Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Уурхайн байрны 54 дүгээр байрны өргөтгөлд иргэн маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт, бүсэлхий нуруу, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар 26-ны өдөр 17 цаг 30 цагийн орчим би найз ажил болох Хэрлэн сумын 6 дугаар баг Уурхайн 54 дүгээр байрны заслын газарт очиж найзын ажлынх нь газрын үл таних 2 залуутай танилцаж бид дөрөв ярилцаад 2.5 литрийн савлагаатай 5 пиво уусан. 5 том пиво уугаад би нэлээд согтсон байсан. Улмаар 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагаас 02 цагийн орчим үл ялих зүйлээс болж сангийн ажил хийж байсан сүүлд нь танилцсан залуутай би маргаан болоход уг 2 залуугийн дүү нь гэх нэг залуу намайг та яасан том яриатай юм бэ? гээд миний нүүр, хамран тус газар намайг 2-3 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад би уг залуугийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Би тухайн залуугийн өөдөөс зодож, цохисон зүйл байхгүй. Би уг залууд зодуулаад Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотод байрлах гэр лүүгээ харьсан. Миний хамар, шанаа хавдсан, нүд хөх туяа орсон. Тэр хоёр залуугийн дүү нь гэх нэг залуу надтай муудалцаж байгаад миний нүүр, хамар, шанаа орчимд 2-3 удаа цохисон. Тухайн залууд цохиулснаас болж миний хамар гэмтсэн учраас эмчилгээний зардал болох нэг сая төгрөгийг уг залуугаас гаргуулах хүсэлтэй байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Мөн бусад зардлуудыг баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 18-19, 23-24 талууд/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч гийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд ()-ийн эмчилгээний зардалд 35,396 төгрөгийг тус тус зарцуулсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс гийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гадуур явж байгаад гэртээ 16 цагийн орчимд очиход нөхөр нь гарч хүнтэй уулзлаа гээд надаар Хэрлэн сум 6 дугаар баг Уурхайн 54 дүгээр байрны гадаа машинаар хүргүүлсэн юм. Тэгэхээр нь би буулгачхаад гэр лүүгээ харьсан. Ингээд нөхөр над руу 19 цаг өнгөрөөгөөд утсаар ярихдаа найз уулзаад байж байна гэж ярьсан бөгөөд согтуу байгаа нь мэдэгдээгүй. Тэрнээс хойш ярихгүй байж байгаад 27-ны шөнө 04 цаг 35 минутын орчимд согтуу, хүнд зодуулсан, нүүр ам хувцас нь цус болсон байдалтай орж ирсэн. ...нэг хүнд зодуулчихлаа гэж хэлснийг нь би олон хүнд зодуулсан мэтээр буруу ойлгоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэжээ. /хх-ийн 34 тал/, 
Гэрч мөрдөн шалгах ажиллаганд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг Уурхайн 54 дүгээр байрны өргөтгөл дээр сангийн засварын ажлаа дуусгах гээд байж байтал гаднаас гэх залуу согтуурсан байдалтай орж ирэхээр нь чи дээр их муухай загнасан шүү, хүн доромжлоод байсан шүү гэж хэлсэн. ...Тэгээд ажлын дүү болох *******тай ажлаас гарсан. Гэтэл манай ажлын дүү болох ******* ажил дээр цамцаа мартсан байна гээд авах гээд буцаад ороход нь би гадаа хүлээж байсан. Гарч ирэхгүй удаад байхаар нь би ажил руу буцаад ортол манай ажлын дүү гэх залуутай барьцалдаад байж байхаар нь би салгаж аваад гэр гэр лүүгээ харьсан. Тухайн үед манай ажлын дүү надад хэлэхдээ намайг цамцаа авах гээд ороход нь баасныхан яаж яваа юм бэ? гэж хэлэхээр нь чи хүнийг доромжиллоо гэтэл босож ирээд араас нь татаад чих рүү нь алгадахаар нь би эргэж хараад цохисон гэж надад хэлсэн. Би тухайн үед гадаа ажлын дүүг хүлээгээд байж байсан учир нүдээр хараагүй. гэх залуугийн хамар, нүүрэн тус газарт нь манай ажлын дүү болох ******* цохисон талаар надад манай дүү хэлсэн...” гэжээ. /хх-ийн 37-38 тал/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №600 дугаартай дүгнэлтэд: 
1. гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт, бүсэлхий нуруу, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал
- Тань оруулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Уурхайн байрны 54 дүгээр байрны өргөтгөлд хохирогч маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын цус хуралт, бүсэлхий нуруу, баруун, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 600 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч нь “эрүүл мэндэд учирсан хохиролд 1000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилнэ” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж үзэхэд хохирогч нь хэрэгт өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. 
Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно. 
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хүснэгтэд зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух /РД: /-д олгохоор шийдвэрлэв. 
Мөн иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 35,396 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. 


Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хүснэгтэд зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух /РД: /-т олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
6. Хохирогч нь эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ