Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

 

 

 

 

 

   2021             1               6                                         2021/ДШМ/33

                                                       

Д.Лид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Лийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1910009710639 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дын Л, 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 хоног хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261.1 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Д.Л нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Орчлон хотхон, 96 дугаар байрны 15 тоотод иргэн С.Сийн байнга амьдрах орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, унтлагын өрөөнд байсан төмөр сейфийг эвдэн 2.000.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Дын Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Дын Лийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 27 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж, түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 11 сар 27 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид оногдуулсан 8 жил 11 сар 27 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийн цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лоос 2.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Сэд олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ хэргийн үйлдэл болон зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Мөрдөн шалгах болон прокурорын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өмнө үйлдсэн хэргээ нэмж нэгтгүүлэхийг хүссэн боловч хүсэлтийг минь хүлээн аваагүйд гомдолтой байна. Нэг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолоор шийдвэрлэлгүй миний эрх зүйн байдлыг дордуулсан тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Д.Лийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаагүй. Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг маш олон хэрэгт гуйвуулж хуулийг буруу хэрэглэж байгаатай холбоотойгоор ялтнууд шийтгэлээ хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцэхгүй асуудал гарч байна. Нэг яллах дүгнэлтээр шийтгүүлэх боломжтой байсан хэдий ч нэг үйлдлийг нь авч үлдээд хууль зөрчиж гэрчээр мэдүүлэг авдаг. Хууль зөрчсөн мэдүүлгээ шалгаж байна гэж дахин хууль зөрчсөн ажиллагаа хийдэг. Яллагдагчаар татахгүйгээр тасраад явсны дараа яллагдагчаар татаж хуулийг хэрэглэж байгаа асуудалдаа прокурорууд дүгнэлт хийхийг хүсэж байна. ...” гэв.

            Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолд гомдол гаргах хугацаа хангалттай байсан. Гомдол гаргаагүй байж хэрэг шийдвэрлэгдсэний дараа ийм асуудал ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Д.Лийн үйлдэл нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоол гарснаас хойш гарч ирсэн тул яллагдагчаар татсаныг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Д.Л нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Орчлон хотхон, 96 дугаар байрны 15 тоотод иргэн С.Сийн байнга амьдрах орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, унтлагын өрөөнд байсан төмөр сейфийг эвдэн 2.000.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Сийн “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 7 цагийн орчим охины хамт гэрээсээ гарсан ба гэрт хүн үлдээгүй. Тэгтэл 12 цаг 19 минутын үед манай охин над руу залгаад “гэрийн цонх хагарсан байна, гэрт хулгай орсон байж магадгүй” гэхээр нь очоод үзэхэд зочны өрөөний цонх хагарсан байдалтай, өрөө доторх шүүгээнүүдийг онгойлгон, эд зүйлсийг ундуй сундуй болгосон байдалтай, сейфэнд байсан 2.000.000 төгрөг алга болсон байсан. ...” /хх 22-26/,

Д.Лийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад Туулын ард байх амины орон сууцны 1 давхрын цонхыг хагалж ороод унтлагын өрөөнд байсан сейфийг гал тогооны өрөөнд байсан хутга заазуураар ар талаас нь цохиж онгойлгон бэлнээр 2.000.000 төгрөгийг авсан байсан. ...” /хх 44-47/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Л нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Лийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Орчлон хотхон, 96 дугаар байрны 15 тоотод иргэн С.Сийн гэрт нэвтэрч, төмөр сейфийг эвдэн бэлэн мөнгө авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Лийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах байранд нэвтэрч хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд уг ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 27 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Д.Лийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 жил 11 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Д.Лийн “...Өмнө үйлдсэн хэргээ нэмж нэгтгүүлэхийг хүссэн боловч хүсэлтийг минь хүлээн аваагүйд гомдолтой байна. Нэг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолоор шийдвэрлэлгүй миний эрх зүйн байдлыг дордуулсан тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Л нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3,1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийдвэрлэснээс хойш түүний 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн С.Сий орон сууцанд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурор 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тогтоол гарсан тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 80 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөхөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгийн 5 дахь заалтад “... цагдан хоригдсон 80 хоногийг ...” гэснийг “... цагдан хоригдсон 78 хоногийг ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Лийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ