Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/33

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Н.Цэнгэлсайхан, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, С.Ганбат,

гэрч Н.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Цэнгэлсайханд холбогдох 201608000158 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нэргүйн Цэнгэлсайхан /РД:УД81080912/ Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1981 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, “Ханжин майнинг экүйпмент” ХХК-д өрмийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 76 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 505/168 километрийн шонгийн орчимд Тоёота Ланд круйзер маркийн 00-43 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч замын хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 Зам тээврийн ослын үед жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн А.Замзаахын өмчлөлийн 4 тооны үхрийг мөргөж 4000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан зам тээврийн осол гарган, зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлээгүй осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь эрүүгийн 201608000158 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Бусдын батлан даалтанд өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 505/168 километрийн шонгийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер маркийн 00-43 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн А.Замзаахын өмчлөлийн 4 тооны үхрийг мөргөж 4 000 000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч замын хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд

 

1. Шүүгдэгч Н.Цэнгэлсайхан мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Зүүнбаянгаас Улаанбаатар луу ганцаараа явах замдаа айлын 4 тооны үхэр дайрсан. Тухайн үед өөдөөс машины гэрэл гялбаад юу дайрснаа мэдээгүй. Зогсоод эргэж харахад үхэр дайрсан байсан. Маргааш нь өдөр хүртэл хүлээж байгаад малчинтай нь уулзаад учраа олсон. Учруулсан хохирлоо төлсөн. Тухайн үед мөнгөгүй, хонох газаргүй, яах учраа мэдэхгүй байж байгаад өмгөөлөгчөөсөө асуухад явж болно гэж хэлсэн болохоор явсан. Би прокурорт учирлаж мэдэгдээд хөдөө очиж ажлаа шалгах шаардлагатай байсан болохоор явсан. Шүлхий өвчин, цасан шуургатай холбоотой ирж чадаагүй. Би 7-14 хоногийн дотор ирнэ гэсэн зорилготой явсан. Утасны сүлжээгүй газарт байсан болохоор хэлж чадаагүй. Байцаагчдаа 2017 оны 02 дугаар сарын 01-нд хаана яваа болохоо мэдэгдсэн. Оргон зайлсан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цагдаад мэдэгдээгүй нь миний буруу гэв.

 

2. Иргэний нэхэмжлэгч А.Замзаах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Манайх 2016 оны 08 дугаар сард Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг “Гүн жалга” гэх газарт нутаглаж байсан юм. Тэгээд отроор урагшлаад Баянтал сумын хойд талд буусан. Нүүхдээ хадам ээжийн малчин Ганболд гэх хүнд үхрээ захиад үлдээсэн. 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн төв дээр явж байхад манай хадам ээж Сэрээтэр над руу утсаар яриад зам дээр үхэр дайруулсан байна. Танай үхэр юм шиг байна гэж хэлсэн. Би Чойроос гараад 16 дугаар зөрлөгийн орчим “Гүн жалга” гэх газарт очиход засмал зам дээр манай нас бие гүйцсэн мухар хар тарлан үнээ, хүрэн зүсмийн гунжин үнээ, хар хүрэн зүсмийн гунжин үнээ машинд дайрагдсан байдалтай засмал замынхаа хажуу талд үхсэн байж байсан. Дайрсан машин нь газар дээрээ байгаагүй. Цагдаа нар замын машинаас сурсан чинь замд чирүүлсэн машин явж байна гэж хэлсэн. Цагдаа нар араас нь яваад манай үхрийг дайрсан залуутай уулзсан чинь би малчинтай нь уулзсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд мал маллаж байсан Ганболдоос асуусан чинь “өө би хэлэхээ мартсан байна. Тэр машинтай уулзсан шүү дээ” гэж хэлсэн. Ганболдоос тэр үхэр дайрсан машиныг хаана зогсож байсан юм гэж асуусан чинь үхэр дайрагдсан газраас нилээн хойш зогсож байсан гэсэн. Ганболдод та яагаад хэлээгүй юм бэ? гэсэн чинь намайг гуйгаад байхаар нь би яв гээд хэлсэн юм аа гэж байсан. Ганболд сүүлд утасны дугаар үлдээсэн гээд цагдаа нарт нэг цаас үзүүлж байсан. Санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Цэнгэлсайханы өмгөөлөгч гэх хүн ирээд надтай уулзаад хохирол тохироод барагдуулсан. Цэнгэлсайхан надад хэлэхдээ мал мэддэг Дорлиг гэж надтай хамт ажиллаж байсан хуурай дүүгээ явуулъя гэж манай малчинд хэлсэн юм байна лээ. Малчин жолооч хоёрын хэн нь буруу ярьсан талаар мэдэхгүй байна" гэсэн мэдүүлэг /х.х-ийн 169 хуудас/

 

3. Гэрч Н.Ганболд мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маргааш өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өглөө үхрийг тоолоод үзсэн чинь дутсан. Тэгээд хайгаад явж байсан чинь нэг танихгүй мотоцикльтой залуу таарахаар нь үхэр сурсан чинь зам дээр 4 үхэр дайруулсан байна гэж хэлэхээр нь очоод үзсэн чинь Замзаахын им тэмдэгтэй үхэр байсан. Би хойшоо зам дагаад явж байсан чинь ногоон өнгийн Ланд 80 маркийн машин зогсож байхаар нь яваад очсон чинь нэг залуу байж байсан. Ойролцоогоор 1 километр хэртээ газарт гүвээний цаана зогсож байсан. Тэр залууд би үхэр хайгаад явж байна даа гэсэн чинь ах уучлаарай би урд 4 үхрийг дайрсан гэж надад хэлсэн. Бид хоёр дайрагдсан үхэр дээр очиж үзээд буцаад машин дээр нь яваад очсон чинь тэр залуугийн эхнэр гэх цагаан өнгийн, хормой хэсгээрээ саарал канттай машинтай эмэгтэй ирсэн байсан. Тухайн үед би ах нь айлын мал маллаж байгаа. Чи өөрөө наадхынхаа учрыг ол гэж хэлээд орхисон. Тэгээд би цаанаас нь зарим үхрээ хураагаад явж байсан чинь нөгөө Ланд 80 маркийн машин жижиг цагаан машинаараа чирүүлээд явж байгаад зогсоод надад цаасан дээр бичсэн утасны дугаар нэг хүний нэр өгсөн. Надад өөрийхөө нэр, дугаар гэж хэлсэн. Тэр надад өгсөн нэр дугаар худлаа байсан байна лээ. Сүүлд цагдаа дээр ирээд тэр залуугийн араас яваад авч ирэхэд надад цаасан дээр бичиж өгсөн нэрнээс өөр нэр хэлж байсан. Тухайн залуу одоо яах вэ? гэхээр нь чи өөрөө учраа ол, явбал явж байхгүй юу даа. Би мэдэхгүй гэж хэлсэн. Мөн дээр нь утасны дугаараа өгөөд байхаар нь явбал яв гэж хэлсэн. Замзаах өөрөө тухай үед байхгүй байсан. Буцаж ирээд учраа олно байх гэж бодсон гэв.

 

4. Гэрч П.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "2016 оны 08 дугаар сард намайг гэрт байж байхад Цэнгэлсайхан утсаар яриад машин чирэх юм аваад ир гэхээр нь би яасан юм бэ? гэсэн чинь машин эвдэрсэн гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь 11 цагийн орчим Crown маркийн машинтай очиход манай нөхөр өөрийн эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн 00-43 УНГ улсын дугаартай машинтай Чойроос хойш хот тал руу зогсож байсан. Би яваад очиход манай нөхрийн машины урд тал нь эвдэрсэн байхаар нь юу болсон талаар асуухад үхэр дайрчихлаа гэж байсан. Үхэр нь зам дээр байгаагүй. Үхэр нь замаас гараад машинаас нилээн наана байсан. Тэгээд өөрийн унаж ирсэн Crown маркийн машинаар нөхрийн машиныг чирээд явж байхад төмөр замын 4 дүгээр зөрлөг дээр цагдаа зогсоосон. Тэгээд манай нөхрийг хэргийн газраас оргон зайлсан гэж байсан. Ланд круйзер 80 маркийн машиныг 4 дүгээр зөрлөг дээр үлдээчихээд буцаад нөхөртэйгөө Чойрт очсон" гэсэн мэдүүлэг /х.х-ийн 56-57 хуудас/

 

5. Гэрч Х.Болортуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Энхболдын эхнэр нь байгаа юм. Энхболд Сүхбаатар аймгийн нэг суманд хилтэй ойрхон ажил хийж байгаа. 2 хоногийн өмнө над руу 88079595 гэсэн дугаараас ярьж байсан. Цэнгэлсайхан Энхболдын төрсөн ах нь байгаа юм. Энхболд Цэнгэлсайхан ахыг Говьсүмбэр аймгийн цагдаа дээр очиж батлан даалтанд авсан гэдгийг мэдэж байгаа. Цэнгэлсайхан ахыг Дорнод аймагт ажиллаж байгаа гэж сонссон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 155 хуудас/

 

6. Гэрч С.Нэргүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Цэнгэлсайхан нь миний төрсөн хүү байгаа юм. Цэнгэлсайханы гэр нь Улаанбаатар хотод Баянгол дүүргийн модны 2 гэх газарт байдаг. Цэнгэлсайхан Дорнод аймгийн нэг суманд байгаа гэсэн, ямар суманд байгааг мэдэхгүй байна. Мөн Сүхбаатар аймгийн нэг суманд худаг гаргахаар ажиллаж байгаа. Ажиллаж байгаа сумыг нь мэдэхгүй байна. Цэнгэлсайханыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг мэдэж байгаа. Цэнгэлсайхан 99066541 гэсэн утастай энэ утсаар холбоо барьдаг юм. Ойрд холбоо бариагүй байна. Би холбоо барихаар нь хэл хүргэнэ. Энхжаргал 99703031 дугаарын утастай байгаа. Энхболд 88079595 гэсэн дугаарын утастай байгаа сүлжээгүй газар байгаа хааяа нэг холбоо барьж байгаа. Мөн утсаар яривал хэл дуулгая" гэсэн мэдүүлэг /х.х-ийн 156-157 хуудас/

 

7. Гэрч Э.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би 00-43 УНГ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашинаа 2015 оны 05 дугаар сард найз Нэргүйн Цэнгэлсайханд 6500000 төгрөгөөр зарсан. Н.Цэнгэлсайханаас 6500000 төгрөгөө бүрэн авсан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Энэ машин одоо миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Энэ машинтай холбоотой асуудлыг Цэнгэлсайхан өөрөө шийднэ. Би иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй.  Цэнгэлсайхан Дорнод аймгийн Матад суманд өрмийн ажил хийж байгаад ирээд 1 хонож байна гэж надтай утсаар ярьсан. Би Цэнгэлсайхантай биечилж уулзаагүй.  Осолд орсон өдөр нь мэдсэн. Цэнгэлсайхан над руу утсаар яриад урьд шөнө Говьсүмбэр аймагт үхэр мөргөөд осол гаргачихлаа. 4-5 үхэр мөргөсөн. Crown-аар чирээд явсан чинь дийлэхгүй байна. Машин олоод ирээч гэхээр нь найзаасаа Ланд 76 маркийн машиныг гуйгаад Цэнгэлсайханыг Багахангайгаас урагш засмал зам дээр зогсож байхад нь очиж машиныг нь чирсэн. Намайг очиход Цэнгэлсайханы машины урд тал нилээн эвдэрсэн байсан. Үхэр хаана мөргөсөн талаар мэдэхгүй. Цэнгэлсайхан эндээс нилээн зайтай гэж байсан. Тэгээд машиныг нь чирээд явж байхад 4 дүгээр зөрлөг хавьд цагдаатай тааралдсан. Цэнгэлсайханыг цагдаагийн хүмүүс аваад явсан. Цэнгэлсайханы эхнэр crown маркийн машинтайгаа очсон байсан. Багахангай дүүргийн замын цагдаагийн тасгийг тойрч гарсан. Цэнгэлсайхан цагдаатай тааралдаж магадгүй тойроод гаръя гэсэн. Миний тухайн үед унаж явсан Ланд 76 маркийн авто машины техникийн хувьд бүрэн, бичиг баримтын ямар нэгэн зөрчил байгаагүй. Цэнгэлсайханаас яагаад цагдаагийн пост тойрч гарсан талаар асуугаагүй. Цэнгэлсайхан дайрсан үхрийн эзэнтэй уулзсан. Намайг явбал яв гэхээр нь явсан гэж ярьж байсан. Цэнгэлсайхантай холбоотой Дорлиг гэж хүнийг сонсож байгаагүй" гэсэн мэдүүлэг /х.х-ийн 158-159 хуудас/

 

8. Гэрч Н.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Н.Цэнгэлсайхан ах Говьсүмбэр аймгийн цагдаа дээр шалгагдаж байхад нь батлан даалтанд дүү Энхжаргал бид хоёр авсан. Энхжаргал бид хоёр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд өрмийн ажил хийж байсан. Тухайн үед Цэнгэлсайхан ахтай утсаар ярихад цагдаа дээр хоёр гурван удаа өмгөөлөгчтэйгөө хамт очсон. Батлан даагч нараа авч ир гэсэн та хоёрыг торгоно гэж байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь цагдаагаас Цэнгэлсайхан ахыг ирэхгүй байна гээд ярилаа гэж дүү Энхжаргал хэлсэн. Тухайн үед бид хоёр ажиллаж байсан газар сүлжээ барьдаггүй байсан юм. Тэгээд Цэнгэлсайхантай холбоо барьж чадаагүй. Тэгээд Баянхонгор аймгаас Сүхбаатар аймгийн Хөөтийн уурхай гэх газарт очиж ажилласан. Цэнгэлсайхан ах Энхжаргал бид хоёроос 20 орчим км зайтай газарт ажиллаж байсан. Цэнгэлсайхан ахад хэл хүргэж чадаагүй. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр миний 88079595 гэсэн утас руу цагдаагаас залгахаар нь Цэнгэлсайхан ахад цагдаагаас дуудаж байгаа талаар хэлсэн. Цэнгэлсайхан ах очиж уулзана гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 170 хуудас/

 

9. Гэрч Н.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Цэнгэлсайхан ахыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад Энхболд ах бид хоёр батлан даалтаар авсан. Нэг удаа цагдаагаас миний 99703031 дугаарын утас руу залгасан. Тухайн үед Цэнгэлсайхан ах Матад сумын уурхай дээр байсан юм. Тэгээд Цэнгэлсайхан ахтай холбоо барьж чадаагүй. Тэгээд маргааш нь би өөрөө ажил гараад Матад сум руу явсан. Цэнгэлсайхан ах миний ажиллаж байгаа газраас 20 орчим километр газарт байсан. Цэнгэлсайхан ахад хэл дуулгаж чадаагүй. Бид нарын байсан газар утасны сүлжээгүй байсан. Тухайн үед ажил гараад явсан. Ажлаа дуусгаад ирж уулзана гэж бодож байсан. Өчигдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа буугаад өнөөдөр цагдаа дээр ирж байна. 99703031 гэсэн дугаар өгсөн. Миний ажиллаж байсан газар сүлжээгүй байсан болохоор холбогдохгүй байсан. Цэнгэлсайхан ахад хэл хүргэж чадаагүй. Цэнгэлсайхан ахтай холбоо барьж чадахгүй байсан. Цэнгэлсайхан ахад хэл хүргэсэн бол цагдаа дээр яваад очих байсан. Түүнээс оргож зугтах хүн бишээ” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 171 хуудас/

 

10. Гэрч Д.Дорлиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Төв аймгийн Заамар суманд Н.Цэнгэлсайхан ахтай хамт ажиллаж байсан. Түүнээс хойш таньдаг болсон. Сая Цэнгэлсайхан ахтай уулзаад намар 4 үхэр дайрсан асуудлаараа шалгагдаж байгаа гэж мэдлээ. 2016 оны намар цуг ажиллаж байхад 4 тооны үхэр дайрсан чиний юнителийн дугаар хэд билээ гэж надаас асуухаар нь 89263601 гэж хэлсэн. Цэнгэлсайхан ах тухайн үед чамайг нэг хүнтэй уулзуулна шүү гэж байсан. Надад 87880615 гэсэн дугаар байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 172 хуудас/

 

11. Гэрч Б.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Н.Цэнгэлсайхан бид хоёр Матад суманд 2017 оны 01 дүгээр сарын 06-аас 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл өрмийн ажил хийсэн. Ажиллаж байх хугацаандаа цагдаад шалгагдаж байгаа гэдгээ хэлж байсан. Тухайн үед өрмийн ажил захиалсан байгууллага нь Н.Цэнгэлсайханыг талбай дээрээ өөрөө ирж ажилла, хөдөлмөр хамгааллын ажлаа хий гээд шаардаад байсан. Тэгээд аргагүй 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлын талбай дээр Матад суманд очсон. Тухайн үед Цэнгэлсайхан 2-3 хоноод буцна гэж байсан чинь цасан шуурга болоод замууд хаагдсан. Мөн дээр нь малын гоц халдварт шүлхий өвчин гарсан гээд Матад сумын Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоосон. Н.Цэнгэлсайхан бид хоёр хөл хорионы хяналтын постон дээр очоод гуйсан чинь гаргахгүй байсан. 2 дахь удаагаа буюу 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хяналтын пост дээр очоод цагдаад шалгагдаж байгаа гэдгээ хэлээд гуйсаар байгаад бүрэн ариутгал хийлгээд гарч ирсэн. Тухайн үед Н.Цэнгэлсайхан бид хоёрын ажиллаж байсан газар нь сүлжээ орж гараад байдаг байсан. Тухайн газарт жимобайлын утасны сүлжээ барьдаг байсан. Өөр утасны сүлжээ барьдаггүй. Цагдаагаас дуудаж байгаа талаар хэлж байсан. Тухайн үеийн цаг агаар, малын гоц халдварт өвчин зэргээс болоод явж чадахгүй байсан. Н.Цэнгэлсайхан өөрөө цагдаа дээр очих ёстой гээд санаа нь зовоод яваад байдаг байсан. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хорионы бүсээс гараад байцаагчтайгаа утсаар ярина гээд сүлжээтэй газар очоод утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд байцаагчийнхаа утас руу мессеж бичиж байсан. Юу гэж бичсэнийг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 173-174 хуудас/

 

12. Шинжээч Ц.Равдан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгийн орчим засмал замын 505/168 км шонгийн орчим 4 үхэр машинд дайруулж үхсэн хэргийн газарт бүрэлдэхүүний хамт үзлэг хийсэн. Тухайн үед дайрсан гэх машин нь байгаагүй. Машины зургийг харахад машины урд талын дээд хэсгээрээ эвдрэлтэй байна. Зургаас харахад босоо байсан үхрийг мөргөх үед үүссэн байж болох гэмтлүүд байна. Хэрэв үхэр хэвтэж байх үед мөргөсөн бол машин доод эд ангиуд эвдрэх ёстой. Тухайн осол гарсан зам 0043 УНГ улсын дугаартай автомашины явж байсан чигт буюу хойд тал руугаа бага зэрэг налуу өгсүүр байсан. Мөн ертөнцийн зүгээр баруун тал руугаа эргэлттэй зам байсан. Мөн тэр газарт тормозны мөр байхгүй байсан учраас хурд болон үхэр мөргөөд хэдий зам тулаад бүрэн зогсолт хийснийг тогтоох боломжгүй. Тухайн авто машин үхэр мөргөөд хүч саарна. Мөн зам нь хойд тал руугаа бага зэрэг налуу өгсүүр зам байсан учраас 600м замыг өөрийнхөө энерцээр туулах боломжгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 147 хуудас/

 

13. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно,

Тоёота Ланд круйзер 80 маркийн 00-43 УНГ улсын дугаартай автомашины тормозны мөр байхгүй учир хурдыг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Равдан гэжээ. /х.х-ийн 39 хуудас/

 

14. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 4-10 хуудас/

 

15. "Фэйр валуэшн" ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээг тогтоосон Үнэ тогтоох комиссын 145 дугаар шийдвэр /х.х-ийн 28, 43, 71 хуудас/

 

16. Шүүгдэгч Н.Цэнгэлсайханы хувийн байдлыг тодруулсан гэрч Н.Энхболд, Н.Энхжаргал, Д.Энхжаргал нарын мэдүүлэг, “Ханжин майнинг экүйпмент” ХХК-ны тодорхойлолт,  /хх-ийн 54-57, 80 хуудас/

 

17. Гэрч Н.Ганболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 142-144 хуудас/

 

18. Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын хорио цээрийн дэглэм тогтоосон тухай тодорхойлолт, Буман эксплорейшн ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/02-2017 дугаартай албан тоот, Матад сумын Засаг даргын 2017 оны А/10 дугаартай захирамжийн хуулбар /х.х-ийн 198-201 хуудас/

 

19. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 81-82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Н.Цэнгэлсайханыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Н.Цэнгэлсайханыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Учир нь: шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл “Буман эксплорейшн” ХХК-ний шаардлагын дагуу Дорнод аймгийн Матад сум болон Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн ба тухайн хугацаанд цаг агаар болон малын гоц халдварт шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон болох нь гэрч Б.Баянмөнх мэдүүлэг /х.х-ийн 173-174 хуудас/, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын хорио цээрийн дэглэм тогтоосон тухай тодорхойлолт, Буман эксплорейшн ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/02-2017 дугаартай албан тоот, Матад сумын Засаг даргын 2017 оны А/10 дугаартай захирамжийн хуулбар /х.х-ийн 198-201 хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэсэн зорилготой байсан болох нь тогтоогдохгүй байна. Харин ажлын шаардлагаар Дорнод аймгийн Матад суманд очиж ажиллаж байхад нь малын гоц халдварт шүлхий өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон болох нь нотлогдож байна.  

 Мөн прокурорын тогтоолоор хэргийг 2 удаа түдгэлзүүлж, сэргээхдээ яллагдагч Н.Цэнгэлсайханы байгаа газар нь мэдэгдэхгүй гэдэг үндэслэлээр тус бүр 1 хоногийн хугацаанд түдгэлзүүлж, сэргээсэн ба шүүгдэгч Н.Цэнгэлсайханыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн болох нь прокурорын тогтоолуудаар тогтоогдож байна. Гэвч шүүгдэгч Н.Цэнгэлсайханыг яллах дүгнэлтэнд дурдсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд оргон зайлсан гэх үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, С.Ганбат нар нь шүүгдэгч Н.Цэнгэлсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болох хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь осол болсон газраас өөрийн тээврийн хэрэгслийг замд таарсан Портер маркийн тээврийн хэрэгслээр чирүүлж 900 метр газарт очсон, тээврийн хэрэгсэл явах боломжгүйн улмаас Улаанбаатар хотоос эхнэр П.Энхжаргалыг утсаар дуудаж түүнийг ирэхэд нь түүний тээврийн хэрэгслээр өөрийн тээврийн хэрэгслийг чирүүлж Багахангай орсон, түүнээс цааш найз Э.Батжаргалыг дуудаж түүний Ланд 76 маркийн автомашинаар чирүүлж Багахангайн цагдаагийн постыг тойрч гарсан ба 4 дүгээр зөрлөг дээр цагдаад саатуулагдсан, мөн Н.Ганболдод өөрийгөө Дорлиг гээд 87880615 гэсэн хуурамч нэр, утасны дугаарыг цаасан дээр бичиж өгсөн болох нь шүүгдэгч Н.Цэнгэлсайханы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч П.Энхжаргал, Э.Батжаргал, Н.Ганболд нарын мэдүүлэг, гэрч Н.Ганболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Цэнгэлсайханы гаргасан энэхүү үйлдлийг санаатайгаар хариуцлагаас зайлсхийх гэсэн зорилгоор хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь өглөө болтол дайрагдсан малын эзнийг хүлээж байгаад уулзаад явж болно гэхээр нь явсан гэж мэдүүлж байх боловч өөрийн тээврийн хэрэгсэл нь явах боломжгүй улмаас Улаанбаатар хотоос эхнэр П.Энхжаргалыг утсаар дуудаж тухайн газартаа хоносон. Н.Ганболд нь өөрөө хайж Н.Цэнгэлсайханыг олж уулзсан ба шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь хуурамч нэр, утасны дугаарыг цаасан дээр бичиж өгч Н.Ганболдыг төөрөгдүүлсэн болох нь гэрч П.Энхжаргал,  Н.Ганболд нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэж заасныг зөрчиж өөрийн тээврийн хэрэгслийг бусдын тээврийн хэрэгслээр чирүүлж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан байна.

 

Шүүгдэгч Н.Цэнгэлсайханыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Цэнгэлсайханы 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Иргэний нэхэмжлэгч А.Замзаах нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 427683 дугаартай B ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Цэнгэлсайханд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Цэнгэлсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Цэнгэлсайханыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Н.Цэнгэлсайханыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Цэнгэлсайханд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Н.Цэнгэлсайханы цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Н.Цэнгэлсайхан нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 427683 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Цэнгэлсайханд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Цэнгэлсайханд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цэнгэлсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Б.БАТТУЛГА