Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

 

 

 

 

 

   2020            12              23                                         2021/ДШМ/04

                                                       

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, Д.Нарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Гт холбогдох 2010005950296 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            И овгийн Бын Г, 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Шар шувуу” нэртэй салонд үсчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоотод иргэн Э.Утай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж, хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч И овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч И овогт Бын Гыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ажлын хэсэг нь 18.5 см, бариулын хэсэг нь 13 см нийт 31.5 см урттай ногоон өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэрч, хохирогч алин ч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн байдаг. Хэрэв худал мэдүүлэг өгсөн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж мэдүүлэг байцаалт авсан байдаг тул тэдний мэдүүлэг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан баримт мөн болно гэснийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан зохих журмын дагуу авсан гэрч Э.Янсанжавын мэдүүлэгт “Тэр хооронд би Гыг андаа болиоч дээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал У гутлаа өмсөөд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Гыг гал тогооны плитканы хажууд цааш нь түлхээд “боль” гэхэд Гын гар ард нь байж байгаад плитканы хажууд тогоо шанагаа угаах гээд тавьсан ... жижиг хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд У руу орилоод байсан. Гыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад миний ард У хүрээд ирсэн. Тэгсэн чинь Г хутга барьсан баруун гараараа “хөөе чи цаашаа бай даа” гээд миний зүүн гарын суган доогуур хөдлөх шиг болоход У “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гээд хэлэхээр нь харахад хэвлий хэсгээс нь цус гарсан.” гэх мэдүүлэгт “шүүгдэгч Г нь гараа займчуулахад хутганд хохирогч ирж хутгалагдсан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч Б.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10с тоотод иргэн Э.Утай үл ялиг зүйлээр маргалдаж улмаар хэвлий хэсэгт 1 удаа хутгалж, хэвлийн хөндийг нэвтэрч, гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх гэмтэл учруулж, хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж хэвлийн арын зайд цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.Уын мэдүүлэг /хх 13-15/, гэрч Э.Янсанжавын мэдүүлэг /хх 18-20/, гэрч Л.Даваацэрэнгийн мэдүүлэг /хх 21-22/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3657 дугаартай дүгнэлт /хх 36-38/ бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам зөрчсөн болон оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Шүүгдэгч Б.Гын шууд санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Б.Г нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол учрах боломжтойг мэдэх боломжтой байсан. Гэрч Э.Янсанжав “болиоч андаа” гээд хойш түлхсэний дараа гартаа хутга авсан, гэрч Э.Янсанжав тэврэхэд хутгаа хаях боломж байсан зэргээр тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гын “маргалдах явцдаа гэрч Э.Янсанжавын суган доогуур хутгаар хохирогч Э.Уын хэвлий хэсэгт гал тогооны хэсэгт байсан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч Э.Уыг хутгалж хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан. Тухайн хэрэг маргааныг харсан гэрч Янсанжавын мэдүүлгээс үзэхэд, Г гартаа хутга барьсан байсан тул тэрээр маргааныг таслан зогсоохоор гарч ирсэн. Хөдөлгөөнийг нь зогсоохоор цээжээр нь тэвэрсэн байхад ард нь хохирогч ирсэн байсан. Улмаар гарыг нь цээжээр нь тэвэрсэн байхад хөдөлгөөнөө заамчуулах буюу Янсанжавыг холдуулах үйлдэл хийх явцад хохирогч хутганд өртсөн байна. Үүнээс болж хохирогчийн биед гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогддог. Хэрэгт авагдсан баримтаар Б.Гт хохирогчийг хутгалах, алах гэсэн нэг ч үг байгаагүй тул хүсэж үйлдээгүй. Шүүгдэгч 21 настай, хохирогч 32 настай бөгөөд биеийн хөгжлийн хувьд илүү давамгай нөхцөл байдал ажиглагддаг. Маргалдсаны улмаас орц руу гаргах гээд чирэх гэх үед гэрч Янсанжав сэрээд “та болиоч” гэж Ут хэлэхэд тэрээр үүдэнд очиж гутлаа өмсөөд буцаж ирээд Янсанжавын ард талд зогссон. Прокурорын хэлсэн шиг тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хор уршиг зориуд хүргэсэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хохирогчийн зүй бус, буруутай үйлдэл буюу 2-3 удаа буцаж ирж хэрүүл маргаан үүсгэсэн нь гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болсон. Хохирогч өөрийгөө аваад гарах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Д.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Гт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, хөнгөрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б.Гт холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Энэ нь хэргийн материалтай танилцахад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайн өдөр гэмт хэрэг үйлдэгдэхэд Урангоо, Даваацэрэн, Янсанжав, хохирогч, шүүгдэгч Б.Г нар байсан. Гэвч хохирогч биедээ гэмтэл авах мөчид буюу хохирогч, шүүгдэгч хоёр гал тогооны өрөөнд маргалдах үед Янсанжав гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хэрэг гарах үед байсан гэрч нь Янсанжав учир түүний өгсөн анхны мэдүүлэг туйлын үнэн байна. Б.Г хүнд тэврүүлээд хөдлөх боломжгүй болж “чи цаашаа байлдаа” гэж хэлээд хүнийг санаатай хутгална гэж байхгүй. Тэр хүн рүү дайрсан довтолсон, ямар нэг хор уршиг учруулах санаатай үг хэллэг хэлээгүй болох нь нотлогддог. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, үндэслэлтэй шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Прокуророос Б.Гыг хутгаа хаях боломжтой байсан гэж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Г хутгыг зорьж очиж аваагүй. Гэрч Янсанжавын мэдүүлгээр хохирогч Уыг гутлаа өмсөөд эргээд хүрээд ирэх вий гэхээс нь урьдчилан сэргийлж “чи хойшоо бай” гээд түлхэх үед Г нь ардаа гарт тааралдсан зүйлээ авсан нь хутга байсан. Гэтэл үүнийг хутга авсан гэж үзэхгүй. Хохирогч Уыг “цаашаа бай” гээд байхад хүрч ирсэн. Хохирогчид өөрийгөө хамгаалж, гарч явах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн болгоомжгүй гэмт хэргээр зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 118 дугаар байрны 10-С тоотод иргэн Э.Утай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрч гялтанг гэмтээж, хэвлийн арын зайд цусан хураа үүсгэсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд “...Шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Гыг бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. ... “ гэж дүгнэн П.Эрдэнэбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтад дүгнэлт хийсэн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

Хэргийн материалыг судалж үзэхэд, шүүгдэгч Б.Гын “...У надтай гарч зодолдоно гээд байхад манай найз Янсанжав намайг хориглож гал тогооны өрөө рүү оруулсан. Би ширээн дээр байсан хутгыг аваад тухайн эрэгтэй хүний хэвлий хэсэг рүү хутгалахад түргэн дуудаж, тэнд байсан хүмүүс Уыг авч байрнаас гарсан. ...Уын биед учирсан гэмтлийг би хутгаар нэг удаа хэвлий хэсэг рүү нь дүрж учруулсан. ...” /хх 68-71/, хохирогч Э.Уын “...Г гэх залуу намайг үгээр өдөөд ... байхаар нь би “айлд хэрэлдээд яахав орц руу гаръя” гэж хэлээд гадагшаа гарах гэхэд надтай зууралдаж байснаа гал тогооны өрөө рүү яваад орсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс Г гэх хүнийг болиулах гэж оролдож байхад хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалахад надаас цус гарч эхэлсэн. ...” /хх 11/, гэрч Э.Янсанжавын “...Би Гыг гал тогооны плитканы хажууд цааш нь түлхээд боль гэхэд Гын гар ард нь байж байгаад тогоо шанага угаах гээд тавьсан байсан ... ногоон иштэй, жижигдүү дунд зэргийн хутга гартаа бариад “чи цаашаа бай” гээд У луу орилоод байсан. Би Гын хоёр гарыг хөдөлгөхгүй гээд цээжээр нь тэвэрсэн байхад миний ард У хүрээд ирсэн чинь Г “чи цаашаа байлдаа” гээд баруун гартаа барьсан хутгатай гараараа миний зүүн гарын суган доогуур хөдлөх шиг болоход ... У “хөөе наадах чинь намайг дүрчихлээ” гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хэвлий хэсгээс цус гарсан байсан. ...” /хх 18/, гэрч Л.Даваацэрэнгийн “...Хүн орилоод байхаар нь босоод очтол У гэдсээ дараад сууж байсан. Тэгээд цамцыг нь сөхөөд харахад цус гарсан, гэдэс дотор өөх нь гарсан харагдаж байсан. ...” /хх 21/ гэсэн мэдүүлгүүдийг няцаасан үндэслэл, нотлох баримт зэргийг тусгалгүй шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хохирогч Э.Уыг хатгаж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дүгээр зүйлд “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасныг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ