Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Г.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Буяндалай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын С.Гт холбогдох эрүүгийн **************дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************иргэн Г.Бын нүд хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, улмаар биед зүүн нүдний алиманд цус хурснаас зүүн нүдийг авах хагалгаа хийгдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ************** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.С нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************Г.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд халдаж, зүүн нүд хэсэгт  нь  гараараа цохиж     биед нь зүүн нүдний алиманд цус хурснаас зүүн нүдийг авах хагалгаа хийгдэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бын өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Мөрөн сумын 6 дугаар хорооны 6-4 тоотод архи ууж унтаж байгаад ийм зүйл болсон. Одоо хохирол, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Бын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-6-4 тоотод хашаан дотор Г.С, Ц.Ббид гурав 0.5 литрийн  хэмжээтэй 1 шил архи хувааж уугаад суусан юм. .. 0.5 литрийн хэмжээтэй архи талдаа орж байхад нь би нөгөө 2-т хандаж “та хоёр хөдөө явах юм бол энэ үлдсэнээ аваад яв, ах нь муудаад байна” гээд би сууж байсан газраа унтчихсан юм. Нэг мэдэхэд миний зүүн  нүдний орчимд өшиглөх шиг болж надад өвдөлт мэдрэгдэхээр нь би ухасхийгээд босоод харахад Г.С намайг өшиглөж байсан. Г.С дахиад намайг зүүн ард талаас толгой руу пивор хувингаар цохисон. Тэр үед миний зүүн нүднээс цус гоожоод эхэлсэн, нүд ч юм харахаа байчихсан. Тэгээд би эхнэр лүүгээ утсаар залгаж Г.С зодоод байгаа талаар хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн эхнэртэйгээ хамт эмнэлэг рүү явсан. Г.Сийн ах нь эхнэртэйгээ хамт Улаанбаатар хот руу дагуулж яваад бүрэн эмчилгээ хийлгэсэн. .. Нүдээ яаралтай салгуулах хэрэгтэй гэсэн болохоор хотод очиж салгуулсан. Зүүн нүд огт юм харахгүй байгаа. 2 сарын дараа нүдтэй адилхан харагддаг юм суулгана гэсэн. Би унтаж байсан учир мэдэхгүй байна. Хэн хэн нь нэлээн согтуу байсан. Намайг зодуулж байх үед Ц.Бюу ч мэдээгүй, байшин руу ороод унтаж байсан байна лээ. ... Ойрын танил хүмүүс учир гомдол гэх юм алга. .. Надад бэлнээр 1.500.000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ авсан зардлууд нь ойролцоогоор 1 сая төгрөг болсон. Үүнийг бас тэд нар төлсөн. 1.500.000 төгрөгөөр нь бол би дахиж  хот руу явж эмчилгээ хийлгэж, эм тариагаа дууссан. ... Миний бие С.Гээс одоо бол 20.000.000 сая төгрөг нэхэмжилж байна. Үүнийг минь барагдуулбал гомдолтгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, боломжгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Ан өгсөн: “..**************дугаартай хэргийн хохирогч  Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.204.304 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай  этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 26/204 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн  14-15 тал/,

Гэрч Ц.Эгийн өгсөн: “..Өнөөдөр манай нөхөр Г.Б, Г.Сийн хамт манай ээжийн хашаанд буюу Мөрөн сумын 6-6-4 тоотод архи уугаад байгаа шинжтэй байсан. .. 19 цагийн үед манай ажил тарсан. Би гэр лүүгээ явж байх замд манай нөхөр над руу утсаар залгаад “намайг ирээд авчихаач, миний нүднээс цус алдаад байна гэж хэлсэн. Би шууд яваад очтол ээжийн хашаан дотор Г.Б, Г.С нар байсан. Манай дүү Ц.Бтасраад унтсан байсан. Г.Бын нүүр ам нь  битүү цус болчихсон, зүүн нүднээс нь цус гараад байгаа бололтой хашаан дотор хэвтэж байсан. Би нөхрөөсөө юу болсон юм гэж асуухад “намайг зүгээр хэвтэж байхад Г.С цохичихлоо” гэж хэлсэн. Би “юугаар цохичихсон юм гэж  Г.Сээс асуухад “гараараа цохисон” гэж надад хэлээд байсан. ... Эмнэлэгт ирж үзүүлэхэд “манай нөхрийн нүдийг айхтар гэмтсэн байна, хараагүй болж магадгүй гэсэн. Одоогоор КТГ-ын зураг авахуулж байна. Эмнэлгийн хариунууд гараагүй байна. Хот явж магадгүй байна. .. Г.С, Г.Б хоёр  хоёулаа согтуу байсан. ... Манай нөхрийн хэлж байгаагаар зүгээр хэвтэж байхад нь Г.С зүүн нүд рүү цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Ц.Б өгсөн: “...Г.Б ах, Г.С бид гурав Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-6-4 тоот буюу манай ээжийн хашаан дотор 2024 оны 09 сарын 01-ний өдөр 0.5 литрийн хэмжээтэй 1 шил Хараа нэртэй архи хувааж уусан. Энэ шил архийг  уухын өмнө Г.С бид хоёр хөдөөнөөс орж ирэх замдаа 2.5 литрийн хэмжээтэй 1 сав пиво хувааж уусан байсан. Г.Б ах дээрх шилтэй архинаас 200 грамм уугаад байшингийн хаалганы гадна талд унтчихсан. Г.С бид хоёр үлдэж 3, 3 хундагыг уусны дараа би ээжийн гэр лүү ороод унтсан. ..  Тэгээд намайг унтаж байхад хүн сэрээрэй гээд байхаар нь харахад манай эгч Ц.Э байсан. Ц.Э эгч надад хандаж “энд юу болоод байгаа юм гэхэд нь би босоод харахад гадаа Г.Б ахын зүүн нүднээс цус их хэмжээгээр гарч байсан, бас нойлын цаасууд цусаар бохирлогдсон байсан. Г.С  хажууд нь “би Бааска ахыг цохичихлоо” гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Гэрч  П.Т өгсөн: “...Миний хүү Г.С нь зан байдлын хувьд хөнгөн, хийсвэр, бодож санах юм байхгүй хүн. Эцэг эхтэйгээ зөв харилцаатай, хүний үгээр байдаг, боловсролгүй хүн. Ажил төрлийн хувьд ямар ч ажлыг гололгүй сайн хийдэг, улсад  ажилласан жил байхгүй. Т.Г сумын 1 дүгээр багт цөөхөн хэдэн малаа маллаж  амьдардаг. А.Г гэх эмэгтэйтэй ханилаад 1 жил гаруйгийн хугацаа өнгөрч  байна.  Дундаасаа 1 хүүхэдтэй. ... 2022 оноос хойш энэ хоёр архи согтууруулах ундааг ихээр хэрэглэж байна. Сүүлдээ манай хүү эд хөрөнгөө зарж Батбаатартай хамт архи ууж байна. Г.Бын эмчилгээнд манай талынхан бүх зардлыг нь дааж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Гэрч  Б.Цөгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний орой би ээжийнхээ гэр буюу Мөрөн сумын *-***** тоотод очсон. Тэгэхэд хашаан дотор нь Г.Бын зүүн нүднээс цус гарсан байдалтай доошоо тонгойгоод сууж байсан. Би юу болсон талаар асуухад  Г.Б надад “намайг зүгээр байж байхад Г.С цохичихлоо” гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 479 дугаартай: “...Г.Бын биед зүүн нүдний алиманд цус хурснаас зүүн нүдийг авах хагалгаа хийгдсэн байна. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд байх боломжтой. Г.Бын биед үүссэн гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонгид алдагдуулах тул хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны  тасгийн эмч М.Б дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 500 дугаартай: “...Г.Сийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/34 дугаартай шинжилгээ хийлгэхээс татгалзах тухай: “...Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гарах журмын 2.6 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана” гэж заасан. Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Үүрийнтуяатай 2024 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 94910001 дугаарын утсаар холбогдож, шинжлүүлэгч Г.Быг ирүүлж үзлэг, шинжилгээ хийлгэхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл үзүүлээгүй байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна...” гэх албан бичиг /хх-ийн 137-141 тал/,

Шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед  Т.**аг сумаас Ц.Ббид хоёр Мөрөн суманд орж ирсэн юм. Замдаа бид хоёр 2.5 литрийн  хэмжээтэй 1 пиво хувааж уусан байсан. ..  бид хоёр Мөрөн сумын ****** тоотод очсон. Тэнд Г.Б хамаатныхаа хүмүүстэй архи ууж байсан. 1 шил архи дөнгөж задлаад байж байхад нь Батбаатар бид хоёр хамт ууж суусан. Г.Б ах архи хамт ууцгаая, утсаа зарчих  гээд байхаар нь би утсаа зарж, нэмээд 2 шил архи авч ирээд ууж дуусгасан. Архи дууссаны дараа Г.Б ах 1 шил архи бас гаргаад ирсэн. Дахиад бид бид нар ууж суусан, Ц.Б, Г.Б нар хоорондоо муудалцаж л байсан. Уг нь анх бид хоёрыг ирэхэд Г.Б ахын зүүн нүд нь хөхрөлттэй л харагдаж байсан. Та яачихсан юм гэхэд яагаачгүй яагаачгүй гэж байсан. Орой 20-21 цагийн үед би байшинд ороод унтаж байхад Г.Б ах орж ирээд “***** гээд орилж босож ирээд намайг цохиод байсан. Тэгэхээр нь би “та одоо болиоч, миний аавыг тэгж болохгүй шүү” гээд би гараараа зүүн нүд рүү нь цохисон, тотго мөргөөд уначих шиг болсон. Би буцаж хэвтээд босоод иртэл Г.Б ахын эхнэр нь ирчихсэн, ахын нүднээс нь цус гараад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Г.Б нь манай баз, хамаатан садан бол биш. 3.800.000 төгрөгийг эмчилгээний зардалд нь өгсөн байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.С нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Г.Быг нүдэн тус газар цохиж хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлон тогтоогдсон байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Б гаргасан: ...Г.С нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Г.Бын биед хүнд хохирол учруулсан гэм буруутай нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэдгээ илэрхийлж байна....” гэх санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй. Хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн энэ хэрэгт хамааралтай бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учирсан  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг тухай бүрд нь хариуцан бодит хохирлыг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг тухайн сангийн дансанд төвлөрүүлсэн бусдад төлөх төлбөргүй гэх нөхцөл байдаг тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна...” гэх санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.С болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Б, иргэний нэхэмжлэгч Г.А, гэрч Ц.Э, Ц.Б, П.Т, Б.Ц нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 479 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны  тасгийн эмч М.Б дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/34 дугаартай шинжилгээ хийлгэхээс татгалзах тухай албан бичиг, шүүгдэгч Г.Сийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Г.С нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************Г.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд халдаж, зүүн нүд хэсэгт  нь гараараа цохиж  биед нь зүүн нүдний алиманд цус хурснаас зүүн нүдийг авах хагалгаа хийгдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Бын биед зүүн нүдний алиманд цус хурснаас зүүн нүдийг авах хагалгаа хийгдэж,  хохирогчийн биед хохирлын хүнд зэрэг учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Сийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Сийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Сийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Сийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 479 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б нь эмчилгээний зардалд 8.100.000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.С нь эм эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б шүүгдэгч Х.С.Г нарын хооронд байгуулсан: “... Г.Б би 8.100.000 төгрөг гаргуулна. Хохиролыг бүрэн төлж барагдуулна. Г.С би 5.000.000 төгрөгийг явцын дунд төлсөн. Үлдэгдэл төлбөр 3.100.000 төгрөгт 18 толгой эм хонь, 1 сарлагын шүдлэн үхрийг өгөхөөр тохиролцсон. Нийт 19 толгой малыг Г.Б миний бие өөрөө хүлээн авна. Бид сайн дурын үндсэн дээр байгуулж байгаа болно...”  гэрээг гаргаж өгч эвлэрсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б нь хохирол төлсөн, гомдол саналгүй байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Сийг  хохирогч Г.Бт  төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.204.304 төгрөгийг шүүгдэгч Г.Сээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Г.С нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.204.304 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 98 тал/-д хэрэгт авагдсан байна.

Иймд шүүгдэгч Г.Сийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Г.Б, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газарт тус тус төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Сийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан байна. Иймд учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10,000,000 торгох ялыг оногдуулах саналтай байна....” гэх, санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Буяндалай гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах санал, дүгнэлт байхгүй байна...” гэх санал дүгнэлт,

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учирсан  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг тухай бүрд нь хариуцан бодит хохирлыг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг тухайн сангийн дансанд төвлөрүүлсэн бусдад төлөх төлбөргүй гэх нөхцөл байдаг тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. .. Миний үйлчлүүлэгч эхнэр болон 9 сартай хүүхдийн хамт амьдарч ар гэрээ тэжээн тэтгэж явдаг. Түүний ээж Н.Т хавдар гэх өвчний улмаас байнгын эмчийн хяналтад байдаг. Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлж хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг өөрийн санаачилгаар барагдуулж байсан нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж болохоор хэм хэмжээг тусгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байх гэсэн хоёр хүчин зүйл байгаа. Г.С эдгээр шалгуурыг хангаж байна гэж дүгнэж байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна..” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг  төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид хүнд зэргийн хохирол учирсан, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь  үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.С нь 6 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч  С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийн цагдан хоригдсон  6 (зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

          5.  Энэ хэрэгт шүүгдэгч Г.С нь 6 хоног цагдан хоригдсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ДӨЛГӨӨН