Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2021/00965

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Люкс хаус-5153 дугаар байр, 2 давхарт байрлах, ............. ....................-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 1 дүгээр баг, Чандмань 5 давхар байр, 3 тоотод оршин суух, ...............................................-д холбогдох,

Зээлийн гэрээг цуцлуулах, гэрээний үүрэгт 19,011,906.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Б.............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............. ХХК-ын Баянчандмань салбараас Ш.Эрдэнэбаатар, Б.............. нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201844225631 тоот зээлийн гэрээ байгуулан 19,977,449.10 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, Б.............. нарын өмчлөлийн гэрийн эд хогшил, зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, Б.............. нарын өмчлөлийн цалин болон түүнтэй адилтгах орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/201844225631 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4,054,154.31 төгрөг, хүүгийн төлбөрт 5,095,398.15 төгрөг, нийт 9,149,552.46 төгрөг төлсөн. Зээлдэгч Ш.Эрдэнэбаатар нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Иймээс зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг Б..............аас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээл 15,923,294.79 төгрөг, хүү 3,088,611.27 төгрөг, нийт 19,011,906.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.............. шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............. ХХК-ын Баянчандмань салбараас цалингийн зээлийн гэрээгээр нэхэмжилж байгаа 19,977,449,10 төгрөгийг дараах үндэслэлээр төлөхгүй, төлөх төлбөрийн чадваргүй байна. Тухайн зээл нь цалингийн зээл бүтээгдэхүүн бөгөөд тухайн зээлийн гэрээний 3.2.2-д заасны дагуу цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгах авах ёстой. Гэтэл зээлдэгч Ш.Эрдэнэбаатар 2020 оны 4 сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд түүний 5735185626 тоот дансанд энэ цалингийн зээлийн бүтээгдэхүүний гол төлбөр болох цалин орох нөхцөлгүй болсон. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.............. миний бие Төв аймгийн Баянчандмань Политехникийн коллежид математикийн багш ажилтай, үндсэн цалин 895,945 төгрөг. авдаг. Төрийн банкнд цалингийн зээлийн гэрээтэй бөгөөд сард 2 удаа, нийт 6,880,007 төлдөг. Энэ цалингийн зээл 2023 оны 12 сарын 17-ны өдөр дуусах бөгөөд зээлийн үлдэгдэл 14,722,890.01 төгрөг байна. Иймээс Б.............. миний бие иргэний хувьд олдог ганц орлого багшийн цалингаасаа талийгаачийн энэ зээлд төлбөр төлөх боломж байхгүй. Миний бие 5 хүүхэдтэй. Тэдний 4 нь насанд хүрээгүй тул өрх толгойлсон эмэгтэй би дээрх цалингийн үлдэгдэл орлогоор хүүхдүүдийнхээ хэрэгцээ, амьжиргааг хангаж хүрэлцэхгүй амьдардаг. Манай гэр бүл бүгд газар эзэмшээгүй, өмчлөөгүй, орон гэргүй бөгөөд өнчин 5 хүүхдийн хамт төрийн өмчит Баянчандмань Политехникийн коллежийн багш нарын төрийн өмчийн байранд түрээс төлж амьдардаг. Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх миний амьдралын боломжгүй байдал, өнчин 5 хүүхэд, насанд хүрээгүй 4 хүүхдийн ирээдүйн амьдралын байдлыг муудуулахгүй байхыг харгалзан үзэж дээрх баримт, тайлбарыг үндэслэн ............. ХХК-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............. ХХК, хариуцагч Б..............д холбогдуулан зээлийн гэрээ цуцлуулах, гэрээний үүрэгт нийт 19,011,906.06 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийг гаргажээ. /хх-1,2/

Хариуцагч Б.............. ... миний нөхөр Ш.Эрдэнэбаатар 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан тул тус банкны Баянчандмань салбарын 5735185626 дансанд энэ цалингийн зээлийн бүтээгдэхүүний гол төлбөр болох цалин орох нөхцөлгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, маргаж байна. /хх-30,31/

Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ............. ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Ш.Эрдэнэбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.............. нартай №ЗГ/201844225631 дугаар зээлийн гэрээ байгуулж, нийт 19.977.449 төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар 5735190964 дугаар дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээгээр Шагдарсүрэнгийн Эрдэнэбаатар нь зээлдэгч, Бямбаагийн ............. хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь нотлогдож байна.

Зээлдэгч Ш.Эрдэнэбаатар 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нас барьсан бөгөөд ............. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл Ш.Эрдэнэбаатар, Б.............. нарыг зээлийн гэрээний нэг тал буюу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн Б..............д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зээлийн гэрээнд зээлдэгч Ш.Эрдэнэбаатарын хамтран зээлдэгчээр Б.............. гарын үсэг зурсан боловч банк түүнээс зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасантай нийцэхгүй гэж үзлээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчдын хороонд байгуулагдсан гэрээгээр зээлдэгч нь Ш.Эрдэнэбаатар болох нь мөн Ш.Эрдэнэбаатарт цалингийн зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцөл, хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээний гол нөхцөл бол цалингийн зээл бөгөөд цалин нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэх ба ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс юм.

Хөдөлмөр эрхлэх, үүний төлөө цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба нөгөө талаас өөрийн орлогоо барьцаалж цалингийн зээл авах нь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Зээлийг зээлдэгч, мөн барьцаалуулагч Ш.Эрдэнэбаатарын ............. 5735190964 тоот дансанд шилжүүлэх, зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж, зээл авсан бөгөөд зээлийн гэрээний 2.4.2-д зааснаар дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгахаар тохиролцжээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Ш.Эрдэнэбаатар холбогдолтой болохоос гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан өөрийн цалинг барьцаалаагүй Б..............д хамаарахгүй байна.

Хамтран зээлдэгч Б..............д зээл олгох үндэслэл, хэдий хэмжээний цалин авдаг зэрэг нь зээлийн гэрээ болон хавсралтад тусгагдаагүй байна.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан хариуцагч Б..............д хамаарахгүй юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заасан байна.

Ш.Эрдэнэбаатар /нас барсан/-ын цалингийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мэдэж, ойлгосон байдлаар Иргэний хуулийн тухайн харилцаанд хамааралтай зохицуулалтыг хариуцагч Б..............д хамаатуулж хэрэглэх хууль зүйн үндэслэл болохгүй.

Иймд Б..............д холбогдуулан зээлийн гэрээг цуцлуулах, гэрээний үүрэгт 19,011,906.06 төгрөг гаргуулах тухай ............. ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253.084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасныг баримтлан хариуцагч Б..............д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 19,011,906.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ............. ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ