Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

 

 

   2024      12       23                                              2024/ШЦТ/_____

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батмандал,

улсын яллагч М.Мөнхтайван,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Базардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Бийн Бд холбогдох эрүүгийн хххххххххх дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хххххххх төрсөн, ххх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаах шинжлэх ухааны их сургуульд 6 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт хххххххх тоотод оршин суух, хххххх дугаарын регистртэй, Д овгийн Бийн Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь хххххх  сумын ххх 3 дугаар багийн нутгаас 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол ургамлыг гар аргаар түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б:

...Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр найз охинтойгоо болзохоор ярилцаж агаарт гарахаар болсон. Бид хоёр ярилцаад хойд зүг рүү гарч үзэхээр шийдсэн. Яагаад гэвэл би өмнө хойд зүг рүү явж үзэж байгаагүй. Тэгээд зам мэдэхгүй болохоор “Google map”-аас газрын зураг харж байгаад голтой газарт дарахад Сөгнөгөрийн газрын ойр орчим гэж гарч ирээд старт дараад газрын зургаа дагаж яваад тэр газарт ирээд болзож байгаад орой буцах гэж байхад машины хажууд ургамал таарсан. Уг ургамлыг Анагаахад 4 болон 5 дугаар дамжаанд суралцаж явцдаа эмийн зорилгоор ашигладаг гэдгийг хичээл дээрээ анх үзэж байсан. Тэр ургамлыг найз охиндоо харуулаад хичээл дээр үзсэн ургамал мөн үү гэж асуухад манай найз охин мэдэхгүй байна гэж хэлсэн. Би тэр үед өөрийн хэнэггүй байдлаасаа болоод ургамлыг түүчихсэн. Тэгээд хот руу буцаж явах замд цагдаа зогсоогоод шалгагдаж цагдаагийн газарт очсон. Миний зорилго бол ямар ч хэрэглэх болон хүмүүст зарж борлуулах гэсэн санаа байгаагүй. Зүгээр анагаах талаас харж хэнэггүй байдлаасаа болж тэр ургамлыг түүсэн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хххххххххх  дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч Б.Б нь ххххххххх сумын ххх 3 дугаар багийн нутгаас 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол ургамлыг гар аргаар түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэх үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,

-Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 13-14, 16 дугаар тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

-гэрч Б.Сын ...Би гэрчийн эрх, үүргийг уншиж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй, эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ойлгосон. Би бичиг үсэг мэднэ. Гэхдээ мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч байж мэдүүлэг өгнө. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй... /хх-ийн 20 тал/,

түүний дахин өгсөн ...2024 оны 08 сарын 29-ний өдөр би 15 цагт найз залуу болох Бтой уулзахаар болоод манай найз залуу намайг сургуулийн дотуур байрнаас ирж аваад бид хоёр уулзаад кино үзэх үү эсвэл салхинд гарах уу гэж ярилцаад байгаад салхинд гарахаар болоод Улаанбаатар хотоос хойш гараад гар утасны google map төхөөрөмжөөр харж байгаад тухайн төхөөрөмжийг харж байгаад ххххххх сумын Сийн амралтын газар очоод амралтын газрын хашаа тулаад бид хоёр машинаа хашаа тулгаж байрлуулаад машинаас буугаад машинаас идэж уух юм аа аваад гол руу явсан. Гол руу явж байх замд манай найз залуу Б энэ ургамлыг хардаа энэ ямар ургамал болохыг мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд бид хоёр цааш яваад голоор зугаалж байгаад орой нар шингээд бид хоёр буцах болоод машин руугаа явж байх замдаа нөгөө харуулаад байсан ургамал чинь энд ч байна тэнд байна гэж хэлэхэд манай найз залуу Б тухайн ургамлаас жоохон түүсэн би бол түүгээгүй. Тэгээд бид хоёр машин руугаа очоод тэндээс хөдлөөд ххххххххххх сумын төв ороод засмал зам руу ороод явж байхад цагдаа зогсоосон. Би тухайн ургамлыг түүсэн зүйл байхгүй харин манай найз залуу Б бага зэрэг түүсэн. Би яг ямар зорилгоор түүсэн болохыг мэдэхгүй байна. Би Бийг тухайн ургамлыг түүж байхад хажууд нь байсан харин хамт түүлцсэн зүйл байхгүй. Би өөрөө шарилжны харшилтай учраас жоохон зайтай зогсож байсан. Б бид хоёр тухайн өвсийг ямар нэгэн байдлаар хэрэглэсэн зүйл байхгүй. Манай найз залуу Б тухайн өвсийг түүгээд уутанд хийгээд машиныхаа арын багажид хийсэн байсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу явж байгаад цагдаад баригдсан. Б тухайн ургамлыг хэр хэмжээний түүсэн болохыг мэдэхгүй байна. Ямар ч хүнс авч явсан гялгар уутанд түүсэн байсан. Мөн дэвтэр ном хийж байсан даавуун уутанд давхарлаж хийсэн байсан. Тухайн хххх улсын дугаартай сараал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь манай найз залуу болох Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би урьд өмнө нь энэ төрлийн ургамлыг харж байгаагүй мөн би урьд өмнө нь түүж байгаагүй. Б тухайн ургамлыг түүж байхдаа надад нээх юм хэлээгүй яана ийнэ ч гэж хэлээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.. /хх-ийн  22-23 тал/,

Сэжигтэн Б.Бийн ...Би сэжигтний эрх, үүрэгтэй танилцлаа. Би мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх болно... /хх-ийн 25 дугаар тал/,

Түүний дахин өгсөн ...Би бичиг үсэг мэднэ. Уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... /хх-ийн 27 тал/,

Түүний дахин өгсөн ... Би 2024 оны 08 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод найз охин болох Стай болзоод бид хоёр кино үзэх үү агаарт гарах уу гэж ярилцаж байгаа агаарт гарахаар болоод утасны google map төхөөрөмжөөр ойрхон гол устай газар харсан чинь Сийн голыг заахаар нь тийшээ явах товчийг дараа заасан газар буюу ххххххххххх гол гэх газар 17 цаг 30 минутын үед очоод байж байгаад гадаа хүйтэн байсан мөн найз охин оюутны байранд байдаг болохоор бид хоёр нээх их удахгүй гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгээд очсон газраа буюу Сийн голын ойролцоо явж байгаад хашаанд тулаад тэгээд машинаас буугаад цаашаа алхаж гол руу явж байхад хажуу өвч гэдэг ургамал байсан. Энэ ургамлыг хараад би найз охин Саас энэ нөгөө паркинсон өвчний шинж тэмдгийг анагаадаг ургамал мөн үү гэхэд Смэдэхгүй гэсэн. Тэгээд бид хоёр гол ороод голоос цаашаа гараад жоохон байж байгаа юм ярьж сууж байгаад нар жаргаад хүйтэн болж байсан болохоор бид хоёр буцах гээд машин руугаа алхаж яваад дахиад нөгөө өвс гэх ургамалтай таараад тухайн ургамлаас бага зэрэг түүгээд уутанд хийж авсан. Тэгээд машин дээрээ очоод нөгөө түүсэн ургамлыг машины багажид уутанд хийж тавиад Улаанбаатар хот руу хөдлөөд явж байтал Б сумын төв дээр цагдаа зогсоогоод цагдаагийн хэсэг рүү авч явсан. Би өөрөө анагаахын шинжлэх ухааны сургуулийн 6 дугаар курсийн оюутан байгаа юм. Тухайн ургамлыг өвчин анагаахад хэрэглэдэг гэж хичээл үзсэн учраас өвчин анагаахад хэрэг болж магадгүй гэж үзээд түүж авч явсан юм. Би тухайн ургамлыг би ганцаараа түүсэн харин найз охин С хажууд байсан. Тэгээд би түүчхээд найз охин Сын хамт өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн багажинд хийгээд тээвэрлэж явж байсан. Би тухайн өвсийг түүхэд өвсний шүүс нь гарт наалдаад түүнийг би амталж долоож үзсэн. Тэрнээс өөрөөр хэрэглэсэн зүйл байхгүй. Харин манай найз охин С хэрэглэсэн долоосон зүйл байхгүй. Намайг тухайн өвсийг түүж байхад манай найз охин С миний хажууд зогсож байсан надтай юу ч яриагүй. Манай найз охин С тухайн өвсийг түүсэн зүйл байхгүй би ганцаараа  түүсэн. Би тухайн өвсийг Улаанбаатар хот руу авч явж байсан. Би тухайн ургамлыг дундаж гялгар уутаар түүсэн. Тухайн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би урьд өмнө нь энэ төрлийн ургамлыг харж байгаагүй тухайн үед Төв аймгийн Б суманд анх удаа харсан мөн би урьд өмнө нь түүж байгаагүй. Тухайн өвсийг түүж болохгүй гэдийг мэдсээр байж түүж авч явсан нь миний буруу би өөрийн буруугаа хүлээж бодлогогүй үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй байна... /хх-ийн 29-30 дугаар тал/,

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4992 дугаартай ... 1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. Ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 944,3 грамм, цэвэр жин нь 832,8 грамм болов. /Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаав. /хх-ийн 33-35 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04а/5986 дугаартай тоот /хх-ийн 41 дүгээр тал/,

Шинжээчийн 2024 оны 09 дүгээр 13-ны 4990 дугаартай ...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. "Б.С  хххххн эм" гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. "Б хххх 2хх эр" гэж хаягласан ШЭЭСНЭЭС тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно... /хх-ийн 44-46 дугаар тал/,

Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 49-53 дугаар тал/,

Яллагдагч Б.Бийн ...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан.. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг үнэн зөвөөр тодорхой ярьсан. Тийм болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна. Хххххххххх гол гэх газраас түүсэн байгаа. Хэрэглэж үзээгүй. Яаж хэрэглэдэг талаар мэдэхгүй. Би гараараа түүх явцад миний гар дээр шүүс болсон байсныг амталж үзсэн.  Үгүй. Би мэддэг. Хичээл дээр үзэж байсан. Тухайн ургамлын талаар хичээл дээр үзсэн юм. Би дараад нь хичээл дээр энэ ургамал мөн биш талаар л үзүүлэх гэж түүсэн. Зарж ашиг олох, өөрөө хэрэглэх сэдэл зорилго байгаагүй. Б.Б миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм... /хх-ийн 65-66 дугаар тал/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримт болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Мөнхтайван:

...Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Бид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 20 дугаар жагсаалтад багтсан “Делта-9” Тетрагидроканнабинол ургамлыг гар аргаар түүж худалдаалан зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлоход хүрэлцээтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн үзэх үндэслэл байхгүй учир хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж:

            ...Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч миний үйлчлүүлэг Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөлөх бодис болох “Делта-9” Тетрагидроканнабинол ургамлыг бэлтгэсэн, хадгалсан зүйлчлэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж шүүхийн шатанд үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, өөрийн хууль бус үйлдлийг ухамсарлаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал бүрэн шалгагдаж тогтоогдсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгчийн хууль бус үйлдэлд тохирсон байна гэж үзэж байна. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс хадгалсан гэдэг зүйлчлэлийн шинжийг агуулж байгаа нь тогтоогдохгүй байна гэсэн байр суурийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах нь зүйтэй байна. Учир нь тухайн үйл явдал нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн ургамлыг бэлтгээд авч явж байгаа үйлдлийг хадгалсан гэх шинжийг хангахгүй байна гэж харж байна. Хадгална гэдэг нь бэлтгэснээс дараа орон байр, тээврийн хэрэгсэлд тодорхой цаг хугацаанд хадгалах юм. Миний үйлчлүүлэгч хххххххх багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгээд авч явж байхдаа цагдаад шалгагдаж гэмт хэрэг илэрсэн  нөхцөл байдал байгаа. Тэгэхээр биедээ авч явж байгаа нь хадгалсан гэдэг шинжийг хангахгүй байна. Миний үйлчлүүлэгч бэлтгэсэн гэдэгт маргах зүйлгүй. Тийм учир Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бэлтгэсэн гэдэг гэм буруутайд тооцуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Б:

...Би буруу зүйл хийсэн гэм буруутай. Би дахин ийм зүйлд орооцолдохгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг ойлгоно.

 

Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалахыг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үздэг.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур орон байр, агуулах сав, тээврийн хэрэгсэл гэх зэрэгт тодорхой хугацаагаар бусдад мэдэгдэхгүйгээр байлгасан, нуун дарагдуулсан нөхцөл байдлыг ойлгох ба мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабинол” гэх ургамлыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэл болно.

 

Тодруулбал прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 383 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бийг ххххххххххх багийн нутгаас 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол ургамлыг гар аргаар түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, хадгалсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ялласан.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хххххххх 3 дугаар багийн нутгаас 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Дельта-9 Тетрагидроканнабинол” ургамлыг гар аргаар түүж бэлтгэн тээврийн хэрэгслээр хадгалах газар буюу өөрийн оршин суудаг орон байранд аваачих зорилготой явж байсныг тухайн цаг хугацаанд илрүүлснээр гэмт хэрэг төгссөн.

Энэ нь хадгалах гэмт хэргийн шинжийг обьектив байдлаараа хангаагүй тул хадгалсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Бийг бусадтай бүлэглэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй нийт жин нь 10 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирч, нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.

 

Гэхдээ шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Мөнхтайван:

...Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Б.Бид Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Бид урьд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Түүнд цагдан хоригдсон хоноггүй. Өнөөдрөөс эхлэн түүнд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 832.8 грамм ургамлыг зохих журмын дагуу устгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж:

...Гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэхдээ Б.Бийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаардаг. Улсын яллагч хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн хувьд 6.5 дугаар зүйлийн 1.1-т хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна үзэж байна. Учир нь тохиолдлын шинжийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хххххххххх сум руу явсан нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Очсон цаг тухайд гэмт хэрэг үйлдсэн учир тохиолдлыг шинж чанартай гэмт хэрэг гэж үзэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго гэм буруутай этгээдийг цээрлүүлэх, хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдийг нийгэмшүүлэх зорилготой байдаг. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргадаггүй. Тийм учир заавал нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулан цээрлүүлэхгүйгээр нэг удаа боломж олгох нь зүйтэй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 3 жил хүртэлх хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авар саналыг шүүхэд гаргаж байна. Бидний зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс уг хүсэлтийг хангаагүй гол нөхцөл нь улсын яллагчийн зүгээс нэг жилийн хорих ял гэсэн бидний зүгээс тэнсэж өгнө үү гэсэн байр суурьтай байсан тул ял дээр тохиролцож чадаагүй. Миний үйлчлүүлэгч өөрийн хууль бус үйлдэлдээ гэмшиж ухаарч анх мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Шүүхээс миний өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Би өөрийн хэнэггүй байдлаасаа болж буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Дахиж хэзээ нь ийм зүйлд орооцолдохгүй гэдгээ амлаж байна. Хувь хүн талаасаа өөрийгөө илүү сайн хүн болгож, нийгэмд хэрэгтэй хүн болж сайн эмч болох хүсэл зорилготой байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

 

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

 

Шүүх шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой ба шүүгдэгч Б.Бийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ххххххххх дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар 832.8 гр делта-9 тетрагидроканнабинол хураагдан ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.,

      36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12., 36.13, 37.1 дүгээр зүйлийн

      1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Бийн Бид холбогдох эрүүгийн хххххххххх  дугаартай хэргээс ...хадгалсан... гэмт хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нолох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д овгийн Бийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Бийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч  Д овгийн Бийн Бид шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Бийн Бд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж, зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хххххххххх  дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол, төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1кг 10гр ногоон өнгийн ургамлыг устгуулахаар зохих байгууллагад хүргүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д овгийн Бийн Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Бийн Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ