Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2020/01345

 

 

 

 

 

2020 10 06                       151/ШШ2020/01345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Алтантуул, Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..............тоотод оршин суух, ........... овгийн Б.Ч

Хариуцагч: ............ оршин суух, .......... овгийн Л.А 

Хариуцагч: .................. тоотод оршин суух, ........ овгийн Н.Г нарт холбогдох

Гэм хорын хохирол 13 367 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гармаа, өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагч Л.А., өмгөөлөгч Б.Баярмаа, гэрч Б.Уянга, Г.Баярбаатар /онлайнаар/, иргэдийн төлөөлөгч Ц.Сүх, нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч.шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Л.А. нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 хороо, булгийн 19 гудамж 1125 тоот хашаа байшинг мөргөж хохирол учруулсан. Л.А. нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэртээ амьдрах боломжгүй байна. Иймд хохирол 13 367 000 төгрөгийг Л.А.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Манайх энэ байшингаа өөрсдөө барьж 2 жил гаран амьдарч байсан, нөхөр маань автобусны жолооч, би сувилагч ажилтай, бага насны 3 хүүхэдтэй айл юм. 2019 оны 09 сарын 08-ны өдрийн 11.30 минутын үед манай байшингийн баруун хойд талаас гал тогооны өрөөнд суудлын машин цөм мөргөөд ороод ирсэн. Машины урд хэсэг байшинд тэр чигээрээ орж ирсэн. Машин жолоочгүй байсан. Тэр үед би жирэмсэн 2 хүүхэдтэйгээ том өрөөнд байж байсан юм. Ингээд цагдаа дуудаж хэргийн газар үзлэг хийсэн, 2 хоногийн дараа байшиндаа үзлэг хийлгэж, Ашид билгүүн ХХК-д 512000 төгрөгийн хөлс төлж, үнэлгээний тайлан гаргуулсан. Үнэлгээний тайлангаар байшинд учирсан хохирлыг 12855000 төгрөг гэж тогтоосон. Байшинг бүхэлд нь засвар хийх шаардлагатай гэж үнэлгээний тайланд тусгасан байгаа.

Осол гарсны дараа байшинд амьдран суух боломжгүй тул 3 нялх хүүхдээ дагуулаад аав ээж, хамаатан саднаар амьдарч байгаад энэ зун бага зэрэг засвар хийгээд орсон.

            Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж байшинд учирсан хохирлыг 7980 800 төгрөг гэж, дахин хүсэлт гаргаж шинжээч үнэлгээг 1 792 370 төгрөг гэж гаргасан байна.

Энэ хоёр үнэлгээг зөвшөөрөхгүй, үнэлгээ нь машин орж ирсэн эвдэрхий хэсгийг бөглөх, таглах хэмжээг л үнэлсэн байгаа юм.

Гэтэл хэрэг болсон даруйд үнэлгээ нь байшинд учирсан бүх хохирлыг үнэлсэн үнэлгээ юм. Иймд Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээнээс падаангүй авсан зардал 1 553 000 төгрөг, зарлагын баримтаар авсан 1 140 000 төгрөг, нийт 2 693 000 төгрөгийг хасаад 10 674 000 төгрөгийг хариуцагч Л.А.аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Н.Гүррагчаа нь уг машиныг Л.А.т худалдсан гэсэн, осол гарах үед Л.А. машинаа засаж байсан тул энэ хохирлыг Л.А.аас гаргуулж өгнө үү. Хариуцагч Н.Гүррагчаагаас нэхэмжлэхээс татгалзаж байна гэв.

Хариуцагч Л.А. шүүхэд гаргасан тайлбартаа...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1125 тоот хашаа, байшинг миний эзэмшлийн машин засвар хийж байхад эвээс нь мултарч мөргөсний улмаас 12 855 000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилж байгаа нь бодит хохиролтой нийцэхгүй байна гэжээ.

Хариуцагч Л.А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие 2735 УБЭ улсын дугаартай соната 2 маркийн тээврийн хэрэгслийг Н.Гүррагчаагаас худалдан авсан, бичиг баримтыг шилжүүлж аваагүй байгаа юм.

2019 оны 09 сарын 18-ны өдөр өндөрлөг газар машиндаа засвар хийж байтал өнхөрч 2-3 хашаа дайраад нэхэмжлэгчийн хашааг мөргөөд байшинд нь ороод зогссон. Би машинаа зогсоох гэж өөрөө урдуур нь орсон боловч зогсоож чадаагүй алдсан. Байшинд нь би засвар хийгээд өгье гэхэд зөвшөөрөөгүй. Миний бие 2 оюутны тэтгэлэг төлдөг, эрхэлсэн ажилгүй, төлбөрийн чадваргүй тул Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн 12855000 төгрөгийг төлөх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлсэн 1 792 370 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Н.Гүррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа...Н.Гүррагчаа миний бие Л.А. гэдэг хүнд соната 2 маркийн машиныг зарж худалдсан болно. Уг хэрэг гарах үед машин Алтанзагасын мэдэлд очсон байсан тул надад хамааралгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч.хариуцагч Л.А.т холбогдуулан гэм хорын 12 855 000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 512 000 төгрөг, нийт 13 367 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Н.Гүррагчааг татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гэм хорын 12 855 000 төгрөг, үнэлгээний хураамжид төлсөн 512000 төгрөг, нийт 13 367 000 төгрөг гаргуулах шаардлагаас гэм хорын хохирол 12 855 000 төгрөгөөс /баримтгүй зардал 1 553 000 төгрөг, баримттай зардал 1 140 000 төгрөг, нийт 2 693 000 төгрөгөөр багасгаж/ нэхэмжлэлийн шаардлага 10 674 000 төгрөг гэж тайлбарлан, энэ шаардлагыг дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Л.А. нь 2019 оны 09 сарын 08-ны өдрийн 11.30 минутын үед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт 2735 УБЭ улсын дугаартай саната 2 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаандаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 14.6-д жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн зүйлийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 19-1125к тоот хаягт орших нэхэмжлэгч Б.Чинзоригийн өмчлөлийн хашаа, байшинг мөргөж хохирол учруулсан болох нь зохигч талуудын тайлбар болон Л.А.ыг уг зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуульд шийтгэл ногдуулах тухай 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 3100006190887863 тоот шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

Хариуцагч Л.А.ын санамсаргүй үйлдэл түүнээс учирсан хор уршиг буюу байшинд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч Н.Гүррагчаа нь Л.А.т 2735 УБЭ улсын дугаартай саната 2 маркийн тээврийн хэрэгслийг худалдсан гэх хэдий ч тээврийн хэрэгслийн бүртгэл Л.А.ын өмчлөлд шилжээгүй байна.

Харин уг хэрэг учрал болсон цаг хугацаанд уг тээврийн хэрэгсэл хариуцагч Л.А.ын эзэмшил, ашиглалтад бүрэн шилжсэн болох нь хариуцагч талуудын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд зохигч талууд энэ талаар маргаангүй байна.

Иймд хариуцагч Л.А. нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д зааснаар бусдад учирсан гэх хорыг хариуцна арилгах үүрэгтэй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Н.Гүррагчаагаас гэм хорыг нэхэмжлэхээс татгалзсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...осол гарсны дараа 2 хоногийн дараа Ашид билгүүн ХХК үнэлгээний тайлан гаргаж хохирлыг 12 855 000 төгрөг гэж үнэлсэн тул энэ үнэлгээгээр хохирлыг нэхэмжилнэ, харин өөрийн гаргасан зардал 2 693 000 төгрөгөөр хасаж 10 674 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...шүүхээр дүгнэлт гаргасан хохирлыг бодитоор үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 1 792 370 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

Зохигч талууд хариуцагчийн гэм буруу, түүнээс учирсан хохирлын талаар маргаагүй харин учруулсан хохирлын хэмжээний талаар маргаж, хэрэгт цугларсан хөрөнгийн үнэлгээний тайлан болон дүгнэлтийг шаардлага болон татгалзлын үндэслэл болгож байна.

Хашаа байшинд учирсан хохирлыг ............ ХХК 12 855 000 төгрөгийн үнэлгээний тайлан, хариуцагчийн хүсэлтээр Итгэлт эстимейт ХХК 7 980 800 төгрөг мөн хариуцагч хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 1 792 370 төгрөг гэж шинжээчийн дүгнэлт тус тус гаргажээ.

Зам тээврийн осол нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр гарч уг ослоос 2 хоногийн дараа .......... ХХК нь үнэлгээний тайлан гаргасан бөгөөд уг тайланд байшингийн дээврийн төмөр цөмөрч урагдсан, дээврийн гарниз мод хугарсан, хойд талын хана цөмөрч нурсан /хөөсөн блок, тоосго, хөөс/, 4 метр урт банзан хашаа нурж цөмөрсөн, шон хугарсан, дотор таазны лампир хагарсан, ханын цаас замаска эмульс хагарч урагдсан, гурвалжин орой урагшаа гүйж бүхэлдээ ханарсан, өрөөнүүдийн паркетан шал нурсан тоосго блоконд зурагдаж халцарсан, өрөө хоорондын хана цуурч урагш зүг рүү ханарч гүйсэн эдгээрийн засварлах материалын өртөг ажлын хөлс, тээврийн зардлыг нийт 12 855 000 төгрөг гэж гаргажээ.

Энэхүү хохирлыг хэрэг учрал болсон даруйд үнэлгээ гаргасан талаар мэдүүлсэн гэрч Б.Уянга шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт... ослын дараа 2 хоногийн дараа үзлэг хийхэд байшинд учирсан хохирол тодорхой хэмжээний эвдрэл гарсан хэдий ч энэ нь байшингийн бусад хэсэгт шууд нөлөөлсөн гэж дүгнэсэн... тухайлбал машин гал тогооны ханыг бүхэлд цөмөрч орсон байдал нь бусад өрөөний хана хөдөлгөөнд орсон үүний улмаас зайлшгүй бэхэлгээ, засвар хийх, дээвэр хөдөлгөөнд орсон, шал солих зэргийг бодит байдлаар үнэлсэн гэжээ.

Дээрх үнэлгээний тайлан болон уг үнэлгээний талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг бүхий нотлох баримтыг нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээний шаардлагад хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх бүрэлдэхүүн эргэлзээгүй талаас үнэлсэн болно.

Нэхэмжлэгч үнэлгээний тайлангаар тогтоосон 12 855 000 төгрөгөөс 2020 онд засвар хийсэн хийсэн 2 693 000 төгрөгийг хасаж, хохирол 10 162 000 төгрөг болон үнэлгээний тайлан гаргахад төлсөн хураамж 512 000 төгрөг, нийт 10 674 000 төгрөгийг шаардсан байна.

Иргэний хуульд...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч Л.А. нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг 10 674 000 төгрөгийг нөхөн үүрэгтэй байна.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 293 тоот дүгнэлтээр гаргасан 1 792 370 төгрөгийн үнэлгээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох үндэслэлгүй байна.

Учир нь уг дүгнэлт цаг хугацааны хувьд осол хэрэг гарснаас хойш 1 жилийн хойно өмчлөгч нь тодорхой хэмжээний засвар хийсний дараа мөн тухайн эвдрэл бүхий нурсан хана, тааз, шал, хаалга, зуухны яндан, дээврийн засвар, хашааны засварын хэмжээг тодорхой хэсэг талбайн хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлгүй байна.

Энэ нь шинжээчийн дүгнэлт гаргасан Г.Баярбаатарын шүүх хуралдаанд ... байшинд учирсан хохирлыг засварласан байсан, үнэлгээг зөвхөн эвдрэл гарсан хэмжээгээр тогтоосон гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.А.аас 10 674 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чинзоригт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н.Гүррагчаад холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгч Б.Чинзоригийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 224 785 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Л.А.аас 185 734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чинзоригт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУУЛ

                                                                                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ