Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03429 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б, Р.П нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 41 215 686 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, Д.Батсайхан, Э.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б, Р.П нар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Х ХХК-тай 1050031763 дугаартай зээлийн гэрээ байгуулан 67 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1050031763-01 дугаар бүхий баталгаат ипотекийн гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2204007217 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол 21 байр 53 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 29 250 000 төгрөг, хүүд 18 026 221.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 80 631.28 төгрөгийг төлсөн. Гэвч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зээл, хүүг төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 84 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан ч зээлдэгч үүргээ биөлүүлээгүй буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Иймд Б.Б, Р.П нараас зээлийн үндсэн төлбөрт 38 250 000 төгрөг, үндсэн хүүнд 2 917 479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 48 206 төгрөг буюу нийт 41 215 686 төгрөг гаргууулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 67 500 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн төлбөрт 80 000 000 төгрөгөөс 90 000 000 орчим төгрөг төлсөн. Гэтэл дахин их хэмжээний мөнгө нэхэмжилж шүүхэд хандсаныг зөвшөөрөхгүй. Миний хүү Р.П нь энэ зээлтэй холбоотой асуудалд ямар ч хамааралгүй. Гэтэл тус байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж миний хүүг бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 67 500 000 төгрөгийг аваад 80 000 000 төгрөгөөс 90 000 000 орчим төгрөгийг төлсөн байхад дахин мөнгө нэхээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулагдаж шаардах эрхийг бий болгодог. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж байгуулсан гэрээ нь шаардах эрхийг бий болгохгүй. Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хасбанк нь шүүхэд гаргасан нэхэмжлгэлдээ намайг хариуцагч, хамтран үүрэг гүйцэтэгч гэж хүүг бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний 2015 онд өрх тусгаарлаж тусдаа бизнес эрхлэх болсноос гадна, өөрийн ээж Б.Бгаас санхүүгийн байдлын хувьд тусдаа байгаа, Би 67 500 000 тогрөгийг аваагүй. Тус мөнгөнөөс нь захиран зарцуулалт ч хийгээгүй. Хууль зүйн хувьд мөнгө аваагүй хүн мөнгө буцаан төлөх, хариуцах гэдэг ойлголт байх боломжгүй гэж үзэж байна. Б.Б нь 67 500 000 төгрөг аваад аваад 80 000 000 төгрөгөөс 90 000 000 орчим төгрөг төлсөн байхад дахиад манай ээжээс мөнгө нэхэмжилж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Р.П нараас 41 215 686 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 53 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204007217 дугаартай 40 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 228 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б, Р.П нараас 364 028 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талууд барьцааны гэрээ байгуулахад Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч Р.П, Р.Өнөмандах, И.Батмөнх нарын зөвшөөрлийг бичгээр авч, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Барьцааны хөрөнгө нь Б.Б, Р.П, Р.Өнөмандах, И.Батмөнх нарын 4 хүний өмчлөлийнх бөгөөд гэрээ байгуулах үед хамтран өмчлөгч И.Батмөнх нь барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг Р.Өнөмандахад олгосон. Банк нь И.Батмөнхөөс Р.Өнөмандахад олгосон 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул барьцааны гэрээнд хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл хэсэгт И.Батмөнхийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өнөмандахаар гарын үсэг зуруулсан. Гэтэл шүүхээс талуудын маргаж буй үйл баримт болох барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл хэсэгт И.Батмөнхийг төлөөлж Р.Өнөмандах гарын үсэг зурсан үйл баримт, нотлох баримтын талаар зохигчдоос тодруулалгүй нотариатаас баримт гаргуулах тухай ач холбогдол бүхий хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдаагүй нотариатын тэмдэглэлийг иш татсан ба барьцааны гэрээний хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл хэсэгт И.Батмөнхийг төлөөлж гарын үсэг зурсан эсэхийг нотлох нотариатчийн тэмдэглэл тус зөвшөөрөлд бичигдээгүй байгааг И.Батмөнхийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгдийн зөвшөөрлийг авсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу нотариатч нь итгэмжлэл болон гэрээг гэрчлэх ба эдгээр нь нотариатчийн хийх өөр өөр үйлдэлд хамаарахаар заасан. Барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед Р.Өнөмөнхөд итгэмжлэл олгогдсон байсан ба хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл хэсэгт И.Батмөнхийг төлөөлж Р.Өнөмөнх гарын үсэг зурахад нотариатч тухайн гэрээний хавсралтад тухайлан тэмдэглэл үйлдэх шаардлагагүй.

Түүнчлэн нотариатч хуульд заасны дагуу нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэл үйлдэнэ. Гэтэл шүүхээс нотариатын тэмдэглэлийг тухайн гэрчлүүлж буй баримт бичигт тусгайлан заасан байхыг шаардсан нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр нотариатч өөрийн гэрчилсэн үйлдлийн 1 хувийг өөрт хадгалдаг. Харин тухайн гэрчлүүлж буй баримт бичигт нотариатын тэмдэг, гарын үсэг, үйлдсэн огноо зурагдсан. Үүнээс үзвэл шүүх Нотариатын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээг Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэж хүчин төгөлдөр бусд тооцож хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийн хэмжээнд шаардах эрх үүснэ. Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 67 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Мөн хэргийн 13 дахь талд авагдсан баримтаас харвал Б.Б нь зээлийн гэрээний үүргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээгээр тохиролцсон хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь шаардаж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуульд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар тус тусад нь заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй, нотлоогүй байхад шүүх нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж таамаглаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хуулийн зохицуулалтаас харвал зээлдүүлэгч нь гэрээнд заасан тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлах эрхийг эдэлж болно. Мөн зээлдэгч нь гэрээний үүргээ нэгэнт гүйцэтгэж чадахгүй болох нь тогтоогдвол гэрээг цуцалж түүний үүргийг бүхэлд нь шаардаж болно. Зээлийн гэрээнээс үзвэл зээлдүүлэгч нь нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрхгүй. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах эсхүл цуцалсан талаар нэхэмжлэлд огт дурдаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар цуцалсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Хэргийн баримтаас үзвэл Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр М.Болдоог томилсон. Гэтэл зээлийн гэрээнд салбарын захирал Д.Болормаа гарын үсэг зурсан гэх боловч Баянзүрх дүүрэгт Х ХХК-ийн салбар албан ёсоор байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, Д.Болормааг захирлаар томилсон гэх баримтгүй байхад шүүх Д.Болормааг захирал байсан гэх нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө", 23.2 дахь хэсэгт "зээлийн хувийн хэрэг дараах бүрдүүлбэртэй байна", 23.2.1-д "зээл олгохыг хүссэн өргөдөл", 23.2.2-д "зээлийн гэрээ", 23.3-д "зээл олгохыг хүссэн өргөдөлд зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацааны талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурж, тамга дарсан байна" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч хуульд нэрлэж заасан баримтуудыг бүрдүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийг хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулсан гэх хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний зүгээс хэргийг шударгаар хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг нотолсон баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзасныг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.

 

            Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Б, Р.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 215 686 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, өөрөө гаргах боломжгүй тохиолдолд нотлох баримт шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлт гаргах, хүсэлтийг үндэслэн шүүх мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлнэ.

 

            Хариуцагч зээлийн үүргийн тооцооллыг эс зөвшөөрч, шүүхэд өөрийн эзэмшлийн зээлийн дансны хуулга гаргуулах тухай хүсэлтийг шүүх нотлох баримтыг өөрөө гаргах боломжтой гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хх 52 дахь тал/ Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч И.Батмөнх, Р.Өнөмандахад өөрийн өмчлөлийн хөрөнгийн ногдох хэсгээр зээлийн үүргийг хангуулах зөвшөөрөлд гарын үсэг зурах эрхийг олгосон эсэхийг тогтоолгохоор гэрээг гэрчилсэн нотариатчаас бүртгэлийн дэвтрийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулжээ. Учир нь анхан шатны шүүх энэхүү хүсэлт шийдвэрлэх талаар эрхийн акт бичгээр гаргалгүй, хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхисон гэж тусгагдсан боловч, амаар гаргасан захирамжийн үндэслэлийг тайлбарлаагүй тул уг хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дүгнэнэ. /хх 55-56 дахь тал/

 

            Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан зохигчийн эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарах тул зохигчдын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434 228.43 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

           

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД