Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 70

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0079/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                    Н.Болор-Уянга ,

Улсын яллагч                                     Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                             М.Энхгэрэл нарыг  оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбатын Энхгэрэлд холбогдох эрүүгийн 201723000128 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, дээд боловсролтой, металл судлал технологи мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Мөнхбатын Энхгэрэл /РД: СЖ92072108 /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар:

Яллагдагч М.Энхгэрэл нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Биндэр сумын 5 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын өрөөнд А.Ганзулын мартаж гарсан гар утсыг олж авч ашигласан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

            Хохирогч О.Ганзулын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би Биндэр сум 5 дугаар баг “Онон” хороонд оршин суудаг. Тус сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг Тогтохбаяр гэдэг багшийн хамт сургууль дээрээ байхад Чинбат багш бичиг хэргээс материалаа аваарай гэхээр нь бид 2 багш нарын өрөөний ард байдаг Ганцогт багшийн өрөөнд ороход бичиг хэрэг эрхлэгчийн охин Энхгэрэл ээжийнхээ оронд ажлыг нь хийгээд сууж байхаар нь тэрүүгээр анкетаа гаргуулсан. Олон хуудас болохоор нь удах юм шиг удах юм шиг байхаар нь би түрүүлээд явлаа гэхэд Ганзулд хэлэхэд Энхгэрэл одоо болчихлоо гэхээр нь аваад цуг гараад ногоон баам Тогтохбаярынх руу явсан. Тэнд очоод би гар утсаа багш нарын өрөөнд тавьж үлдээгээд гарснаа мэдсэн. Тэгээд Тогтохбаярыг миний утас руу залгаад өгөөч гэхэд нэгжгүй байхаар нь гараад өөр хүний утснаас залгахад эхлээд холбогдож байгаа хэрнээ авахгүй байхаар нь Энхмэнд эгч рүү залгаад би багш нарын өрөөнд гар утсаа орхичихжээ. Ороод байвал авчих гэхэд Мэндээ эгч конторт байхгүй байхаар нь сургууль руу яваад очиход миний самсунг галакси А-3 маркийн шаргал өнгийн ТӨРИЙН БАНК-ны лизингээр 849.900 төгрөгөөр авсан гар утас маань байхгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн ..тал/,

 

Сэжигтнээр М.Энхгэрэлийн  хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...би тэр өдөр ээжийнхээ ажлын өрөөнд ажилд нь туслаж байсан юм. Тэгээд тэр хүнийг гар утсаа орхисон гэдгийг мэдээгүй цагаан цаасан доор нэг гар утас байхаар нь авчихсан юм. Би тийм үнэтэй гар утас гэж ч мэдээгүй. Гар утсыг нь авчихаад цагдаа ирэхээр нь шууд л гаргаад өгсөн ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 тал/,

Хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /18, 19 тал/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч М.Энхгэрэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Биндэр сумын 5 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын өрөөнд хохирогч А.Ганзулын мартаж үлдээсэн гар утсыг олж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө болох гар утсыг завшсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.Энхгэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч А.Ганзул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй хэмээн шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байна. Иймээс шүүх шүүгдэгч М.Энхгэрэл холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 418 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын Энхгэрэлийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч М.Энхгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч М.Энхгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт зааснаар энэ  тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхгэрэлд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА