Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 136/шш2017/00005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б С овогт Гын Б /У хот, Б дүүрэг, **-р хороо, * дүгээр хороолол, А гудамж, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, *********** регистрийн дугаартай/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т овогт Оын У /Д аймаг, С сум, 1 дүгээр баг, Г гудамж, **-1 тоотод оршин суух, *********** регистрийн дугаартай/-т холбогдох

 

17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, хариуцагч О.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн. Г.Б миний бие 2014 оны 7 дугаар сарын 19, 20-ны өдөр хадмын талын эгч болох О.У нь “надад мөнгөний хэрэг гарлаа хэд хоног эгчдээ мөнгө зээлээч” гэж 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 8 сая төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 9 сая төгрөг тус тус зээлж өнөөг хүртэл зээлээ эргэн төлөхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... У эгч нь хэдхэн хоног хэрэглэх юм, 2 данс Б рүү явуулаад 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 9 000 000 төгрөг шилжүүлж У хот Модны хоёрт байдаг Х банкны бэлэн мөнгөний машинаас 999,999 төгрөгөөр нийт 17 удаагийн гүйлгээ хийгдсэн. Ут 2014 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдөр мөнгөө авъя гэж Б хандсан боловч У нь одоог хүртэл өгөөгүй, чиний мөнгийг СЧ авсан би аваагүй хоёулаа нийлж СЧээс мөнгөө авъя гэж хэлж байсан.

... Жинхэнэ хохирогч нь Б биш У болон СЧ хоёрын хооронд Иргэний хэргийн харилцаа үүссэн гэж үзээд тухайн хэрэгт хохирогчоор тогтоолгосон 22 300 000 төгрөгөөс 17 000 000 төгрөгийг хасаад Уээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм байна гээд үлдэх 2 000 000 гаруй төгрөгийг хууль ёсоор СЧээс нэхэмжлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагч О.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

СЧ нь над руу мөнгө олоод өгөөч гээд байн байн утасдаад байхаар нь Бий дугаарыг өгсөн. Энэ мөнгийг Б болон СЧ хоёр нь хоорондоо Хаан банкны бэлэн мөнгөний машинаас шилжүүлсэн гэдгийг дараа нь сонссон болохоос биш би Бээс мөнгө авч СЧт өгсөн зүйл байхгүй. ... Би энэ төлбөрөөс өөрт авч хэрэглээгүй тул энэ мөнгийг төлөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхэд нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч О.Ут холбогдуулж /2014 оны 7-р сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөг, мөн оны 7-р сарын 20-ны өдөр 9,000,000 төгрөг/ нийт 17,000,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, мөнгө шилжүүлсэн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-3-4/-ыг үндэслэжээ./хх-1/

 

 Хариуцагч О.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, өөртөө аваагүй С.СЧт дамжуулан өгсөн учраас төлбөрийг хариуцаж төлөхгүй гэж маргаж, зээлийг буцаан төлсөн талаар маргаагүй, баримтаар ирүүлээгүй. /хх-15/

 

Зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан хэлцэл байхгүй бөгөөд барьцаагүй, буцаан төлөх хугацаа тогтоогоогүй, хариуцагчаас зээлийн хүү, алданги, хохирол шаардаагүй болно.

 Хариуцагч иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, ... дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн ... хэлцэл байх ба нэхэмжлэгч тал түүнийг хүлээн авснаар буюу хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар талууд хэлцлийг харилцан тохиролцож, хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тул 43 дугаар зүйлийн 43.1-д заасан амаар хийх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Б нь 16,999,983 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт нь:

-       Хариуцагч О.Уийн “... С.СЧ над руу утасдаж хүүтэй мөнгө зээлээч 1 хонуулаад өгнө гэж ярьсан., ... Би Бтэй ярьж 17,000,000 төгрөг зээлээч гэж хэлсэн., ...СЧийн дансанд мөнгийг нь хийчих гэсэн чинь ... шилжүүлсэн байсан. Маргаашнаас нь эхлэн буцаан авах гэж утасдсан мөнгө арай ороогүй байна гэж ярьж байгаад одоог болтол ямарч хүү болон үлдсэн мөнгийг эргүүлж өгөөгүй ” гэх тайлбар /хх-13/,

-       Нэхэмжлэгч өмгөөлөгч Л.Згийн “...О.У нь 2014 оны 7-р сарын 19,20-ны өдөр “надад мөнгөний хэрэг гарлаа хэдхэн хоног эгчдээ түр мөнгө зээлээч” гэж байсныг ” гэх тайлбар /хх-18/,

-       Гэрч С.СЧийн “... Чгээс мөнгө асуухад О.Уийн /9909****/ утасны дугаарыг өгсөн. Тэгээд У рүү ярьж 17,000,000 төгрөг зээлээч гэхэд. Оройны 21 цаг өнгөрч байхад Д аймгаас мөнгө олоод над руу АТМ-р шилжүүлсэн. Эхлээд манай найз БатЧийн данс руу 9,000,000 төгрөг, миний данс руу 8,000,000 төгрөг шилжүүлж авсан., Би Ч гэдэг хүнээс урьд нь 11,000,000 сая төгрөг зээлж аваад, түүнд буцааж өгөхдөө У гэдэг хүний данс руу хийчих гэж Ч хэлсний дагуу Уийн Х банкны 536026**** тоот данс руу 13,500,000 төгрөгийг өгсөн. Ч нь надад зээлсэн 11,000,000 төгрөгийг Уээс авч өгсөн гэдгийг би сүүлд мэдсэн., ... би БЧт ...  төгрөг өгөх ёстой байсан. Ингээд Уээс зээлсэн ... төгрөгний ... төгрөгийг шууд БатЧийн данс руу шилжүүлээч гээд би өөрөө БЧийн дансны дугаарыг Ут өгсөн юм. Би урьд нь Бийг огт таньдаггүй байсан. Танихгүй хүнээс юу гэж мөнгө зээлхэв дээ гэв. ... одоо би У, Ч нарт 10,100,000 төгрөг төлөх ёстой байгаа. ...би сүүлд Уээс авсан 17,000,000 сая төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа.   ...,  , “гэх мэдүүлэг /хх-29-30/,

-       Гэрч Б.Чгийн “...О.У надад С.СЧ надаас мөнгө зээлсэн гэж өөрөө надад хэлсэн” гэх мэдүүлэг,

-       Гэрч Х.Оын шүүх хуралдаанд өгсөн “... миний хажууд У нь Бтэй С надад мөнгө зээлчих гэж байна гээд утсаар ярьсан” гэх мэдүүлэг,

-       Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-3-4, 21, 46 тал/

-       2016 оны 6-р сарын 09-ний өдрийн С.СЧт холбогдох эрүүгийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн /Би өөрөө өгнө гэж Бээс дээрх мөнгийг авч СЧт өгсөн гэх агуулга бүхий Уийн мэдүүлэг/ тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч зээлийн мөнгийг гардаж аваагүй, өөртөө хэрэглээгүй, тэрээр зээлийг хувьдаа захиран зарцуулаагүй нь тогтоогдох боловч хуульд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд юмсыг шилжүүлэхийг л шаарддаг.

           

Тэгэхээр шилжүүлсэн мөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх мэдэл бөгөөд зээлийн мөнгийг хүлээн авах эрхийг С.СЧт өөрөө олгосон болох нь гэрчийн мэдүүлэг өгсөн С.СЧ, Б.Ч нарын мэдүүлэг, хариуцагч О.Уийн 2016 оны 6-р сарын 09-ний өдрийн С.СЧт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч зээлийн төлбөрийг эргүүлэн төлөхөөс чөлөөлөгдөх учиргүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага 17 сая төгрөгөөс үлдэх 17 төгрөг шилжүүлсэн нь, мөн хариуцагч О.У нь зээлсэн мөнгийг өөрөө аваагүй, С.СЧт өгсөн тул би хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн хэрэгт давхар нэхэмжлэгдсэн ... хариуцагчаар С.СЧийн оролцуулах хүсэлттэй байна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, энэ нь нотлогдон тогтоогдохгүй байх ба хэрэгт авагдсан дээрх баримтуудаар няцаагдаж байна.

           

Талуудын хоорондох зөвшилцлөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно.  Өөрөөр хэлбэл хариуцагч О.Уийн зөвшөөрлөөр 2014 оны 7-р сарын 19-ний өдөр 7,999,992 төгрөгийг Хаан банк дахь ...4050 тоот Ш.БЧийн дансанд, мөн оны 7-р сарын 20-ны өдөр 8,999,991 төгрөгийг Хаан банк дахь ...8125 тоот С.СЧийн дансанд, нийт 16,999,983 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б шилжүүлэн өгсөн байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ... бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй байна.

Шүүхээс талуудын хооронд 2014 оны 7-р сарын 19-ний өдөр ... ам /утас/-аар зээлдүүлэгч Г.Б нь нийт 17,000,000 төгрөгийг хүүгүй, зээлдэгч О.Ут шилжүүлэх, ...зээлдэгч нь ижил тоо, хэмжээний мөнгийг буцаан өгөхөөр харилцан тохиролцсон харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зохигч хоорондоо зээлийн гэрээ байгуулсан байна гэж үзлээ. /хх-3-4/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Г.Б нь зээлдэгч О.Уийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлсэн, зээлдэгч О.У нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, ... хэмжээний ... мөнгийг ... буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд тэрээр зээлдүүлэгчид 16,999,983 төгрөг буцаан төлөх үүрэгтэй байна.

  Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 7-р сарын 25-ны өдрөөс эхлэн буцаан төлөхийг шаардсан, энэ талаарх үйл баримттай талууд маргадаггүй. Шаардсанаас хойш хуулийн хугацаа дуусмагц 2016 оны 7–р сарын 07–ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч нь энэхүү нэхэмжлэл Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргасныг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь:

-нэхэмжлэлтэй холбоотой шаардлага, үндэслэл  нь зохигчийн хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгоно,

-зохигч хэн аль нь энэ маргаантай асуудлаар тухайн эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42, 43, 44/-аар тогтоогдож буй баримт хэрэгт авагдаагүй байна,

-маргаантай зүйл нэг боловч өөр харилцаанаас үүссэн маргааны талаарх нэхэмжлэлийг хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн хариуцагч О.У нь уг мөнгийг Эрүүгийн хэргийн журмаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож С.СЧээс нэхэмжилж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 16,999,983 төгрөгийг хариуцагч О.Уээс гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлээс үлдсэн 17 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уээс 242,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгох нь зүйтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн С.СЧт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  2 ширхэг дүрс, дууны /CD/ бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Уээс 16,999,983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уээс 242,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар хавтас хэрэгт авагдсан 2 ширхэг дүрс, дууны /CD/ бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.   

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй.  Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               В.АМАРТҮВШИН