Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 119/ШШ2022/0057

 

                                                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                       

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ А.А-д холбогдуулан гаргасан “2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063359 дугаартай шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 8 ширхэг архи согтууруулах ундааг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй гэсэн өөрчлөлт оруулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ийн ТУБ А.А зөрчлийн 20220069 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн Ц.Б нь онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан зөрчил үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

ТХ-ийн ТУБ А.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Х худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг С рестораны бармен Ц.Б нь онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ц.Б-д 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0063359 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Иргэн Ц.Б нь онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь нотлогдсон байх ба эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 06 сарын 13-ны өдөр 8 ширхэг архи согтууруулах ундаа хураан авч хөрөнгө битүүмжилсэн байх боловч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063359 дугаартай шийтгэлийн хуудаст хураан авсан эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн ТХ-ийн ТУБ А.А-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063359 дугаартай шийтгэлийн хуудсын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 8 ширхэг архи согтууруулах ундааг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ТУБ А.А-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063359 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байна. Тус 0063359 дугаарт шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн ТХ-ийн ТУБ А.А-д холбогдуулан “татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063359 дугаартай шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 8 ширхэг архи согтууруулах ундааг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй гэх өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-аас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.    

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 28 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Ц.Х-д итгэмжлэн, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь Орхон аймгийн ПГ-ын ХП-ын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ А.А-д холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063359 дугаартай Шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 8 ширхэг архи согтууруулах ундааг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй гэх өөрчлөлт оруулах”-ыг хүссэн Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн ТХ-ийн ТУБ А.А-д холбогдуулан гаргасан татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063359 дугаартай Шийтгэлийн хуудасны тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 8 ширхэг архи согтууруулах ундааг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ