Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 181/шш2017/00630

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24-ний өдөр Дугаар 181/ШШ2017/00630 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.И ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.П ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 64 680 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 18 480 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр П.П ХХК-тай цахилгаан станц барих ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан ажилласан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заагдсан гүйцэтгэх ажлыг гэрээт хугацаанд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч талаас гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 18 480 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох гэрээнд заасан 70 хувь буюу 43 120 000 төгрөг төлөгдөөгүй байна.

Гэрээнд заасан бүх ажлыг хийж гүйцэтгэсэн тул одоо П.П ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр болох 43 120 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Алдангид нэхэмжилж буй 18 480 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т заасний дагуу захиалагч тал ажлын эхний тайланг хүлээн авснаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасан төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлсөн болно. Энэ төлбөр нь урьдчилгаа төлбөр биш бөгөөд эхний ээлжинд хийж, гүйцэтгэсэн ажлын төлбөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.И ХХК-ийн П.П ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр 43 120 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт гүйцэтгэгч нийтдээ 9 төрлийн ажил гүйцэтгэх байснаас зөвхөн 2 төрлийн ажлыг гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байдлаар гүйцэтгэсэн. Ер нь бол огт гүйцэтгээгүй. Нийт 6 төрлийн гэрээнүүдийн төслийг интернэтэд сул чөлөөтэй байдаг гэрээний маягтыг ашиглан хийж өгсөн байдаг. Гэрээнд заасан шаардлагыг хангасан гэрээ огт хийж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хийсэн гээд байгаа 2 ажил нь бусдад зориулагдсан мэдээллийг манайд өгчихсөн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл тарифын тооцоонд хавсаргасан баримтанд Чандмань төсөлд гэсэн нэртэй байсан. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.8-д гүйцэтгэгч нь ажлыг иж бүрэн чанартай хийж гүйцэтгэж захиалагчид өгнө гэсэн байгаа. Гүйцэтгэгч захиалагчаас төлбөр шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл, ажлыг иж бүрэн хийж гүйцэтгээгүй учир төлбөр шаардах эрхгүй. Ийнхүү бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.3 дах хэсэгт заасан ажлыг иж бүрэн хүлээж аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Гүйцэтгэгч С.И ХХК нь иж бүрэн судалгаа хийж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдчилсан өгөгдөл, мэдээлэл цуглуулан шинжилгээ хийсний үндсэн дээр тус судалгааны үр дүнд суурилсан техникийн санал, даалгавар, чиглэлийг боловсруулж, Захиалагчаас зөвшөөрөл авч, тэдгээр мэдээлэл, техникийн санал, даалгавар, чиглэлийг тусгасан 10 төрлийн гэрээний төсөл боловсруулах ажлыг бүрэн бус, доголдолтой гүйцэтгэсэн. Энэ нь Захиалагчийн буюу манай шаардлагад нийцээгүй. Ийнхүү Гүйцэтгэгч С.И ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэх 9 төрлийн ажлаас зөвхөн 1 төрлийн ажлыг гэрээнд заасан чанарын шаардлагыг хангахгүй зарим гэрээ /судалгаанд үндэслээгүй, урьдчилсан бодит өгөгдөл, мэдээлэл, техникийн санал, даалгавар, чиглэлгүй/-ний төслийг боловсруулсан хэдий ч тэдгээр гэрээний бичилтийн техник, англи хувилбар зэрэг нь гэрээнд заасан шаардлагыг огт хангаагүй болно.

С.И ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгнө хэмээж байсан атлаа ажлыг бүрэн гүйцэтгэсэн мэтээр үлдэгдэл төлбөр шаардан шүүхэд хандсанаар цаашид гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэхгүй нь илт болсон тул П.П ХХК, С.И ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Цахилгаан станц барих ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалж, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсгийн ... Гүйцэтгэгчийн боловсруулсан тайлан, баримт гэрээний энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Захиалагч Гүйцэтгэгчийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэнд тооцохгүй буюу төлбөр тооцож төлөхгүй" гэх заалтын дагуу С.И ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 18 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.И ХХК нь хариуцагч П.П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 120 000 төгрөг, алданги 21 560 000 төгрөг, нийт 64 680 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 18.480.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь алданги 21 560 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, гэрээнд заасан бүх ажлыг гүйцэтгээгүй гэж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг бүхэлд нь гүйцэтгэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Цахилгаан станц барих ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байна.

Уг гэрээний 5.1-т зааснаар гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх нийт хөлс, зардал 61 600 000 төгрөгөөр тохирсон байх ба хариуцагч нь 18 480 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн талаар зохигчид маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05241 дүгээр захирамжаар нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, уг захирамжийн биелэлттэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй нөхцөл байдал байгаа.

Хариуцагч талын хүсэлтээр хэрэгт шинжээч томилсон боловч захирамжид заасан баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүйгээс шинжээчийн дүгнэлт гаргуулах нь ач холбогдолгүй болсон, мөн хүсэлт гаргасан хариуцагч тал өөрийн хүсэлтээ татгалзсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй байгаагийн улмаас шүүх үнэлэх боломжгүй болж нотолгооны ач холбогдолгүй болсон байх тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 13-38, 81-100, 102-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-173 дугаар талуудад авагдсан баримтыг хэргийн нотлох баримтаас хасч байна.

 

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Цахилгаан станц барих ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-3.2.9 дэх хэсэгт заасан ажлыг гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байжээ.

Гэрээнээс иш татвал:

3.2.1 Цахилгаан станцын чанар, инженер техник, технологийн үйл ажиллагааны олон улс болон Монгол Улс дахь стандарт, шаардлагын судалгаа хийх,

3.2.2 Цахилгаан станц барих, байгуулах төслийг хэрэгжүүлэх урьдчилсан бүх судалгаа, тус төслийг хэрэгжүүлэх бүхий л боломж, нөхцөл, шаардлагыг судлах,

3.2.3 Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдчилсан өгөгдөл, мэдээлэл цуглуулж шинжилгээ хийх,

3.2.4 Судалгааны үр дүнд суурилан боловсруулсан техникийн санал, даалгавар, чиглэл боловсруулах,

3.2.5 Захиалагчийн Төслийн захиалагчтай байгуулах гэрээний төслийг боловсруулах /концессийн гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан, дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Нүүрс нийлүүлэх гэрээ, Усаар хангах гэрээ, Газар эзэмших гэрээ, Шохойн чулуу нийлүүлэх гэрээ, Цахилгаан, дулааны эрчим хүчний диспетчерийн зохицуулалтын гэрээ, Цахилгаан, дулааны сүлжээнд холбох гэрээ, шаардлагатай бусад гэрээ/ англи монгол хувилбар, тэдгээрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт;

3.2.6 Тарифын санал боловсруулах /Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф бодох аргачлал, Цахилгаан, дулааны эрчим хүчний тарифын санал /урт болон концессийн хугацааны/, Тарифын индексчлэлийн аргачлалын санал/;

3.2.7 Захиалагчид концессийн иж бүрэн саналын төсөл хүргүүлэх;

3.2.8 Төслийн бүхий л баримт бичгийг боловсруулах,

3.9. Хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу гүйцэтгэсэн шаардлагатай бусад ажил.

Дурдсан ажлаас гэрээний 3.2.5 дахь хэсэгт заасан гэрээний төслийг цахим хэлбэрээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн үйл баримт дээр талууд маргаагүй. Энэхүү гэрээний төсөл нь чанарын хувьд шаардлага хангаагүй гэдэг дээр хариуцагч мэтгэлцээний байр сууриа нотлоогүй, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын эхний тайлан хүлээн авснаар төлөх ёстой 30 хувийн төлбөр буюу 18 480 000 төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэстэй гэж үзэж 18 480 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Өмнө дурдсанчлан хэдийгээр гэрээнд зааснаар зохих гэрээний төслийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүргүүлсэн байх боловч гэрээний 3.2.1-3.2.4, 3.2.6-3.2.7 дахь хэсгүүдэд заасан, ажлын үр дүн гарах онцлог бүхий ажлуудыг хийж гүйцэтгэсэн, захиалагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, баримт болон баримт цуглуулах хүсэлт гаргаж өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл гэрээний төслүүдийг хариуцагчид хүргүүлсэн нь гэрээгээр хүлээсэн үүргийг бүхэлд нь биелүүлсэн гэж тооцох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн шаардлагыг хангасан хэлбэрээр гэрээний үүргээ бүхэлд нь гүйцэтгэсэн гэж С.И ХХК-ийг үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Захиалагч гүйцэтгэгчээс гэрээний 3.2.5 дахь хэсэгт заасан гэрээний төслийг хүлээн авч, үр дүнг үнэлснээр мөн гэрээний 5.1 дэх хэсэгт заасан төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлнө гэж заасан байгаа боловч гэрээний 3.2.5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэн өгсөн ажлын үр дүн нь гэрээний төлбөрийн 80 хувьтай /гэрээний 6.1+6.2/ тэнцэх хэмжээний ажил гэдэг нь нотлогдохгүй, гэрээнд нарийвчлан заагаагүй, захиалагч П.П ХХК-ийн зүгээс гаргасан мэтгэлцээний байр суурийг нэхэмжлэгч няцаагаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход өгсөн дүгнэлтийн хүрээнд С.И ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Цахилгаан станц барих ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 18 480 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж тооцох нь зүйтэй.

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зорилго нь Чойбалсангийн 100 мега ваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих ажлын төслийг боловсруулахад чиглэгдсэн байх ба энэ зорилгод хүрэхийн төлөө хийгдсэн ажлыг зөвхөн гэрээний 3.2.5-д заасан ажил гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 120 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

Дээр дурдсан дүгнэлтүүдийн хүрээнд 43 120 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 18 480 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болго шийдвэрлэв.

 

Тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзахад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид өөрт нь хариуцуулсан болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.И ХХК-ийн хариуцагч П.П ХХК-иас 43 120 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч П.П ХХК-ийн нэхэмжлэгч С.И ХХК-иас 18 480 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481 350 төгрөг, хариуцагчийн төлсөн 250 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ