Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 71

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0078/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                    Н.Болор-Уянга ,

Улсын яллагч                                     Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                             Ц.Батхүрэл нарыг  оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гучид овогт Цэдэндамбын Батхүрэлд холбогдох эрүүгийн 201723000119 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Ар булаг” гэх газарт оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх  Гучид овогт Цэдэндамбын Батхүрэл /РД: СР83101115 /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар:

Яллагдагч Ц.Батхүрэл нь 2017 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Баахна” гэх газраас иргэн Н.Хишигбаярын эзэмшлийн “Супер вени” маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

            Хохирогч Н.Хишигбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө би хөдөө гэрийн гаднаас Вени маркийн ногоон өнгийн улсын дугааргүй  мотоциклоо алдсан. Тэр мотоциклийг 2 жилийн өмнө шинээр 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэр шөнө гэрийн гадаа мотоциклоо орхихдоо түлхүүрийг нь хамт орхисон байсан. Тэгтэл гэрийн гаднаас асааж унаагүй  хол түрж аваачиж  байгаад асаагаад явсан байсан. Би мотоциклоо одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

            Гэрч С.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “... Ц.Батхүрэл 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагийн үед Өмнөдэлгэр сумаас ирсэн. Удалгүй Батширээт сум орно гээд явсан. Батхүрэлийн унаж явсан мотоцикль ногоон өнгийн улсын дугааргүй Вени маркийн мотоцикль байсан. Тэрийг унаж яваад 1 хоног алга болоод буцаж ирсэн. Тэгээд мотоциклоо зарахаа хамт явъя гээд Барх гэх газарт Түвшин гэх айлд очсон. Түвшээ Батхүрэлд хязаалан эр үхэр өгөхөөр болоод мотоциклоо үлдээгээд надтай хамт явсан. Маргааш нь очиж үхрээ авна гээд гэрээс морь унаад явсан. Тэгээл хоосон буцаж ирсэн. Мотоцикль цагдаа яваад байна. Надад хулгайн мотоцикль гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Сэжигтнээр Ц.Батхүрэлийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 20-с 21-нд шилжих шөнө би Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг Баахна гэх газарт байсан Н.Хишигбаатар гэх хүний ногоон өнгийн улсын дугааргүй Вени маркийн мотоциклийг нь гэрийн гадаа байхад нь хулгайлж авсан. Би шууд Батширээт сум Хурх багийн нутагт байх Номгон гэх газарт С.Ганбаатар гэх айлд өглөө 8 цаг болж байхад очсон. Тэнд 1 хоноод маргааш нь хойшоо Бархын гол гэх газарт Түвшээ гэх айлд очиж мотоциклийн наймаа хийсэн. мотоциклоо 800.000 төгрөгт бодож хязаалан эр үхэр авхаар болоод би явсан. Маргааш нь очоод үхрээ авна гэж байсан. Тэгж явахдаа Ганбаатар гэх хүнтэй хамт явж байсан. Ганбаатарынд 13 хоног байсан. Тэгээд Өмнөдэлгэр сум явж гэртээ очсон ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

 

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-41 тал/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч Ц.Батхүрэлийг 2017 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Баахна” гэх газраас иргэн Н.Хишигбаярын эзэмшлийн “Супер вени” маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Батхүрэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Батхүрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Хишигбаяр шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй хэмээн шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байна. Иймээс шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 418 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Гучид овогт Цэдэндамбын Батхүрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Ц.Батхүрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Ц.Батхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт зааснаар энэ  тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Батхүрэлд батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА