Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Б.Уранчимэг,

            Шүүгдэгч Н.Батхуяг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Норжмаагийн Батхуягт холбогдох 201625031690 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г дүгээр гудамж, 650 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

            -Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, Ван овогт Норжмаагийн Батхуяг (РД:ЙР75032811),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 8 дугаар сарын 15-наас 2016 оны 8 дугаар сарын 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ дугаартай автомашины цонхыг хагалан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1.862.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэртээ байсан. Ажлаа хийж байгаад 18-20 цагийн үед гэртээ ирсэн байсан. Тэр өдрийн утасны биллийг харахад манай найз тухайн өдөр надаар машиныхаа гуперийг янзлуулж байсан болох нь харагдаж байгаа. Тухайн үед нэг эмэгтэй тэр машиныг барьж ирээд хаалганы зураас арилгуулсан. 06-32 УБЦ дугаартай автомашин зассан гэх баримт байхгүй. Жолоочийн эсрэг талын хаалганы доод хэсэгт нь наалдсан будаг байсныг би шингэлэгчээр арилгасан. Зураас нь үлдсэн. Би 3-4 хүн ажиллуулдаг. Би энэ хэргийн үнэн зөвийг олуулмаар байна гэв.

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Батзаяагаас мэдүүлэхдээ:-2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай ах Л.Баясгалан миний эзэмшлийн 06-32 УБЦ дугаартай саарал өнгийн тоёота приус-20 машиныг түр унаж яваж байгаад 23 цагийн орчимд манай гэр буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны гаднах автомашины зогсоолд тавиад надад түлхүүрийг нь өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 9 цагт гараад ирсэн чинь манай машины зүүн хойд талын хаалганы том цонх хагарсан, урд хойд гэрэл дохио 2 толь зэрэг эд зүйл бүгд алга болсон байсан, ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Нарангэрэлээс мэдүүлэхдээ:-Миний хүү Л.Батзаяа нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд яваад 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Өөрийнхөө машинтай яваагүй, миний машиныг унаж яваад надад машиныхаа түлхүүрийг үлдээсэн юм. Би Батзаяаг байхгүй хооронд машиныг огт хөдөлгөөгүй унаж гараагүй. Байрандаа л байсан гэжээ.

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.8.16-ны ¹06/440 тоот дүгнэлтэд:

            1.Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3, 4 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

            2.Шинжилгээнд тэнцэж байгаа 4 дугаартай гарын мөр нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус тус санд бүртгэгдсэн Норжмаа овогтой Батхуягийн зүүн гарын алганы дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна. Харин 3 дугаартай гарын мөр нь санд байгаа хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ.

            Шинжээч Г.Анхзаяагаас мэдүүлэхдээ:-Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилтай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны гадны автомашинд хулгай орсон байна гэх дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас 7 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авсан. Тухайн өдөртөө уг гарын мөрүүдэд шинжилгээ хийхэд 4 дугаартай хагарсан цонхны доод хүрээнээс бэхжүүлсэн гарын мөр нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ Норжмаагийн Батхуягийн зүүн гарын алганы дардастай тохирч байсан юм. Би уг машины тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хаалганы хагарсан доод ирмэг буюу төмөр гөлгөр эд гадаргуу дээрээс бэхжүүлж авсан. Дээрх гадна байгаа гадаргуу дээрээс илрүүлж бэхжүүлсэн мөр нь тоос шороотой бохирдлогоо ихтэй орчин учраас удаан хадгалагддаггүй юм. 4 дугаартай гарын мөр нь зүүн гарын алганы дардастай тохирч байсан. Хэргийн газраас олдсон 3, 4 дугаартай гарын мөр нь нэг хүнийх биш. 3 дугаартай мөр нь санд харьцуулалт хийж үзэхэд санд байгаа хүмүүсийн гарын хээний дардасуудтай болон, эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрний дардасуудтай тохироогүй гэжээ.        

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Н.Батхуяг нь 2016 оны 8 дугаар сарын 15-наас 2016 оны 8 дугаар сарын 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны баруун талын автомашины зогсоолд байрлуулсан Л.Батзаяагийн эзэмшлийн 06-32 УБЦ дугаартай автомашины цонхыг хаглан их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйлийг хулгайлж 1.862.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Батзаяагийн “2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай ах Л.Баясгалан миний эзэмшлийн 06-32 УБЦ дугаартай саарал өнгийн тоёота приус-20 машиныг түр унаж яваж байгаад 23 цагийн орчимд манай гэр буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны гаднах автомашины зогсоолд тавиад надад түлхүүрийг нь өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 9 цагт гараад ирсэн чинь манай машины зүүн хойд талын хаалганы том цонх хагарсан, урд хойд гэрэл дохио 2 толь зэрэг эд зүйл бүгд алга болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Нарангэрэлийн “Миний хүү Л.Батзаяа нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд яваад 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Өөрийнхөө машинтай яваагүй, миний машиныг унаж яваад надад машиныхаа түлхүүрийг үлдээсэн юм. Би Батзаяаг байхгүй хооронд машиныг огт хөдөлгөөгүй унаж гараагүй. Байрандаа л байсан” гэх мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.8.16-ны ¹06/440 тоот дүгнэлт, шинжээч Г.Анхзаяагийн “…Хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас 7 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авсан. Тухайн өдөртөө уг гарын мөрүүдэд шинжилгээ хийхэд 4 дугаартай хагарсан цонхны доод хүрээнээс бэхжүүлсэн гарын мөр нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ Норжмаагийн Батхуягийн зүүн гарын алганы дардастай тохирч байсан юм…” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэмт хэрэг зөрчлийн газрыг хамгаалсан тухай илтгэх хуудас, автомашин техникийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Ван овогт Норжмаагийн Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Батхуяг нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт  3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба тэрээр уг хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцогдоно. Иймд түүнийг 2016 оны 8 дугаар сард анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж хөнгөн ял буюу торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоолоо.

            Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 1.862.000 (нэг сая найман зуун жаран хоёр мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Харин хохирогч нь шууд бус зардалд 280.000 төгрөг төлсөн талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ван овогт Норжмаагийн Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Батхуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Н.Батхуяг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Батхуягаас 1.862.000 (нэг сая найман зуун жаран хоёр мянга) төгрөг гаргуулж, хохирогч Олохнууд овогт Лувсандагвын Батзаяа (РД:УХ92062811)-д олгосугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Батхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ