| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00492/И |
| Дугаар | 142/ШШ2017/00703 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2017/00703
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2017/00703 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч: Т.С
6 943 885.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.О, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ТО ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж 6 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайланг ирүүлдэг. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 4 629 257 төгрөгийн шимтгэлийн үлдэгдэлтэй байна. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тайлан өгөөгүй сураггүй болсон. ТО ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 4 629 257 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ТО ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 4 629 257 төгрөг, алданги 2 314 628.5 төгрөг нийт 6 943 885.5 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.С 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан ба хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч ТО ХХК-с төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 4 629 257 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 2 314 628.5 төгрөг, нийт 6 943 885.5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь ТО ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн 4 629 257.46 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор барагдуулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна.
Хариуцагч нь дээр дурдсан улсын байцаагчийн актад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гомдол гаргаагүй тул улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах эртхэй ба 2 314 628.5 төгрөгийн алданги ногдуулсан нь төлбөл зохих шимтгэлийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалттай нийцэж байна.
ТО ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон
түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргана гэж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч товлосон өдөр шүүхэд ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч ТО ХХК-н захирал Д.С нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч товлосон өдөр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ТО ХХК-с улсын тэмдэгтийн хураамжинд 126 052 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хариуцагч ТО ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 4 629 257 төгрөг, хугацаа
хэтрүүлсэн алданги 2 314 628.5 төгрөг, нийт 6 943 885.5 төгрөг гаргуулан Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ТО ХХК-иас 126 052 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ