| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00242/И |
| Дугаар | 155/ШШ2017/00286 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2017/00286
| 2017 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2017/00286
| Хөвсгөл аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух Бэсүд овогт Дгийн -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 26-15 тоотод оршин суух Бэсүд овогт Дгийн Ч -д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Ж нь 2013 оны намар Д.Чтай танилцан үерхэж 2016 оны 8 сард хурим найраа хийсэн. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй юм. Бидний дундаас хүү Ч.М 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Үерхэж байх эхний үед ааш зан сайтай таарамжтай байсан боловч 2015 оны цагаан сарын өмнөх үеэс гэртээ байхаа больж ихэнхдээ Мөрөнд байх болсон. Мөрөнд байх үеэсээ өөр хүүхэнтэй болсон бөгөөд би үүнийг мэдсэн ч 2 жил тэвчиж явлаа. Сүүлдээ ялимгүй шалтгаанаар зодож нүдэх болж, аав ээжээс тасалж өгсөн гэрийн тавилга зарах, эд зүйлсийг эвдэн сүйтгэж, найз хүүхнээ гэртээ дагуулж ирж хонож өнжиж намайг доромжлох болсон. Цаашид Д.Чтай хамтран амьдрах боломжгүй бөгөөд 8 сартай хүүгээ өөрөө асрамжлан тусдаа амьдрах хүсэлтэй байна. Иймд миний хүү Ч.Мг миний асрамжид үлдээж, аав болох Д.Чаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Чүлтэмжамжтай 2012 онд танилцсан. 2015 онд гэр бүл болсон. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Бидний дундаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Ч.М мэндэлсэн. Тусдаа амьдрах шалтгаан нь Д.Ч нь гэр бүлээс гадуур амьдралтай болсон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ надад гар хүрдэг болсон, гэр орондоо агсам тавьдаг гэрийнхээ тавилгыг эвдэлж, хэмхэлж намайг үг хэлээр доромжилдог, гэр орондоо ирж хонохоо больсон. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хамт амьдрахаа больсон. Ийм шалтгааны улмаас би Д.Чаас салж хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн юм гэв.
Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ч нь Д.Жын хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний дундаас 2016 онд хүү М гарсан нь үнэн Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хүүхдээ Д.Жын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ
Хариуцагч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Дархан хотод оюутан байхад танилцсан юм. 2015 оны 8 дугаар сарын 27-д хурим хийж гэр бүл болсон. Бид 2-ын дундаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Ч.М мэндэлсэн.Тусдаа амьдрах шалтгаан нь ах дүү нар нь элдэв үгээр хэлсэн, хулгайд гүтгэн доромжилсон, тэр болгоныг тоочих хэрэггүй байхаа. Шинэ жилээр намайг хөдөө ажилтай байхад хүүхэнтэй он гаргасан гэж хадмууд ярьж байсан. Би тэгж яваагүй ажлаасаа буугаад иртэл гэрийн бүх тавилгыг аваад явсан байсан хөндий хоосон гэр, өмсөх хувцас ч үлдээгээгүй байсан. Нэгэнт л миний хүү мөн болохоор би хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Д.Чад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагч Д.Ч нар 2013 оны намар танилцан үерхэж гэр бүлийн дотно харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Ч.М төрсөн болох нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6707000049 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Д.Ч нь хүү Ч.Мг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Ч.М нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Чаас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ч.Мд сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Чаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ч.М нь 9 сар 14 хоногтой байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Д.Ч төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Ч.Мд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, нийт 99.734 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ч.Мг эх Д.Жын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Ч.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Чаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Чаас 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН