Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2018/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- .................. тоотод байрлах, Ш Н ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч................ тоотод оршин суух, эрэгтэй, О овогт С-гийн Б-д холбогдох,

газар чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 03 дугаар сарын 17-нд Б гэх хүнээс түүний нэр дээр байдаг Ш Н компанийг 25.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахад компаний эд хөрөнгө, түүний дотор компаний эзэмшлийн 8988 м2 газар багтсан юм. Газрын байршил нь хуучин баазын байсан газрын хэсэг юм. Миний авсан газрын байршил хэмжээ нь кадастрын зургаараа байгаа. Компанитай шилжиж ирсэн газар дээр хоёр павьлон байдаг ба тухайн үед Б хэлэхдээ компаний газар дээр сүүлд баригдсан, ямар нэг маргаан гарвал би хариуцаж зохицуулах юм гэж хэлээд бичиг хүртэл хийж өгсөн. Түүнээс хойш энэ хоёроо авдаг ч үгүй, ашигладаг ч үгүй хэдэн жил боллоо. Би газрыг гэрээний дагуу үнэ мөнгийг төлж авсан шударга эзэмшигч боловч газраа хуулийн дагуу эргэлтэнд оруулж ашиглаж чадахгүй байна. Би Б гуайд гэрээний дагуу мөнгө төгрөгөө бүрэн өгсөн. Энэ хоёр павьлоны хувьд Б гуай хэлэхдээ манай газар дээр хүн барьсан юм түрээс ч өгөөгүй байгаа, надыг зараад өгөөч гэсэн юм гэж хэлж байсан. Би газрын болон бусад объектын үнийг нийт компани авсан үнэнд бүрэн төлсөн тул хэрэв өөр хүн барьсан юм бол Б гуай цаашаа тооцоо хийсэн байх гэж бодож байгаа, хэрэв хийгээгүй бол тэр хүн Б гуайтай тооцоо хийх нь хууль ёсны болох байх. Ямар ч байсан газрын шударга эзэмшигч би зөрчигдөж байгаа газар эзэмших эрхээ сэргээлгэж Ш Н компанийгазар дээр байгаа уг хоёр павьлоныг өөрийн газар дээрээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна.

С.Б гуай хоёр павилоныг 2002 онд Галсандорж гэдэг хүн авгайтайгаа барьсан гэж утсаар хэлж байсан. Б, Б нарын гарын үсэгтэй баримтыг надад өгөөд байгаа боловч би Б гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй. Гурван жилийн өмнө Ш Н компаний эзэмшлийн газрыг цуцалсан учраас би шүүхэд хандаж шийдвэрлүүлээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан. Ууганбаатар гэдэг хүн иргэдийн хуралд байхдаа хоёр павилоныг миний нэр дээр болгохгүй байна гээд газрын эзэмшлийг цуцалж байсан. Тиймээс Ууганбаатартай утсаар ярихад миний павилон биш, Б гэдэг хүн мэднэ гэж хэлсэн. Галсандоржийг нь би сайн танихгүй учраас ноднин уулзахад миний павилон гэхэд нь хэдээр зарах юм гэхэд үнийг манай хүүхэд Ууганбаатар мэднэ гэж хэлсэн. С.Б гэдэг хүнээс үүнийг худалдан авсан учраас түүнийг хариуцагчаар татсан, Б хүмүүсээ мэдэж байгааучраас павилоны асуудлыг шийдэж өг гэдэг шаардлагыг тавьж байна гэв.

Хариуцагч шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 03-нд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан хоёр павьлон надад ямар ч хамааралгүй, 2 павилоныг 2002 онд манай эзэмшлийн хашаанд дур мэдэн барьсан бөгөөд эзэн нь Галсандорж түүний хүүхэд гэж сонссон. Ш Н компаний хашаанд олон павилон байсан бөгөөд зах ажиллахаа байснаас хойш эзэд нь павилоноо буулгаж авсан. Энэ хоёр павилонд газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээ байхгүй, хүн худалдан авдаггүй, өөрөө буулгаж авдаггүй павилоныг бүрэн бүтэн байгаа дээр нь шүүгчийн шийдвэрээр эзэнд нь буулгаж авахыг хүсье гэжээ.

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан тайлбартаа: Б гэдэг хүний юм. Миний бие павьлоныг хариуцан зохицуулна гэж бичиг хийж өгсөн зүйл байхгүй, надад хамааралгүй зүйлийг надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Уг нь 2002 онд 4 павьлон зэрэгцэн барьсан байсан. Энд павьлон барих уу гэж надаас асуугаагүй, хоёр нь манай төрсөн ахынх байгаад ашиглахгүй байгаа учраас ав гэснээрхоёрыг нь буулгаж авсан. Үлдсэн хоёрыг нь Бд аваач гэж хэлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зарахаар нь надтай тооцоо хийгээч гэж бичиг хийж, нотариатаар батлуулсан. Зарагдаж хүн авахгүй болохоор би яахав, уг бичиг нь хэргийн материалд байгаа. 20 шахам жилийн өмнө барьсан хоёр павьлоныг Галсандорж гэдэг хүн, гэр бүлийн хүний хамт түүхий тоосго, үнсэн блокоор барьж байхыг нь би өөрөө харсан. Одоо болохоор Бынх гэдэг юм. Галсандорж гэдэг хүнийх биш гэдгийг би яаж мэдэх юм. Өөрөөс нь минийх биш гэдгийг тодруулна уу. Газрын тухай хуулинд өмчлөх, эзэмших, ашиглах тухай тодорхой зүйл байгаа павьлон барьсан хүнд ойлгуулж өгмөөр байна. Энэ хоёр павьлоны эзэн 2000 оноос хойш хог хаягдал, газрын, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, дээрх аль ч татвар төлөөгүй. Бага ч гэсэн хүний эд хөрөнгө гэж бодож байгаа учраас би өөрөө мэдэж буулга гэж хэлж чадахгүй байна. Уг асуудал нь одоо мөрдөж байгаа Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас надтай ямар нэгэн асуудал ярих шаардлагагүй гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэлийг хариуцагчид нь буцаахыг хүсье гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш Н ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан компаний эзэмшлийн газарт баригдсан байгаа хоёр павилоныг буулгуулж газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Хариуцагч С.Б-д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 98715277 дугаарын утсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч С.Б шүүх хуралдаанд очиж оролцох боломжгүй, хүсэлтээ шуудангаар явуулна гэж, миний бие хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд биеэр очих боломжгүй гэх хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр ирүүлсэн байна /хх-65, 66/.

Хариуцагч шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-66, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2009 онд иргэн Бгаас Ш Н ХХК-ийг худалдаж авахад, тухайн компаний эзэмшлийн газарт баригдсан хоёр павилон байсан бөгөөд энэ хоёроо авдаг ч үгүй, ашигладаг ч үгүй өдийг хүрсэн. Компаний эзэмшлийн газрын төлбөрийг би төлж, уг хоёр павилоны доорх газрыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа учраас Бд холбогдуулан компаний эзэмшлийн газарт байгаа хоёр павилоныг буулгаж газар чөлөөлүүлэхээр шаардаж байна гэж тайлбарлан /хх-1, 31/, ********** регистрийн дугаартай Ш Н ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний огноотой иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээ гэх нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээ, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 04 сарын 05-ны өдрийн огноотой 14 дугаартай өмчлөгчийн эрх олгох тухай гэх тогтоолын архивын хуулбар, ********** дугаартай Ш Н ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, ********** регистрийн дугаартай Ш Н ХХК-ний кадастрын зурагны хуулбар, Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар гэх тэмдэг дарсан мөртлөө он сар, дугаар байхгүй, ямар баримтаас хуулбарласан нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй гар бичмэл баримтууд, үл хөдлөх бүртгэл газрын албанд гэж хаяглагдсан Б, С.Б гэх хүмүүс гарын үсэг зурсан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг нотлох баримтаар гаргасан /хх-5-6, 7-9, 10, 11, 12, 14-17, 18/.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2 павилоныг 2002 онд манай компаний эзэмшлийн хашаанд дур мэдэн барьсан бөгөөд эзэн нь Галсандорж түүний хүүхэд гэж сонссон. Ш Н компаний хашаанд олон павилон байсан бөгөөд зах ажиллахаа байснаас хойш эзэд нь павилоноо буулгаж авсан. Энэ хоёр павилонд газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээ байхгүй, хүн худалдан авдаггүй, өөрөө буулгаж авдаггүй. Би павилоныг хариуцан зохицуулна гэж бичиг хийж өгсөн зүйлгүй, надад хамааралгүй зүйлийг надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бтай зарагдахаар нь тооцоо хийх талаар бичиг хийсэн боловч зарагдаж хүн авахгүй болохоор би яахав. Уг асуудал нь одоо мөрдөж байгаа Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас надтай ямар нэгэн асуудал ярих шаардлагагүй, хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан /хх-24, 58, 66/ үл хөдлөх бүртгэл, газрын албанд гэж хаяглагдсан иргэн Б, Б хоёрын хооронд ямар нэгэн газрын маргаан байхгүй, миний хоёр павилон байгаа энэ павилоныг зарсны мөнгийг надтай тооцоо хийхээр тохирлоо гэж бичигдэж, Б, Б нар гарын үсэг зурсан гар бичмэлийн нотариатаар батлуулсан /хх-59-60/ баримтыг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш Н ХХК-ний эрхийг С.Б гэх иргэнээс Ц.Н шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй бөгөөд тус компаний ерөнхий захиралаар Ц.Н-ийг 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн болох нь ********** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-5-6/.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 200 тоот шийдвэрээр Ш Н ХХК-нд нэгж талбарын ********** дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт байрлах 6143 кв.м талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 10 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгосон болох нь 000319626 дугаартай газар эзэмших гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, кадастрын зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна /хх-11, 12, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Харин иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гэх 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой гэрээ, Говь-Алтай аймгийн татварын хэлтэст өргөдөл гаргах нь гэх Б гэж гарын үсэг зурсан гар бичмэл, тодорхойлолт гэж гараар бичсэн баримтуудыг нотлох баримтаар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-7-9, 14-17/.

Нэхэмжлэгч Ш Н ХХК-ний эзэмшлийн газарт хоёр павилон баригдсан байгаа талаар талууд тайлбарлаж байх боловч хариуцагч С.Б өөрийн өмч биш тул надад хамаагүй, хариуцахгүй гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газарт хариуцагч С.Б павилон барьсан болох нь түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс эзэмших эрх бүхий газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар шаардахын тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байхын зэрэгцээ хариуцагчийн эзэмшил өөрөө хууль бус байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт баригдсан байгаа гэх хоёр павилоныг хариуцагч С.Б барьсан болох нь, түүний эзэмшил, өмчлөлд байдаг болох нь, ашигладаг болох нь, эсхүл 2009 оноос хойш нэхэмжлэгч хариуцагчид шаардлага гаргаж байсан эсэх нь тус тус тодорхой бус, баримтаар тогтоогдоогүй нөхцөлд тэдгээрийн хоорондох маргаан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтанд хамаарахыг тодорхойлох боломжгүй байна.

Учир нь маргааны зүйл болоод павилонд эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн эсэх, эдгээр павилонуудын бүртгэл хэрхэн хийгддэг зэрэг байдлууд тодорхой бус, нөгөө талаар хариуцагч С.Бг ямар гэрээ хэлцэлд үндэслэн эдгээр павилоныг эзэмшиж байгаа, эсхүл өмчлөх, улмаар бусдад худалдах эрхтэй зэрэг нь тодорхой бус байгаагаас хариуцагчийг хууль бус эзэмшигч мөн, эсхүл биш гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч С.Б нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт баригдсан байгаа гэх хоёр павилоныг нэхэмжлэгчид худалдсан гэх байдал тогтоогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог ба нэхэмжлэгч Ш Н ХХК, хариуцагч С.Б нарын хооронд павилон худалдах худалдан авах тухай хэлцэл хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.

Нэхэмжлэгч өөрийгөө шударга эзэмшигч гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэх зохицуулалт нь С.Бд холбогдох газар чөлөөлүүлэх шаардлагад хамааралгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг газрыг компаний хамт хариуцагч С.Бгаас худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч компаний эрх шилжүүлэх, компаний эзэмшил, өмчлөлд бүртгэгдсэн ямар, ямар эд хөрөнгө шилжүүлсэн, худалдан авсан талаарх ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдоогүй бөгөөд газар эзэмшигчийн эзэмшиж байгаа газарт маргааны зүйл болсон павилон байрлаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл Ш Н ХХК нь Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 200 тоот шийдвэрээр 6143 м.кв га газрын худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх боловч Ш Н ХХК-ний худалдаж авахдаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдсан эсэх талаарх баримтыг талууд шүүхэд гаргаагүй, хариуцагч С.Б нэхэмжлэгч компанид павилон худалдсан гэх байдал, хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хууль бусаар павилон барьчихаад эзэмшээд, ашиглаад байгаа гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргасан боловч гэрээний үүрэгтэй эсхүл тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан эзэмшлийн газарт баригдсан байгаа хоёр павилоныг буулгаж газар чөлөөлүүлэхийг хариуцагч О-д овогт С-гийн Б-аас шаардсан нэхэмжлэгч Ш Н ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ