Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/89

 

 

 

 

 

 

   2021            01              19                                         2021/ДШМ/89

 

М.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дуламсүрэн,

хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Чинзориг,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1994 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлоор М.Мад холбогдох 1806023620691 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Мгийн М, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт - тоотод түр оршин суух, /РД:-/;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

            М.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын толгой руу чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Мгийн Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 129 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Маас 1.979.620 төгрөгийг гаргуулж Б.Бод олгох, Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гээд 1.4-т “энэ хуулийн 35.14, ... дугаар зүйлд заасныг зөрчсөн, 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7... дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Өмнө нь шүүгдэгч М.Мын гэм буруутай эсэхийг анхан шатны шүүх хоёр удаа хянан хэлэлцээд 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус тус “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан билээ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу дээр дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй байхад прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 31, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн магадлалдаа “...хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна...” гэсний дагуу анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг баримталж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт захирагдаж, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд улмаар шийтгэх тогтоолд “...нотолбол зохих , байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ... шүүгдэгчийг гэрч, яллагдагчаар асууж байцаалт авахдаа ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байна. ... Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ... агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан. ...”, түүнчлэн “...өмгөөлөгч Э.Шинэзоригийн хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор тус шүүхэд гаргасан шүүх хуралдаанд хохирогч Б.Б, гэрч Б.Батцэнгэл, С.Ариунбилэг, Төрмөнх, Ш.Одхүү нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ... гэрч нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. ...Гэрч Б.Батцэнгэл нь Өмнөговь аймагт ажиллаж байгаа тул шүүх уралдаанд оролцох боломжгүй талаар тайлбар гаргасан байна. ...Мөн гэрч Л.Төрмөнх шүүхийн дуудсанаар ирсэн бөгөөд өөрийг нь тодорхойлох ямар нэг бичиг баримтгүй. ... Лавлагаа зэрэг баримтгүй ирсэн тул шүүх хуралдаанд оролцуулаагүй болно. ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хуульчилсан бөгөөд 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 809 дүгээр магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ дээрх магадлалд “...өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн ... гэрч ... нарыг оролцуулах хүсэлт гарган, тодорхой бус гэж үзсэн асуудлаа тодруулах ажиллагааг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой ...” талаар дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал тогтоогдоогүй учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу мэтгэлцэх зарчмыг хангах, түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтоолгохоор нэр бүхий гэрч нар /2018 оны 3 дугаар сарын 11-ний шөнө үйл явдал болсон гэх газарт хохирогч болон шүүгдэгчтэй хамт байсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэх гэрч Б.Батцэнгэл, шүүхэд ирэхгүй байх, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй/ С.Ариунбилэг, Л.Төрмөнх/-ыг оролцуулах хүсэлтийг гаргаж, улмаар шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа тэднийг оролцуулахгүйгээр хэтэрхий нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Намайг эргээд хартал миний зүүн нүд чулуунд оногдсон, би гүйж очоод өндөр залуутай нь зууралдсан чинь нөгөө нэг залуу нь миний араас толгойн зүүн зулай хэсэгт чулуугаар цохисон, ..тэгээд би ухаан алдаж унасан. ...” /хх 53-54/ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас зарим зүйлийг санахгүй байна, араас хоёр залуу ирээд нэг нь чулуу шидсэн, намхан нь цохисон уу, өндөр нь цохисон уу гэдгийг би мэдэхгүй байна. ...” гэж /2хх 166/ 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өндөр залуу над руу чулуу шидсэн гэж бодож байна, би чулуу авах гээд тонгойсон, түүнээс хойших үйл явдлыг санахгүй байна, би нэг мэдэхэд дүүгийндээ очсон байсан. ...” 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өндөр нам хоёр хүн байсан, намхан нь над руу тулсан газар чулуулгаа шидсэн, ...толгойноос цус гараад байхаар нь фудволкоо тайлаад цусаа тогтоох гээд толгой дээрээ дарсан, ...тэгээд “Их буурал”-ын гадаа ирсэн. ...” гэж өөр байдлаар зөрүүтэй мэдүүлдэг. Мөн хохирогч Б.Б 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэг мэдэхэд Батцэнгэлийн гэрт нь очсон байсан, толгойноос цус гоожоод байсан, нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан, ... толгойноос цус гараад байхаар нь би фудволкоо тайлаад цусаа тогтоох гээд толгой дээрээ дарсан. ... бид нар буцаж “Их буурал”-ын үүдэнд ирсэн, хэрэг болсон газар, тэгээд бид нар Гэмтлийн эмнэлэг явсан. ...” гэж мэдүүлдэг ба уг мэдүүлгээс үзэхэд тэрээр эмнэлэг явахаасаа өмнө Б.Батцэнгэл, С.Ариунбилэг нарын хамтаар буцаж “Их буурал” төв дээр очсон байх ба энэ талаар гэрч Б.Батцэнгэл 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...буцаж ирээд яасан талаар асуухад толгой хагарсан юм шиг байна гэсэн, тэгээд бид гурав “Их буурал” төв рүү буцаж очсон, тэгээд бид гурав манай гэр рүү очсон. ...” гэжээ. Хэрэгт авагдсан сиди дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00:50:00 цагийн бичлэг байх ба гурван эрэгтэй хүний явж байгаа байдал, түүний араас 00:50:38 секундэд нэг эрэгтэй хүний гүйж байгаа байдал, 00:50:43 секундэд дахин нэг эрэгтэй хүний гүйж байгаа байдал тус тус харагдав. ...” гэх ба уг бичлэг дээр 15-20 минут орчмын дараа буюу 01:15:02 секундэд хохирогч Б.Б, хамт явсан Б.Батцэнгэл, С.Ариунбилэг нарын хамтаар “Их буурал” төвийн гадаа буцаж ирж байгаа нь, гурвуулаа хэвийн алхаад явж байгаа, бие биенийгээ харилцан түлхэлцэж байгаа байдал харагдах ба үүнээс үзэхэд хохирогч Б.Б бусдад зодуулж, цохиулсан, толгойноос цус гарсан, гэмтсэн гэх байдал харагдаагүй бөгөөд гэрч Ш.Одхүү шүүхийн хэлэлцүүлэгт энэ нөхцөл байдал /хохирогч гэх залуу 20 орчим минутын дараа буцаж ирээд явсан, харахад бусдад зодуулсан, толгойдоо гэмтэл авсан, цус алдсан гэх зүйл ажиглагдаагүй, зүгээр явж байсан/-ын талаар мэдүүлсэн боловч үүнийг шүүх анхаарч үзээгүй юм. Үйл явдлыг эхнээс нь дуусах хүртэл нь хохирогчийн хажууд Б.Батцэнгэл, С.Ариунбилэг гэх хүмүүс хамт байсан бөгөөд эдгээр гэрчүүд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, үйл явдлыг харсан гэдэг боловч эдгээр гэрчүүд нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өөр хоорондоо харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байдлаар мэдүүлэг өгсөн. Тухайлбал, гэрч Б.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад /2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн/ хамгийн анх болсон явдлын талаар мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 10-ны шөнө ... бид гурвын араас костьюм өмссөн 20 гаруй насны хоёр залуу гүйж ирээд ах Бын ар дагз хэсэг рүү чулуугаар цохиод шууд “Их буурал”-аас замын эсрэг тал руу чигээрээ зугтаасан, ...би уг залуучуудыг цохисон гэж таамаглаж байна. Яг цохисон гэж итгэлтэй хэлж чадахгүй байна. Би ахыг цохисон хүмүүсийн царайг нь хараад танихгүй. ...” /хх 56-57/ 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би шууд таниад цагдаа руу дуудлага өгсөн, цагдаа ирээд энэ хүнийг авч явсан...” гэж, гэрч С.Ариунбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад /2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн/ “...2018 оны 3 дугаар сарын 10-ны орой ... би тэр цохисон хүнийг хараад танина. ...” /хх 68-69/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд /2019 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн/ гэрч С.Ариунбилэгээс “Бын толгойн тус газар цохисон гэх хүнийг ямар содон шинжээр нь таних вэ?” гэж асуухад “Царай төрхийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан хоёр талаараа үсээ захалсан, дээрээ овоолсон үстэй, залуу нь байх шиг байсан, таньж олуулах ажиллагаагаар гэрч С.Ариунбилэг нь хохирогч Б.Быг чулуугаар толгойн тус газарт цохисон гэх хүнийг зааж чадаагүй болно. /№4 М.М, дугаар №6 Л.Төрмөнх/ /хх 119-121/ гэрч С.Ариунбилэг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “...таньж олуулах ажиллагааны үед би бусдын ажилд саад болохгүйн тулд камерын бичлэг энэ тэр байгаа юм чинь надтай, надгүй болох байх гэж бодоод танихгүй байна гэж хэлсэн. ...” гэж тус тус эргэлзээтэй мэдүүлэг өгч, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Гэрч С.Ариунбилэг “...мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд ... чулуу газар унагаахад нь би бариад үзэхэд гарын алганд багтахаар мөлгөр чулуу байсан. ...” /хх 24-29/, гэрч С.Ариунбилэгийн “...чулууг нь би бариад харахад 15 см орчим урттай, хавтгай, мөлгөр чулуу байсан. ...” /хх 68-69/, гэрч С.Ариунбилэг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт “...Б чулуугаар цохиулчихаад өөрийгөө цохисон хүнийг харах гэж эргэх үед нь би тэр хавийн сул хайрга, чулууг үзэхэд алгын чинээ чулуу байсан. ...” /хх 173/ гэж мэдүүлдэг ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3656 тоот дүгнэлтээр “...Б.Бын биед зулай ясны цөмөрсөн хугарал ... гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...” /хх 77/, мөн 340 тоот дүгнэлтээр “...Б.Бын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал ... гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн нь эргэлзээтэй мөн “Мөнгөн гүүр” эмнэлгийн КТГ-ийн оношлогоонд “...Б.Б гүн дагз зулай хэсэгт 3.5 см өргөн хэмжээтэй ... зулай хэсгийн гавал ясанд 2.8 см урттай, 0.5 см гүнтэй цөмөрсөн хугаралтай. ...” гэсэн ба гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлсэн гарын алганд багтахаар мөлгөр чулуу, 15 см урттай хавтгай чулуугаар цохих үед тухайн хэмжээ бүхий цөмөрсөн хугарал гэмтэл үүсэх боломжтой эсэх нөхцөл байдлыг хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд нотолж, тогтоох ажиллагаа хийгдээгүй юм. Үйл явдал болсон гэх өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Батцэнгэлээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст “...Б.Б бусдад зодуулсан. ...” талаарх гомдол гаргасан байдаг. /хх 13/ мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг үйл явдал болсон өдрөөс хойш хоёр сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн тэмдэглэлд “...уг газар сул шороотой, чулуурхаг газар байв. ...” /хх 24-25/ гэснээс өөрөөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал /цусаар бохирлогдсон шороо, чулуу, эд зүйл/-ын талаар тусгаагүй, илрүүлээгүй, нотлох баримтаар бэхжүүлээгүй байх ба хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг олж илрүүлэх, бэхжүүлэх хэргийн газрын үзлэг хийгдээгүй, халдагын зүйл болох чулууг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлээгүй байдаг. Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг шалгаж тогтоогоогүйгээс гадна дараах нөхцөл байдлыг нотолбол зохих байдал болон яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай. Тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн “...нэг залуу нь утсаар яриад, нөгөө хэд чинь энд байна, зугтааж байна, нөгөө хэдийгээ дагуулаад хүрээд ир...” гэж хэлсэн буюу гар утсаар ярьсан, хүн дуудсан гэх нөхцөл байдал /Л.Төрмөнх, М.М өөр хоорондоо эсхүл бусад хүн рүү гар утсаар ярьсан эсэх, хэдэн цаг, хэдэн минутад ярьсан, орсон, гарсан дуудлага, мессеж зэрэг/-ыг тогтоох, “Их буурал” төвийн гадаа хохирогч Б.Бод цусаа гартлаа зодуулсан, гомдолгүй, Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж мэдүүлэг өгсөн Б.Нямтөр, М.Намсрайжавтай хамт байсан гэх эмэгтэйг гэрчээр асууж, нөхцөл байдлыг тогтоох, мөн тухайн өдөр “Их буурал” төвийн ресепшинээр ажиллаж байсан, зодоон болсон хяналтын камерын бичлэгийг үзсэн, мөн зодуулсан гэх хүмүүстэй уулзаж ярилцсан. Тухайн шөнө М.Мтай ажил дээрээ хамт хоносон гэх ажилтан н.Чулуунцэцэгийг гэрчээр асууж нөхцөл байдлыг тогтоох /М.М тухайн өдөр ямар байдалтай буцаж ирсэн, ажил дээрээ хамт хонохдоо хэн нэгнийг цохиж, зодсон талаар болон өөр бусад байдлын талаар ярьж, хэлсэн эсэх/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын “...намайг болсон явдлын талаар байцаалт өг гэсэн, Соронзонболд дэслэгчид би бичиг, үсэг мэдэхгүй гэсэн, гэрчийн мэдүүлэг авна, гарын үсэг зурж чадна биз дээ гэхэд нь чадна гэж хэлсэн, намайг хийсэн хэргээ хүлээдэггүй юм уу гэсэн, хэргээ хүлээхгүй бол чамайг хорино шүү гээд миний хөл рүү өшиглөсөн, намайг байцаалт өгч байхад Одхүү ах цаана намайг хараад байж байсан, Одхүү ах та нар хүнээс ингэж байцаалт авч болдог юм уу гэтэл байцаагч Соронзонболд суунгуутаа май үүнийг унш гэхээр нь би гарын үсэг зурсан, дараа нь өмгөөлөгчөөсөө миний хэлээгүй зүйл /1-2 удаа чулуу шидсэн, 2 дахь чулуу нь Б.Быг нам унагасан/-ийг мэдүүлэгт бичсэн байсныг олж мэдсэн. ...” гэж мэдүүлсэн ба уг нөхцөл байдлын талаар 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ш.Одхүү шүүхийн хэлэлцүүлэгт “...М.Мыг байцаалт өгөх үед нь би хамт байсан, байцаагчийн өрөөний хаалга онгорхой би коридорт хараад зогсож байхад Соронзонболд байцаагч М.Мтай зандарч, зүй бусаар харилцаж байхад нь би шаардлага тавьж болиулсан. ...” гэж мэдүүлсэн байдаг тул эрүү шүүлт тулгасан эсэх болон М.М бичиг, үсэг мэдэх эсэх, бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх боловсролын байгууллагаас гэрчилгээ олгож байсан эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйг давж заалдах шатны шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Харин шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгддэг бөгөөд шүүгдэгч М.М нь тухайн үед хохирогчтой маргалдаж, муудалцаагүй, тэдний дунд урьдын өр авлага, өш хонзонгийн асуудал байгаагүй, түүнд хохирогчийг чулуугаар цохих сэдэлт, зорилго, шалтгаан зэрэг энэ талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Хохирогч Б.Бын “...Араас хоёр залуу ирээд нэг нь чулуу шидсэн, ... намхан нь цохисон уу, өндөр нь цохисон уу гэдгийг би мэдэхгүй байна. ...” гэрч Л.Төрмөнхийн “...бид хоёр чулуу шидээгүй” /хх 66-67/, гэрч Ш.Одхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Камерын бичлэгээс үзэхэд зодоон болсноос хойш 15-20 минутын дараа гурвуулаа ирээд бие биенийгээ татаж, чангааж байгаад явсан байдаг. Камерын бичлэг дээр бол зодуулсан зүйл байдаггүй. ...”, М.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 2020.04.27, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /Б.Долгормаа/-д “...Зулай ясны цөмөрсөн хугарал нь ... ямар чиглэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй, ...Б.Бын биед учирсан зулай хэсгийн цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл нь хүнд зэрэгт, зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, зулай дагзны хуйханд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна, ...хохирогчийг хагас суугаа байрлалаас холбогдогч араас нь толгойн тус газар чулуугаар цохиход зулай ясны цөмөрсөн хугарал ... гэмтэл үүсэх боломжтой юу? гэсэн мөрдөгчийн асуултад, энэ тохиолдолд уг гэмтэл үүсэх боломжтой. ...” /хх 132-134/ зэрэг нотлох баримтуудаар няцаагддаг бөгөөд өмгөөлөгчийн зүгээс эдгээр нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийг цагаатгах талын саналын үндэслэл, дүгнэлтээ болгосон бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг ноцтой зөрчсөн, мөн тогтоолдоо гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тусгаагүй нь мөн 2.1-т заасантай нийцээгүй. Шүүх гэрч Л.Төрмөнхийг өөрийг нь тодорхойлох ямар нэг бичиг баримтгүй ирсэн гэж, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэснийг ноцтой зөрчсөн. Уг хуулийн заалтаар нэгэнт оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг биечлэн оролцуулж, мэдүүлэг авахаар хуульчилсан ба иргэний бичиг баримтыг шалгах, бичиг баримтгүй бол гэрчээр оролцуулахгүй байх, шийдвэрлэх талаар зохицуулаагүй байна. Түүнчлэн, гэрчийг дуудахдаа шүүх хуралдаанд иргэний бичиг баримттай ирэх шаардлагатайг сануулах, шаардах нь шүүхийн үүрэг гэж үзэж байна. Мөн шүүх шүүгдэгч М.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэрч Д.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Мыг цагдаагийн хэлтэс рүү авч явж мэдүүлэг авахад ... би зөрүүлээд чулуу аваад шидтэл нэг хүн газар унасан. ...” гэсэн мэдүүлгийг үндэслэсэн. Гэтэл М.Маас мөрдөгч Д.Соронзонболдын “...чулуу аваад шидсэн...” гэх гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл нь хавтаст хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүй юм. Харин мөрдөгч Д.Соронзонболд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр М.Маас гэрчээр мэдүүлэг авсан байдаг бөгөөд уг мэдүүлэгт М.М нь хохирогч Б.Быг чулуугаар цохисон талаарх нөхцөл байдал тусгагдаагүй, тогтоогдоогүй байдаг. /хх-61-62х/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. М.М нь сургуульд сураагүй, уншиж бичиж чадахгүй гэж тайлбарладаг бөгөөд түүнийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх гэрчилгээ, баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд хэрвээ энэ нөхцөл байдал нь тогтоогдвол өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байх үр дагавар үүсэх юм. Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгчээс “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэж байгаа, мөн энэ хэрэгт шууд бусаар хувийн сонирхолтой байна” гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан боловч тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2548 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1 ... дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.” гэж заасантай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, ... яллах, цагаатгах ... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг нотлохоор заасан бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдоогүй, мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүйг шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Иймд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөх шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Быг зодож цохисон асуудал байхгүй. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг анх шийдвэрлэж байсан Ариунхишиг шүүгч иргэний хариуцагчийн асуудлыг зөвөөр дүгнэж шийдвэрлэсэн байдаг. Гэрч “Их буурал” компанийн эзэн Одхүү нь “би Мыг ажиллуулж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа алдаа гаргасан байна. Иргэний хариуцагчаар татагдаад хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн агуулгатай тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөхдөө хоёр өөр янзаар дүгнээд байдаг. Пүрэвсүрэн шүүгчийн хувьд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй мэтээр дүгнэсэн байдаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.15 дахь заалтад “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ” гэсэн байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.1 дэх заалтад “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “... хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж ... Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан. “Их буурал” компанид шүүгдэгч М.М нь хамгаалагчаар ажиллаж байсан нь тогтоогддог. Шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрч Одхүү нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Шүүгдэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан. Цалин хөлс авч байсан талаараа илэрхийлсэн байдаг. Иргэний хариуцагчийг татан оролцуулах нь зүйтэй гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Өмгөөлөгч Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулаад тодорхой хэдэн зүйлийг хэлэхэд хэрэг гарах үед байсан гэрч Ариунбилэг мэдүүлэхдээ “М нь хохирогч Бын толгойн тус газар нь чулуугаар цохисон. Цохисон чулуугаа газар хаяад явсан” гэж маш тодорхой хэлсэн байдаг. Гэрч Ариунбилэгийн өгсөн мэдүүлгийг үндэслээд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт хууль ёсны дагуу, эргэлзээгүй гарсан. Бүх шинжээч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Дүгнэлттэй холбоотой маргаан байхгүй гэж ойлгож байна. Ганцхан л асуудал байдаг тэр нь иргэний хариуцагчийн асуудал байдаг. ...” гэв.

Прокурор Н.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Араас явж байсан хүмүүс “нөгөө зугтаасан хүмүүс чинь энд явж байна” гээд яриад байсан. Яг утсаар ярьж байсан эсэхийг мэдэхгүй” гэдгийг мэдүүлсэн. “Их буурал” төвийн гадна байсан эмэгтэй хохирогчийг зодуулах үед хажууд нь байгаагүй учраас уг эмэгтэйг гэрчээр асуух шаардлагагүй. Мөн “Их буурал” төвийн ресепшн эмэгтэйг ч гэрчээр асуух шаардлага байхгүй. Учир нь, хохирогч шүүгдэгчид чулуугаар цохиулж тархиндаа хүнд гэмтэл авах үед хохирогчийн төрсөн дүү Батцэнгэл, түүний найз Ариунбилэг, Төрмөнх нар хамт байсан. Хэрэг болох үед 5 хүн байсан. Шүүх хуралдаанд Төрмөнхийг оролцуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн боловч Төрмөнх шүүх хуралдаанд ирэхдээ бичиг баримтгүй байсан учраас Төрмөнх мөн болохыг нотлох бичиг баримт байгаагүй. Шүүгдэгч М.М нь Төрмөнх мөн гэж нотолдог болохоос шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар мэдэхгүй байсан. Иймд шүүгчээс талуудын саналыг асуугаад шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд хурлыг үргэлжлүүлсэн. Иргэний хариуцагчийн тухайд Иргэний хуулийн 505 дугаар зүйлд “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас үүдэн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адил орлого, асрах, сувилах ... зардлыг зайлшгүй өгөх үүрэгтэй” гэж заасан. Мөн шүүгдэгч М.М нь “Их буурал” төвтэй албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, “шаардлагатай үедээ намайг дуудаж ажиллуулж байсан. Тухай бүрд нь цалингаа аваад явдаг байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Одхүү энэ талаар адилхан мэдүүлэг өгдөг. Иймд “Их буурал” төвийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй бөгөөд шүүгдэгч М.М гэм хорын хохирлыг өөрөө төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

М.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын толгой руу чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын “...Би ... Батцэнгэл, Ариунболд хоёртой хамт ... “Их буурал” караоке руу явсан. Батцэнгэл, Ариунболд хоёр миний ард 30-40 орчим метрийн цаана, би тэр хоёрын урд нь яваад түрүүлээд караоке руу орох гэж явж байтал хоёр залуу надтай зөрөөд, тэдний урд явж байсан 2 залуугийн нэг нь ... намайг мөрлөөд намайг замаа харж яваач гээд доромжилсон үг хэлсэн. ...Тэгснээ шууд нүүр рүү мөргөөд дайрсан. Би зөрүүлээд уг залуугийн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Эхэлж өнгөрсөн хоёр залуу болон намайг мөрлөсөн залуутай хамт явж байсан нэг залуу нар бүгд над руу дайрсан. Тэгээд харилцан зодоон болж эхэлсэн. ...Манай дүү Ариунболд Батцэнгэл хоёр ирээд ... салгасны дараа би мөрлөсөн залууг цохисон. Тэгээд Батцэнгэл, Ариунболд бид нар тэндээс явсан. Батцэнгэл, Ариунболд хоёр надаас түрүүлээд гүйсэн, би араас нь 30-40 метрийн зайтай явсан ба намайг “Их буурал” караокегаас гараад 100-аад метр явж байхад миний ард 30-40 метр зайтай өндөр, намхан хоёр залуу гүйж ирээд нэг нь гар утсаар яриад “Нөгөө хэд чинь энд байна, хүрээд ир” гэх шиг болсон. Намайг эргээд хартал миний зүүн нүд чулуунд оногдсон. Би гүйж очоод өндөр залуутай нь зууралдсан чинь ... нөгөө залуу нь миний ардаас толгойн зүүн зулай хэсэгт чулуугаар цохиж, би ухаан алдаж унасан. ...Нэг мэдэхэд дүүгийн гэрийн гадаа очсон байсан. Миний толгойн цус тогтохгүй гоожоод байсан. Тэр шөнөдөө би Гэмтлийн эмнэлэг явж үзүүлж зүүн хөмсөг, толгойндоо оёдол тавиулсан. Чулуугаар цохиулаад унахад миний хацар язарч мөн оёдол тавиулсан. ...” /хх 50-55/,

гэрч Б.Батцэнгэлийн “...Би төрсөн ах Б.Б, найз С.Ариунбилэг хоёрын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их буурал” караоке руу орох гэтэл уг караокены гадаа байсан 5-6 согтуу эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй маргалдсан. ...Б ахтай уг залуучуудын нэг нь санамсаргүйгээр мөрлөсний улмаас үл таних нэг залуу нь ах Бын нүүрэн тус газарт нь цохисон. ...Би найз Ариунбилэгийн хамт салгаад ... дотогш оролгүй үүднээс буцаад явсан. Тэгтэл бид гурвын араас костюм өмссөн 20 гаруй насны хоёр залуу гүйж ирээд ах Бын ар дагз хэсэг рүү нь чулуугаар цохиод ... зугтаасан. ...Анх караокены үүдэнд маргаан хийсэн залуусаас цохиогүй байх. Учир нь, тэд нарын дунд костюм өмссөн хүн байгаагүй. ...Би өнөөдөр “Их буурал” төв ороход уг төвийн хамгаалагч хоёр залуу нь костюм өмссөн байна. Би өнөөдөр уг төвийн камерыг шүүхэд бид нарыг явсны дараагаар удалгүй уг төвийн хамгаалагч хоёр залуу араас гарч байгаа бичлэг нь байгаа. ...Тэгээд тэр шөнөдөө Быг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулж явж үзүүлэхэд шууд хэвтүүлсэн. ...”Их буурал төв” дээр очиж захирал Одхүүгийн зөвшөөрснөөр би хяналтын камерыг шүүж үзээд араас ирээд Бын толгой руу чулуугаар цохисон залуу мөн болохыг таньж “энэ хоёр хүн хэн бэ” гэж Одхүүгээс асуухад “манай 2 хамгаалагч байна” гэж хэлээд 2 хамгаалагч залуугаа дуудсан. Би уг 2 хамгаалагч залууг хараад шууд таниад цагдаад дуудлага өгсөн. ...Ариунбилэг “Их буурал төв” дээр ирж Бын толгой руу чулуугаар цохисон хүнийг харангуутаа мөн болохыг баталж цагдаад хэлсэн. ...” /1хх 56-59/,

гэрч Ш.Одхүүгийн “...2018 оны 03 дугаар дугаар 10-ны өдөр болсон арга хэмжээнд оролцсон Нүүдэл гэх залуу ... “камер шалгаад өгөөч” гэхээр нь би камер шүүтэл 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд уг арга хэмжээ тараад гарч ирж байгаа 3 залуу 1 эмэгтэйг гаднаас 3 залуу ирж маргалдан хоорондоо зодолдож байгаа бичлэг байсан ба зодолдож байгаад уг гаднаас ирсэн гэх 3 залуу дотогш орохгүй шууд буцаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би ажилчдаасаа асуухад гадаа зодоон болоод байна гээд манай хоёр хамгаалагч гарсан байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд мөн үл таних хоёр залуу ирээд 2018 оны 3 дугаар сарын 10-ны шөнө танайд зодоон болоод манай нэг залуу нь их зодуулчихсан, камер шүүгээд өгөөч гэхээр нь би шүүж үзэхэд өчигдрийн Нүүдэл гэх залуугийн асуусан асуудалтай холбоотой нөгөө талын залуучууд нь байсан. Уг залуучууд камер үзээд л тэд нар цагдаа сэргийлэхээр явна гээд л байсан. ...” /1 хх 59-60/,

гэрч Л.Төрмөнхийн “...Намайг караокед байхад танихгүй нэг охин “Гадаа хүн зодоод байна” гэж хэлэхээр нь би ... хамгаалагч М ахыг дуудаад бид хоёр хамт гарсан. Гарахад 3 залуу цаашаа гүйж байсан ба гадаа нэг хүн нүүрээ бариад доошоо хараад сууж байсан. ...М ах намайг “цаад 3 хүнээ бариад аваарай” гэж хэлэхээр нь би М ахад “Хоёулаа явъя” гэхэд М ах миний араас гүйсэн. ...Сүүлдэж гүйж байсан нэг ах гүйж байхдаа “Одоо эргээд харчих” гэж хэлсэн чинь түрүүлж явсан хоёр ах бид нар руу чулуу шидэхээр нь М ах чигээрээ Оргил худалдааны төв рүү зам хөндлөн гүйсэн. Би зугтаагаад эргэж харахад шар куртиктэй ах М ахыг хөөж байсан. ...М ахын араас хөөж байсан шар куртиктэй ах М ахыг хөөж байснаа болиод намайг хөөсөн. Би зам хөндлөн гараад Оргил худалдааны төвийн хашаан дотор байсан М ах руу гүйсэн. ... М ах бид хоёр Жанжин клубийн тэндээс тойроод ажил руугаа орсон. ...” /1хх 66-67/,

гэрч С.Ариунбилэгийн “...Бид гурав тэдний гэрээс гараад Батцэнгэл нэг газар хэлээд “Их буурал” кароакены үүдний хашаан дотор 4 залуу 2 эмэгтэй нар зогсож байсан бөгөөд Тодоо хажуугаар нь зөрөх гэж байхад нэг юмнаас болж маргалдаад тэр 4 залуутай зууралдаад асуудал үүссэн. Батцэнгэл бид хоёр араас нь гялс очоод салгах арга хэмжээ авсан. Тэр үед Тодоог нэг залуу нь гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд Батцэнгэл бид хоёр тэд нарыг салгаад Батцэнгэл Тодоо бид хоёрыг сугадаад “за больё, эндээс явцгаая” гээд тэр залуучуудаас салаад “Их буурал” караокены хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан. Явж байхад Батцэнгэл саяны маргалдсан хүмүүс согтуу байх шиг байна. Олуулаа байсан араас зодох гээд хөөж магадгүй шүү хурдан явцгаая гээд бид гурав шогшоод Тодоо, Батцэнгэл хоёр урд, би ард гүйж байсан. Тэгээд гүйж байхад араас нэг хүн гүйгээд байх шиг чимээ гарахаар зогсоод эргээд хартал 170 см орчим өндөртэй, хар бараан хослолтой, үс нь 2 талаараа захалсан, дээрээ бага зэргийн үстэй нэг залуу утсаар яриад араас явж байсан. Утсаар ярихдаа “нөгөө залуус чинь зугтаж байна, нөгөө хэдийгээ дагуулаад хүрээд ир” гэж байсан. ...Утсаар яриад араас хөөж байсан залуу Тодоог чулуугаар толгойн ар дагз руу цохиод зугтаачихсан. Тодоо цохиулаад өвдөг сөхрөөд унахад өмнө би түшээд авсан. Тэгээд би Тодоог дагуулаад арай гэрэлтэй газар очоод толгойг харахад дагзнаас нь цус гарч байсан. Би тэр цохсон хүнийг хараад танина. ...Батцэнгэл намайг “Их буурал” караокед дуудаад очиход цагдаа ирчихсэн байсан. ...Тэгээд “Их буурал” төвийн хамгаалагч залууг надад хариулсан. Би хараад шууд таньсан. Быг чулуугаар цохсон хүн яг мөн байсан. ...” /1хх 68-69/,

гэрч Д.Соронзонболдын “...Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 24 цагаар жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цагийн үед байх “Б Их буурал төвийн гадна зодуулсан” гэсэн дуудлагыг жижүүрээс хүлээн аваад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Их буурал төв”-д очсон. Очиход зодуулсан хүний найз, дүү нар нь “Их буурал төв”-ийн хяналтын камерыг шүүгээд байж байсан. Уг камерын бичлэгийг шүүж үзэхэд зодуулсан гэх Б нь зодуулсан гэх оройдоо найз, дүү нартайгаа гурвуулаа “Их буурал төв” рүү ороод хэдэн хүмүүстэй муудалцаж, зодолдож маргалдаад хашаанаас гарч явсны дараа “Их буурал төв”-д хамгаалагч ажилтай намхан нь буюу М нь өндөр Төрмөнхтэй хамт Б нарын араас гүйж явсан бичлэг камерт бичигдсэн байсан. Бын дүү гэх залуу камерын бичлэгт бичигдсэн байсан хамгаалагч Мыг хараад “бид нарын араас гүйж ирээд манай ахыг чулуугаар толгой руу нь цохисон хүн мөн байна, бид нар тухайн үед зугтаж байсан, би эргэж харахад ах Б газар унаж байхаар нь яваад очтол хамгаалагч залуу урагшаа гүйгээд зам гараад зугтаад явчихсан, араас нь хөөгөөд барьж чадаагүй, ахыгаа авч явсан” гэж хэлсэн. Тэгээд дүү Батцэнгэлийн зааж өгсөн хамгаалагч Мыг цагдаагийн хэлтэс рүү авч явж мэдүүлэг авахад “би ажил дээрээ байж байтал бармен эмэгтэй “гадаа зодоон болоод байна” гэхээр нь би гартал 3 залуу 1 залууд зодоод явчихаар нь араас нь гүйж очтол нөгөө 3 залуу газраас чулуу аваад над руу шидэхээр би зөрүүлээд чулуу аваад шидтэл нэг хүн газар унасан, газар уначихаар нь би урагшаа зам гараад гэр хороолол дундуур гүйгээд гэр хорооллын гудамжинд 1 цаг гаран байж байгаад ажил дээрээ очсон” гэсэн мэдүүлэг өгсөн. М, Төрмөнх нарын нэрийг би тухайн үед дуудлагаар очсоны дараа мэддэг болсон. ...” /хх-75/,

яллагдагч М.Мын “..Би ... “Их буурал төв”-д хамгаалагчаар ажиллаж байсан. ...23 цагийн орчим ресепшн Чулуунцэцэг камер хараад би цаад талынх нь өрөөнд юм идээд сууж байсан ба “гадаа 3 залуу 1 залууг зодоод байна” гэж хэлсэн. Тухайн үед зөөгч Төрмөнх 1 давхарт байж байгаад намайг дуудах гэж явж байгаад караокены хаалган дээр таарсан. ТөрМс “юу болсон юм” гэхэд “3 том биетэй ах нэг ахыг зодоод нөгөө ах нь босож чадахгүй байна” гэж хэлсэн. Төрмөнхтэй хамт гараад машины зогсоол хэсэг рүү очиход нэг залуу газар хэвтээд нэг эмэгтэй хажууд нь уйлаад “тэр 3 залуу манай нөхрийг зодчихлоо, чи хамгаалагч юм бол тэр гурван залууг дуудаж учрыг ол” гэж хэлсэн. Тэгтэл Ботаник руу гурван залуу цаашаа хараад алхаад явж байсан. Би Төрмөнхөд “тэр гурван залууг дуудчих” гэж хэлээд явуулсан. Төрмөнх жоохон явж байгаад буцаад хүрээд ирсэн. Би ТөрМс “дуудахгүй яасан юм бэ” гэхэд “би айгаад байна, цуг явъя” гэж хэлсэн. ...Төрмөнхийн хамт араас нь явж байхад тухайн гурван хүн гуйваад алхаж байгаад контейнерын ар хэсгээр орсон. Тэгээд Төрмөнх бид хоёр руу тухайн хүмүүс чулуу шидээд “ойртвол ална” шүү гээд гараад ирсэн. ...Төрмөнх жижиг чулуу газраас аваад шидсэн. Тэгээд Төрмөнх буцаж зугтаагаад ажлын урд очоод зогссон. Тухайн гурван залуу намайг барьж авах гээд “наадахаа бариад ав, сайн нүдэж хаячхаад явъя” гээд ... намайг барьж авах гээд байхаар нь би зугтаасан. Тэгтэл урдаас чулуу барьсан бараан өнгийн хувцастай өндөр залуу тулаад гараад ирсэн. Над руу гараа далайхаар нь би тухайн залууг хажуу тийш нь түлхээд зам гараад гүйсэн. ...” /1хх 149-150/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3656 дугаартай “...Б.Бын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” /хх-77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 340 дугаартай “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 02538 дугаартай өвчний түүхийн хэсэг газрын үзлэгт бичигдсэн дагзны орчимд 4см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн, 1 см орчим гүнтэй яс гүн цөмөрсөн ба цөмөрсөн ясанд ... хавчуулагдсан ... тархи цөмөрсөн ясанд дарагдалтай гэсэн нь дүгнэлтэд тусгагдсан зулай яс цөмөрсөн хугарал, зулайн хуйхны шарх гэсэнтэй ижил ойлголт болно. Б.Бын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх зэрэг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогч Б.Бын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Бын биед учирсан дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /1хх 139-140/,

шинжээч эмч Б.Долгормаагийн “... Б.Бын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины цөмөрсөн хугарал нь тодорхой хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ. ...” /1хх 132-133/,

Компьютер томографын оношлогооны эмчийн “...Их тархины зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн эпидурал зайд 2.3 см урттай, 0.5 см зузаантай цус хуралттай. Их ба бага тархины гадар цагаан бодисын ялгарал хоёр талд ижилэвтэр, илэрхий буурсан өөрчлөлтгүй. Хоёр хажуу талын хажуу ховдол болон III, IV ховдлын хэлбэр жигд, ховдлуудад эмгэг шингэний түвшингүй. Дундаж бүртэл төв шугамаар байрласан. Нүдний алимнууд болон түүний арын зайнд илэрхий голомтот болон эзэлхүүнт өөрчлөлтгүй. Нүд хөдөлгөгч булчингууд 2 талд харьцангуй тэгш хэмтэй, эмгэг зузааралгүй. Хамар дайвар агаарт хөндийнүүдийн агааржилт жигд, хамрын таславч мурийлтгүй, хамар ясанд илэрхий гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй. Зүүн талын зулай болон дагзны хэсгийн хуйхан доор 12 см урттай, 1.4 см хүртэл зузаантай цус хуралттай. Зүүн талын зулай хэсгийн гавал ясанд 2.8 см урттай 0.5 см гүнтэй цөмөрсөн хугаралтай. ...” /1хх 86/ гэсэн дүгнэлтүүд,

хохирогч Б.Бын өвчний түүх /1хх 78-86/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 116-118/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 24-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч М.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын толгой руу чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулжээ.

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг “...Эрүү шүүлт тулгасан эсэх, ... нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай. ...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй. ...Гэрчийг дуудахдаа шүүх хуралдаанд иргэний бичиг баримттай ирэх шаардлагатайг сануулах, шаардах нь шүүхийн үүрэг гэж үзэж байна. ...М.М нь сургуульд сураагүй, уншиж бичиж чадахгүй гэж тайлбарладаг бөгөөд түүнийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх гэрчилгээ, баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд хэрвээ энэ нөхцөл байдал нь тогтоогдвол өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байх үр дагавар үүсэх юм. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөх шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар шүүгдэгч М.Мыг дарамтад оруулж, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзоригийн хохирогч Б.Б, гэрч Б.Батцэнгэл, С.Ариунбилэг, Л.Төрмөнх, Ш.Одхүү нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч гэрч С.Ариунбилэг “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн, гэрч Б.Батцэнгэл нь “Өмнөговь аймагт ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн хариуг баримтаар ирүүлсэн ба шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн байдлыг тогтоох боломжтой гэж үзэж, мөн гэрч Л.Төрмөнх нь шүүхийн дуудсанаар ирсэн боловч өөрийн биеийн байцаалт, бичиг баримтгүй байсан тул шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Түүнчлэн, хохирогч Б.Бын бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3656, 340 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт тухайн шинжээчийн дүгнэлт, түүнтэй холбогдуулан гаргасан мэдүүлэг, тайлбарыг шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1994 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ