| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0388/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/409 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/409
2024 11 25 2024/ШЦТ/409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хххххх дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Батмандал,
улсын яллагч Б.Долгор,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хххххх аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Д-ын Бт холбогдох эрүүгийн ххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хххх аймгийн хххххх суманд хххх оны хх дугаар сарын ххх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ххх аймаг, ххххххххххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хххххххххххх дугаарын регистртэй, Ц овгийн Д-ын Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Б:
...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгчихсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Б-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ Хххххх аймаг А сум ххххххххххх тоотод иргэн Ч.Б-г шалтгаангүйгээр зодож түүний биед “...баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, бүсэлхий, зүүн бугалга, гуяны цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 08 дугаар 06-ны өдрийн 477 дугаартай
...1. 2. Ч.Б-гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, бүсэлхий, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 4-6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
хохирогч Ч.Б-гийн өгсөн ...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Би 2024 оны 07 дугаар сарын 30-ний үдээс хойш 17 цагийн гэртээ ганцаараа байхад гаднаас Д.З согтуу хаалга онгойлгож орж ирээд агсан тавиад намайг ална гээд миний толгой хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохисон. Мөн миний хувцсыг тайлж нүцгэлээд миний баруун талын нүд хэсэг хэсэг рүү цохиж нүд хавдаж хөхөрсөн. Миний зүүн гуяны тодор тал хэсэг З гараараа доторлож хөхөрсөн. Баруун гарын шууна дээр бас гараараа цохисон. Тэгээд би жангаар хагартал манай хажуу талын айлын хүн цолмон орж ирээд салгаж З-г манай гэрээс гарсан юм. Би сайн мэдэхгүй байна. Манайхаар өмнө орж ирж байгаагүй юм. Миний толгой хэсэг рүү 2-3 удаа баруун гараараа цохисон З. Мөн миний хувцсыг тайлж нүцгэлээд миний баруун талын нүд хэсэг хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиж нүд хавдаж хөхөрсөн. Миний зүүн гуяны тодор тал хэсэг рүү З гараараа доторлож хөхрүүлсэн. Баруун гарын шууна дээр бас гараараа цохисон. Миний хувцсыг З согтуу орж ирээд миний хувцсыг тайлж зодсон. Бэлгийн харилцаанд ороогүй болно. Би их гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага арга хэмжээ авхуулмаар байна. Би 2012 онд тархиндаа харвалт өгч баруун талын гар, хөл хоёр мэдээгүй саажилттай өндөр настай хүн ганцаараа амьдардаг юм. Тэгээд согтуу хүн орж ирээд дээрэлхээд байхаар хэцүү байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, гомдол санал байхгүй байна... /хх-ийн 6 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Тийм үйлдэл гаргаагүй юм байна лээ. Би анх мэдүүлэг өгөхдөө сайн санахгүй буруу зөв ярьсан юм байна лээ. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан юм. Зарим зүйлсийн сайн санахгүй байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол мөнгийг бүрэн барагдуулсан. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 10 дугаар хуудас/,
гэрч Д.Сын өгсөн ...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б эгчийн гэрт эхнэр Ц-ийн хамтаар архи ууж байхад гаднаас Д.З согтуу орж ирээд үргэлжлүүлэн архи ууж байгаад архи дуусангуут нь би эхнэр Ц-ийн хамтаар гэртээ орсон. Удалгүй хажуу талд Б эгчийнд хүн хашгираад байхад нь манай эхнэр Ц орсон. Би ороогүй юм. Эхнэр Д.Зг Б эгчийн гэрээс хөөж гаргаад явууллаа гэсээр эхнэр Ц гэртээ орж ирсэн. Би хараагүй. Хажуу айлд хүмүүс шуугаад байхаар нь манай эхнэр Ц гэр лүү нь орсон. Би эхнэр Ц, Б эгч нарын хамтаар ууж байхад гаднаас З орж ирсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч Б.Ц-ийн өгсөн ...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдөр Б эгчийн гэрт нөхөр С хамтаар архи ууж байхад гаднаас Д.З согтуу орж ирээд үргэлжлүүлэн архи ууж дуусгасан. Тэгээд би нөхрийн хамтаар гэртээ орсон юм. Удалгүй Б эгч чанга хашгираад байхаар нь би гэр лүү нь ортол Б эгч газар шалан дээр хэвтсэн. З орон дээр сууж байхаар нь болсон зүйлийн талаар асуутал, З нь Б эгчийн нүүрэн хэсэгт гараараа цохиж хавдгасан байсан. Тэгээд би Д.Зг, Б эгчийн гэрээс хөөж гаргаад гэр лүүгээ орсон. Би хараагүй. Хажуу айлд хүмүүс шуугаад, хүн хашгираад байхаар нь гүйгээд ортол Б эгч газар хэвтсэн, нүүр ам нь хөхөрч хавдсан байсан юм. Болсон зүйлийн талаар асуутал Д.З нь цохиж зодсон талаар хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,
сэжигтэн Д.Бийн өгсөн ...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ний Б эгчийн гэрээр ганцаараа өдөр ортол С, эхнэрийн хамтаар, Т, Б эгч охины хамтаар архи уугаад сууж байсан. Би дэлгүүр ороод ундаа, Сэнгүр нэртэй пиво 1 савыг аваад Б эгчийн гэрт ороод уусан. Дараа нь С дэлгүүр ороод нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи авч ирээд үргэлжлүүлэн уусан. Тэгээд би ер нь согтоод түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Нэг сэрэхэд Сийн эхнэр намайг цохиод байх шиг байсан. Тэгээд би гэрээс нь гарсан юм. С миний хөмсөг рүү цохисон. Тэгээд би тэнийхээс гарсан юм. С ахын гэрт хоносон. Би санахгүй байна архи уугаад согтсон байсан. Би намайг нэг сэрэхэд Сийн эхнэр намайг цохиж байсан. С миний зүүн хөмсөг рүү цохисон. Яг ямар шалтгаанаас цохисон г нь би сайн санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй болно. Би санахгүй байна. Тийм зүйл болоогүй байх. Маргааш нь өглөө нь намайг Б эгчийн гэрт ороход, Б эгчийн нүд хөхөр байсан. Чи намайг гараараа цохисон. 100 мянган төгрөг олоод ир эм авч ууя гэж хэлсэн. Би за хэлж гараад мөнгө олж ирж чадаагүй болно. Түүнээс хувцас хунарын тайлсан зүйл байхгүй болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй болно... /хх-ийн 15 дугаар хуудас/,
яллагдагч Д.Бийн өгсөн ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б эгчийн гэрээр ортол С эхнэрийн хамтаар архи уугаад сууж байхаар нь цуг архи уусан юм. Би Стэй маргалдаад С гэх залууг цохих гэж байгаад Б эгчийг цохисон байсан юм. Цохисон үйлдээ үнэхээр их харамсаж байна. Хохирол мөнгөө барагдуулсан байгаа болно. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Б эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг барагдуулсан юм. Би тийм зүйл гаргаагүй болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Долгор:
...Хххххх аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгор би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, мөн хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Бт холбогдох ххххххххххххх дугаартай шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллагдагч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ Хххххх аймаг А сум, ххххххххххх тоотод иргэн Ч.Б-г шалтгаангүйгээр зодож түүний биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, бүсэлхий, зүүн бугалга, гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б:
...Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Д.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Д.Б нь хохирогч Ч.Б-гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, бүсэлхий, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тодруулбал шүүгдэгч Д.Б хохирогч Ч.Б-г шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болох хөнгөн хохирол учруулсан байх гэсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг болно.
Тэрээр шүүгдэгч Д.Б хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, бүсэлхий, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ч.Б нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 6, 10 дугаар хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлгүүд, шүүх хуралдааны тов хохирогчид мэдэгдсэн мэдэгдэх хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Долгор:
...Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үлдээлгэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Б:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтиийг тус тус гаргасан.
Улсын яллагчийн шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах... гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.
Шүүх шүүгдэгч Д.Бт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн.
Тиймээс шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх шүүгдэгч Д.Бийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин прокурор зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Д.Бт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1
дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Д-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц овгийн Д-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Д-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц овгийн Д-ын Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц овгийн Д-ын Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хххххх аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн Д-ын Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН