Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 181/шш2017/00631

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24-ний өдөр Дугаар 181/ШШ2017/00631 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.Х-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.А-д холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Анаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07565 дугаар захирамжаар О.Х-аас 14 264 830 төгрөг гаруулан Нэт капитал финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа.

Төлбөр төлөгчийн Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо, 8 дугаар гудамж, 19 тоот хаягт байрлах 117 м.кв талбайтай хувийн орон сууц, 313 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураан авсан. Улмаар дээрх 2 хөрөнгийг 35 000 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаагаар худалдаж, төлбөр авагчид санал болгосон.

Шүүхийн шийдвэрээр Нэт капитал финанс ББСБ-д төлбөрийг олгохоор заасан байтал гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй Нэт капитал финанс корпораци ББСБ-иас үнийн санал авч түүнд тулгуурлан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа, санал болгох хурлыг явуулсан.

Мөн төлбөр авагчийг төлөөлж оролцож буй н.Эрдэнэтөр нь төлбөр авагчийн эрх бүхий албан тушаалтнаас итгэмжлэл аваагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж ирсэн.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдаанаас хойших шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үнийн санал авсаны ажиллагааны хамт хүчингүй болгож, дахин дээрх ажиллагааг явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэрийн дагуу О.Х-ын Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо, 8 дугаар гудамж, 19 тоот хаягт байрлах 117 м.кв талбайтай хувийн орон сууц, 313 м.кв гэр бүлийн газрыг битүүмжлэн, хурааж авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үнийг харилцан тохиролцон 35 000 000 төгрөгөөр тогтоосон байна.

Хуульд зааснаар үнийн санал авснаас хойш анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэх хуралдаанууд явдагдсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Х нь Г.А-д холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07565 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, дахин ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч талаас тодруулахдаа эд хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш хийгдсэн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэх хуралдааныг хүчингүй болгуулах хүсэлтэй болохоо тодруулсан байна. Дээрх нэхэмжлэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07565 дугаар захирамжаар О.Х-аас 14 264 830 төгрөг гаргуулан Нэт капитал финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байх ба гүйцэтгэх хуудсанд төлбөр авагч нь Нэт капитал финанс ББСБ болохыг мөн тусгажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад О.Х-ын Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо, 8 дугаар гудамж, 19 тоот хаягт байрлах 117 м.кв талбайтай хувийн орон сууц, 313 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураан авсан байх ба энэ ажиллагааны талаар нэхэмжлэгч маргаагүй.

Харин хураан авсан эд хөрөнгөд холбогдуулан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахдаа Нэт капитал финанс корпораци ББСБ-иас авсан, ийнхүү авсан үнийн саналдаа тулгуурлан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэх хуралдааныг зохион байгуулсан болох нь талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Төлбөр авагч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ ... гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтыг О.Х-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хариуцагч байгууллага зөрчсөн байна.

Учир нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07565 дугаар захирамж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр олгосон 1110 дугаартай гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч нь Нэт капитал финанс ББСБ болохыг тогтоосон байхад Нэт капитал финанс корпораци ББСБ-иас буюу төлбөр төлөгч биш этгээдийн саналыг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Г.А-ны буруутай үйл ажиллагаа юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх болохыг хуульчилсан байдаг ба Нэт капитал финанс ББСБ-ийн зүгээс Нэт капитал финанс корпораци ББСБ-д эрх шилжүүлсэн баримт, итгэмжлэл олгосон асуудал байхгүй болно.

Иймд төлбөр төлөгч биш этгээдээс үнийн санал авсан, ийнхүү авсан үнийн саналын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж улмаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Г.А-ны санал болгох комиссын хурлыг хийсэн байх тул дээрх бүх ажиллагааг хүчингүй болгож, дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулахыг даалгах нь зүйтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Хэрэгт Нэт капитал финанс корпораци ББСБ болон О.Х нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 10063280 дугаартай зээлийн болон баталгаат ипотекийн гэрээд авагдсан байгаа болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07565 дугаар захирамж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр олгосон 1110 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнийн санал авсан, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэх хуралдааныг тус тус хүчингүй болгож, дээрх ажиллагааг дахин явуулахыг Г.А-нд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.А-наас 70 200 төгрөг гаргуулан О.Х-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ