Энэ нь усны ундрага шавхалт цэвэрлэгээ дутуу хийгдсэнтэй холбоотой. Тоног төхөөрөмжийн хувьд шинээр тавигдсан. Худгаас гарсан усыг ахуй хэрэглээ, унданд хэрэглэж болох талаар Гео экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторит шинжилгээнд өгөхөд Уг ус нь цайвар шар өнгөтэй, тунадастай байна. Иймд сайтар шавхалт хийж цэвэршүүлж хэрэглэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан. Тухайн үед би нэг биш удаа сануулж байсан боловч тусыг эс олсон.
Байгаль орчны сайдын 185 тоот тушаалаар баталсан Өрөмдмөл худгийн техникийн пасспортын тухай заасан байдаг.
Өрөмдмөл худгийн пасспортын анхан шатны бичилтийг худаг гаргасан Аж ахуйн нэгж хийж аймаг нийслэлийн Байгаль орчны алба хэлтсээр баталгаажуулан худаг эзэмшигчид хүлээлгэн өгнө.
Пасспортыг худаг гаргаж шавхалт хийж ашиглах боломжтой болгож ашиглалтанд хүлээж авсан үеэс эхлэн дэвтрийг хөтөлнө.
Гео-экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн дүгнэлтэнд усаа цэвэршүүлж худганд шавхалт хийж усны ундрага ихэсгэх шаардлагатай. Дээрх заалтыг зөрчиж өрөмдмөл худгийн техникийн үндсэн баримт болох пасспортыг надад гардуулж өгөлгүй 4 жил гаруй хугацаа өнгөрчээ.
Энэ асуудлаар хэд хэдэн удаа шаардлага, хүсэлт тавихад тухайн үед инженер Ганхуяг гэдэг хүн уурлан ёс зүйгүй авирлаж төлбөр хийхгүй бол худгийн насосоо аваад явлаа гэж, машинаасаа лоом сүх гаргаж ирэн худгийн хаалга, цоож, нугас эвдэж өндөр настай надад хүч хэрэглэхийг завдаж надад тодорхой хэмжээний хохирол учруулсан юм.
Худгийн өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн хөлс болох 10,250,000 төгрөг төлсөн.
Миний бие 2021 оны 10 сард нуруу нугасны хүнд хагалгаанд орж сар гаруй эмнэлэгт хэвтэж байх үед шүүхийн дуудлага ирсэн. Тухайн үед нь ******* ХХК руу утасдаж санхүүгийн захирал Өлзийжаргал , Нямцэрэн нартай ярьж Гадуур халдварт өвчинтэй хөл хорио ихтэй учир гадуур гарч чадахгүй болоод байна. Шүүх хуралд ч оролцох боломжгүй байна. Тиймээс надад дансны дугаараа өгчихвөл би 5,000,000 сая төгрөг төлөөд тооцоогоо дуусгая, харин та нар шүүхээс нэхэмжлэлээ татаж аваарай. Цаг дулаарахаар худгийн шавхалт хийгээд, усаа цэвэршүүлээд өгөөрэй. Худгийн техникийн пасспортыг гаргуулж өгөөрэй гэхэд Нямцэрэн дарга хүлээн зөвшөөрснөөр 2021.11.17-нд би компанийн дансанд 5,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн.
Худгийн шавхалт хийгээгүй, өрөмдмөл худгийн техникийн пасспорт өгөөгүй гэх үндэслэлээр хугацааны алданги 2,5 сая төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Золбаярт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, цооног хүлээлгэн өгсөн акт, усны химийн шинжилгээний тодорхойлолт, Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,
4. Хариуцагчаас нотлох баримтаар: бичгээр гаргасан тайлбар, 2021 оны 11 сарын 17-ний өдөр ******* ХХК-нд 5,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн кассын орлогын ордер, Гранд мед эмнэлэгийн тодорхойлолт,
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: хариуцагч Д.*******ыг шүүхэд албадан ирүүлэх тухай 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 14518 дугаартай шүүгчийн захирамж зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн бичгийн тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч 5,000,000 төгрөг төлсөн, алданги 2,500,000 төгрөгийг багасгах боломжгүй гэж тайлбарласан.
3. Хариуцагч Д.******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөр 5,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн, алданги 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдөр О.Золбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 2 жилийн хугацаатай олгосон. /х.х-ийн 4 хуу/
5. ******* ХХК нь Д.******* нарын хороонд 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. /х.х-ийн 8 хуу/
Гэрээний 2.1-д Өрөмдлөгийн ажлын нэг тууш метрийн үнийг 100,000 төгрөг, тээврийн зардлыг 250,000 төгрөгөөр тооцох бөгөөд захиалгат ажлын нийт төлбөр 10,250,000 төгрөг болно. НӨАТ ороогүй., 2.3-т ...захиалагч нь гэрээт ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр болох 5,250,000 төгрөгийг төлсөн байх.,
3.1-д Өрөмдлөг хийх талбай нь Төв аймаг Баянчандмань сум, Замтын булгийн эх болно.,
4.6-д Захиалагч нь хоногт 2000 литр ус авахгүй бол гүйцэтгэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж болох ба хэрэв захиалагч тухайн цооногийг ашиглахыг хүсвэл шүүр яндан болон насосыг тавьж өгөөд үлдэгдэл 50%-ийн төлбөрийг захиалагч төлөхгүй., 4.7-д Усны химийн шинжилгээг хийж өгөх ба шинжилгээний үр дүн ямар гарах нь гүйцэтгэгчид хамааралгүй болно.,
5.2-т хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдсэн төлбөрийн 0,5% тай тэнцэх торгууль төлнө., 5.3-т гүний худаг өрөмдөх зөвшөөрлийг захиалагч тал холбогдох байгууллагаас авах ба үүнтэй холбоотой гарсан аливаа асуудлыг бүрэн хариуцана. гэж тус тус заажээ.
6. Иргэний хуулийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. мөн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан.
7. Талууд захиалгат ажлын нийт төлбөрийг 10,250,000 төгрөгөөр тохиролцон хариуцагч Д.******* нь урьдчилгаа 5,250,000 төгрөгийг төлсөн боловч үлдэх төлбөр 5,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр нэхэмжлэгч ******* ХХК-нд бэлнээр төлсөн болох нь талуудын тайлбар, кассын орлогын ордероор тогтоогдоно.
Д.******* нь бичгээр гаргасан тайлбар болон 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алданги болох 2,500,000 төгрөгийг төлөхгүй, цооногийн шавхалт цэвэрлэгээ дутуу хийгдсэн, усны ундарга муу гэж маргасан нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ.
Шинжлэх ухааны академи газар зүй геоэкологийн хүрээлэн усны шинжилгээний лаборториийн Усний химийн шинжилгээний тодорхойлолтоор 2018 оны 06 сарын 10-ний өдөр сорьц авч шинжлэхэд Төв аймаг Баянчандмань Замтын булгийн эх Д.*******ын гүний худаг, гүн 171 метр, ундарга 0,7 литр секунд,
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн 1-р төрлийн чанарын хувьд цэнгэг зөөлөн ус байна. Шинжилсэн химийн үзүүлэлтүүд нь Ундны усны стандарт МNS 900:2005-ын шаардлага хангаж байгаа ч төмрийн ионы агууламж нь стандартад заасан хэмжээнээс 3,0 дахин их мөн уг ус нь цайвар шар өнгөтэй, бага зэрэг тундастай байгаа учир сайтар шавхалт хийн, цэвэршүүлж шаардлагатай. гэсэн дүгнэлт гаргажээ.
******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч захиалгат ажлын үлдэгдэл төлбөрийг Д.******* нь төлөөгүй тул 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа хандаж байсан нь тус шүүхүүдийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолуудаар нотлогдох бөгөөд хариуцагч Д.*******ыг шүүхэд албадан ирүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн, хариуцагч нь гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Д.*******аас нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т зааснаар алданги 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
8. Хариуцагч Д.******* нь шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч шүүхэд Хүмүүн мед ХХК-ний ...дотрын тасагт 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байна. гэх тодорхойлолт ирүүлсэн боловч шүүх хуралдаанд оролцох эсэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ