Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2017/00702

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2017/00702

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Л.Х

            Нэхэмжлэгч: Ө.Б

            Хариуцагч: Ч.Б

            Хариуцагч: АХ

            Орхон аймаг, Баян-Өндөр сум, С баг№ тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ө.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х , хариуцагч АО ХХК-н захирал Ч.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Г , хариуцагч С.Г , хариуцагч С.Г ийн өмгөөлөгч М.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л Х миний бие болон миний нөхөр Ө Б бид АО ХХК-ний гүйцэтгэх захирал С.Г тэй 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр тус компаний барьж, ашиглалтанд оруулсан Орхон аймаг, Баян-Өдөр сум, С багт байрлах № дугаар байрны № тоот 53 мкв 2 өрөө орон сууцыг 75 000 000 /далан таван сая/ төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан. Гэрээний төлбөрөө АО ХХК-ний гүйцэтгэх захирал гэх С.Г ийн ХААН банк №, № тоот дансуудад 2014 оны 4 дүгээр сарын 9-нд 40 500 000 /дөчин сая таван зуун мянга/ төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 34 500 000 /гучин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус төлснөөр гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлж, 2014 оны 5 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэлхи хугацаанд нөхөр хүүхдүүдийн хамт С баг№ тоотод амьдарч байна. АО ХХК-ний гүйцэтгэх захирал С.Г нь миний худалдан авсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, С баг№ тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа бөгөөд тус компаний ерөнхий захирал Ч.Д оос мөн өмчлөх эрхийн гэрчилгээг шаардахад хэрэглээний зардлаа төлөөд явж бай, С.Г бид нарын хооронд мөнгөний асуудал байгаа энэ асуудлаа дуусгачихаад танай өмчлөх  эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэдэг. АО ХХК-ний удирдлагуудаас өмчлөх эрхийн гэрчилгээгээ тус байранд орсон цагаасаа хойш шаарддаг боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй эрхийг минь зөрчиж байна. Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, С баг№ тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Л Х , Ө Б нарын нэр дээр гаргуулж өгөхийг АО ХХК-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан ба хариуцагч нарын тайлбар, улсын бүртгэлээс ирүүлсэн нотлох баримтаар хоёр иргэний өмч байх тул Ч.Д , С.Г нарыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, С баг№ тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч АО ХХК-ний захирал Ч.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Г тэй АО ХХК нь ямар нэгэн хамааралгүй бөгөөд энэ компаний эзэн, гишүүн биш юм. АО ХХК-ний дансанд 75 000 000 төгрөг орлогод орж ирээгүй. Иймд нэхэмжилж буй 75 000 000 төгрөг Ч.Д надад хамааралгүй болно. Орхон аймгийн Баян-Өндөр сумын С багийн № дугаар байрны хөрөнгө оруулалт, ашиг хувиаралтын талаар С.Г бидний хооронд маргаантай болсноор энэ тухай маргаан хуулийн байгууллагаар хянагдаж байгаа юм. Маргаан эцэслэн шийдэгдэсний эцэст байрны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдох боломжтой болох юм гэжээ.

Хариуцагч АО ХХК-ний захирал Ч.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: АО ХХК нь С.Г тэй ямар нэгэн хамаарал байхгүй. Уг компаний гүйцэтгэх захирал, гишүүн ч биш юм. Л.Х , Ө.Б нарын№ тоот байрны үнэ 75 000 000 төгрөгийг Ч.Д аваагүй бөгөөд АО ХХК-ний дансанд ороогүй. № тоот байрыг барихад оруулсан хөрөнгө оруулалтын талаар С.Г тэй маргаантай байгаа бөгөөд энэ маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг үл хөдлөх бүртгэлийн газраас авах боломж бүрдэнэ. Одоогоор энэ гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэв.

Хариуцагч АО ХХК-ний гүйцэтгэх захирал С.Г нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлж байна.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Х , Ө.Б нар АО ХХК-д болон гүйцэтгэх захирал С.Г нарт холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, С баг№ тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Л Х , Ө Б нарын нэр дээр гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан иргэн Ч.Д , С.Г нарт холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, С баг№ тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

            Хариуцагч АО ХХК-ний захирал Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр АО ХХК-ний барьж, ашиглалтанд оруулсан Орхон аймаг, Баян-Өдөр сум, С багт байрлах № дугаар байрны № тоот 53 мкв 2 өрөө орон сууцыг 75 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрийг АО ХХК-ний гүйцэтгэх захирал гэх С.Г ийн ХААН банкны  №, № тоот дансуудад 2014 оны 4 дүгээр сарын 9-нд 40 500 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 34 500 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр гэрээний үүргээ биелүүлсэн. 2014 оны 5 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд манай гэр бүл С баг№ тоотод амьдарч байгаа боловч Айрагийн хоолой ХХК-ний дотоод маргаанаас болж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Бидэнтэй байгуулсан гэрээнд АО ХХК-ний гэрээг ашигласан боловч нотлох баримтаар гаргуулсан баримтанд Ч.Д , С.Г  нарын өмчлөлийн байр болох нь нотлогдож байгаа тул Орхон аймаг, Баян-Өндөр сум, С баг№ тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай холбогдох баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч АО ХХК-ний захирал Ч.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Г нар нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: С.Г тэй АО ХХК нь ямар нэгэн хамааралгүй бөгөөд энэ хүн компаний гишүүн, гүйцэтгэх захирал биш юм. АО ХХК-ний дансанд 75 000 000 төгрөг нэхэмжлэгч нараас орлогод орж ирээгүй болно. Орхон аймгийн Баян-Өндөр сумын С багийн № дугаар байрны хөрөнгө оруулалт, ашиг хувиаралтын талаар С.Г бидний хооронд маргаантай байгаа бөгөөд эцэслэн шийдэгдсэний дараа байрны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдох боломжтой гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч Ө.Б , Л.Х нар АО ХХК, С.Г нартай 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай № тоот гэрээ байгуулсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сум, С багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 40 айлийн орон сууцны 5 дугаар давхрын № дугаартай 53 м.кв 2 өрөө орон сууцыг 75 000 000 төгрөг байхаар тодорхойлж тогтоосон байна.

            Гэрээний нэг тал болох нэхэмжлэгч нар 75 000 000 төгрөгийг С.Г ийн Хаан банкны 1тоот дансанд 34 500 000 төгрөг, Хас банкны № тоот дансанд 550 000 төгрөг, - тоот дансанд 39 950 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, 2014 оны 05 дугаар сараас ам бүл дөрвүүлээ С баг№ тоотод амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /хх 8-10, 11/ Энэ талаар талууд маргаагүй.

            Нэхэмжлэгч түүний төлөөлөгч орон сууц захиалан бариулах гэрээний тал болох АО ХХК үүргээ гүйцэтгээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар АО ХХК-ний гүйцэтгэх захирал С.Г ийг татан оролцуулж, хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг судлах явцад хариуцагч нь хуулийн этгээд бус иргэн Ч.Д , С.Г нар болохыг тодорхойлон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай холбогдох баримтыг гаргахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчдын тайлбар, гэрээний хугацаа, төлбөр төлөгдсөн байдал, хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх учир нэхэмжлэгч нар шаардах эрхтэй.

            АО ХХК нь 1 гишүүнтэй бөгөөд түүний захирал Ч.Д мөн болох нь хуулийн этгээдийн улсын бүргэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд /хх-17/ нэхэмжлэгч нарын орон сууцны төлбөр болох 75 000 000 төгрөг АО ХХК-н дансаар ороогүй болох нь зохигчдын тайлбар, С.Г ийн дансны баримтаар батлагддаг.

            АО ХХК нь нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээгээгүй, С.Г нь уг компанид хамааралгүй гэж тайлбарлаж байгаа АО ХХК-ний захирал Ч.Д тайлбар үндэслэлтэй боловч иргэн Ч.Д уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч байвал зохих этгээд мөн гэж үзнэ. Учир нь Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр С багт байрлах 540 м2 газрын хамтран эзэмшигч нь иргэн Ч.Д , С.Г байх ба С баг № дугаар байрны /3 000 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй/ орон сууцны хамтран өмчлөгч байна. / хх 44, 50-51/ Мөн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн дардастай Захиалгаар барьсан орон сууцны № тоот хаалганы захиалагч нь С.Г байх бөгөөд тэрээр өөрийн дансаар мөнгө авсан захиран зарцуулах эрх бүхий этгээд мөн болох нь нотлогдож байна. /хх 41/

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д  хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, мөн хуулийн 108.3-т дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.

            Маргаан бүхий № тоотын өмчлөгч С.Г нь дундаа хэсгээр өмчлөх хөрөнгөө захиран зарцуулахтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сум, С баг№ тоот 53 м.кв хоёр өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч Ч.Д , С.Г   нарт даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Хариуцагч нарын хооронд үүссэн дотоодын маргаантай асуудал нэхэмжлэгч нарт хамааралгүй бөгөөд энэ хэргээс тусд нь шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

            Хариуцагч Ч.Д нь өөрийгөө болон хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг Ю.Г ад олгосон бөгөөд шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд нь хуульд заасан хэлбэрийг хангасан гэж үзнэ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг орон сууц худалдах худалдан авах гэрээ гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 462 750 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч нараас тус бүр 266 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор заалаа. 

               

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Б , Л.Х нарын Орхон аймгийн Баян-Өндөр сум, С баг№ тоот 53 м.кв хоёр өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагч Ч.Д , С.Г   нарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 462 750 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Ч.Д , С.Г нараас тус бүр 266 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б , Л.Х нарт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ