Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00862

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00862

Х аймаг

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Л-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М нь Лтай 2007 онд танилцаж, үерхэж байгаад 2009 оны 7 сарын 26-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Х 2009 оны 12 сарын 07-нд төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй маргалдах болсноор 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд сөрөг нөлөөтэй, одоо хэн хэн нь тусдаа амьдралтай болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул 2009 оны 210 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Хгаа өөрийн асрамжинд авах бөгөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, Бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болно гэв.

 

Хариуцагч Ж.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: Миний бие Ж.Л нь Д.Мын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би охин Хг ээжийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно.

...Миний бие Ж.Л нь Х аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ компанид ажилладаг. 2021.08.24-ний өдрөөс аймгийн хэмжээнд гарсан 7 сумын шилэн кабелийн гэмтэл засварлахаар ажиллах тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ж.Лд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2009 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй ба гэрлэгчид нь одоо хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.М, хариуцагч Ж.Л нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Л.Х төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч Д.М нь охин Л.Хг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Л зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул охин Л.Хг төрсөн эх Д.Мын асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг байцуулахгүйгээр хэргийг шийдвэрүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л, Д.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Л.Хг төрсөн эх Д.Мын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ж.Л, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.М нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Лаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ