Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/447

 

 

2024      12       18                                           2024/ШЦТ/447

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

-улсын яллагчид Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

-иргэдийн төлөөлөгч Н.Оюунтуяа

-шүүгдэгч Ч.Ө, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б***** овгийн Ч*****н Ө*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Амгалан захад хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ** дугаар баг, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, одоогоор Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***** байрны ** тоотод түр оршин  суух хаягтай,

Урьд: **** дугаар шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаарp албадан ажил хийлгэх ял оногдуулсан,

-**** эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 19-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 21-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Б***** овогт Ч*****н Ө***** /РД:********/гэв.

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед **** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” цахилгаан станцын ажилчдын байрны *** тоот өрөөнд И.У*****тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрч элэг болон цөсийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,

 

Шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөөрөлжүүт” цахилгаан станцын ажилчдын байрны 705 тоот өрөөнд И.У*****тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлийн тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрч элэг болон цөсийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

       

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

-Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд “дүүргийн эрүүл мэндийн төвд хутгалуулан хүн ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-02 тал/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “хохирогч хутгалагдаж унасан гэх .”  /хх- 3-8-тал/,

-Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/

- Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэлд “...Ч.Ө нь хэрэг үйлдэх үедээ ашигласан урт 14 см, өргөн нь 3.5 см, бариул хэсэг иштэй өргөн 3.2 см бор өнгийн модон хутга байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авлаа.” гэсэн мэдүүлэг /хх-09 тал/,

 

-Хохирогч И.У*****н “... Би 2023 оны 12 сарын 01-ний орой 21 цагийн үед ажлаасаа буугаад кэмп дэх 705 дугаар гэртээ ирсэн. Гэртээ ирээд Б*****, Б*****. Н*****, Ө***** бусдыг нь сайн санахгүй байна бид хэд маргааш амрах юм чинь өнөөдөр ганц нэг юм ууя гээд дэлгүүрийн хүнээр 6 шил 0.75 литрийн хараа гэх нэртэй архийг авчруулж ууцгаасан. Тэгээд бид хэд муушиг гэх хөзрийн тоглоом тоглож байгаад 00 цагийн үед дуусгаад бүгд өрөө өрөө рүүгээ орцгоосон. Удаагүй манай 705 дугаар өрөөнд Ө*****, Н*****, Б*****, Б***** бид хэд дахиад ганц нэг юм уухаар болсон. Удаагүй Ө*****тай үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар Ө***** хүнсэнд хэрэглэдэг бор иштэй хутга авч намайг 1 удаа баруун хэвлий хэсэгт хутгалсан. Тэгтэл Б*****, Н*****, Б***** нар салгасан. Ө***** хутга авч намайг хутгалсаныг Б*****, Н*****, Б***** нар харсан. Удаагүй би машинтай эмнэлэг явж байхад ухаан балартсан нэг сэрсэн оёдол тавьсан гэх яриа сонсогдож Улаанбаатар хот руу ГССҮТ эмнэлэгт хүргэгдэн ирж хэвтэж хагалгаанд орсон. Би Ө*****тай хувийн таарамжгүй харилцаа байхгүй, яагаад намайг хутгалсаныг мэдэхгүй байна. Тухайн үед 705 тоот манай өрөөнд зодоон цохион болсон зүйл огт байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж хагалгаанд орсон. Хагалгаагаар цөсөө авахуулж, элгээ оёулсан. Нийт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн, хагалгаанд орсон эмнэлэгийн зардал 3,200,000 төгрөг болсон. Би Ө*****д зүгээр байж байгаад хутгалуулж гэмтсэндээ гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

“...Би хагалгаанд ороод эмнэлэгээс гарсны дараа Ч.Ө*****тай холбогдоод эмийн мөнгө хэрэгтэй байна гэхэд 150,000 төгрөг шилжүүлсэн өөр мөнгө төгрөг өгч хохирол барагдуулсан зүйл байхгүй надад яг одоогийн байдлаар бодит хохирол гэвэл 4,241,600 төгрөгийн хохирол учирсан байгаа надад баримт нь байгаа би баримтаа хэргийн материалд хавсаргуулна...” гэсэн мэдүүлэг/хх-21-тал/,

-Гэрч Ч.Б*****н “...Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний орой өрөөндөө амарч байхад 23 цагийн үед У***** гэх залуу ахаа ороод ир ганц юм ууя гэж дуудсан яваад орсон чинь Ө*****, У*****, Б*****, Н***** нар архи уугаад сууж байсан би архинаас нь уугаад согтсон. 00 цагийн орчим байхаа гэнэт Ч.Ө нь И.У*****тай хөзөрнөөс болж маргалдаад эхэлсэн. Би И.У*****г боль миний дүү гээд өрөөнөөс нь авч гарсан тэгээд хэсэг байж байгаад буцаад орсон. Энэ үедээ миний урд У явж байсан би араас орсон. Тэгээд өрөөний баруун талын хэсэгт цонхон талын орны хажууд очоод зогсох шиг болсон урдаас нь зүүн талын орны урд байсан цаасан хайрцаг дээр сууж байсан Ө босох шиг болсон тэгсэн гэнэт У намайг хутгалчихлаа гээд орон дээр суугаад хөлөөрөө жийгээд эхэлсэн би Ө*****г араас нь тэврээд авсан энэ үед Н хутгатай гарнаас бариад Б аваад орны хөндий рүү шидсэн. Би ямар хутга байсан талаар болон хэрхэн хутгалсан хараагүй. Удалгүй хужаа нар гарч ирээд эмнэлэг явах шаардлагатай гэхээр нь би зам зааж өгье гээд хамт суугаад ирсэн. Ч.Ө, И.У*****тай хөзөр тоглож байгаад маргалдаад эхэлсэн бооцоотой тоглож байсан юм шиг байгаа юм. Чи намайг хэзээ ч барахгүй гээд хэрэлдээд байсан. Эхлээд Ө нь У*****г цээжрүү нь цохиод авсан би энэ үед У*****г аваад өрөөнөөс гарсан бид 2 тамхи татаж байгаад эргэж өрөө рүү орсон. Тэгээд эргээд орох үед ийм асуудал болсон. Н,  Б нар бүгд харсан. Би дунд зэргийг согтуу байсан. Эхлээд манай өрөөнд 2 шил 0.75 л хэмжээтэй архи, дараа У*****н өрөөнд 2 шил 0.75 л хэмжээтэй архи дөрөвүүлээ хувааж уусан. Б уугаагүй...” гэсэн мэдүүлэг/хх- 23-тал/,

-Гэрч Б.Б*****н “...Шөнө 01 цагийн орчим Ч.Ө, И.У нар нэлээд согтоод хоорондоо маргалдаад эхэлсэн энэ үед Б ах И.У*****г аваад гарсан. Тэгээд би Н ахтай одоо унтья гээд орон дээрээ юм яриад сууж байсан хэсэг хугацааны дараа эвлэрэн. И.У гаднаас орж ирээд зүүн талын цонхон талын орны хажууд зогсож байсан чинь Ч.Ө ойртох шиг болсон И.У гэдсээ дараад наадахаа аваач гэж хэлээд орон дээр суусан. Б шууд Ө*****н араас цээжээр нь тэврээд авсан. Н бид хоёр Ө*****н баруун гарнаас модон иштэй бор өнгийн хутгыг булааж авах гэж ноцолдсон надруу нэг чичиж үзээд өө чи Б байна тавь намайг гэж хэлсэн, би Ө*****д чи согтсон юм уу гэж хэлээд хутгыг нь тавиулж булааж авсан тэгсэн Н наад хутгаа хаяач гэхэд нь орон доогуур шидсэн хутга цус болсон байсан. Тэгээд У дээр яваад очсон чинь хэвлийн баруун хэсэгт хутганы шархтай шархнаас нь өөх гарч ирсэн цус гарсан байсан. Би эмч дуудаад ирье гээд хариуцаж байгаа хажуу өрөөний Хятад хүнийг дуудсан. Тэр Хятад гарч ирээд орчуулагчаа дуудаж У, Ө нарыг аваад явсан би өрөөндөө ганцаараа үлдсэн. Энэ үед бид нарыг хариуцдаг мистер Ч, Б гэж дууддаг Хятад эрэгтэй нар орж ирээд хутгыг гялгар уутанд хийгээд аваад явсан. Ө нь У*****г 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх- 26-тал/,

-Гэрч Б.Н*****н “...Би Ө, У, Б нарын 0,75 л хэмжээтэй Хараа архи 2 шилийг хувааж уусан. 01 цагийн Ө, У нар хөзөр тоглох гэж байгаад гэнэт маргалдаад эхэлсэн. Б архи уугаагүй архи хундгалж өгч байсан бид хоёр юм яриад сууж байсан чинь гэнэт Ө*****н гарт хутга харагдаад У*****н гэдэс рүү дүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-29-тал/,

-Гэрч Н.З*****н “... Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний орой өрөөндөө амарч байхад 01 цагийн үед манай барилгын Хятад даамал *** надруу залгаад яаралтай машинаа асаагаад ир Улаанбаатар хот эмнэлэг явах ажил гарлаа гэсэн тэгээд ***** улсын дугаартай Тоёота Альфарт маркийн машинтай Хятад ажилтан *** Монгол талын орчуулагч Т, хутгалуулж гэмтсэн 1 залуу /И.У/, түүний өрөөний 1 залуу /Ч.Ө/, эмнэлэг зааж өгнө гээд 1 залуу /Ч.Б/ нийт 6 зорчигчтой Улаанбаатар чиглэлд явсан тэгээд 35 км явж Улаанбаатар хотын засмал зам орж ирээд И.У ойр ойрхон маш хүчтэй ёолоод байсан би айсандаа хамгийн ойр гээд Багахангай дүүргийн эмнэлэг орсон. И.У замдаа ёолохоос өөр дуу гаргаагүй. Би ухаан алдаж магадгүй гээд Ч.Б*****г юм яриад сэрүүн байлгаарай гээд юм яриад явсан. Ч.Ө нь юу ч ярихгүй суугаад байсан. Замдаа шороон зам дээр явж байгаад И.У шээлээ гэхээр нь би сав өгч машиндаа шээлгээд эмнэлэг дээр ирж тусламж үзүүлсэн. Би замдаа хэн нь хэнийгээ яаж хутгалсан талаар мэдээгүй. Замдаа өөрөө төмөр дээр унасан нэг бол би хутган дээр унасан гомдолгүй гээд сонин сонин юм яриад байсан. Ч.Ө, И.У, Ч.Б нар согтуу байсан архи үнэртэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-32-тал/,

-Гэрч Бай Шин Мины /Bai Xinmin/ “...Би Төв аймгийн Баянжаргалан сумын Бөөрөлжүүт гэх газар баригдаж байгаа цахилгаан станцын барилгын ажил дээр ажиллаж байна. Би барилгын ажилчдын амрах 7-р байрны 701 тоот өрөөнд амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим 705 тоотод Монгол ажилчид архи уугаад шуугилдаад байсан. Намайг унтаж байхад Монгол ажилтан Б***** хаалга нүдээд маш их сандарсан царайтай нэг юм хэлээд байсан би Монгол хэл мэдэхгүй учир ойлгоогүй тэгээд Хятад талын даамал мистер Чой буюу Жан Шаян Яан дуудаж Монгол ажилчид согтуу нэг юм боллоо гээд дуудсан. 705 тоот өрөөнд хамт орсон чинь нэг Монгол ажилтан гэдсээ дараад хэвтэж байсан тэгээд 705 тоот өрөөнийх нь зүүн талын орны доороос бор өнгийн модон иштэй үзүүр хэсгээр цус болсон хутгийг дахиад хэрэг гарч магадгүй гээд гялгар уутанд хийгээд Жан Шаян Яанд өгсөн. Орчуулагч нар хутгалуулсан хүнийг аваад төв рүү явсан. Би хэн нь хэнийгээ хутгалж байхыг хараагүй. Би хутганаас өөрийнхөө нүцгэн гараар барьсан. Дахиад согтуу Монголчууд хэрэг гаргаж магадгүй гэж айсан...” гэсэн мэдүүлэг /хх- 36-тал/,

-Гэрч Ши Вэй Жэ /Shi Weijie/-ний “... Би **** сумын нутагт байх цахилгаан станцын барилгын өрлөгөчин ажил хийдэг юм. Би 2023 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 7-р байрны 706 тоот өрөөнд амарч байхад 00:30 цагийн орчим хажуу өрөөний Монгол ажилчид чанга орилоод байсан. Би өрөөнөөс гараад яваад орсон чинь дотор нь гурван хүн байсан. Нэг Монгол ажилтан нь хутгалуулсан байдалтай гэдсээ тэвэрсэн, гэдэснээс цус гарсан байсан би гар утасныхаа орчуулгын аппыг гаргаж чиний бие өвдөө юу, тусламж хэрэгтэй юу гэж асуусан тэгсэн чинь тийм гэж хэлсэн би эмнэлэг явах уу гэж асуусан чинь тэгье гэж хэлсэн тэр өрөөнд байсан нөгөө 2 Монгол нь нэг нь хувцасаа өмсөөд тайван сууж байсан, нэг нь сандраад сууж байсан. Би шууд компанийхаа удирдлагатай шууд утсаар яриад ийм асуудал болсон байна гэж хэлээд орчуулагч, жолооч аваад машинтай барилгын хашаанаас хөдөлж Багахангай дүүргийн эмнэлэг дээр ирсэн. Энэ үед Хятад ажилтан *** надтай хамт ханьтай явж Монгол орчуулагч З, Т, гэдсэндээ гэмтсэн Монгол, өөрийнхөө хамт байдаг бас нэг Монгол, мөн зам зааж өгнө гээд бас нэг Монгол нийт 7 хүн машинтай ирсэн. Би тэнд юу болсонг мэдээгүй эмнэлэгийн тусламж үзүүлэх гэж л ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх- 40- тал/,

-Гэрч ****-ны “... Би ажлын байран дээрээ буюу **** гэх газар баригдаж байгаа цахилгаан станцын хашаанд өөрийнхөө амардаг 4-р байрны 402 тоот өрөөнд ганцаараа унтаж байхад 2023 оны 12-р сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай барилгын ажилтан *** надад ажилчдын амарч байгаа 7 дугаар байрны 705 тоот өрөөнд нэг зүйл боллоо хүрээд ирээч гэсэн. Яваад очсон чинь Монгол ажилчид согтуу нэгнийгээ хутгалсан байсан. Би дээд дарга нарлуугаа яриад орчуулагч Монгол хүнд хэлсэн. Манай Монгол орчуулагч нар Монголчуудыг аваад эмнэлэг явсан. Тухайн үед тэнд дахиад Монголчууд согтуу байсан учир дахиад хэрэг гарах вий гэж айгаад тэр өрөөнд байсан бор иштэй төмөр хутгийг цагаан өнгийн гялгар торонд хийгээд өрөөндөө оруулаад тавьсан. Тэр хутга нь цус болсон байсан. Намайг Монгол ажилчид мистер Чой гэж дууддаг. Намайг хутга авах үед ажилтан Бай Шин Мин, Монгол ажилтан Б***** нар харж байсан. Би хутганаас гар бариагүй ажилтан Бай Шин надад хутганаас бариад уутанд хийж өгсөн би өрөөндөө хадгалж байгаад цагдаа нарт өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-48-тал/,

-Шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай “...И.У*****н биед хэвлийн хөндийг нэвтэрч элэг болон цөсийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №***** дугаартай өвчний түүхээс үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр оношлогдон мэс засал эмчилгээ хийгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс шалтгаална...” гэсэн дүгнэлт /хх-65-67-тал/,

-Шүүгдэгч Ч.Ө*****н “... Би хохирогч У*****тай уулзаж уучлалт гуйсан, надаас хохирлын мөнгө гэж 4,500,000 төгрөг нэхэмжилсэн одоогоор би 190,000 төгрөг өгсөн байгаа хохирлыг барагдуулна гэдгээ У*****т хэлсэн. Ярьж тохирсон байгаа одоо би Улаанбаатар хотод Амгалан зах дээр хамгаалагч хийж байгаад цалингаа аваад өгнө гэж ярьсан байгаа...” /хх-103-тал/

-хохирогч И.У*****н өвчний түүхийн хуулбар /хх-72-89 тал/ гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна.” гэснийг дурдаж, дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

 1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Ө нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнд хохирол учруулахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ч.Ө*****н холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Ө нь хохирогч И.У*****тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хэвлий тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийг нэвтэрч элэг болон цөсийг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.” дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35  дугаартай дүгнэлтэд тусгагдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

 1.5.Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнд хохирол учруулахдаа  зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирол, хор уршиг учруулсан гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт “Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар  зүйлийн 1, 5 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”

“Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан 1639.660 төгрөгийн эмчилгээ, эм тарианы зардал гарсан бөгөөд хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Ө нь 150.000 төгрөг өгснийг хасаж үлдэх 1489.660 төгрөгийг шүүгдэгч Ч.Ө*****с гаргуулж, хохирогч И.У*****т олгож,

 хохирогч И.У*****н эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд 2.994.200 төгрөгийн хохирол нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардалтай давхацсан зарим баримт тамга тэмдэггүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх нь зүйтэй бөгөөд хохирогч И.У нь 2.575.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ө нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол гаргаж шийдвэрлэсний дараа хохирол төлөх завсарлага хүсч, хохирол төлөхөөр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч завсарласан хугацаанд шүүхээс тогтоосон хохирол төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас: шүүгдэгч Ч.Ө*****г “Шүүгдэгч Ч.Ө нь хохирогч И.У*****н хэвлий тус газар нь үл ялих зүйлээр маргалдан, хохирогч И.У*****н хэвлий тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийм учраас шүүгдэгч Ч.Ө*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгэр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн иштэй 1 ширхэг хутга хураагдсан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй. Хохирогч И.У*****н зүгээс нийт 4.241.660 төгрөгийн нэхэмжилсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.994.200 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хохирогчийн нэхэмжилсэн 4.241.000 төгрөгийн хохирол дээр ГССҮТ-д хагалгаанд орсон гэх зардалд 2.602.000 төгрөгийн баримт нь Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилж байгаа баримттай давхардсан. Тэгэхээр хохирогчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 2.602.000 төгрөгийг хасахаар цаана нь 1.639.660 төгрөг. Үүнээс хохиролд төлсөн 150.000 төгрөгийг хасаж хохирогчид гаргуулах хохирол 1.489.660 төгрөгийн хохирлыг гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа 2.994.200 төгрөгийн хохирол нь төлөгдөөгүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ”Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Ө*****н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан оролцож байна. Ч.Ө*****н хувьд мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг шат хүртэл өөрийн гэм буруугаа хүлээж оролцдог. Гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирлын хувьд хохирогч нийтдээ 4.241.660 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.994.200 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хохирогчийн хувьд Эрүүл мэндийн даатгалын сантай хохирлын хувьд давхцаж орж ирж байгаа. Хавтаст хэргийн 146 дугаар хуудсанд авагдсан ГССҮТ-ийн баримтаас 2.602.000 төгрөг бол Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгө гэж заасан байгаа учраас энэ хохирлыг хасаад хохирогчид 1.639.660 төгрөгийн хохирол төлөхөөр харагдаж байгаа. Тийм учраас хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын санд давхардуулж төлсөн хохирол төлбөрийг хасаж өгнө үү? гэсэн саналтай байна гэсэн дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцэж,

Иргэдийн төлөөлөгчөөс: “Гэм буруутай, шүүх шинжилгээ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэм буруутай нь тогтоогдсон учраас гэм буруутай” гэсэн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Ө*****с “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлнө” гэсэн эцсийн үгийг хэлэв.

 

2.2 Эрүүгийн хариуцлага.

Улсын яллагч М.Үүрийнтуяааас:

Шүүгдэгч Ч.Ө*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингээд шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч хохирол төлөөгүй орж ирсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ч.Өлзийбатад 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас:

“Ч.Ө нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн шат хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Хэрэг гарах шалтгаан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж энэ хэрэг үйлдэгдсэн. Ийм учраас Ч.Ө*****д ял, шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэсэн саналыг тус тус гаргаж,  

 

Шүүгдэгч Ч.Ө*****с:

“Эрхэм шүүгч, эрхэм прокурор, эрхэм өмгөөлөгч та бүхнээс уучлалт гуйж байна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх эцсийн үгийг хэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 109/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 125-130, 135-141/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч Ч.Ө*****н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ө*****н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй тус тус дурдаж,

Цагдаагийн газар нь шүүгдэгч Ч.Ө*****г албадан ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ч.Ө нь энэ хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолбол зохино.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б***** овгийн Ч*****н Ө*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг” “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б***** овогт Ч*****н Ө*****г 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө*****н 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө*****д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө*****с 1.489.660 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг шүүгдэгч Ч.Ө*****с гаргуулж хохирогч И.У*****т, 2.994.200 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож,  хохирогч И.У цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж, Төв аймгийн Цагдаагийн газар нь шүүгдэгч Ч.Ө*****г албадан ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Ө*****д урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧ                                      Т.БАТЖАРГАЛ

 

                                                                                             Ш.ГАНДАНСҮРЭН