Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

 

 

2025       01          09                                   2025/ШЦТ/25

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

улсын яллагчид М.Мөнхтайван,

шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2434***** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганц бие, Улаанбаатар хотын **** тоотод оршин суух хаягтай,

урьд *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

*** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

Ж овогт Д-ийн Б /РД: ****/ гэв.

 

Холбогдсон хэргийн агуулга:

Шүүгдэгч Д.Б нь **** нутаг дэвсгэрт хохирогч Х.О-ын эзэмшлийн 509,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Б: “Найзуудтайгаа хамт явж байсан. 8 дугаар сарын 31-ний орой бааранд би зодуулсан байсан. Нэг залуу ирээд суучих гээд хамт явсан. Тасарсан байж байгаад утсыг нь андуураад аваад явсан байсан. Би цохиогүй” гэв.

 

Мөн хавтаст хавтаст хэргээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

-Төв аймгийн Цагдаагийн газарт “Х.О-ын “8-р сарын 31-нээс 9-р сарын 01-нд шилжих шөнийн 02 цагаас 03 цагийн хооронд А15 samsung утсаа хүнд алдсан тул олж өгнө тусална уу” гэх өргөдөл /хх-1 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол/ мэдээлэл/-ийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-2 тал/,

-Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын  мэдээллийг гаргуулан авах авах 412 дугаартай санал /хх-3 тал/,

-Хаан банкны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн 412 дугаартай саналын хариу “шүүгдэгч Д.Б-ийн эзэмшдэг дансны мэдээллийг хүргүүлсэн 5721/24/967 дугаартай албан бичиг /хх-5 тал,

Дансны хуулбар /хх-6-тал/

Дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-7 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл “**** imei кодтой” /хх- 9 тал/,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Самсунг А15 маркийн хар өнгийн кесстэй, шар өнгийн гар утас 1 ширхгийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Х.О-т хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” /хх-10 тал/,

 

-Хохирогч Х.О-ын “...Од маркет дэлгүүрийн урд байх таксины зогсоолын зүүн талд явж байгаад миний утсаар ярьж байгаад миний зүүн талын шанаа хэсэг рүү цохиод миний утсыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх- 14-15 тал/,

 

-Иргэний нэхэмжлэгч О.А-ийн “...манай компани 250.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх- 22-24 тал/,

 

-Гэрч Д.Д-ийн “...Тэгээд явж байгаад утсаа алдсан талаар асуухад нэг танихгүй залуу миний утсыг гуйж утсаар ярьж байгаад миний нүүр рүү цохихоор нь тонгойгоод эргээд хартал миний усыг аваад явчихаар нь би араас нь утсаа авъя гэсэн чинь миний утсыг өгөхгүй гээд цааш харанхуй газар руу орчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

 

-Гарьд гүрү үнэлгээ ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 41-53 тал/ болон

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72 тал/ 1225578 дугаартай жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-71 тал/, Улсын ерөнхий прокурорын газар Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ц-1/3524 дугаартай албан бичиг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-69 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-68 тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйл дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Х.Оын эзэмшлийн 509,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Х.О-ын “ Утсаа хүнд алдсан тул олж өгч тусална уу” гэх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч Х.О-ын “Тэгээд бид хоёр ... таксины зогсоолын зүүн талд зогсож байгаад миний утсаар ярьж байгаад миний зүүн талын шанаа хэсэг рүү халь цохиод миний утсыг аваад явчихсан. Би утсаа авъя гэсэн боловч миний утсыг өгөхгүй байсан.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д-ийн “О манай нөхөр байгаа юм. ...Миний утсыг гуйж ярьж байгаад намайг цохиод тонгойхоор нь эргээд хартал миний утсыг аваад явчихсан” гэх мэдүүлэг зэрэг тухайн үйл баримтыг сэргээн дүрсэлж мэдүүлсэн хохирогч гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар авсан” үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

 

Харин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг эзэмших, хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг халдаж заналхийлж довтолдгоороо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай хүнд гэмт хэрэгт тооцогддог.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгийг, эд юмсыг авах зорилгоор довтолгоо эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхтэй үйлдлээр тус тус илэрдэг бөгөөд,

“Заналхийлсэн” гэдэг нь гэмт этгээд тухайн үедээ хохирогчид хүч хэрэглэх зэргээр шууд биеийн хүчний нөлөө үзүүлээгүй боловч эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үгээр айлган сүрдүүлэн заналхийлж, тэр нь учрах үедээ биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан хууль бус ажиллагааг хэлнэ” гэж,

“Довтлох” гэдэг нь гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илэрдэг.

Бусдын өмчлөх эрхийн эсрэг халдлага нь хэлбэрийн хувьд довтлох үйлдлээр илэрхийлэгддэг бөгөөд энэхүү довтолгоо нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах бодит байдлаар хүчирхийлэл үйлдэх, эсхүл үг хэлээр сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлэх, довтлогоо эхэлснээр дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх  буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” шинж хангагдахаар хуульчлагдсан байна.   

Дээр дурдагдсан гэрч хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч гар утсыг өөрийнх нь зөвшөөрлийн дагуу авч утсаар ярьсан буюу өөрийн эзэмшилдээ шилжүүлсний дараа авч илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд,

Харин хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэх үйл баримт хэрэгт баримтаар авагдаагүй байх тул шүүгдэгч Д.Батмөнхийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж хүндрүүлэн зүйлчилж гэм буруутай гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Иймд Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдуулан “дээрэмдэх” гэмт хэргийг “хүч хэрэглэж” үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэргийн үйл баримт болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд,

шүүгдэгч Д.Б нь хохирогчийн утсыг авахын тулд тулгарч буй аливаа саадыг арилгах зорилгоор хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж заналхийлсэн үйлдэл хийгээгүй байх тул шүүгдэгч дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглээгүй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг

 

Хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон Х.О-ын өмчлөлийн А15 маркийн гар утасны зах зээлийн үнэ 509.000 төгрөгөөр тогтоогдсон, хавтаст хэргийн 17 дугаар талд хохирогч Х.О “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч М.Мөнхтайвнаас: “Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэстэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн шинж, хувийн байдал харгалзан 3 жил хорих ял оногдуулах санал гаргаж байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. 2024 оноос хойш хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан авсан. Өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэсэн  ялын дүгнэлтийг,

 

-Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч С.Сувдмаагаас: “Тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдсэн. Хохирлын хэмжээг харах нь зүйтэй. Наймаа хийдэг, Япон руу явж бараагаа татдаг. Их зээлтэй, энэ үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Баянзүрх дүүрэгт амьдардаг. 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус гаргаж,

 

Шүүгдэгч Д.Б “Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү?” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг шүүхэд гаргав.

 

Шүүх шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчөөс санал гаргасан 6 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн 2434***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйл үгүй, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолбол зохино. 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ж овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн 2434***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйл үгүй, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн  шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ