Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/88

 

 

 

 

 

 

   2021            01              19                                         2021/ДШМ/88

 

О.Б, А.Э, Э.А нарт

                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Я.Баатар, В.Оюунсүрэн,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/898 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Я.Баатар, шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Б, А.Э, Э.А нарт холбогдох 2009013700809 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Оын Б, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “АПУ” ХХК-д түгээгчийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Б овгийн Аы Э, 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            3. Б овгийн Эын А, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ иргэншил” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг, ам бүл 4, эх, эгч нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим насанд хүрээгүй иргэн Г.И, Ө.Б нарыг “...О.Быг цохиод зугтаасан” гэх шалтгаанаар автомашинаар хөөн барьж авч, машинд суулган Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, “Дамбын гүүр”-ний доор аваачиж, Г.Иыг нүүрэн тус газар цохих, машинаас чирч буулган газарт унагаах, толгой дээр нь дэвсэх, цээж рүү нь өшиглөх, машины хаалгаар толгойг нь хавчих, гол руу үүрч шидэх, зүүн гарын шуу руу нь чулуугаар цохих, зүүн гарын шууны дотор талд асаасан тамхиа дарж унтраах зэрэг үйлдлээр, Ө.Быг толгой, нүүрэн тус газар нь гараар цохих, газарт унагаах, нуруу, цээж, толгой, зүүн гар, нүүрэн тус газар нь хөлөөр дэвсэх зэрэг үйлдлээр тус тус зодож нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Иы хар өнгийн куртик, “Iphone X” загварын гар утасны чихэвч, бэлэн 12.000 төгрөг, Ө.Бы бугуйн цаг, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг тус тус дээрэмдэж, хохирогч Г.Ид 101.000 төгрөгийн, хохирогч Ө.Бд 33.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Б, А.Э, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Оын Б, Б овогт Аы Э, өсвөр насны шүүгдэгч Б овогт Эын А нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Б, А.Э нарыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ад ял оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, А.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Боос 83.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Бд 11.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.И түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д нарт 72.600 төгрөгийг, шүүгдэгч А.Эоос 83.600 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Бд 11.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.И түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д нарт 72.600 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан Э.Ад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Аыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч, эх Б.Чимэгээд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Г.И, Ө.Б нарыг ерөөсөө цохиж зодоогүй, эд юмсыг нь аваагүй байхад тэднийг зодсон, дээрэмдсэн гэж үндэслэлгүйгээр буруутгасанд гомдолтой байна. Шүүхээс намайг буруутгаж байгаа баримт гэх Э.Аы “...Нөгөө ах тэр хоёр залуу машинаас буулгаад зодсон. ...” гэх мэдүүлэг нь шүүх хуралдааны үеэр Э.Аы өгсөн “...О.Б хүүхдүүийг цохиж, зодсоныг би хараагүй. ...” гэж мэдүүлснээр мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон юм. Мөн хохирогч Г.Иы “...Машин дотор нүүр рүү 4-5 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг нь түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр ах цохиогүй. ...” /1хх 23/ гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа юм. Хохирогч Г.Иы нүүрэнд 4-5 удаа цохисны гэмтэл Шүүх эмнэлгийн шинжээчийн 5449 дугаартай дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир худал хэлсэн юм. Хохирогч Г.Иы хажууд явж байсан хохирогч Ө.Б нь Г.Иы намайг хүн цохиж зодсон гэсэн мэдүүлгийг баталдаггүй. Харин ч эсрэгээрээ “...Тэр биднийг цохиж зодоогүй. ...” /1хх 30/ гэж Иы худал хэлснийг нотолдог. Мөрдөгч А.Очир намайг болон А.Э, Э.А нарыг дарамталж, хорино гэж айлгаж, өөрийнхөө бэлдсэн мэдүүлгийг уншуулж, гарын үсэг зуруулсан гэдгийг бид шүүх хурлын үеэр шүүгчид хэлсэн ч үл ойшоож, хууль зөрчсөн мэдүүлгээр ял тулгаж шийтгэсэнд гомдолтой байна. Би мөрдөгчийн бэлтгэсэн мэдүүлгийг уншаад худал бичсэн байсан учир “зөвшөөрөхгүй” гэж бичээд гарын үсэг зурсан. Мөрдөгч хууль зөрчин надад хилс хэрэг хүлээлгэх зорилгоор хийгдсэн ажиллагаа гэдгийг онцолж хэлмээр байна. Иймд тулгаж ял хүлээлгэсэн явдлыг эрх бүхий байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Хохирогч Г.И анх намайг цохиж, дээрэлхсэн бөгөөд би цагдаад дуудлага өгч, утсаар ярьсан. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Г.И нар цагдаа ирнэ гэж айгаад зугтаасан. Би тэднийг цагдаад барьж өгөх зорилгоор хойноос нь хөөсөн. Гэтэл машинтай явсан А.Э, Э.А нар миний дэргэд ирээд “яасан бэ” гэхээр нь би “энэ хүүхдүүд намайг цохиод зугтаасан” гэхэд тэд машинаар түрүүлж очоод “Г.И, Ө.Б нарыг цагдаагийн хэлтэст аваачиж өгье” гэхэд миний үгэнд ороогүй явсан. Үүнийг А.Э шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч “Б ах цагдаагийн хэлтэс рүү явчих гэж хэлэхийн хувьд хэлсэн, би цагдаад өгөөд яахав, ганц удаа хашраая гэж бодоод гүүрэн доор очсон” гэсэн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. Иймд дээд шатны шүүх миний гомдлыг хянан үзэж хилс хэргээс чөлөөлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Я.Баатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд “...Мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. ...” гэсэн дүгнэлт буруу гэдгийг дараах баримт харуулж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Аы “...Тэд 2 хүүхдийг бариад машинд суулгасан. Нөгөө ах “Дамбын гүүрний доор очоод зогсчих” гэсэн нөгөө ах тэр хоёр залууг машинаас буулгаад зодсон...” гэсэн мэдүүлгийг О.Быг яллах баримт болгон бичсэн байна. Яллагдагч Э.А энэ мэдүүлгийг өмгөөлөгч А.Ганзоригтой хамт байцаалтад өгсөн байна. Гэтэл эсрэг сонирхолтой О.Быг яллагдагчаар татаж байцаалт явуулахдаа өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан. Мөрдөгч Л.Очир, Мөнхбаяр нарын энэ үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “...Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасныг зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн байна. Мөрдөгчийн дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүх шийдвэр гаргахдаа энэ хүүгийн 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан...” гэж заасан нөхцөл байдлыг үүсгэж, шүүх хуулиар хориглосон баримтыг шийтгэх тогтоол гаргахдаа ашигласан байх тул энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих үйлдэл болсонд өмгөөлөгч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол ... нотлох баримтаар тооцохгүй байх”-ыг хуульчилсан байдаг. Хуулийн энэ заалтыг шүүх зөрчиж, яллагдагч О.Бын эсрэг сонирхолтой Э.Аыг анх байцаах үеэсээ өмгөөлөгч А.Ганзоригийг оролцуулан мэдүүлэг авч, энэ мэдүүлгийг прокурор яллахдаа ашиглаж, шүүх ял оноож шийдвэр гаргахдаа яллах баримт болгон шийтгэх тогтоолдоо бичсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн алдаа болсон байна. Үүнээс гадна шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.Э, Э.А, О.Б нар “мөрдөгч Л.Очир гэгч мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүлтийн арга хэрэглэж, мэдүүлгийг авалгүй урьдчилан бэлтгэсэн мэдүүлэг уншуулж, хорино гэж айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан” тухай шүүхэд хандан мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. Шүүгч Б.Дуламсүрэн шүүгдэгч нараас шүүхэд хандан байцаалт явуулахдаа мөрдөгч эрүүдэн шүүлтийн арга хэрэглэж мэдүүлэг бүрдүүлсэн гэж байхад, үүнийг үл ойшоож шийтгэх тогтоолдоо “...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн...” гэсэн дүгнэлтийг бичиж эрүүдэн шүүлттэй эвлэрч суугаа нь иргэн хүн шударга шүүхээр хэргээ шүүлгэх үндсэн эрхээ эдэлж чадахгүйд хүргэсэнд гомдолтой байна. Монгол Улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцид 2000 онд нэгдэн орж, уг конвенцийг улсдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн тул Монгол Улсын шүүх энэхүү конвенцыг хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. Энэ конвенцид эрүүдэн шүүхийн хэлбэр гэж а/ албадан мэдүүлэг авах, б/ хилс хэрэг хүлээлгэх хэмээн тодорхойлсон байдаг. Энэ конвенцид нэгдэн орсон улс аливаа эрүү шүүлт тулгасан мэдээллийг эрх бүхий байгууллагаар шалгуулж тогтоолгох үүрэгтэй байдаг. Гэтэл шүүгч Б.Дуламсүрэн эрүүдэн шүүлт хэрэглэсэн тухай шүүгдэгч шүүх хурал дээр мэдээлж, мэдүүлэг өгч байхад үүнийг тогтоолгохоор хэргийг буцааж шалгуулахын оронд ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэлт хийж, хууль зөрчиж авагдсан мэдүүлэг дээр үндэслэн ял тулгаж шийтгэсэн нь шүүхийн ноцтой алдаа юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж нэр төрийг нь доромжлохыг хориглоно.” гэж заасан байхад шүүгч эрүүдэн шүүлтийн тухай мэдээлэл авсан даруй энэ байдлыг тогтоолгох ямар ч арга хэмжээг аваагүй мөртлөө шийтгэх тогтоолдоо “тогтоогдоогүй” гэж бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй хийсвэр дүгнэлт болсон байна. Хэргийн материалд яллагдагч О.Б мөрдөгч Л.Очирын урьдчилан бичиж бэлтгэсэн мэдүүлгийг уншаад худал зүйл бичсэнийг нь зөвшөөрөхгүй гэж мэдүүлэг дээр бичээд өөрийн энэ байр сууриа баталж гарын үсэг зурсан тухай шүүх хуралдаан дээр мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлд авагдаж, бэхжүүлсэн байна. Ийм баримтыг шүүх нотолгоо гэж үзэхгүй байгааг өмгөөлөгч би ойлгохгүй байна. Дээр дурдсан мөрдөгч Очирын О.Боос мэдүүлэг авсан үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд зааснаар “Эрүү шүүлт тулгаж ... мэдүүлэг авсан. ...” гэдгийг нотолсон нотолгоо юм. Энэ баримтыг шүүх эрх бүхий байгууллагаар шалгуулах үүргээ биелүүлээгүй байж “тогтоогдоогүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Ер нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчиж авсан мөрдөгч Л.Очирын үйлдэл үнэн эсэхийг шалгуулж байж, шүүгдэгч нарын мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх хууль зүйн нөхцөл бүрдэнэ. Гэтэл шүүгч Б.Дуламсүрэн, Э.Аы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолдоо яллах баримтаар ашиглаад, шүүх хурал дээр хэлсэн мэдүүлгийг харьцуулж үзэлгүй орхиж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн хуулийг зөрчиж, нэг талыг барьж, ганцхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр гэм буруутайг тогтоож О.Быг хилсээр шийтгэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч О.Б энэ хэрэгт ямар ч оролцоо, үйлдэл бүхий гэм буруу байхгүй гэдгийг дараах баримтууд нотолж байна. Үүнд, хохирогч Г.Иы “...мөрдөгчийн таныг анх 7 буудлын эцэс дээр таарч маргалдсан залуу цохисон уу?” гэсэн асуултад “...тэр намайг цохиогүй” гэж хариулсан...” /1хх 23/ мэдүүлгээр, хохирогч Ө. Бы “...мөрдөгчөөс “Анх маргалдсан залуу та нарыг зодсон уу? гэж асуухад “...тэр ах бидний цохиж зодоогүй гэж хариулсан” /1хх 30/ мэдүүлгээр, шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.Эы “... О.Б ах энэ 2 хүүхдийг цохисныг би хараагүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Э.А шүүхэд хандсан “О.Б ах хүүхдүүдийг цохиж зодсоныг хараагүй ээ” гэж мэдүүлсэн эдгээр нотлох баримтаар О.Б ямар ч гэмт үйлдэл хийгээгүйг нотолж байна. Хохирогч Г.Иы мэдүүлэг илт зөрүүтэй, бусад баримтаар давхар батлагдаагүй гэдгийг хэрэгт авагдсан дараах баримтууд харуулж байна. Г.Иы “... эхэлж таарсан ах машин дотор миний нүүр рүү 4-5 удаа цохисон” /1хх 20/ гэж мэдүүлсэн атлаа хэргийн 24-р хуудсанд “... намайг машинд суух үед анх маргалдсан ах миний мөрөнд нэг удаа цохисон, дахин зодоогүй. Харин нөгөө хоёр нь зодсон юм” гэж 3 удаа өөр мэдүүлэг өгсөн байдаг. Мөн Г.И мөрдөн байцаалтад “... миний баруун нүд рүү өшиглөсөн, толгой дээр дэвсэн, машины хаалгаар толгойг хавчсан, толгой руу өшиглөөд байсан. Мөн зүүн талын бугалга руу чулуугаар цохисон. Шуунаас хазаад, тамхи унтраасан” гэж мэдүүлснээс үзэхэд маш олон гэмтэл үүсч, гэмтлийн хүнд зэрэгт орохоор байдал үүссэн гэж ойлгогдохоор байгаа ч Шүүх эмнэлгийн шинжээчийн 5449 дугаартай дүгнэлтээр “баруун нүд, зүүн шуу, зүүн өвдөг гэсэн 3 газар зулгаралт үүссэн бөгөөд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээч эмч Чимэд-Очирын дүгнэлт гарсан байдаг. Үнэхээр тамхины галаар Г.Иы шууг түлсэн бол шуун дээр түлэгдсэн шарх, сорви үлдэх атал Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “...зүүн шуунд зулгаралт” үүссэн гэж бичсэн байна. Мөн хохирогч Г.И “... Энхдөлгөөн миний баруун нүд рүү өшиглөсөн ...” гэж байгаа ч Шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн “зүүн нүдний зовхинд зулгаралттай” гэсэнтэй илт зөрж байна. Хүний бие дээр зулгаралт бол үрэгдэх, маажих үйлдлээр үүсдэг бөгөөд цохилтоос няцралт хөхрөлт үүсдэг гэдгийг шүүх эмнэлгийг практикаар тогтоогдсон байдаг. Иймээс Г.Иы нүүрийг О.Б цохисноос болж няцралт хөхрөлт үүсээгүй учир Шүүх эмнэлгийн дүгнэлтээр батлагдсангүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухай мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн хуулиар Г.Иы мэдүүлэг хэрэгт нотлох баримт болж чадахгүй байна. Гэтэл шүүх нотлох баримт болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. О.Б шүүхэд өгсөн “... надад 5000, 1000, 500, 100-тын дэвсгэрт байсан” гэсэн нь алдагдсан 12.000 төгрөгт хүрэхгүй байгаа нь сурвалжаа зааж чадахгүй байгааг харуулж байна. О.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт шүүх гэм буруутайд тооцсон нь хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. О.Бод ял оногдуулсан эрүүгийн хэрэг нь хуульд “олон нийтийн амгалан байдал алдагдуулах” гэмт хэрэг гэж хуульчлагдсан байхад, хэргийн материалд амгалан тайван байдлаа алдсан нэг ч хүнийг байцааж мэдүүлэг аваагүй, гэмт үйлдэл болсон газар нь аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн газар биш, эзэнгүй, ойр хавьд нь хүн, байгууллага, байхгүй зэлүүд газар байгаа нь гэмт хэргийн шинжгүй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинж тэдний үйлдэлд алга байна. Иймээс “өмгөөлөгчийн дээр дурдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоо хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр буюу уг хэргийг прокурорын хяналтад бүрэн шилжсэнээс хойш эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хавтас хэргийн материалтай танилцаж ажлаа эхлүүлсэн. Сүхбаатар дүүргийн прокурорын газар анх удаа хэргийн материалтай танилцсан. Дараа нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж яллах дүгнэлттэй нь танилцангаа хэргийн материалыг дахин нягталж үзэхэд эд хөрөнгийн үнэлгээний тайланг нэмж оруулж үдээд хуудасны дугаарлалтад засвар оруулсан байсан төдийгүй яллагдагч нарт гардуулж өгсөн яллах дүгнэлтийн зарим үг үсгийг өөрчлөн засварлачихсан байдалтай хувилбарыг сольж хавтас хэрэгт үдсэн байсан. Уг эрүүгийн хэргийг прокурорт буцаах тухай гомдлыг шүүхэд гаргасан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар шийдвэрлэхдээ гомдлыг хангахгүй орхиж, техникийн алдаа гаргасан гэж буруу дүгнэн улсын яллагчийг техникийн алдаагаа засварлаж яллах дүгнэлтийн овог нэрүүдийг засварлаж оруулж ирэхийг даалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөв хэрэглэсэн бол хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн, нотлогдвол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотлоогүй, нотлох баримт дутуу, яллах дүгнэлт нь яллагдагч нарт гардуулж өгснөөс өөр, овог нэр нь өөрчлөгдөн засварлагдсан боловч дахин овог нэрийн алдаатай, мөрдөн байцаалт явуулахдаа өөр овог нэрээр хууль сануулж байцаалт авсан гэх боловч мэдүүлгийг хууль ёсоор аваагүй, урьдчилан бэлтгэж зохион бичиж хэвлэсэн мэдүүлэг дээр сэтгэлзүйн дарамт учруулж, шууд гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргасан байдалтай хууль зөрчиж бүрдүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн прокурорт буцаах ёстой байсан боловч буцаалгүй шүүх хурлаар хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг шинжлэн судлах үе шатанд хүндрэл учруулсан. Учир нь, эрүүгийн хэргийг 139 дугаар хуудас хүртэл дугаарлаад түүнээс хойш хуудаснуудыг огт дугаарлаагүй байсан. Нотлох баримтаар хүлээн авах үндэслэлгүй 3 хуудас бүхий фото зургуудыг хохирогч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгснийг шүүх хүлээн авч хавтас хэрэгт үдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатан дахь мэдүүлгүүдээсээ эрс өөрчлөгдөж мэдүүлгийн зөрүү гарсан. Шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тулгаж ялласанд гомдолтой байна. Шүүх 2020/ШЦТ/898 дугаартай шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт буюу 11 дүгээр нүүрний доороосоо 4-7 дахь мөрөнд “шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа тэдгээрийг тулган шаардаж хууль бусаар мэдүүлэг авсан” гэж өмгөөлөгч нараас гаргасан санал нь хэрэгт авагдсан ямар баримтад үндэслэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, таамаг байдлаар хэлсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй болжээ. Учир нь, тухайн шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд ямар байдлаар эрх нь зөрчигдсөн талаар шүүхэд үнэн зөв мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нар ч хууль бус хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хангалттай нотолсон. Тухайлбал, өмгөөлөгч би хавтас хэргийн 51-53 дугаар хуудаст бэхжигдсэн Бын мэдүүлэг нь хууль бусаар бүрдүүлсэн баримт болохыг нотолсон. 52 дугаар хуудасны нүүрэн тал, 53 дугаар хуудасны нүүрэн тал нь хоёулаа яг ижил бөгөөд 53 дугаар хуудасны ар талын нүүрний утга санаа нь эхний нүүрний үргэлжлэл нь биш байдаг. Энэ нотлох баримт нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр мэдүүлснээр “мөрдөн байцаагч шууд хэвлэж гаргаад гарын үсгээ зур гээд зуруулсан. Яг бодитоор байцаалт мэдүүлэг аваагүй” гэж мэдүүлснийг нотлох чухал нотлох баримт, нотолгоо болсон. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх үйлдэл нь бүрэн тогтоогдоогүй тул шүүх тухайн зүйлчлэлийг өөрчилж нотлогдож байгаа гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалтаар зүйлчилж хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой байсныг хэрэглээгүй. Ийнхүү тухайн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 1, 4, 6, 7 дахь заалт, 16.3 дугаар зүйлийн 9, 1.7 дугаар зүйл, 16.11 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалт, 25.1 дүгээр зүйлийн 13 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/898 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, 2009013700809 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шүүгдэгч А.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргуулах арга хэмжээг авч өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч В.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. О.Быг А.Энхдолгино, Э.А нартай нийлж хохирогч нарыг зодож дээрэмдсэн гэж дүгнэсэн боловч шүүх хуралдаанд хохирогч улсын яллагч болон О.Бын өмгөөлөгчийн асуултад Б “Б надад гар хүрээгүй” гэж удаа дараа мэдүүлсэн. Өмгөөлөгч Я.Баатарын саналыг бүрэн дэмжиж байна. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй. Хохирогч Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байхад О.Быг гэм буруутайд тооцохдоо хохирогч Б шүүх хуралдаанд өгсөн удаа дараагийн “Б надад гар хүрээгүй” гэх мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн олон асуудал байна. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтад тооцсон. Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч Иыг гурван удаа мэдүүлэг өгөхөд түүний эгч Намуун гэх хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр байцаалтад оролцуулсан. Хэрэг гардаг өдөр Намуун дүүгээ дагуулж цагдаа дээр очсон. Хэрэг гардаг өдөр Иыг гэрчээр асууж Намууныг Иы хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Гэтэл хэрэг бүртгэлийн хэрэг 5 дугаар сарын 12-ны өдөр нээгдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Иы эх Дыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Дыг Иы хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй. Мөрдөгчөөс гадны прокурор тогтоол гаргаж тогтоож болно гэж заасан боловч хэрэгт прокурорын тогтоол байхгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд Дыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон талаар тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хохирогчийн эгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилох заалт байхгүй. Төрсөн эх нь байхад хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй процессын ноцтой алдаа гаргасан. Намуун 22 настай бөгөөд хэрэг гарсны дараа фэйсбүүкээр А.Эыг дарамталж эхэлсэн. А.Эыг эцгийг машинаа өгчих гэх зэргээр дарамталсан. Шүүгдэгч нарын өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх санал прокурор, өмгөөлөгч нарын зүгээс гаргаагүй байхад шүүх шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг нотлох баримт гэж үзээгүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргийн 91 дүгээр талд байх цагдаа дуудсан талаар нотлох баримтыг шинжлэн судлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж судлуулсан байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн нотлох баримт дээр нотлох баримт бичигдээгүй. Мөрдөгч шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулган авсан талаар шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Энэ нь үнэн гэж үзэх нөхцөл байдал хэргийг унших явцад ажиглагддаг. Хавтас хэрэг гомдлоор эхэлдэг байхад шууд яллагдагчаар татах тогтоолоор эхэлж байна. О.Б нарын яллагдагчаар татсан мэдүүлгийг шүүх шийдвэр гаргахдаа ашигласан. Шүүгдэгч О.Б гэм буруутай болох нь нотлогдоогүй байхад түүнийг шийтгэх тогтоолд оруулсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч тус бүрийн болон О.Бын үйлдэл оролцоо гэм буруу бүрийг тусгаж бичээгүй. Анхан шатны шүүхийн шүүгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох өмгөөлөгч Баатар, Эрдэнэтөгс нарын саналын үндэслэл болсон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бүрэн гүйцэд хангалттай тусгаж чадаагүй. Шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүгдэгч О.Бод хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч эхнэр хүүхдээ тэжээж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ээлжийн ажлаа тараад явж байсан. Гэтэл золгүй байдлаас болж эрхээ хасуулсан. Эхнэр хүүхэд нь идэх хоолгүй байна. ...” гэв.

            Шүүгдэгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогчийг цохисон нь миний буруу. Гэхдээ би эд зүйл дээрэмдээгүй. ...” гэв.

            Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн ба нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл байхгүй. Учир нь, 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн “Дамбын гүүр”-ний орчим хохирогч Баатарчулуун, Б, гэрч Энх-Учрал нар ТҮЦ-ээс нэгж авахаар явж байсан. Гэтэл О.Б тааралдаж маргаан үүсгэж, улмаар араас нь найз А.Энхдолгин, Э.А нарын хамт хөөж барьж авч зодсон. Энэ үйл баримт хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Өмсөж явсан хувцас, бугуйн цаг, 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдсэн. Энэ нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хэрхэн зодуулсан, эд зүйлээ дээрэмдүүлсэн талаар тогтвортой мэдүүлсэн. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн орчим насанд хүрээгүй иргэн Г.И, Ө.Б нарыг “...О.Быг цохиод зугтаасан” гэх шалтгаанаар автомашинаар хөөн барьж авч, машинд суулган Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, “Дамбын гүүр”-ний доор аваачиж, Г.Иыг нүүрэн тус газар цохих, машинаас чирч буулган газарт унагаах, толгой дээр нь дэвсэх, цээж рүү нь өшиглөх, машины хаалгаар толгойг нь хавчих, гол руу үүрч шидэх, зүүн гарын шуу руу нь чулуугаар цохих, зүүн гарын шууны дотор талд асаасан тамхиа дарж унтраах зэрэг үйлдлээр, Ө.Быг толгой, нүүрэн тус газар нь гараар цохих, газарт унагаах, нуруу, цээж, толгой, зүүн гар, нүүрэн тус газар нь хөлөөр дэвсэх зэрэг үйлдлээр тус тус зодож нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Иы хар өнгийн куртик, “Iphone X” загварын гар утасны чихэвч, бэлэн 12.000 төгрөг, Ө.Бы бугуйн цаг, бэлэн 12.000 төгрөг зэрэг эд зүйлийг тус тус дээрэмдэж, хохирогч Г.Ид 101.000 төгрөгийн, хохирогч Ө.Бд 33.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Г.Иы “...Буудлын тэнд нэг ах зөрөхөд “юугаа хараад байгаа юм” гэж хэлэхээр нь тоолгүй ТҮЦ рүү ороод юм аа аваад буцаад нөгөө ахтай зөрөхөд нөгөө ах “юм асуугаад байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь бид нар тоохгүй явж байхад манай найз Б “яасан ах” гэсэн чинь нөгөө ах “юм асуугаад байгаа юм биш үү, харин яасан юм” гэж хэлэхээр нь би тулж очоод “ах зүгээр явж байхад зүгээр байгаарай” гэж хэлээд түлхээд явах гэсэн чинь нөгөө ах “ямар овоо бацаанууд вэ” гэж хэлээд араас дагаж алхсан. ...Нөгөө ах араас “зогсож бай” гээд орилоод гүйж эхлэхээр нь бид нар сандраад зугтаагаад ... төв зам руу гарч ирэхэд зам дээр “Honda fit” шиг цагаан өнгийн машин зогсож байсан. Бид нар цаашаа гүйж байхад нөгөө ах тэр машинд суучихсан. Бид нар ядраад алхаж байхад машинаараа харалдаа тулж ирээд хоёр нь бууж ирээд Б бид хоёрыг хөөгөөд барьж аваад машиндаа суулгасан. Машиндаа суулгахдаа бас зодсон. Машиндаа суулгасан байхдаа “яасан их хүн дээрэлхдэг юм” гэж хэлээд зодоод байсан. Нүүр таглаад яваад байсан. Тэгээд “буу” гэсэн чинь яг Дамбын гүүрний доор машиныхаа гэрлийг унтрааж байгаад харанхуйд зодоод байсан. ...Б бид хоёрыг машины хаалгаар толгойг нь хавчиж байгаад ... юу ч яриулахгүй зодоод байсан. Намайг “одоо наад гутлаа тайл” гэхээр нь би “чадахгүй” гэсэн чинь намайг гол руу чирээд унагаад “наад нойтон юм аа өмсөөд яваарай” гэсэн. ...Миний курткийг хүчээр тайлаад багажиндаа хийсэн. Би ... куртикнийхээ халааснаас банкны картаа аваад бусад юм аа өгөөд явуулсан. Тэгсэн манай найзыг “зугтаа пизда минь” гэж хэлээд машинаа асаагаад хөөхөөр нь машины дугаарыг нь харсан чинь 03-70 гэсэн дугаартай “Honda fit” шиг машин байсан. Хоёр залуу бууж ирснээ “чи одоо гүй, гүйгээд явахгүй бол араас чинь мөргөж ална шүү” гэж хэлэхээр нь би гүйгээд харсан чинь манай найз намайг авах гээд оччихсон зодуулж байсан. Намайг холоос харж байхыг хараад “найзыгаа ирж ав, хайртай юм бол ирж аваарай, энийг чинь алчихна шүү” гэж хэлэхээр нь би очсон. Бид хоёрыг “одоо зайл” гэж хэлэхээр нь бид хоёр төв зам руу ортол араас сигналдаад байсан. ...Манай найз надад курткээ өгөхдөө цаг, бугуйвч, түрүүвчээ өгөөд зодуулсан гэж хэлсэн. ...” /хх 24-28, 35-38/,

насанд хүрээгүй хохирогч Ө.Бы “...Автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ээс худалдаа хийж байхад тэнд зогсож байсан 30 орчим насны, 170 см орчим өндөртэй, бага зэргийн махлаг биетэй, нүүрэндээ цэнхэр өнгийн масктай, хар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй ах “нааш ир” гээд дуудсан. Бид “яах гээд байгаа юм” гээд тоогоогүй. ...Буцаад Энх-Учралын гэр рүү явж байхад хойноос дуудаад байхаар нь И очсон. Тэгээд И тэр ахыг цээжинд нь гараараа цохьчихсон. Тэр ах “та нарыг цагдаад хэлнэ” гэхээр нь бид гурав гэр хорооллын гудамж руу ороод зугтаасан. ...Хөөхөө больчихоор нь бид ... авто зам руу гараад алхаж байхад нөгөө ах хойноос цагаан өнгийн машинтай 2 залуугийн хамт хүрч ирсэн. Бидний урдуур орж ирээд зогсохоор нь Энх-Учрал зугтаачихсан. Харин И бид хоёрыг тэр машины урд суудал дээр сууж байсан хоёр хүн барьж авсан. Урд сууж байсан халзан толгойтой залуу бид хоёрыг машиндаа суулгасны дараа “доошоо суу, нүүрээ тагла” гээд гараараа миний толгой, нүүрэн тус газарт цохисон. Нүүр гараар таглаж яваад нэг газар зогсоод “буугаад ир” гэсэн. Буухад “Дамбын гүүр”-ний доор Сэлбэ голын эрэгт ирчихсэн байсан. Машин барьж явсан жолооч нь Иыг газарт унагаад цохиж зодсон. Намайг тухайн үед машинд дотор халзан толгойтой ах бариад сууж байсан. Иыг зодож дууссаны дараа нөгөө машин барьж явсан ах намайг буулгаж ирээд газарт унагаад нуруу, цээж, толгой, зүүн гар руу хөлөөрөө дэвссэн. Намайг зодож дуусчихаад “одоо эндээс яв” гэж машин жолоодож явсан ах хэлсэн. Би тэднээс холдоод Иыг явуулах нь уу гээд хараад зогсож байхад тэр машин барьж явсан жолооч ах Иы толгойг машины хаалганд хавчиж байсан. Тэгэхээр нь би Иыг авах гээд очсон. Тэгсэн чинь “чамайг яв гэж байхад явж чадахгүй байна уу” гэж хэлээд халзан толгойтой залуу намайг газарт унагаад нүүрэн тус газарт хөлөө дэвссэн. Тэр үед И гол гатлаад цаад талд гарчихсан байсан. Машины жолооч ах Иыг “найздаа хайртай юм бол ирж аваарай” гээд орилсон. Иыг ирж байхад тэр машины жолооч миний бугуйн цаг, хэтэвчийг авсан. Тэгээд хэтэвчин дотор байсан 12000 төгрөгийг аваад хэтэвчийг буцааж өгсөн. Тэр машиныг жолоодон явсан ах Иы курткийг өмсчихсөн байсан. ...” /хх 29-34/,

насанд хүрээгүй гэрч О.Энх-Учралын “...Би гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд өөрийн хоёр найз И, Б нарыг дуудсан. ...Бид гурав ... буудал дээр байрладаг ... ТҮЦ-ээс нэгж авч байхад ... дээгүүрээ хар өнгийн курткийн гадуур улаан өнгийн хантааз өмсчихсөн, надаас намхан нуруутай, нүүрэндээ цэнхэр өнгийн масктай ах биднийг “нааш ир” гээд дуудсан. Тухайн үед миний бие ТҮЦ-ээс нэгж ундаа худалдан авч байсан. Харин Б, И хоёр очсон. Би ТҮЦ-ээс юмаа аваад дуусахад тэр хоёр над дээр ирээд бид гурав хамтдаа манайх руу явсан. Гэтэл нөгөө ах араас дахиад “хөөе бацаануудаа” гээд дуудаад байсан. И, Б хоёр тэр ах руу очсон. Тэгээд намайг харж байхад И тэр ахын ... цээж орчимд нь гараараа цохьчихсон. Би холоос харж байсан болохоор сайн анзаараагүй. Гэтэл нөгөө ах “цагдаа дуудна, ямар овоо бацаанууд вэ” гээд орилсон. Тэгэхээр нь бид гурав гэр хорооллын гудамж руу ороод зугтаасан. ...Нөгөө ах биднийг хэсэг хөөж байснаа утсаараа яриад зогсчихсон. Бид гүйхээ болиод ... алхаж байхад гэнэт урдуур цагаан өнгийн машин орж ирээд шахаад зогссон. Бид гурав шууд зугтаасан. Харин И, Б хоёр тэр машинтай хүмүүст баригдчихсан. Би зугтааж байгаад буцаад эргэж харахад Быг нэг ах барьчихсан явган хүний зам дээр хөлөөрөө өшиглөж байхыг харсан. Тэр хүмүүс Б, И хоёрыг машиндаа суулгаад аваад яваад өгсөн. ...Үүрээр гэгээ орж байхад И над руу залгаад “Б бид хоёр танай гэрт ирчихсэн байна, чи хаана байна” гэсэн. ...Гэрт очиход Б, И хоёр хоёулаа хувцсаа тайлчихсан, хатааж байсан. Бы нүүр, өвдөг, гар зэрэг нь халцарчихсан бас цээж, нурууд нь хөх өнгийн туяа үүсчихсэн байсан. Иы нүдний доод хэсэг хөхөрчихсөн. Зүүн гарын дотор шуу хэсэгт тамхи унтраачихсан гээд шарх үүсчихсэн байсан. Бас өвдөг нь халцарчихсан, толгой нь энэ тэндээ хавдчихсан байсан. ...” /хх 40-41/,

О.Бын яллагдагчаар өгсөн “...Тэр машины жолооч залуу их хатуу ширүүн авир гаргаад, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй орилж хашхираад, намайг ч гэсэн зодчих гээд байсан. ...Тэр хоёр хүүхэд тэднийг зодож цохиод байсан. ...” /хх 3-4/,

А.Э яллагдагчаар өгсөн “...Би найз Аы хамт халтуур хийхээр явж байхдаа 7-н буудлаас Дамба руу явах замд нэг танихгүй залууг гурван залуу хөөж байгааг харсан. Хөөгдөж байгаа залуу нь такси бариад явсныг хараад өнгөрсөн. Би гэртээ ороод жолооны үнэмлэхээ авангаа хоолоо идчихээд буцаж гараад 7-н буудал руу явж байтал нөгөө хүн хөөж байсан гурван залууг өөр зүс танихгүй хүн хөөж байгааг харсан. Нөгөө гурван залууг хөөж байсан залуу утсаар ярингаа гар өргөхөд бид хоёр зогсож авсан. Тэр залуу суугаад “тэр гурван залуу намайг дээрэмдчихлээ” гэхээр нь хөөсөн. Бид хоёр тэр хүнд тусалж байна гэж бодсон. ...” /хх 7-12/,

өсвөр насны яллагдагч Э.Аы “...Би ... найз Этой орой 18 цагийн үед уулзсан. Тэр аавынхаа 03-70 УНН улсын дугаартай “Nissan march” загварын автомашиныг авчихсан “халтуур хийнэ” гэсэн. Бид хоёр ... шөнө 22 цаг өнгөрч байхад халтуур хийхээр гарсан. Гадуур халтуур хийж яваад 7-н буудлын эцэс дээр ... нэг ах гурван залууг хөөгөөд СБД-40 замын цагдаагийн постын орчим зам дагаад явж байсан. Хойноос нь хөөж байсан ахаас юу болсон талаар асуухад “тэнд явж байгаа гурван залуу ахыг нь дээрэмдээд, зодчихлоо, барьж өгч туслаач” гэсэн. Тэр ахыг суулгаад нөгөө гурван залуу дээр очиход тэд нар зугтаасан. Э нөгөө ахтай машинаас буугаад тэр гурвын хойноос хөөсөн. Тэд хоёр хүүхдийг нь бариад машинд суулгасан. Нэг хүүхэд нь зугтаачихсан гэсэн. Нөгөө ах “Дамбын гүүрний доор очоод зогсчих” гэсэн. Бид нар Дамбын гүүрний доор очиж зогссон. Нөгөө ах тэр хоёр залууг машинаас буулгаад зодсон. Э тэр өндөр нуруутай, үсээ боочихсон залууг 2-3 удаа цохисон. Би Эыг “чи тэнэг юм уу, болиоч” гээд түүнийг салгаж болиулсан. Нөгөө ах тэр хоёр хүүхдийн туранхай шар царайтайг нь барьж аваад машины хаалгаар 2 удаа толгойг нь хавчсан. Тэд нарыг “одоо ингээд яв” гээд гол дагаад хөөгөөд явуулсан. Э бид хоёр тэр ахад тусалсан. ...” /хх 15-17/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5449 дугаартай “...Г.Иы биед зүүн шуу, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. ...” /хх 59-60/ гэсэн дүгнэлт,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 56-57, 69-70/, өсвөр насны шүүгдэгч Э.Аы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 94/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нарыг бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Бын “...Миний бие хохирогч Г.И, Ө.Б нарыг ерөөсөө цохиж зодоогүй, эд юмсыг нь аваагүй байхад тэднийг зодсон, дээрэмдсэн гэж үндэслэлгүйгээр буруутгасанд гомдолтой байна. ...” гэсэн,

шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Я.Баатарын “...О.Бод ял оногдуулсан эрүүгийн хэрэг нь хуульд “олон нийтийн амгалан байдал алдагдуулах” гэмт хэрэг гэж хуульчлагдсан байхад, хэргийн материалд амгалан тайван байдлаа алдсан нэг ч хүнийг байцааж мэдүүлэг аваагүй, гэмт үйлдэл болсон газар нь аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн газар биш, эзэнгүй, ойр хавьд нь хүн, байгууллага, байхгүй зэлүүд газар байгаа нь гэмт хэргийн шинжгүй болохыг харуулж байна. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.И, Ө.Б нар нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, шүүгдэгч О.Бтой маргалдах болсон шалтгаан, О.Б, А.Э, Э.А нарын үйлдлийн улмаас өөрт учирсан гэмтлийн талаар /хх 24-28, 29-34, 35-38/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь гэрч О.Энх-Учралын /хх 40-41/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 5449 дугаартай дүгнэлт /хх 59-60/ зэргээр давхар нотлогджээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Б, А.Э, өсвөр насны шүүгдэгч Э.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, насанд хүрээгүй хохирогч Г.И, Ө.Б нарыг зодох явцдаа насанд хүрээгүй хохирогч Г.Иы эд зүйлийг дээрэмдэж, түүнд 101.000 төгрөгийн, хохирогч Ө.Бд 33.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Б, А.Э нарыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, өсвөр насны шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар шүүгдэгч нарыг дарамтад оруулж, эрүү шүүлт тулган, урьдчилан бэлтгэсэн мэдүүлгийг уншуулан гарын үсэг зуруулж хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Я.Баатарын “...Мөрдөгч Л.Очир, Мөнхбаяр нарын энэ үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “...Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн хуулийг зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн. ...Шүүгч Дуламсүрэн эрүүдэн шүүлт хэрэглэсэн тухай шүүгдэгч шүүх хурал дээр мэдээлж, мэдүүлэг өгч байхад үүнийг тогтоолгохоор хэргийг буцааж шалгуулахын оронд ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэлт хийж, хууль зөрчиж авагдсан мэдүүлэг дээр үндэслэн ял тулгаж шийтгэсэн нь шүүхийн ноцтой алдаа юм. ...” гэсэн, шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгсийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөв хэрэглэсэн бол хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлсэн, нотлогдвол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотлоогүй, нотлох баримт дутуу, яллах дүгнэлт нь яллагдагч нарт гардуулж өгснөөс өөр, овог нэр нь өөрчлөгдөн засварлагдсан боловч дахин овог нэрийн алдаатай, мөрдөн байцаалт явуулахдаа өөр овог нэрээр хууль сануулж байцаалт авсан гэх боловч мэдүүлгийг хууль ёсоор аваагүй, урьдчилан бэлтгэж зохион бичиж хэвлэсэн мэдүүлэг дээр сэтгэлзүйн дарамт учруулж, шууд гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргасан байдалтай хууль зөрчиж бүрдүүлсэн хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн прокурорт буцаах ёстой байсан боловч буцаалгүй шүүх хурлаар хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ааас өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин яллагдагч О.Б, А.Э нар насанд хүрсэн, зайлшгүй өмгөөлөгч оруулах шаардлагагүй бөгөөд яллагдагч нар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргаагүй нь тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хэргийг шийдвэрлэдэг бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Я.Баатар, шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/898 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Я.Баатар, шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ