| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0422/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/440 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/440
2024 12 13 2024/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ххххх дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Батмандал,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Ххххх аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ш-ын О-д холбогдох эрүүгийн хххххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ххххххххх аймгийн ххххххх суманд хххх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ххххх аймаг, хххххх сум, ххххххххххх багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хххххххххх дугаарын регистртэй, Б овгийн Ш-ын О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ш.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ш.О:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хххххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ш.О нь нь согтуурсан үедээ Ххххх аймгийн Хххххххххх сумын хххххххххххх багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 29-ны орой 19 цагийн үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ш.Э-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, мотоциклоос татаж унагаан хүч хэрэглэж, эсэргүүцсэн үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
С-33 загварын энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
хохирогч Ш.Э-ын ... Би 2024 оны 10 дугаар сарын 29-ны орой 19 цагийн орчимд Ххххх аймгийн Хххххххххх сумын ххххххх багийн нутагт эргүүл хяналт шалгалт албан үүрэг гүйцэтгэж байх хугацаанд улсын дугааргүй хххх маркийн улаан өнгийн мотоцикл жолоодож явсан иргэн Д.Т-ыг зогсоон шалгахад мотоциклын ард талд нь Ш.О гэх хүн хамт явж байсан ба уг хоёр хүн нь биеийн хэлэмж өөрчлөлтэй, хэл яриа нь бүрэн гүйцэт ойлгогдохгүй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байсан. Тухайн үед хххх улсын дугааргүй хххх маркийн мотоцикл жолоодож явсан гэх Д.Т-ыг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар Цагдаагийн албан байр руу авч явах гэтэл Ш.О нь Д.Т-ыг явуулахгүй хэрэггүй гэж хэлсэн. Миний албаны дүрэмт хувцаснаас Ш.О нь татаж зулгаан явуулахгүй байсан. Намайг ажилгүй болгоно дарга нарыг чинь танина шүү гэж заналхийлж, хэл амаар доромжилсон. Д.Т нь драгер багаж руу үлээж шалгуулахаас зайлсхийж татгалзахаар нь улаан өнгийн хххх маркийн мотоциклийг түр саатуулахаар цагдаагийн албаны байр руу авч явахаар хөдлөх үед Ш.О нь намайг мотоцикл жолоодож эхлэх үед мотоциклын гараас зүүн гараараа миний албаны дүрэмт хувцаснаас баруун гараараа татаж унагаасан. Намайг унагаасны дараа Ш.О миний хувцаснаас зуурч энгэрийн камерыг газар руу шидсэн. Ш.О нь намайг баруун гараараа толгой хэсэг рүү чиглэж цохисон боловч оноогүй. Тэр үед пиздаа гэх хараалын үгийг Ш.О нь хэлж байсан. Баруун гарын сарвуу бугуйн хэсэгт 3 см урттай шалбархай үүссэн байсан. Ш.О намайг мотоциклоос унагаасны дараа надтай зууралдах үед үүссэн. Би 15 минутын хугацаатай бичлэг хийсэн. Үзүүлэх шаардлагагүй. Баруун гарын сарвуунд шалбархай үүссэн. Намайг мотоциклоос унагаасны дараа би Ш.Ог гавлах гэж оролдсон боловч чадаагүй. Биед нь халдаж зодсон асуудал байхгүй. Харин би өөрийн биеийг хамгаалах болон Цагдаагийн албаны тухайн хуулийн 5 дугаар бүлгийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж Ш.Огийн дээлийн захаас нь барьж унагаан гавлах гэж оролдлого хийсэн. Миний биед халдаагүй. Харин зөрчил үйлдсэн драгер багаж руу үлээж шалгуулахаас зайлсхийсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
гэрч С.Н-ийн ...2024 оны 10 дугаар сарын 29-ны оройн 19 цагийн орчимд би Ххххх аймгийн Хххххххххх сумын ххххх багийн нутаг Х хүнсний дэлгүүр рүү орох гээд явж байхад хэсгийн төлөөлөгч, Э намайг дуудсан. Намайг өөрийн хувийн машин болох приус 51 маркийн тээврийн хэрэгслийг цагдаагийн албаны байр руу хүргээд өгөөч гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон зөрчилтэй Ш.О, Д.Т нартай цуг байсан. Хэсгийн төлөөлөгч Э мотоциклийг цагдаагийн байр руу авч явна гэсэн шаардлагыг Ш.О, Д.Т нарт хэлэхэд эсэргүүцэж, пиздаа минь гэх хараалын үг хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Э хххх маркийн улаан өнгийн мотоциклийг унаад дөнгөж хөдлөх үед Ш.О нь зүүн талаас баруун гар тал руу түлхэж унгааж байгаа харагдсан. Э мотоциклтэй унасны дараа Ш.О хувцаснаас нь зуурч маргалдаж харагдсан. Э согтуу байна мотоцикл барьж болохгүй гэж шаардлага тавьсан, Ш.О мотоцикл өгөхгүй гэж эсэргүүцсэн. Хэл яриа байгаа байдал нь илт согтуу харагдсан. Эрүүл байсан бол цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэхгүй байх. Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодсон. Намайг уучлаарай. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
гэрч Д.Т-ын ...Би Ххххх аймгийн хххх суманд ерөнхий боловсролын сургуулийг 2006 онд 10 дугаар ангийн төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Монгол хэлээр уншиж бичиж чадна. Бид хоёр нэг айлын хүргэн базууд. Би Ххххх аймгийн Хххххххххх сумын хххх багийн нутагт байрлах гэрээсээ улаан өнгийн ххххххх маркийн мотоциклын ард Ш.Ог суулгаад "Х" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогссон. Би мотоцикл жолоодохын өмнө би 2,5 литрийн нийслэл нэртэй пиво уусны дараа мотоцикл жолоодсон. Бид хоёр дэлгүүрийн гадаа байхад хэсгийн төлөөлөгч Э ирсэн. Цагдаа Э намайг согтууруулах ундаа хэрэглэсэн байна тандагч багаж руу үлээ гэж хэлсэн. Би үлээсэн. Хэсгийн төлөөлөгч Э намайг цагдаагийн байр руу авч яваад үлээлгэе гэсэн би үлээгээгүй. Хэсгийн төлөөлөгч Э миний жолоодож явсан мотоциклыг авч явна гэсэн. Би Х нэртэй хүнсний дэлгүүр рүү орсон. Ш.О цагдаа Эын хамт үлдсэн. Намайг дэлгүүрээс гараад ирэхэд Ш.О мотоцикл дээр сууж байсан. Миний биед халдаагүй. Мэдэхгүй байна. Ш.О нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодсон. Намайг уучлаарай. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
сэжигтэн Ш.Огийн ...Би Ххххх аймгийн Хххххххххх сумын ххххх багийн нутагт гэртээ 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 3 хул айраг, 3 шил архийг тамганы найранд ирсэн хүмүүстэй цуг уусан. Оройн 19 цагийн орчимд Д.Т ххххххх маркийн мотоцикл жолоодоход би ард нь сууж Х хүнсний дэлгүүр хүртэл 1 км орчим газар явсан. Х хүнсний дэлгүүрийн гадаа очиход хэсгийн төлөөлөгч Этай тааралдсан. Хэсгийн төлөөлөгч Э Д.Т-ыг согтууруулах ундаа хэргэлж тээврийн хэрэгсэл жолоодсон гэж мотоциклийн түлхүүрийг авах гэхэд би булаацалдсан. Түлхүүр өг гэхэд би өгөөгүй. Д.Т мотоцикл жолоодсон би ард нь сууж явсан. Би өөр зүйл огт санахгүй байна. Би маш их согтсон байх болсон үйл явдлыг санахгүй байна. Би өмнө 2024 оны 04 дүгээр сарын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Би Д.Т-ыг дэлгүүр рүү пивонд явъя гэж гуйсан. Тэгтэл цагдаад баригдсан. Д.Тын жолоодох эрхийг хасуулахгүй тулд мотоциклийн түлхүүрийг хэсгийн төлөөлөгчтэй Ш.Этай булаацалдсан. Энэ үйл явдлаас хойш юу болсныг би мэдэхгүй байна санахгүй байна... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
яллагдагч Ш.Огийн ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлгээ өмгөөлөгч байлцуулж өгнө... /хх-ийн 37 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ххххх аймгийн Хххххххххх сумын Уянга 3 дугаар багийн нутагт өөрийнхөө унагыг тамгалаад, тамганы найрт ирсэн хүмүүстэй 3 шил архи хувааж уугаад найз Т-тай хамт мотоциклтой Х гэх дэлгүүр орох гээд сундлаад ирэхэд дэлгүүрийн гадна цагдаа хүрч ирээд жолоо барьж байсан Т-ыг согтуурал шалгах багажаар үлээлгээд мотоцикл журамлана гээд хэсгийн төлөөлөгч бид хоёрын мотоциклоос буулгаад мотоцикл унаад хөдлөх гэхээр нь би мотоциклоо өгч явуулахгүй гээд мотоциклийн түлхүүрээс бариад таттал хэсгийн төлөөлөгч мотоциклтойгоо газарт унасан, ингээд мотоцикл өгчих гээд гуйгаад өгөөгүй мотоцикл унаад яваад өсөн. Энэ миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хэсгийн төлөөлөгч Эаас уучлалт гуйсан. Би санаатай мотоциклийг татаж унагаагүй, түлхүүрээ авах гэтэл өөрөө мотоцикль хөдөлгөөд татагдаж унасан өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 38 дугаар хуудас/,
хохирогч Ш.Эын ...Ш овогтой Э миний бие нь Од холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд тус хэргийн улмаас гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шалгуулах хүсэлттэй байна... талаарх хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
Ш.Огийн ...Ш овгийн О миний бие үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тал хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... талаарх хүсэлт /хх-ийн 53 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ш.Ог гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
...Ххххх аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаж шүүгдэгч Ш.Од холбогдох хххххххххххххххх дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ш.О нь согтуурсан үедээ Ххххх аймгийн Хххххххххх сумын ххххх нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед цагдаагийн алба хаагч албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, мотоциклоос нь түлхэн унагааж, хүч хэрэглэж эсэргүүцэл үзүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч Ш.Эын мэдүүлэг, гэрч н.Н-ийн мэдүүлэг, гэрч Д.Тын мэдүүлэг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ш.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.Огийн өмгөөлөгч Б.Жигмэддорж:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч эрүүгийн хэрэгт анх удаа холбогдож байгаа түүний хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.О:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй шүүгдэгч Ш.О болон түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлэг болон дүгнэлтийг гаргадаг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Ш.Огийн холбогдсон гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Хорин гуравдугаар бүлэгт заасан “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд нийтийн албаны ашиг сонирхлын халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Тодруулбал “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргүүд нь “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух”, “Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх”, “Хайнга хандах”, “Хуулиар хориглосон тусгай техник хэрэгсэл ашиглах”, “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” зэрэг гэмт хэргүүд бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүдээс хууль сахиулагч, нийтийн албан тушаалтан, албан хаагч, эмнэлгийн ажилтан, албаны ажилтан зэрэг субьект, обьект, аргаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба тус тус ялгагддаг.
Үүнээс “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн гэмт үйлдэл нь хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх биелүүлэх үүрэгтэй атлаа зориуд биелүүлэхгүй эсэргүүцэж хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдсан болон хүч хэрэглэхээр заналхийлж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдсан эсхүл хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдлээ мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Тухайлбал, шүүгдэгч Ш.О нь хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл хийснээрээ материаллаг шинжтэй төгссөн гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Ш.О хүний биед хүч хэрэглэн эсэргүүцсэн, халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ш.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн болох нь хавтаст хэргийн 52 дугаар хуудаст авагдсан хохирогч Ш.Эын хүсэлт, мөн хавтаст хэргийн 53 дугаар хуудаст авагдсан шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Ог энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
...Шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт 1 ширхэг СД хураагдан ирсэн. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу ял тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тохиролцсон... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.Огийн өмгөөлөгч Б.Жигмэддорж:
...Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шатанд хүртэл өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2.700.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн. Нэмж хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.О:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Ш.Од оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор шүүгдэгч Ш.Од /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх төлөөр санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Ш.Од торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхөөр тогтоож,
шүүхээс хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн хххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ш-ын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Ш-ын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн Ш-ын Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Ш-ын Од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Ш-ын О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овгийн Ш-ын Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ххххх аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ш-ын Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН