Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

 

 

 

 

 

   2020            12              23                                         2021/ДШМ/03

                                                       

Г.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1468 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ат холбогдох 2006017311274 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            И овгийн Гийн А, 1999 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

            Г.А нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Нийтийн байрны 127 тоотод хохирогч Г.Бийг унтаж байхад нь хаалгыг нь эвдэн нэвтэрч, “Samsung S8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 357.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И овогт Гийн Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Ат 2 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 346 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 43 хоног хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 43 хоног хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Аын нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.А нь хүнд хэрэгт анх удаа ял шийтгүүлсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлбөрөө шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдолгүй тухай мэдүүлсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Шүүгдэгч нь өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч чадаагүй байдаг. Үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн арга, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Өмнө нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хулгайлах гэмт хэрэгт холбогдож нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ч энэ нь гомдол гаргасан 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1468 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг нэмж нэгтгэн шалгаагүй. Харин өмнө ялтай байсан гэж үзэж хорих ялаар шийтгэсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Г.Аын хувьд урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Тус ялын эдлээгүй үлдсэн 346 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцоход 43 хоног, нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 13 хоногоор тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Г.А нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Нийтийн байрны 127 тоотод хохирогч Г.Бийг унтаж байхад нь хаалгыг нь эвдэн нэвтэрч “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 357.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бийн "...2020 оны 3 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, нийтийн байрны 127 тоот гэртээ ганцаараа унтаж байгаад ... шөнө 04 цагийн орчимд сэрэхэд хаалга эвдэрсэн, гэрт байсан “Самсунг ЭС-8” маркийн гар утас алга болсон байсан. ...Хяналтын камер шүүж үзэхэд Ууганцэцэгийн гэрээс хүн гараад манай гэрийн хаалгыг хүчтэй татаад онгойлгож байгаа бичлэг байсан. ...Тэр нь А гэдэг хүн байсан. ...” /хх 9-12/,

гэрч Э.Болор-Эрдэнийн “...Үүрцайх нь Бийн гар утас алга болсон гэж хэлсэн. ...Камер шалгаж үзэхэд Анхаа гэх залуу Бийн өрөөний хаалгыг онгойлгож  ороод, гараад явж байгаа бичлэг байсан. ...” /хх 15/,

гэрч Б.Ууганцэцэгийн "...Өглөө Г.Б “утас алга болсон” гээд байсан. ...Бичлэг шүүж үзсэн чинь А манай гэрээс гарч Г.Бийн хаалгыг эвдэж ороод гар утсыг нь авсан байсан. ...” /хх 40-41/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Аын нийтийн байрны 127 тоотод хохирогч Г.Бийг унтаж байхад нь хаалгыг эвдэн нэвтэрч “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 357.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Аын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн  байнга амьдрах байранд нэвтэрч хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд уг ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 346 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 43 хоног хорих ялаар сольж нэмж нэгтгэн, Г.Аын биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Ганбаатарын “...Өмнө нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хулгайлах гэмт хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1468 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг нэмж нэгтгэн шалгаагүй. ...Г.Аын үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн арга, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн зан байдал зэрэгтэй нь холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Ат холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Аын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн  байнга амьдрах байранд нэвтэрч хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахгүй.

Түүнчлэн, шүүгдэгч Г.А нь урьд 1 удаа ял шийтгүүлсэн ба өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1468 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ