Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/01207

 

 

 

 

 

 

 

2020 05 07

181/ШШ2020/01207

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 55 тоот хаягт оршин суух Бодонгууд овогт Базаржавын ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, прокурор С.Болорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний аав Д.Базаржав нь 1938 онд Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 034 дүгээр тогтоолоор цагаатгасан. Тухайн үед Х.Сэрээтэрийн ам бүл 10 байсан. Хүн амын тооллогоор ам бүлд аавын ээж болон дүү нар бүртгэгдсэн байснаас гадна аавын төрсөн хүүхэд буюу миний эгч Ази болон би бүртгэгдсэн. Одоо төрсөн хүүхэд нь надаас өөр хүн үлдээгүй. Аавын өргөмөл хүү Б.Пүрэвхүүтэй нөхөх олговрын хуваан авах талаар хэлцэл хийсэн. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15.1-д заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож өгнө үү, манай аав Д.Базаржав нь хоригдож гарч иррэд ажиллаж байгаад 1961 онд анхны малын гавьяат эмч болсон. Бие нь муудаад Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад байргүй хэцүү байсан тул хүсэлт гаргаж одоо миний амьдарч байгаа миний нэр дээр бүртгэлтэй байрыг авсан энэ бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж өгөөгүй гэв.

 

Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор С.Болорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.2-т заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэв.

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан үндэслэлээр 40,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор С.Болорзул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Д.Базаржавыг 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоор хувьсгалын эсэргүү хэргээр, Шүүх цаазны бичгийн 43,44,45,47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 034 дүгээр тогтоолоор Д.Базаржавын хэргийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг цагаатгасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 08/3602 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 034 дүгээр тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-6,7 тал/

 

Үндэсний төв архивын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03-4/1453 дугаартай лавлагаанд Хэнтий аймгийн Баян сумын 5 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 44 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Доржийн Базаржав эрэгтэй, 33 настай, Базаржавын Ажий /Ази/ эмэгтэй 12 настай, Базаржавын Алаг /*******/ эрэгтэй, 2 настай ... гэж бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 357/004680 дугаартай төрөл садангийн тухай лавлагаагаар Доржийн Базаржав нь Базаржавын *******гийн эцэг мөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-9,13 тал/

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж хуульчилсан.

 

Б.******* нь Доржийн Базаржавын төрсөн хүү болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500,000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно., 13.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, 13.2.2-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг гэж тус тус заасан бол 23 дугаар зүйлийн 23.1-д Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно. гэж тус тус заажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлмэгдэгч Д.Базаржав болон түүний эхнэр Ц.Хорлоо нарт оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг даргаас гэр орон сууц олгосон эсэх лавлагаа авахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас Д.Базаржавт орон сууц олгосон тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна гэж ирүүлсэн. /х.х-ийн 88/

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн иргэний шүүхийн 1998 оны 11 сарын 12-ний өдрийн 230 тоот шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хэлмэгдэгч Д.Базаржавын нөхөх олговрын 500,000 төгрөгийг түүний охин Базаржавын Азид олгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 27,28/

 

Нэхэмжлэгч Б.******* нь нөхөх олговорын материалаа бүрдүүлж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны мэдээллийн санд бүртгүүлэн, энэ тухайгаа Зууны мэдээ сонины 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №174/6141/ дугаартай сонинд зарлуулжээ./х.х-ийн 20/

 

Б.******* нь Базаржавын өргөмөл хүү болох Б.Пүрэвхүүтэй 2019 оны 05 сарын 02-ний өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүс болон тэдний үр хүүхдэд нөхөн олговор олгох шийдвэр гарсантай холбогдуулан нөхөн олговороор олгогдсон мөнгийг Б.******* 35,000,000 төгрөг, Б.Пүрэвхүү 5,000,000 төгрөг хувааж авахаар тохиролцов. гэсэн хэлцэл хийсэн, дээрхи хэлцэл нь хуульд нийцсэн байна. /х.х-ийн 29/

 

Иймд хэлмэгдэгч Доржийн Базаржавын төрсөн хүүхдэд олгох 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг нэхэмжлэгч Базаржавын *******д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн төрийн сангаас 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Базаржавын *******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ