Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 119/ШШ2022/0053

 

                                                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                         

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-д холбогдуулан гаргасан “2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0063331 дугаартай шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Х.Э-т Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-ийн зөрчлийн 20220021 дугаартай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн Х.Э нь татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

ТХ-ийн ТУБ Б.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт нэхмэл сүлжмэлийн үйл ажиллагаа эрхэлдэг Х.Э нь 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Х.Э-т 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 0063331 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Иргэн Х.Э нь хувь хүний орлогын албан татварын тайланг тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь нотлогдсон байх ба эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 0063331 дугаартай шийтгэлийн хуудсын тодорхойлох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0063331 дугаартай шийтгэлийн хуудсын тогтоох хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Х.Э-т Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ТУБ Б.Э-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0063331 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байна. Тус 0063331 дугаарт шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-д холбогдуулан “татварын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0063331 дугаартай шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Х.Э-т Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-аас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.    

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 28 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Ц.Х-д итгэмжлэн, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь Орхон аймгийн ПГ-ын ХП-ын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн татварын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0063331 дугаартай Шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Х.Э-т Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулах”-ыг хүссэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-д холбогдуулан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0063331 дугаартай Шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 1 дэх заалтад “холбогдогч Х.Э-т Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай”  гэх өөрчлөлтийг оруулсугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ