Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
Хэргийн индекс | 181/2020/00422/И |
Дугаар | 181/ШШ2020/00890 |
Огноо | 2020-04-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2020/00890
2020 04 07 | 181/ШШ2020/00890 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн 6-р гудамж МGI радио оффис 407 тоотод байрлах ******* ХХК /РД:*******/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулий гудамж-3, *******т холбогдох
Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шинжээч Б.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани 12 шүүхийн шийдвэрийн бусдад төлбөр төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа ******* ХХК-ний Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг 2019 оны 11 сарын 21-ний өдөр 225/05 тоот эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдэн хурааж, 2019 оны 12 сарын 25-ний өдрийн 4/29003 дугаартай мэдэгдлээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар 4,360,320,000 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн болохоо мэдэгдсэн.
Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарахын өмнө манай компаний захирал Б.Бямбадаваа нь НШГГ-т хандан 2019 оны 12 сарын 18-ны өдөр албан бичгээр хураан авагдсан байгаа дутуу барилгын үнэлгээг 11,000,000,000 төгрөг байхаар тооцож өгсөн.
Басмаа контракшн ХХК-ний барьж буй үйлчилгээтэй 132 айлын /2 блок барилга /12 давхар орон сууцны барилга/ нь 2015 оноос эхлэн баригдаж одоогоор зоорийн давхараа бүрэн барьж дуусаад А блок нь 5 давхар, Б блок нь 4 давхар баригдаж барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
Компаний зүгээс одоогийн байдлаар барилгын ажилд 6,000,000,000 орчим төгрөгийн зардал гарсан бөгөөд барилга хотын төвийн А зэрэглэлд байршилтай 1мкв талбайн зах зээлийн судалгаагаар ханш нь 2,800,000 төгрөг байгаа юм.
Гэтэл НШШГГ-ын томилсон хөндлөнгийн шинжээч нь барилгын өртөгийг тооцож тухайн барилгын байршил худалдан борлогдох зах зээлийн үнийн ханшийг огт харгалзахгүй хэт доогуур үнэлж анхны дуудлага худалдаа явуулах болсон нь иргэний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.
Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй бөгөөд зөвхөн мэдэгдэл өгсөн.
Иймд тус шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээг зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Басмаа консракшн ХХК нь нийт 12 шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ төлбөр төлөгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчийн зүгээс 11,000,000,000 төгрөгөөр тооцож өгсөн ба уг барилга нь 132 айлын /2 блок барилга/ 12 давхар орон сууцны барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэй, А блок нь 5 давхар Б блок нь 4 давхар баригдсан атал НШШГГ-ын томилсон хөндлөнгийн шинжээч нь хэт доогуур үнэлж худалдан борлуулахаар болж үнэлгээг бидэнд танилцуулаагүй нь ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.3-ийг зөрчсөн гэсэн.
НШШГГазар нь төлбөр төлөгч Басмаа контракшн ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажилгааг үүсгэсэн бөгөөд нийт 12 гүйцэтгэх баримт шийдвэрээр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч шүүхийн шийдвэртэй төлбөрийг өөрийн компаний өмчлөлийн барилгыг барьцаалж зээл авч төлбөрийг барагдуулна гэх тайлбарыг өгч заагдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирэхгүй зэргээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулсаар ирсэн.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сарын 16-ний өдөр битүүмжилж 2019 оны 12 сарын 27-ний өдөр хурааж талуудаас талуудаас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 11,000,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагчид дээрхи үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгөхийг хүссэн тул хөндлөнгийн шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж 4,360,320,000 төгрөгөөр үнэлсэн.
Төлбөр төлөгч ******* ХХК-ний үүсгэн байгуулагч Б.Бямбадаваагийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тогтоогдсон хаягаар болон 99007735 дугаарын утас руу нь удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан тул үнэлгээний дүгнэлт болон мэдэгдэлийг зурвасаар илгээж, баталгаат шуудангаар хүргүүлж боломжит бүх арга хэмжээг авсан.
Төлбөр төлөгчтэй холбоо барих боломжгүй болсон тул тус газрын эрэн сурвалжлах хэлтсээр дамжуулж үүсгэн байгуулагч Б.Бямбадавааг эрэн сурвалжилж, 2020 оны 01 сарын 31-ний өдөр олж авчран үнэлгээний дүгнэлт болон анхны дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолтой танилцуулсан.
Төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдааны шатанд шинжээч Б.Эрдэнэбаатар гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 14 тоот шинжээч томилох тухай тогтоолыг манайд ирүүлсэн. Уг тогтоолоор Мөнх Оргил ХХК-ийг шинжээчээр томилж, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай 2316,6 болон 1801,8 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай А блок 45 хувийн, Б блок 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг үнэлэх ажлыг хийж, дүгнэлтийг 2019 оны 12 сарын 24-ний өдөр гаргаж үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгчийн албанд хүргүүлсэн.
Үнэлгээний зүйлтэй 2019 оны 12 сарын 19-ний өдөр газар дээр нь очиж танилцаж баримтжуулсан. 2019 оны 12 сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэлтэй ярьж тухайн компаний нягтлан Гэрэл гэх эмэгтэй тухайн барилгын зураг төслийн бидэнд авч ирж танилцуулсан.
Үнэлгээний ажил үндсэндээ албадан дуудлага худалдааны анхны үнийг тогтоох, зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилготой. Үнэлгээг хийхдээ зах зээлийн дундаж үнэлгээгээр үнэлнэ гэсэн ойлголт байдаг. Үүнийг бид барьж ажилласан. Үнэлгээг хийхдээ хуулийн хүрээнд, хэрэгжих боломжтой үндэслэлтэй төсөөллүүд хийж үнэлдэг. Тухайн барилга нь дуусаагүй барилга учир тухайн үнэлгээний өдрөөр бүрэн дууссан байгаа гэдэг төсөөллийг хийсэн.
Тухайн үнэлж байгаа барилга нь дуусаагүй барилга учир олон улсын стандарт 410 буюу өмчлүүлэлтийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэсэн үнэлгээний стандартаар зохицуулагдаж хийгдэх ажил байсан. Үнэлгээний аргыг сонгохдоо тухайн барилга дуусаагүй учир 410-ийн 1 дүгээр заалт дотор үлдэгдлийн арга гэж байдаг. Энэ аргаар үнэлсэн. Энэ аргын гол ойлголт нь эхлээд тухайн объектыг дууссан гэж төсөөлөөд дараа нь өнөөдрийн гүйцэтгэсэн байдлаар нь дуусах хүртэл зардлыг тооцоод хасаж үлдэгдлээр нь тухайн үнэ цэнийг гаргана гэсэн үг. Энэ аргаар бид үнэлгээг хийсэн. Гэхдээ нэгэнт дууссан барилгын үнэлгээг хийж байгаа учир өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын арга гэх 2 аргаар үнэлгээг хийсэн. Орлогын хандлагаар хийхэд манай төгөлдөржөөгүй зах зээлийн хувьд хүндрэлтэй учир орлогын хандлагаар үнэлгээ хийх боломжгүй гэх тайлбараа тайланд тусгасан.
А, Б гэсэн 2 блок байгаа. Тухайн үнэлгээ хийгдсэн өдрөөр А блок нь зоорийн давхар дээшээ 4 давхрын бетон карказ цутгалтын ажил хийгдсэн. 3 давхар буюу блок дүүргэлтийн ажил хэсэгчилсэн байдлаар хийгдсэн байсан.
Б блок нь зоорийн давхар болон дээшээ 3 давхар ажил хийгдэж байсан. Хамгийн дээд талынх нь цутгалтын ажил бүрэн дуусаагүй байдалтай байсан. Барилгын зураг үндэслээд шаардагдах зүйлсийг хуулбарлаж аваад нийт барилгын талбайг тодорхойлсон. Батлагдсан гэж ойлгогдохоор зураг байсан. Үүн дээр нарийвчилсан талбайн тооцооллуудыг хийсэн. Талбай нь үндсэндээ барилгын тэнхлэг дэх талбай, барилгын ашигтай борлогдох боломжтой талбай гэсэн 2 хувааж тодорхойлсон. Тэнхлэг дэх талбай нь өртгийн хандлагын үнэлгээнд хэрэглэгддэг. Борлогдох талбай гэдэг нь зах зээлийн хандлагаар хийгддэг. Тэнхлэг дэх талбай нь 1 блокийн хувьд бүтэн баригдсанаар тооцвол 5106 метр квадрат. Нийлүүлбэл 10212 метр квадрат болно. Борлогдох боломжтой талбай гэдэг нь цэвэр талбайнаас шатны хонгил, лифт, гадаа коридор, техникийн зориулалттай талбай зэрэг нь хасагдаад гардаг. Энэ ашигтай талбай түүнээс борлогдох талбайг нь ялгасан тооцоолол үнэлгээний тайлангийн 14-16 дахь хуудсанд байгаа.
Өртгийн хандлагаар 1 блок нь 6,180,000,000 орчим төгрөг, нийлээд 132,359,000,000 төгрөг гэж гарсан. Орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай, зоорийн давхар нь авто зогсоол гэсэн 3 зориулалттай газар байсан. Орон сууцыг харьцуулалт хийгээд нэгжийн дундаж зах зээлийн үнийг тодорхойлоход 1,668,000 гарсан. Үйлчилгээний талбай нь 2,590,000 төгрөг, зоорь 985,200 төгрөг гэж 1 метр квадратын үнэлгээг гаргасан.
Зах зээлийн харьцуулалтаар тооцсон үнэлгээний дүн А блокийн хувьд 6,234,000,000 төгрөг, Б блокийн хувьд мөн ижил, нийлбэр дүн 12,468,973,000 төгрөг гэж гарсан энэ дүн уг барилга баригдаж дуусахад гарах үнэлгээ гэв.
Газрын үнэлгээ нь 692,900,000 төгрөг, газрыг барилгын зургаас нь тооцож нийт барилгажих талбайгаар нь тооцсон. Үүнийгээ зах зээлийн нийт дүнг 12,868,000,000 төгрөгнөөс газрын үнэ цэнийг хасаж тооцоход 11,776,000,000 төгрөг гарсан.
Иж бүрэн болгож дуусгахад шаардлагатай өртөг зардлын тооцоо нь А блок 3,398,000,000 төгрөгийн нэмэлт зардал, Б блокийн хувьд 4,016,000,000 төгрөг нийт 7,415,000,000 төгрөг гарсан. Үлдэгдэл үнэ цэнийн хувьд өртгийн хандлагын аргын хувьд 4,943,800,000 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн дүн нь 4,360,300,000 төгрөг гарсан.
Дүгнэлтийг ямар нэгэн гадны нөлөөгүйгээр цэвэр бие даасан хараат бусаар Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандартад холбогдох шаардлага зарчимд тулгуурлаж бие даасан байдлаар дүгнэлт гаргасан гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271,272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг 4,360,320,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2717 дугаар шийдвэрээр *******" ХХК-иас 71,983,565 төгрөгийг гаргуулж Б.Буяннэмэхэд,
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 16,265,587 төгрөгийг гаргуулж Арвижих гипс ХХКомпанид,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3869 дүгээр шийдвэрээр ******* ХХКомпаниас 27,510,632 төгрөгийг гаргуулж Премиум конкрит ХХК-д,
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 758 дугаар шийдвэрээр 43,261,578 төгрөгийг гаргуулж М.Баттөгсөд,
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 1416 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 38,347,950 төгрөгийг гаргуулж Э.Долгормаад,
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 1557 дугаар тогтоолоор ******* ХХК-иас 38,448,450 төгрөгийг гаргуулж Ж.Цэрэнжаргалд,
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 863 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 87,985,293 төгрөгийг гаргуулж Хэв хашмал ХХК-д,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 19-ний өдрийн 1411 дүгээр шийдвэрээр ******* ХХК-иас 60,607,950 төгрөгийг гаргуулж М.Наранцогт, Ц.Оюунчимэг нарт,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 08-ны өдрийн 1697 дугаар шийдвэрээр Басмаа констракшн ХХК-иас 63,308,029 төгрөгийг гаргуулж Цэдабу ХХК-д,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын18-ны өдрийн 1397 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 90,607,950 төгрөгийг гаргуулж Б.Мөнхзулд,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02- сарын 21-ний өдрийн 473 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 87,945,355 төгрөгийг гаргуулж Эко энерги сервис ХХК-д,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 01 дүгээр сарын 08-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр ******* ХХК-иас 9,255,355 төгрөгийг гаргуулж Блюскай Эйжиа ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.
******* ХХК-нь нэг гишүүнтэй гүйцэтгэх захирлаар 2015 оны 01 сарын 26-ний өдөр Н.Мөнхбат бүртгэгдсэн боловч тус компаний үүсгэн байгуулагч нь Б.Бямбадаваа болох нь компаний дүрэм, хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт төлбөр төлөгч ******* ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Мөнхбат 2016 оны 05 сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай хүсэлт гаргасан тул ******* ХХК-ний гүйцэтгэх удирдлагыг өөрчлөн бүртгэж бусад хоригийг хэвээр үлдээхийг мэдэгдсэн боловч бүртгэл хийгдээгүй гэх тайлбар зэргээр ******* ХХК-ний үүсгэн байгуулагч нь Б.Бямбадаваа болох нь нотлогдов.
Төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээрхи шүүхийн шийдвэрүүдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхийн гүйцэтгэх хуудсууд бичигдсэн байна.
******* Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд анх 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 16280610 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч ******* ХХК-ний үүсгэн байгуулагч Б.Бямбадаваад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгсөн.
Төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдох хэд хэдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 сарын 15-ний өдөр 19/16 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тухай тогтоол-оор нэгтгэсэн байна.
Нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд шинжээч үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг хэт бага үнэлсэн, уг үнэлгээнд газрын үнэлгээ ороогүй гэснийг шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь манай компанид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас ирүүлсэн тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн бөгөөд тогтоолд газар үнэлэхийг даалгаагүй бөгөөд газрыг үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс хасаж тооцсон гэж тайлбарласан.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан хаягтаа оршин суудаггүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Баянгол дүүрэг 3-р хороо Нарны хороолол 3-154 тоотод оршин суудаг болохыг тогтоосон.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сарын 16-ний өдөр битүүмжилж, 2019 оны 12 сарын 27-ний өдөр хурааж, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. /1хав,200,201,212-214 хуу/
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Б.Бямбадаваа нь Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 11,000,000,000 төгрөгөөр үнэлсэн бичгийн хүсэлтийг ирүүлсэн. Төлбөр авагч нар төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон. /2 хав 2-28 хуу/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар ******* 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ний Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр хөрөнгө үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч ******* ХХК-ний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгаж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулжээ. /2хав 2,3 хуу/
Хөрөнгийн үнэлгээний тайланг Мөнх-Оргил трейд ХХК гаргаж, *******т ирүүлсэн.
Уг тайланд ...Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай А, Б блок үйлчилгээтэй орон сууцны зориулалттай дуусаагүй барилга нь 2019 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар үнэлж зах зээлийн үнэ цэнийг 4,360,319.2 мянган төгрөг буюу 4,360.32 сая төгрөгөөр тодорхойлж, А блок нь 2,489.15 сая төгрөг, Б блок нь 1,871.17 сая төгрөг гэж үнэлсэн. /2 хав 4-28 хуу/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг нь төлбөр төлөгч ******* ХХК-ний үүсгэн байгуулагч Б.Бямбадаваагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон Баянгол дүүргийн хаягаар очиход эзгүй, Б.Бямбадаваагийн 99007735 дугаартай утас холбогдохгүй тул үнэлгээний дүгнэлттэй танилцах зурвас илгээж, баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэв. /2хав 30,31 хуу/
Мөн 2019 оны 12 сарын 26-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаат шуудангаар хүргүүлж, 2020 оны 01 сарын 07-ний өдөр анхны дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, Өнөөдөр сонины 2020 оны 01 сарын 09-ний өдөр дуудлага худалдааг зарласан 2020 оны 01 сарын 04-ний өдөр дуудлага худалдааны мэдэгдлийг Монгол шуудан ХХК-иар хүргүүлсэн байна. /2хав 35,36,39 хуу/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн, хураагдсан төлбөр төлөгч ******* ХХК-ний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд шинжээч үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийг хэт бага үнэлсэн гэж үзэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020 оны 01 сарын 06-ний өдөр шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч 2020 оны 01 сарын 22-ний өдөр шүүхэд гомдлоо дахин гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг Б.Бямбадаваад танилцуулж, тэмдэглэл үйлдээгүй гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй бөгөөд хавтас хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдсэн.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203034115 дугаартай ******* ХХК-ний гэрчилгээтэй үл хөдлөх э:д хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөгдөж байгаа ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд заасан шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө явагдсан байх тул тухайн эрх зүйн харилцаанд 2017 оны хуулийг хэрэглэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******т холбогдох Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203034115 дугаартай ******* ХХК-ний өмчлөлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 13-ний өдрийн 2020 оны 02 сарын 18-ний өдрийн 181/ШЗ2020/02589 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ