Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 216

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

иргэдийн төлөөлөгч Э.Батболд,

хохирогч С.Хашхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж /№0032/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнболдод холбогдох 201725030380 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-0ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, цагдаа мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4-33 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17-44 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнболд /РД- ХП70093019/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: С.Цэрэнболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны 34 тоотын үүдэнд иргэн С.Хашхүүг таксины мөнгө өгөхгүй гэсэн үл ялих зүйлээр шалтаглан хэвлийн тус газарт нь хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цэрэнболд мэдүүлэхдээ: Манай найз хохирогч гэх хүнд таксины мөнгө өгсөн байдаг. Хохирогч дахиж мөнгө авах гээд ийм асуудал гаргасан. Ямар үндэслэлээр намайг цагдан хорьсныг мэдэхгүй байна. Надад цагдан хорьсон тогтоол үзүүлээгүй. Би 4 сар цагдан хоригдож байна. Тухайн хэрэг гардаг өдөр найзтайгаа төрсөн өдөр тэмдэглээд бид хоёр такси барьж миний найзын гэрт очоод дараа нь манай гэрт очсон. Миний найз таксины жолоочид таксины мөнгө болох 10.000 төгрөг өгсөн. Хохирогч надаас мөнгө нэхээд манай гэрт дагаж орсон. Би мөнгө байхгүй миний найз мөнгө өгсөн талаар хэлсэн. Би гэртээ ороод ширээн дээр байсан хутгыг аваад гараад ирэхэд миний ээж хориглосон. Хутга хараад хохирогч зугтаагаад явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Хашхүү мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед таксинд явж байтал хоёр хүн гар өргөж суусан. Тэгээд нэг хүн замдаа буугаад надад наад үлдэх хүнд 10.000 төгрөг байгаа талаар хэлсэн. Нөгөө хүн Тэнгис кино театрын хавьд гэртээ очно гэж хэлсэн. Би мөнгө өгчих гэж хэлтэл АТМ машинаас мөнгө аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд АТМ машин дээр очиход шүүгдэгч мөнгө гарч ирэхгүй байна. Гэрт очоод мөнгө авчих гэж хэлсэн. Би тэгээд шүүгдэгчтэй цуг гэрийн үүдэнд очсон. Тэгтэл нэг эмэгтэй хаалга тайлсан тэгээд шүүгдэгчээс хэдэн төгрөг гарсан гэж асуутал 10.000 төгрөг гэж хэлээд орсон. Би үүдэнд нь хүлээж байтал нөгөө эмэгтэй мөнгө байхгүй гээд хаалгаа хаасан. Тэгтэл шүүгдэгч цаанаас нь гарч ирээд миний гэдэс рүү хутгаар хатгасан. Тэгээд би зугтаагаад явсан. Одоо миний биеийн байдал тааруу гэдийж чадахгүй байгаа, би эмчилгээний зардалд нийт 20 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч С.Хашхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн 28-03ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн   Соната-3 маркийн автомашинаараа таксинд явсан. Би 2016 оны 01 дүгээр сарын 26-ны 23:30 минутын /үед/ Дамбадаржаагийн хавьд явж байсан чинь Дамбадаржаагаас 7 буудлын цагдаагийн пост руу явах зам дагуу замынхаа хойд талд 2 хүн гар өргөөд зогсож байсан юм... тэр хоёр хүн нас тогтсон шинжтэй махлаг өндөр, намхан туранхай хоёр хүн байсан. Махлаг өндөр эрэгтэй нь эхлээд Бага тойрог орно гэж хэлсэн юм... 32-ын тойрог дээр явж байсан чинь 57-гийн автобусны буудлын орчимд машинаа зогсоож бай гээд хоёулаа буугаад дэлгүүр орж 1 том пиво барьчихсан ирсэн...” гэх мэдүүлэг.

13 дугаар хороололд шүүхийн шийдвэрийн авто баазын хойно байх нэг байрны гадаа нөгөө махлаг биетэй өндөр эрэгтэйгээр зам заалган зогссон. Махлаг биетэй өндөр эрэгтэй нь буугаад гэртээ орсон. Би тэр ахаас мөнгөө хэн нь төлөх юм бэ гэж асуусан чинь -наад хүн чинь төлнө, гэхдээ наадахад чинь 10.000 төгрөг байгаа шүү болгоомжтой хүргэж өгөөрэй гэж байсан. Тэгээд би нөгөө ахаас та одоо яахын буух юм уу хаачих юм? гэж асуусан чинь -цаашаа явна ах нь Баянбүрд орно гэхээр нь танай найз 10.000 төгрөг байгаа гэсэн юм чинь мөнгөө өгчих тэгээд Баянбүрд рүү явъя гэж хэлсэн чинь замдаа ATM оръё гэсэн юм. Натурын зам дагуу байх нэг ATM дээр очиж зогсоод эндээс мөнгөө аваад өгчих ахаа гэсэн чинь ах нь очоод өгчихье түрийвчээ мартчихсан байна гэж хэлсэн.

 

Тэгээд Баянбүрдийн тойргоор уруудаад Тэнгис кино театрын хойд талд байх 17 дугаар байрны гадаа зогсоогоод дагаж ороод мөнгөө авчих гэж хэлсэн. Тэр 17 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талаасаа хамгийн эхний орцны 9 давхарт цуг гараад 34 тоот хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод цуг оръё гэсэн юм. Тэгэхээр нь би үгүй та өөрөө ороод мөнгөө аваад гараад ир гэсэн. Тэгээд дотор хаалга онгойлгосон чинь цаана уг эрэгтэй буюу С.Цэрэнболдын ээж бололтой нэг настай эмэгтэй, мөн эгч нь юм уу эхнэр нь бололтой нэг эмэгтэй байсан. Тэр хоёр эмэгтэй юун хүн бэ гэхээр нь энэ ахаас таксины мөнгө авах гэсэн юм гэсэн чинь С.Цэрэнболдын гэрт байсан 2 эмэгтэйн арай залуухан нь -хаанаас суусан юм наадах чинь хэдэн километр явсан юм гэж асуусан. Тэгээд хэдэн төгрөг өгөх вэ гэхээр нь 10.000 төгрөг өгчих гэсэн юм.

Тэгээд Цэрэнболдын ээж нь хаалган дээр ирчихсэн мөнгө байхгүй миний хүү гээд хаалгаа хаах гээд татах агшинд Цэрэнболдын хутгатай баруун гар хаалгыг татаж нээж онгойлгоод, намайг зүүн гартаа барьсан хутгаар зүүнээс баруун тийш чиглэлтэй хутгалах оролдлого хийхэд нь хойшоо гэдийгээд бултсан чинь баруун гарт байсан хутгаараа хэвлийн зүүн хэсэг рүү өлгөөд дүрсэн. Би шууд зугтаагаад гүйгээд гараад 5 давхар хавьцаа гүйж явсан чинь хэвлий хэсгээр бүлээн нойт оргиод явчихсан. 1 давхарт очоод курткээ сөхөөд үзсэн чинь өөх нь ярзайчихсан цус гоожиж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

 

Гэрч Б.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Хашхүү гэгч нь манай эмнэлэгт 2017 оны 01 сарын 27-ны үүрээр хэвлий хөндий нэвтэрсэн шархны улмаас ирж хэвтсэн. Яаралтай журмаар мэс засалд орсон юм. Хэвлийн зүүн талд хүйсний дээр хутгалагдсан нэвтэрсэн шархтай байсан.

Хэвлий хөндий бол нэвтэрсэн, дотор эрхтнүүдэд гэмтэл учраагүй. Хэвлийн хөндийд сул шингэн буюу цустай байсан. Доороос дээшээ чиглэлтэй байсан /шархыг шалгахад/. Хурц үзүүртэй, нэлээн томхон хутгаар үүсссэн байх гэж бодож байна /шархны байдлаас үзэхэд/.

Таксинд явж байсан чинь надаар үйлчлүүлсэн хүн таксины мөнгөө ав гэж гэрийнхээ үүдэн дээр аваачаад цаанаасаа хутга авч ирээд хутгалчихсан гэж ярьж байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

 

Гэрч Д.Жанчивын мөрдөн байцаалтад өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 17 дугаар байрны гадна таксинд суусан хүн мөнгөө өгөхгүй гэр лүү нь дагаад орсон чинь намайг хутгалчихлаа гэсэн дуудлага мэдээлэл 00:00 цагийн орчимд ирсэн.

Дуудлагын дагуу очиход 17 дугаар байрны 1 орцны үүдэнд автомашин дотор жолооч талын суудал дээр нь 25-30 орчим насны намхан эрэгтэй хүн хэвлий тус газраас нь цус гарсан байдалтай тэрийгээ гараараа дарчихсан сууж байсан.

...С.Хашхүүгээр өөрийг нь хутгалсан гэх этгээдийн царай зүс онцлог содон шинж тэмдгийн талаар болон хаана байгаа талаар асуухад намхан биетэй, бүрх малгайтай, хар өнгийн пальто өмссөн 50 орчим насны туранхай согтуу эрэгтэй хүн 17 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт 34 тоот хаалганд байгаа гэж заасны дагуу хаягаар очиход хаалгаа тайлж өгөхгүй баахан нүдүүлж байгаад Цэрэнболдын ээж нь бололтой 70 гаруй насны эмэгтэй хүн хэнтэй уулзах гэсэн юм бэ манай хүүхэд байхгүй манай хүүхэд юу ч хийгээгүй тайлж өгөхгүй баахан нүдүүлж байгаад Цэрэнболдын ээж нь бололтой 70 гаруй насны эмэгтэй хүн хэнтэй уулзах гэсэн юм бэ манай хүүхэд байхгүй манай хүүхэд юу ч хийгээгүй гэсэн. Тэгээд гэрт нь ороход том өрөөнд С.Цэрэнболд гадуур хувцастайгаа согтуу сууж байсан...

Ээж нь шууд хаалга тайлаад бид нарыг юу ч асуугаагүй байхад манай хүүхэд хэрэг хийгээгүй байхгүй байна гэж хэлж байсан. Эгч нь гээд нэг эмэгтэй согтуу орж ирээд таксины мөнгө асуухад нь ээж таксины мөнгө байхгүй өгөхгүй гэж хэлж байсан. Цэрэнболд таксины жолооч руу хутга барьж дайрах гээд байхаар нь би хутгыг нь аваад нуусан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39/.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №2218 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: 1 С.Хашхүүгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн дотор эрхтнүүдийг гэмтээгээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, шархны орчны эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..." гэх дүгнэлт /хх-ийн 43х/

Шүүх сэтгэц эмгэг судлалын № 176 дугаартай дүгнэлт "...1.С.Цэрэнболд нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй байсан байна. С.Цэрэнболд нь тэр үедээ өөрийнхөө хийж байсан үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг мэдэж, удирдаж чадаж байсан байна. С.Цэрэнболд нь сэтгэцийн өвчингүй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. С.Цэрэнболдод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна ..." гэх /хх-ийн 59-61х/

 

Яллагдагч С.Цэрэнболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүн хутгалснаа санахгүй байна... Би тухайн асуудал болох үед архи уугаад тасарчихсан байсан ба болсон асуудлыг санахгүй байгаа учраас үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна... 17 дугаар байрны гадаа очоод таксины жолоочийг дагаж ороод таксины мөнгөө авчих гэж хэлснээ санаж байна. Цаашаагаа юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81х/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-ийн 11-16х/, шинжээч эмчийн үзлэг хийсэн №2218 дугаартай дүгнэлт /хх-ийн 43х/, эд мөрийн баримтаар хутга, заазуур хураан авсан талаархи тэмдэглэл /хх-ийн 11-12х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №922 , 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №1298 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 47х, 68х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125х/ зэрэг болно.

Шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч С.Цэрэнболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барлах 17 дугаар байрны 34 тоотын үүдэнд хохирогч С.Хашхүүг “таксины мөнгө өгөхгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хэвлийн хөндийд нэвтэрсэн дотор эрхтнүүдийг гэмтээгээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, шархны орчны эдэд цус хуралт бүхий  хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь

Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 23-25/ өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Баттөмөр /хх-ийн 36-37/, Д.Жанчив /хх-ийн 39/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №2218 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт /хх-ийн 43х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын № 176 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-61х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-ийн 11-16х/, эд мөрийн баримтаар хутга, заазуур хураан авсан талаархи тэмдэглэл /хх-ийн 11-12х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №922 , 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №1298 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 47х, 68х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шйитгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч С.Цэрэнболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Хашхүү нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хавтас хэрэгт нийт 1.061.269 төгрөгийн /хх-ийн 87-99х/ эмчилгээ хийлгүүлэхэд гарсан болон холбогдох бусад зардлын баримт авагдсан байх тул шүүгдэгч С.Цэрэнболдоос нийт 1.061.269 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Хашхүүд олгуулан. Харин хохирогч С.Хашхүү нь эмчилгээ хийлгүүлсэн гэх баримтгүй байгаа зардал, цаашид хийлгэх эмчилгээний төлбөрөө холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Цэрэнболдын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн иштэй Sanlu гэсэн бичигтэй заазуур, хар өнгийн иштэй Sekizo гэсэн бичигтэй хутга зэргийг устгах нь зүйтэй гэж үзэв. Мөн    хохирогч С.Хашхүүгийн хутгалуулахдаа өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн дотуур өмд, саарал өнгийн фудболк, цэнхэр алаг өнгийн цамц, хар өнгийн куртик зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт С.Хашхүү нь буцаан авахгүй устгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлж байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Цэрэнболдод ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.    

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар С.Цэрэнболдод 7 /долоо/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Цэрэнболдын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэнболдын цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй  Sanlu гэсэн бичигтэй заазуур, хар өнгийн иштэй Sekizo гэсэн бичигтэй хутга, хохирогч С.Хашхүүгийн хутгалуулахдаа өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн дотуур өмд, саарал өнгийн фудболк, цэнхэр алаг өнгийн цамц, хар өнгийн куртик зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэрэнболдоос хохирол нийт 1.061.269  /нэг сая жаран нэгэн мянга хоёр зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Хашхүү /РД:УХ90091593/-д олгосугай.

 

8. Хохирогч С.Хашхүү нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. С.Цэрэнболдын эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Цэрэнболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

                                       

      ШҮҮГЧИД                                  Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                              

Б.ХАЛИУН