| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/01383/И |
| Дугаар | 155/ШШ2017/00073 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2017/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-16 тоотод оршин суух, ................... дугаар регистртэй, Гөрөөчин овогт Б............ Бгийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Улаанбаатар хот, С дүүрэгт 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 11-06 тоотод оршин суух, ................. дугаар регистртэй, Гөрөөчин овогт С.......... Ст холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2016/01383/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О......... нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.С нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Стай 2006 онд танилцан үерхэж байгаад 2007 оны 05 сард гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарсан боловч 3-5 сар болоод таарч тохирохгүй тусдаа амьдраад 10 жил болж байна. Миний хүү Өсөхбаатар нь С.Сын хүүхэд биш юм. Тухайн үед гэрлэлтээ батлуулсан байсан тул С.Саар овоглосон. Би хүүгийнхээ овгийг солиулж өөрийн нэрээр овоглуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт хандаж шийдүүлдэг болохыг мэдлээ. Иймд одоо гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. Хариуцагч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б бид хоёр 2007 онд гэр бүл болж байсан. Тэгээд амьдрал хэцүү, хоорондоо таарч тохирохгүй байсан учраас хэдхэн сар хамтдаа амьдарсан. Надтай амьдрахдаа жирэмсэн байсан болон хүү Өсөхбаатарыг миний нэрээр овоглосон гэдгийг ч мэдээгүй. Миний хүүхэд биш, одоо болтол хүүг хараагүй. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Хүү Сыг эх Б.Бгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Ст холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Гэрлэгчид 2007 оноос одоог хүртэл хугацаанд буюу 10 жил тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна. Гэрлэгчид нь 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас олгосон №0005370-177 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтээ бүртгүүлсний дараа 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү С төрсөн болох нь №0049876-576 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдов. Хүүхдийн асрамжийн талаар 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Сын санал болон гэрлэгчид харилцан тохиролцсон байдал зэргийг харгалзан эх Б.Бгийн асрамжид хүү Сыг үлдээж байна. Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдав. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл бөгөөд Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч С.Саас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Гөрөөчин овогт Батжаргалын Б, Гөрөөчин овогт С.......... С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Сыг эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.С, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Б нарт тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч С.Саас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б...........даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
|