Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/34

 

 

 

 

 

 

   2021             1               6                                         2021/ДШМ/34

                                                       

Ө.Цод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

хохирогч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/960 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дий гаргасан давж заалдах гомдлоор Ө.Цод холбогдох 2005017191474 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ч овгийн Өын Ц, 1966 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Ө.Ц нь “Т” ХХК-д зогсоолын манаач ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Ганбатыг 2018 оны 4 дүгээр сарын 5-наас 15-ны хооронд чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах хашаанд байсан контейнер ачих зориулалттай 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай, “12R20” хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйтай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, хөрөнгө завшиж, бусдад зарж борлуулан “Т” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ө.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Өын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цод 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Цод мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Цоос 1.553.741 төгрөг гаргуулан хохирогч “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

            Хохирогч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, шийдвэрлэхдээ шүүгдэгч Ө.Ц нь Ө.Ганбаттай төрсөн ах дүүгийн холбоотой байдлаа ашиглан “Т” ХХК-ийн итгэж хариуцуулсан эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн өмч мэтээр хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэргийг харгалзан үзэхдээ шүүгдэгч Ө.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлынхоо зарим хэсгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч хохирол төлбөр төлөх тухай зөвхөн аман хэлбэрээр илэрхийлсэн, хэзээ яаж төлөх тухай баримтыг ирүүлээгүй байхад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах байтал оногдуулаагүй нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “Т” ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Ө.Ц анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба 1.553.471 төгрөгийн хохирол үлдсэн. Уг хохирлыг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо арилгаж байгаа, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Шүүгч нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх заавал хүнд ял оногдуулах ёстой гэж үзэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ө.Цыг “Т” ХХК-д зогсоолын манаач ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Ганбатыг 2018 оны 4 дүгээр сарын 5-наас 15-ны хооронд чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах хашаанд байсан контейнер ачих зориулалттай 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай, “12R20” хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйтай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, хөрөнгө завшиж, бусдад зарж борлуулан “Т” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол ...” гэж заасан.

Шүүгдэгч Ө.Цод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/960 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Тодруулбал, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 дахь хэсгийн “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодиттой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дий “...Манай компани Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Баян хөндий” ХХК-ийн түрээсийн хашаанд барьцаа хөрөнгүүдээ хадгалдаг. Уг хашааг сүүлийн 10 гаруй жил манаач Ө.Ганбат гэх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулан, харуул хамгаалалт хийж эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг. Манаач Ганбатыг ажиллаж байх хугацаанд манай “Т” ХХК-д 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийг шилжүүлэн авсан. Ингээд манай байгууллагын хөрөнгө учраас эд хөрөнгүүдийг байлгадаг хашаанд анх чиргүүлийг байрлуулахдаа чиргүүлүүд Хятад Улсад үйлдвэрлэсэн 12R20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг хээ сайтай, шинэ дугуйтай нь хамт байрлуулж тавьсан. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хашаан дотор эд хөрөнгүүдийг шалгаж үзэхэд 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийн байх ёстой 12 ширхэг шинэ дугуйнаас 2 ширхэг дугуй байсан. харин бусад 10 ширхэг шинэ дугуйг сольж хуучин муу дугуйнууд тавьсан байдалтай байсан. энэ байдлыг мэдээд манаач Ганбатаас тодруулахад дугуйг сольж тавиад, шинэ байсан дугуйнуудыг зарчихсан байна. Манай ах сольчихсон байна гэсэн. ...” /хх 23/,

гэрч Ө.Ганбатын “...2018 оны 4 сард захирал Гэрлээс зөвшөөрөл авч Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум руу явсан. Энэ хугацаанд төрсөн ах Цыг өөрийн оронд түр хугацаанд ажиллуулсан. Би Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум руу ажил явдалд яваад 9 хоноод эргэж ирж ажилдаа орсон. ...Ирээд ажлаа хүлээж аваад ах Цыг өөрийнх нь ах, дүү нар руу явуулсан. Ажлаа авснаас хойш байнгын ажлын байран дээрээ байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Т” ХХК-иас хүмүүс ирж шалгалт хийсэн. Энэ үедээ 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийг хүлээлцэх явцад уг чиргүүлийн 12 дугуйнаас 10 дугуй солигдож хуучин муу дугуй тавигдсан байсныг мэдсэн. Намайг хөдөө явсан үеэр ах Ц нь дугуйнууд сольсон байна гэдгийг тайлбарлаж хэлсэн. Би ах Цоос дугуйнуудыг яагаад сольсон талаар асуухад мөнгөний хэрэг гарсан учраас солиод тавьчихсан юм, хүмүүст зарчихсан гээд ямар хүмүүст зарснаа хэлэхгүй байсан. ...” /хх 27, 30, 33/,

яллагдагч Ө.Цын “...Манай төрсөн дүү Ө.Ганбат нь “Т” ХХК-д манаач хийдэг байсан. Ө.Ганбат нь эгч болох Ө.Алимаагийн ажил явдалд явах болоод надад түр хугацаанд өөрийн хийж байсан сахиулын ажлыг үлдээгээд явсан. Тэгээд дүү Ө.Ганбатыг Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум руу явснаас хойш 3 хоногийн дараа танихгүй 5 залуу ирээд “ах аа наад чиргүүлийнхээ дугуйг зарах уу” гэхээр нь надад мөнгөний хэрэг гараад 1 дугуйг нь 150.000 төгрөгөөр бодоод 10 ширхэг дугуйн мөнгө болох 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан. ...” /хх 29, 31, 42/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37-38/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 56/, “Т” ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх 78-84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтас хэрэгт шүүгдэгч Ө.Цыг “Т” ХХК-д манаачийн эзгүйд түр ажиллуулах болон түүнийг ажиллахыг зөвшөөрсөн тухай бичгийн баримт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боловч анхан шатны шүүх хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол түүнийг нэг мөр болгосны эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ хэмээн заасан болно.

Шүүгдэгч Ө.Цын “Т” ХХК-д зогсоолын манаач ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Ганбатыг чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа “Т” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах хашаанд байсан контейнер 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай чиргүүлийн “12R20” хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйны 10 ширхэг дугуйг хуучин дугуйгаар сольж, “Т” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжид хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ө.Ц нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дүгээр зүйлд “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасныг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2005017191474 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дий гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/960 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цод холбогдох 2005017191474 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ө.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ