| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
2025 01 17 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Будхүү,
улсын яллагч Э.Ууганцэцэг,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Т,
иргэний нэхэмжлэгч Н.О,
шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овгийн Эийн Пд холбогдох эрүүгийн хххххх дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хххх төрсөн, ххх настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хххххххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хххххххх дугаарын регистртэй, Н овгийн Эийн П
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зорчигч О.Г, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Э.П:
...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй... гэж,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Т:
...Би осол болсон өдрийн өглөө Дундговийн таксинд суусан. Улаанбаатар хот руу явж байсан. Би унтаж байсан. Нэг мэдэхэд осол болсон байсан. Хүзүүндээ гэмтэл авсан. Уушги бяцралттай, гар битүү хөхрөлттэй, хөл мөн хөхрөлттэй. Гэмтлийн зэрэг хөнгөвтөр гэж гарсан. Эмчилгээний зардалд 4.000.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Сүүлд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Одоо 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Баримтыг мөрдөгчид өгсөн. Хоёр удаа өгсөн. Мөн ажлаа хийж чадахгүй болж ажил дээрээ хүн өөрийнхөө оронд ажиллуулсан. Тэр хүндээ цалин өгснийг нэхэмжлэх боломжгүй гэж байцаагч хэлсэн… гэж,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О:
...Би Дундговь аймгаас хойшоо Улаанбаатар явж байсан. Хойно замын хажуу хоёр удаа орж урсгал сөрөөд яваад байсан. Би машиныхаа хүчийг сааруулаад явж байсан. Тэгтэл яг хажуугаас баганын харалдаа ороод ирсэн. Машин хоёр удаа хөмөрсөн. Сууж явсан хүмүүс гайгүй байсан. Хоёр хүн хүнд бэртсэн байсан. Уушгины бяцралттай гээд олон эм уусан. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан. Машин тун эвгүй эвдэрсэн. Байцаагчид машинаа авмаар байна гэхэд шүүх хурлын дараа болно гэсэн. Эрүүл мэндэд нийт хэдэн төгрөгийн зардал гарсан талаар баримт байхгүй. Хөнгөн явж байсан бол газар дээрээ зогсож болох байсан. Би 8.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч сүүлд өмгөөлөгчтэй ярихад 6.800.000 төгрөг хийсэн байна. Яагаад ийм мөнгөн дүн гарч байгаа юм бэ гэхэд үнэлгээ нь ийм гарсан гэж хэлсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй… гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Э.Пын 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хххххххххх багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 замын 106 дахь километрийн шонгийн асфальтан замд хххххххх улсын дугаартай Volvo FH хххх маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж 02-78 ДУН улсын дугаартай Ө.Оын жолоодон явсан Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан О.Г, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 5 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 7-8, 9, 10-12 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13-14, 16-17 дугаар хуудас/,
гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15, 18 дугаар хуудас/,
хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1хх-ийн 21-22 дугаар хуудас/,
хохирогч Б.Эгийн ...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2024 он 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот явна гэх зарын дагуу О гэх хүнтэй холбогдсон. Тэгээд би зээ охин Г, жолооч О, үл таних 1 эмэгтэй, 1 эрэгтэйн хамт 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Дундговь аймгийн төв Мандалговиос цагаан өнгийн Приүс 20 маркийн машинтай хөдөлсөн. Би зээ охин болон үл таних эмэгтэй хамт хойд суудал сууж явсан бөгөөд О гэх хүн жолоо барьж түүний хажуу суудалд үл таних эрэгтэй хүн суусан байсан. Би цагийг нь сайн санахгүй байна 08 цагийн үед байх Төв аймгийн хх сумын нутагт явж байсан ба би зээ охинтойгоо утас оролдоод явж байтал зүүн талаас тас хийгээд хүчтэй мөргөсөн бид нарын зорчиж явсан машин замаас гараад 1 бөмбөрөөд хажуугаараа унасан. Дараа нь бид нарыг замын хүмүүс болон жолоочийн хажууд сууж явсан хүмүүс машинаас гаргасан ба гараад харахад бидний зорчиж явсан машинаас зайдуухан цагаан өнгийн том ачааны машин мөн замаас гарч зогссон байсан. Тэгээд ослын шоконд ороод орж гараад байж байгаад би эмнэлэг дуудсан юм. Тэгээд цагийн дараа эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. Бүгд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Миний зүүн хацар, цээж, хавирга толгой гэмтэлтэй байна. Бусад хүмүүсийг сайн мэдэхгүй байна. Уг өдрийн 08 цагийн үед болсон санагдаж байна. Эрүүл байсан. Би мэдэхгүй байна. Би мэдэхгүй байна, утсаа хараад явж байсан. Цаг агаар тогтуун, цэлмэг байсан. Зам халтиргаа гулгаагүй байсан, эвдрэл гэмтэлгүй байсан. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 25 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад хохирлын баримтууд байгаа. Би одоо гаргаж өгөх болно. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй тул Шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад нэмж ярих зүйл байхгүй... ... /1хх-ийн 43 дугаар хуудас/,
насанд хүрээгүй хохирогч О.Ггийн ...Би эмээ болох Э хамт Улаанбаатар хотод ээж дээрээ очих гээд 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Улаанбаатар хот явна гэсэн өнгийг нь санахгүй байна Приүс 20 маркийн машинд суугаад хөдөлсөн. Машинд хамт эмээ болон танихгүй 1 эгч, 2 ах байсан ба арай настай ах жолоо барьж явсан. 08 цагийн үед санагдаж Төв аймгийн нутагт явж байсан ба эмээтэй арын суудалд утсаар тоглож байсан. Тэгсэн цагаан өнгийн ачааны том машин, бидний сууж явсан машины зүүн талаас мөргөөд би ухаан алдсан. Нэг сэргэсэн машин онхолдсон байсан бөгөөд намайг жолоочийн хажууд сууж явсан ах машинаас гаргасан. Тэгээд бид нар машинаас холдоод газарт хэвтээд эмээ надад өвчин намдаах эм уулгаад байж байтал түргэний машин ирээд бид нарыг аваад явсан. Эмээ бид 2 болон нэг эгчтэй хойд суудалд суусан. Тэгээд 2 танихгүй ах урд суусан ба арай настай жолоо барьж байсан. Эмээ бид 2 бүс зүүх гэхэд гацаад болохгүй байхаар нь зүүгээгүй. Бусдыг нь мэдэхгүй байна. Миний толгой өвдөж байна, эмч тархи доргисон гэж хэлсэн. 2 хөл бас өвдөөд байна. 08 цагийн үед болсон санагдаж байна. Эрүүл байсан, архи үнэртээгүй. Байгаагүй. Би мэдэхгүй байна, утсаар тоглоод явж байсан. Гадаа нартай, бага зэрэг салхитай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй бүх зүйл тод харагдаж байсан. Замыг нь ямар байсныг анзаараагүй. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 29-30 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Хохирлын баримтуудыг одоо гаргаж өгнө. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй болохоор үзүүлэхгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 40 дугаар хуудас/,
хохирогч Н.Оын ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би фейсбүүк дээр Улаанбаатар хот орно гэж зар тавьсан. Тэгээд надтай хамт 4 хүн явахаар болсон. 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагийн үед би өөрийнхөө эзэмшдэг Гялс гэдэг нэртэй Банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд байдаг хххх улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод миний хажууд зүс таних О, хойд суудалд 2 эмэгтэй, 1 охин нар суугаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. 08 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Довын колонк гэж нэрлэдэг газар дөнгөж өнгөрөөд явж байтал эсрэг урсгалаас улсын дугаарыг нь санахгүй байна цагаан өнгийн Волво маркийн ачааны автомашин өөдөөс тулаад ороод ирэхээр нь би шууд тормос гишгэтэл Волво маркийн автомашин миний автомашины зүүн талыг мөргөсөн бөгөөд мөргүүлсний дараа би ухаал алдсан. Нэг сэргэсэн машин замын хажуу руу баруун талаараа доош харчихсан байсан. Тэгээд бид нар нэг нэгээрээ цонхоор гараад хартал манай машинаас урд талд цагаан өнгийн Волво маркийн машин замын хажуу руу ороод зогссон байсан ба жолооч гэх залуу буугаад хүрж ирээд бид нарыг гаргалцсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаагийн машин ирсэн бөгөөд надтай зорчиж явсан хүмүүсийг аваад явсан. Тухайн үед миний биеийн байдал гайгүй байсан болохоор би машин дээрээ үлдсэн. Бүгд хамгаалах бүс зүүгээгүй байсан ба би жолоо барьж миний хажууд Э суусан байсан. Харин хойд суудалд 2 эмэгтэй болон 1 охин суусан байсан. Миний уушгинд ус хурсан байна гэж эмч хэлсэн. Өөр гэмтэлгүй байна. Уг өдрийн 08 цагийн үед болсон санагдаж байна. Би эрүүл байсан. Эвдрэл гэмтэл байгаагүй. Би 70 гаран км цагийн хурдтай явж байсан. Хурдтай явж байсан 80-90 км цагийн хурдтай явж байсан байх. Нартай халуун байсан. Цаг агаар тогтуун сайхан байсан. Зам мөн адил эвдрэл гэмтэлгүй шулуун байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
хохирогч Т.Тын ...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Дундговь аймгийн Сайнцагаан суманд морин дээрээ байж байгаад Улаанбаатар хот орохоор болоод 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк дээр Улаанбаатар хот орно гэсэн зар байхаар нь О гэх хүнтэй холбогдож маргааш өглөө нь хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 6 цагийн үед Сайнцагаан сумаас О гэх хүн улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод би арын суудал нэг настай эгч болон бага насны охины хамт суусан харин урд суудалд нэг залуу суусан. 07 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд явж байхад миний нойр хүрээд би унтаад өгсөн. Тэгсэн гэнэт түс тас хийх чимээ гараад машин замын хажуу руу онхолдож баруун талаараа газар тогтоход би сэрсэн. Тэгээд би өөрөө босож чадахгүй байсан ба замын хүмүүс зогсоод намайг машины цонхоор гаргасан. Гараад харахад миний сууж машинаас зайдуухан цагаан өнгийн ачааны машин мөн замаас гарчихсан байсан ба хүмүүсийг машинаас гаргаж байхад жолооч нь ирж тусалж байсан. Тэгээд бид нар машинаас гараад газар хөдөлгөөнгүй хэвтээд өгсөн ба хэдэн минутын дараа түргэний машин ирээд Приүс 20-н жолооч буюу Оыг үлдээгээд зорчиж явсан хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хойно сууж явсан хүмүүс бүсээ зүүгээгүй байсан ба урд талын 2 хүнийг зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хүзүү болон 2 хөл, зүүн гар, зүүн хацар хавдсан байна. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Бүгд эрүүл байсан. Эвдрэл гэмтэл байгаагүй. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Би мэдэхгүй байна. Нартай, Цаг агаар тогтуун сайхан байсан. Замын нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Үзэгдэх орчин хэвийн байсан. Гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ... /1хх-ийн 37 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Т.Тын ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Болсон бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Пүрэвжаргал гэх хүн миний хохирол гэж 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Надад нэхэмжлэх нэмж өгөх хохирлын баримтууд байгаа. Би дараа гаргаж өгөх болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... ... /1хх-ийн 46-47 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Н.Оын ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болсон бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Нэмж ярих зүйлгүй. Надад хохирлын баримтууд байсан боловч үрэгдүүлчихсэн. Одоо баримт байхгүй байна. Би тээврийн хэрэгслийнхээ засварын зардлыг нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 50 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гний ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Э.П нь ххххх улсын дугаартай Volvo-FH хх маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хххх улсын дугаартай Н.Оын жолоодон явсан Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан О.Г, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч О.Г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 755.835 төгрөгийн зардал, хохирогч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 294,592 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Паас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1ххххххххх дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 57-58 дугаар хуудас/,
гэрч Т.Оын ...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Мандал-Овоо суманд түр хугацаагаар байрлаж байгаа юм. Тэгээд Улаанбаатар хотод машин авахаар ажил гараад зүс таних О гэх ах өөрийнхөө Приүс 20 маркийн автомашинтай Улаанбаатар хот явна гэхээр нь дайгдаад 2024 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед Мандал-Овоо сумаас хөдөлсөн. Хамт танихгүй 3 хүн явсан бөгөөд 08 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн Довын колонк гэж хүмүүс нэрлэдэг газар дөнгөж өнгөрөөд явж байтал гэнэт эсрэг урсгалаас цагаан өнгийн улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгийн Volvo маркийн ачааны автомашины урсгал сөрөөд өөдөөс ирэхээр жолооч О хурдаа сааруулсан чинь Приүс 20 машины зүүн талаас тас хийтэл мөргөөд замын хажуу руу шидэгдэж зогссон. Приүс 20 маркийн автомашин баруун талаараа газарт тогтсон бөгөөд би машинаас хамгийн түрүүнд гараад хойно сууж явсан бага насны охиныг гаргасан. Тэгээд замаар явж хүмүүс туслаад машинд байгаа бүх хүмүүсийг гаргаж байтал Volvo-ны жолооч ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Хэдэн минутын дараа цагдаа болон эмнэлгийн машин ирсэн. 8 цагийн үед санагдаж байна. 70-80 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тэрийг анзаараагүй. Би тэрийг мэдэхгүй байна жолооч Оынх гэж бодож байна Асуулт: Тухайн үед Би урд суудал сууж явсан О жолоо барьж байсан. Арын суудалд танихгүй 1 бага насны охин болон 2 насанд хүрсэн эмэгтэй байсан. Би болон жолооч суудлын бүсээ зүүсэн байсан ба хойно сууж байсан 3 хүн зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Нартай, ямар нэгэн шуурга болон бороо ороогүй байсан. Бид нарын явж байсан талд зам эвдрэл гэмтэл байгаагүй, халтиргаа гулгаа байгаагүй. Одоогийн байдлаар миний толгой хавдсан болон зүүн хөл, зүүн гар шалбарсан байна, Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна, эмчилгээ зардлаа нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 59-60 дугаар хуудас/,
гэрч Э.Пын ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хүргэн ах Сэргэлэнбаатарын эзэмшдэг хххх улсын дугаартай Volvo FH-12 маркийн ачааны тээврийн хэрэгслээр хот хоорондоо ачаа ачих ажил хийдэг юм. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос 23 цагийн үед ачаа ачаад Өмнөговь аймаг руу хөдөлсөн. Тэгээд замдаа 01 цагийн үед Төв аймгийн Хөшигтийн хөндийн уулзвар өнгөрөөд байдаг ачааны машинаа амралтын зогсоол дээр амарсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07 цагийн үед хөдөлсөн юм. 08 цагийн үед санагдаж байна, Төв аймгийн Сэргэлэн сумын довын колонк гэж хүмүүс нэрлэдэг газар орчим явж байтал зүүн урд талын дугуй буудаад, үрүүл жолоодлогогүй болж эсрэг урсгал руу орсон. Би сандраад үрүүлтэйгээ ноцолдож байгаад замын хажуу руу орж зогссон. Тэгээд буугаад хартал замын хажууд цагаан өнгийн Приүс маркийн автомашин мөн замын хажуу руу уначихсан байсан. Тэгээд би очоод хүмүүсийг нь гаргалцаж өгсөн. Удалгүй эмнэлэг болон цагдаагийн машин ирсэн. Би 8 цагийн үед санагдаж байна. 70 орчим км цаг гаран хурдтай явж байсан. Хүнд бөгстэй болохоор 80 км цагаас дээш хурд авдаггүй. Тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь манай хүргэн ах Сын эзэмшлийнх юм. Манай хүргэн ах С Интерсорс Инк ХХК-с худалдаж авч байсан ба нэрээ шилжүүлж аваагүй байгаа. Би ганцаараа жолоо барьж явж байсан. Өөр хүн байгаагүй. Би зүүн сугандаа оёдолтой байсан болохоор суудлын бүс зүүгээгүй байсан. Цэлмэг, нартай зам бага зэрэг хагархайтай, сэвээ ихтэй байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Би В, С, Е ангилалтай, жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2019 оноос хойш ачааны тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Одоогийн байдлаар миний бие зүгээр байна, Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тэрийг мэдэхгүй байна. Усан хээтэй дугуй гээд хамгийн сайн гэсэн дугуйг нь авч байсан юм. 2024 оны 05 дугаар сард аваад суурилуулж байсан. Би эрүүл байсан. Би тэрийг анзаараагүй. Эвдрэл гэмтэл байгаагүй. Би үрүүлтэйгээ ноцолдож байсан учир анзаараагүй. Мөн мөргөлдөж байгаа эсэхийг анзаараагүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 62-63 дугаар хуудас/,
гэрч Э.Пын ... Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 26.000 кг даацтай. 26.000 кг ачаа ачсан байсан. Улирал гэж байхгүй ээ. Толгой хэсгийн хойд талын 2 дугуй дөрвөлжин хээтэй, урд талын залуурын 2 дугуй усан хээтэй байсан. Чиргүүл нь бүгд усан хээтэй дугуйнууд байсан.Толгойн дугуйгаа 2023 оны 09 дүгээр сард шинээр нь авч сольж байсан. Чиргүүлийн дугуйг 2023 онд сольсон сарыг санахгүй байна. Нөхөөстэй дугуй байхгүй. 2024 оны 06 дугаар сард Дундговь аймгийн оношилгоонд оруулсан байсан. Гэхдээ гэрчилгээ дээр тэмдэглээгүй бөгөөд цахимаар бүртгэгдчихнэ гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 65 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 92хх дугаартай ... 1. О.Ггийн биед ууц ясны зүүн талын латерал масс ууц сүүжний үетэй түвшинд шахагдсан хугарал, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /1хх-ийн 69-70 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 92хх дугаартай ...1. Б.Эгийн биед зүүн 4,5 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, хамар ясны зүүн хажуу хананд зөрүү багатай далд хугарал, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /1хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 92хх дугаартай ...1. Н.Оын биед цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /1хх-ийн 77-78 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хх дугаартай ... 1. Т.Тын биед дух, зүүн гарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Т.Тын бие үүссэн гэмтэл хохирол нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр үүссэн тул гэмтлийн зэргийг тус тусад бичих үндэслэлгүй болно. Т.Тын биед үүссэн гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... талаарх дүгнэлт /1хх-ийн 81-83 дугаар хуудас/,
шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 42хх дугаартай ...1. Шинжилгээнд ирүүлсэн Э.П гэсэн бичиглэлтэй н гэх цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна... /1хх-ийн 86-88 дугаар хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 42хх дугаартай ...1. Шинжилгээнд ирүүлсэн “Э.П” гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3.4. Ирүүлсэн “Э.П” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /1хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №06/ххх дугаартай ...Гялс төгрөг ХЗХ-ийн өмчлөлийн ххххх улсын дугаартай prius-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 97-108 дугаар хуудас/,
Шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №06/хх дугаартай дүгнэлт /1хх-ийн 122-132 дугаар хуудас/,
Шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 46/44 24/ххх дугаартай ...1. Хэргийн материалтай танилцахад Volvo FH-12 маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч Э.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Toyota Prius маркийн ххх улсын дугаартай автомашины жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Энэ дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно. 4. Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлүүдээр хурдыг тогтоох боломжгүй байна. 5. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 6. Нэмж тусгах саналгүй... талаарх дүгнэлт /1хх-ийн 143-145 дугаар хуудас/,
яллагдагч Э.Пын ...Би Монгол хэл, бичгээр уншиж бичиж чадна, би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хүргэн ах Сын эзэмшдэг хххх улсын дугаартай Volvo FH-12 маркийн ачааны тээврийн хэрэгслээр хот хоорондоо ачаа ачих ажил хийдэг юм. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос 23 цагийн үед ачаа ачаад Өмнөговь аймаг руу хөдөлсөн. Тэгээд замдаа 01 цагийн үед Төв аймгийн Хөшигтийн хөндийн уулзвар өнгөрөөд байдаг ачааны машинаа амралтын зогсоол дээр амарсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07 цагийн үед хөдөлсөн юм. 08 цагийн үед санагдаж байна, Төв аймгийн Сэргэлэн сумын довын колонк гэж хүмүүс нэрлэдэг газар орчим явж байтал зуурд талын дугуй буудаад үрүүл жолоодлогогүй болж эсрэг урсгал руу орсон. Би сандраад үрүүлтэйгээ ноцолдож байгаад замын хажуу руу орж зогссон. Тэгээд буугаад хартал замын хажууд цагаан өнгийн Приүс маркийн автомашин мөн замын хажуу руу уначихсан байсан. Тэгээд би очоод хүмүүсийг нь гаргалцаж өгсөн. Удалгүй эмнэлэг болон цагдаагийн машин ирсэн. Би 8 цагийн үед санагдаж байна. 70 орчим км цаг гаран хурдтай явж байсан. Хүнд бөгстэй болохоор 80 км цагаас дээш хурд авдаггүй. Тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь манай хүргэн ах Сын эзэмшлийнх юм. Манай хүргэн ах С Интерсорс Инк ХХК-с худалдаж авч байсан ба нэрээ шилжүүлж аваагүй байгаа. Би ганцаараа жолоо барьж явж байсан. Өөр хүн байгаагүй. Би зүүн сугандаа оёдолтой байсан болохоор суудлын бүс зүүгээгүй байсан. Цэлмэг, нартай зам бага зэрэг хагархайтай, сэвээ ихтэй байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Би В, С, Е ангилалтай, жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2019 оноос хойш ачааны тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Одоогийн байдлаар миний бие зүгээр байна, Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тэрийг мэдэхгүй байна. Усан хээтэй дугуй гээд хамгийн сайн гэсэн дугуйг нь авч байсан юм. 2024 оны 05 дугаар сард аваад суурилуулж байсан. Би эрүүл байсан. Би тэрийг анзаараагүй. Эвдрэл гэмтэл байгаагүй. Би үрүүлтэйгээ ноцолдож байсан учир анзаараагүй, мөн мөргөлдөж байгаа эсэхийг анзаараагүй юм. Надад нэмж ярих зүйл байхгүй... /1хх-ийн 161-162 дугаар хуудас/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 171 дүгээр хуудас/,
зөрчлийн талаарх лавлагаа /1хх-ийн 175-184 дүгээр хуудас/,
эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлэн авсан тэмдэглэл /1хх-ийн 185 дугаар хуудас/,
Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-ийн 187-190 дүгээр хуудас/,
Э.Пын №ххххх дугаартай жолоочийн үнэмлэх /1хх-ийн 191 дүгээр хуудас/,
Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн албан тоот /1хх-ийн 195 дугаар хуудас/,
“Гялс төгрөг” ХЗХ-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт /1хх-ийн 196-203 дугаар хуудас/,
хохирогч О.Ггийн 3 ширхэг хохирлын баримт /1хх-ийн 205 дугаар хуудас/,
хохирогч Б.Эгийн хохирлын баримт /1хх-ийн 206-209 дүгээр хуудас/,
эмнэлгийн баримтууд, эмчилгээний төлбөрийн баримтууд /1хх-ийн 211-248 дугаар хуудас/,
эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /2хх-ийн 5-6, 9 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч Л.Сын ...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх бөгөөд би 2023 оны 12 дугаар сард Интер Сорс Инк ХХК-с 25.000.000 төгрөгөөр, чиргүүлийг мөн Интерсорс Инк ХХК-с 35.000.000 төгрөгөөр авч байсан юм. Тухайн үед аман гэрээгээр би худалдаж авч байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Интер Сорс Инк ХХК-н өмчлөлд бүртгэлтэй байдаг бөгөөд би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан юм. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх мөн болно. Би 18-хххх улсын дугаартай Volvoi FH-12 маркийн тээврийн хэрэгслээ хадам дүү болох Пд түр хэрэглүүлж байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 12 дугаар хуудас/,
Ө.Оын ...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй... талаарх зурвас /2хх-ийн 16 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Ууганцэцэг:
...Шүүгдэгч Э.Пын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу олдсон нотлох баримт болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогч Б.Эгийн биед хүндэвтэр хохирол учруулсан ба баримтаар 777.940 төгрөгийг нэхэмжилсэн. Насанд хүрээгүй хохирогч Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба баримтаар 394.700 төгрөгийн нэхэмжилсэн. Хохирогч нарт 1.400.000 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Н.Оын тээврийн хэрэгсэлд учирсан 6.888.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч Ж.Тын эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авсан хохирлыг төлсөн. Мөн иргэний нэхэмжлэгч Ж.Тын цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна... гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Т:
...Гомдол санал байхгүй. Нэхэмжилсэн хохирол төлбөрийг барагдуулахад болно... гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч Н.О:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:
...Миний үйлчлүүлэгч Э.П Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд дээр дурдагдсан хохирлуудыг бүрэн төлсөн. Иргэний нэхэмжлэгч Ж.Тын гараар бичсэн 2.000.000 гаруй төгрөгийг шүүх хуралдааны явцад гаргах боломжгүй харин цаашид нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.П:
...Хэлэх зүйл байхгүй... гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Э.П маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.П нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.П нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”-р заалт буюу “Жолооч ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 15.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Э.Пыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”, 15.9-т заасныг тус тус зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Пыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Пын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Г, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар 777.944 /долоон зуун далан долоон мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч О.Г эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 394.700 /гурван зуун ерэн дөрвөн мянга долоон зуу/ төгрөг, бүгд 1.172.644 /нэг сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Э.П хохирогч Б.Э, насанд хүрээгүй хохирогч О.Г нарт эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төлсөн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр,
түүнчлэн насанд хүрээгүй хохирогч О.Г 755.835 /долоон зуун тавин таван мянга найман зуун гучин тав/ төгрөгийн, хохирогч Б.Э 294.592 /хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт тусламж үйлчилгээ тус тус авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан шүүгдэгч Э.Паас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох нийт 1.050.427 /нэг сая тавин мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 1.050.427 /нэг сая тавин мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар,
мөн иргэний нэхэмжлэгч Н.Оын эд хөрөнгөнд учирсан 6.888.000 /зургаан сая найман зуун наян найман мянга/ төгрөгийг, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Тд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Н.О, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын шинээр гаргаж өгсөн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Пыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж, шүүгдэгч Э.Паас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж тус тус үзсэн ба харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т баримтгүйгээр 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар баримтаа,
түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн тул энэ талаар баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Э.Ууганцэцэг:
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гаргаж байна... гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Т:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч Н.О:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасан. Гэмт хэрэг гарахад маргахгүй байгаа ч гэсэн дугуй хагарч рүүл ажиллагаагүй болсноос осол гарсан учир тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, торгуулийг хуульд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү. Бусдад төлөх төлбөргүй... гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.П:
...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Э.Пд хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Э.Пд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Э.Пын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Э.Пын жолоочийн №ххххх дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих газарт хүргүүлэхийг даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Эийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н овгийн Эийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н овгийн Эийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н овгийн Эийн Пд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Э.Пын жолоочийн №хххххх дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Болорцэцэгт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Нг овгийн Эийн Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т баримтгүй 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нотлох баримтаа,
түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н овгийн Эийн Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н овгийн Эийн Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН