| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0232/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/257 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/257
2024 10 22 2024/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******зул
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2439000000294 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* ”-ийн лангуун дээр тавьсан байсан хохирогч А.*******ын гар утас, кейс, иргэний үнэмлэх, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид 401.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед манай т хэдэн хүмүүс бараа үзэж байсан. Би харин өөрийн охинтой утсаар яриад утсаа өөрийн хажуу талын лангуун дээр тавиад цаад талд урдаас шинэ бараа ирсэн болохоор тэр барааг янзалж байсан юм. Би тухайн үед утсаа лангуун дээр тавсан гэдгээ санаж байсан юм. Би өмнө нь би өөрийн гар утсаа лангуун дээр тавьж цэнэглээд тэндээ байнга тавьдаг байсан юм. Тэгээд би утсаар ярих болоод өөрийн лангуун дээр тавсан утсаа авах гээд очоод авах гэхэд миний гар утас алга болсон байсан юм. Мөн миний улаан өнгийн хавтастай ногоон өнгийн Redmi not-8 pro маркийн гар утас 2 ширхэг сим карт, ард кэйсэнд нь миний иргэний үнэмлэх, виза карт зэрэг байсан юм. Тэгээд би өөрийн гар утсаа хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Би гар утсаа 2023 оны сүүлээр “Эвт” худалдааны төв дотроос 560.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн хүмүүстэй явсан нэг эмэгтэй хүүхэд манай ээс 13.000 төгрөг, 28.000 төгрөгийн эд зүйл авсан болохоор энэ хүнтэй явсан эмэгтэй хүн миний гар утсыг хулгайлсан байх гэж сэжиглэж байна....” гэжээ. (хх-ийн 17-18)
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* ”-ийн лангуун дээр тавьсан байсан ******* гэх хүний эзэмшлийн гар утас, кэйс, сим карт, иргэний үнэмлэх, виза карт зэргийг нь хулгайлсан. ... Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэжээ. (хх-ийн 46-47)
Гэрч О.*******ийн мэдүүлэг (хх-ийн 21-22)
Гэрч Ц.*******-Эрдэнийн мэдүүлэг (хх-ийн 24-25)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШД-260 дугаартай “...Redmi note-8 pro, гар утасны хавтастай кэйс, Skytel8 G-Mobile сим карт... зах зээлийн үнэлгээг 401,000.0 /дөрвөн зуун нэгэн мянга/-н төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 30-33)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 6)
Эд мөрийн баримт эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 10)
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11, 12)
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 13)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 49-50)
Б.*******гийн Төрийн банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 58, 61-63)
О.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 66-68)
Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 52, 53, 54, 55) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* ”-ийн лангуун дээр тавьж орхисон А.*******ын гар утас, кейс, иргэний үнэмлэх, виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид 401,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* ”-ийн лангуун дээр тавьсан байсан ******* гэх хүний эзэмшлийн гар утас, кэйс, сим карт, иргэний үнэмлэх, виза карт зэргийг нь хулгайлсан...” гэх, хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны оны 08 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед манай т хэдэн хүмүүс бараа үзэж байсан. Би харин өөрийн охинтой утсаар яриад утсаа өөрийн хажуу талын лангуун дээр тавиад цаад талд урдаас шинэ бараа ирсэн болохоор тэр барааг янзалж байсан юм. Би тухайн үед утсаа лангуун дээр тавсан гэдгээ санаж байсан юм. Би өмнө нь би өөрийн гар утсаа лангуун дээр тавьж цэнэглээд тэндээ байнга тавьдаг байсан юм. Тэгээд би утсаар ярих болоод өөрийн лангуун дээр тавсан утсаа авах гээд очоод авах гэхэд миний гар утас алга болсон байсан юм. Мөн миний улаан өнгийн хавтастай ногоон өнгийн Redmi not-8 pro маркийн гар утас 2 ширхэг сим карт, ард кэйсэнд нь миний иргэний үнэмлэх, виза карт зэрэг байсан юм...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШД-260 дугаартай дүгнэлт, Эд мөрийн баримт эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.*******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ын эд хөрөнгөд 401,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч А.******* нь “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө
орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР