Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2017/00277

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2017/00277

 

 

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 25-05 тоотод оршин суух, Содмууд овогт Содномбаярын Идэрбаян /ЖД87062178/-д холбогдох

Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Идэрбаян нь №14... дугаартай Борлуулагчийн гэрээ-г байгуулан 2014 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн Свийт рөүд ХХК-ны Хөвсгөл аймаг дахь салбарт Борлуулагчаар ажилласан. Гэрээний дагуу борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон:

1. Улсын бүртгэлийн Y-1723003428 дугаарт бүртгэгдсэн, 000098523 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12 А тоотод орших 38,5 м.кв талбайтай хувийн сууц.

2. Улсын бүртгэлийн Y-210703871 дугаарт бүртгэгдсэн, 0336947 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 26 дугаар гудамж, 12Б тоот, 540.7 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалуулсан.

С.Идэрбаян нь Свийт рөүд ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгээс худалдан борлуулах бараагаа авч, борлуулалт хийдэг. Борлуулагч нь худалдсан барааныхаа үнийг тухай бүр нь компанийн дансанд шилжүүлж, гэрээт борлуулагч Х.Ганчимэгтэй тооцоо нийлж, ажиллах үүрэгтэй.

Тэрээр 2014 оны 03 дугаар сарын 01-ээс 2014-10-10-ны хооронд Свийт рөүд ХХК-ийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгт 21.381.900 төгрөгийн өглөгтэй гарсан байна.

Энэ өр төлбөрөө төлөхийг шаардахад 2014 оны 10 сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг, үлдэгдэл 11.381.900 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгч барагдуулахаар 2014-оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус бичгээр баталгаа гаргаж өгсөн ч төлбөр тооцоогоо өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй.

С.Идэрбаян нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Свийт рөүд ХХК-д 19.313.760 төгрөгийн өр төлбөртэй байна.

С.Идэрбаянтай байгуулсан Борлуулагчийн гэрээ-ний 3.8 болон 3.12 дахь хэсэгт заасныг, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээний холбогдох заалт, мөн тус компанийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгийн тооцож гаргасан тооцоог тус тус үндэслэн:

1. Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг С.Идэрбаянгаас гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Төлбөрийг сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Идэрбаян нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 123\5 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг ба Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж Ганцолмон, ажилтан С.Идэрбаян нар гэрээнд гарын үсгээ зурсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 250.000 төгрөгийн үндсэн цалинтай, хэвийн нөхцөлд ажиллахаар гэрээний үндсэн шаардлага нөхцлийг баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.9-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээг ажилтны гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг хавсралтаар баталж байгуулна гэж заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу компанид учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Түүнчлэн ажилтан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүйгээс ажил олгогчид учруулсан хохирлыг эд хөрөнгөөр бүрэн хариуцна гэж заасан байдаг. Тиймээс хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэлийн гол үндэслэл болгож байгаа юм. Мөн С.Идэрбаян нь Свийт рөүд ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14 дугаартай борлуулагчийн гэрээ байгуулсан. Тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагчаас аваад худалдан борлуулах ажлыг хийж гүйцэтгээд борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг компанийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээхээр тусгасан байдаг. Борлуулагч нь 3.000.000 хүртэл төгрөгийн барааг компаниас гаргуулан аваад худалдан борлуулах үүрэгтэй юм. Борлуулагч үүргээ биелүүлээгүй бол борлуулалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д гэрээг цуцлах, компанид учирсан хохирлыг барьцаа хөрөнгөөс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан байна. Мөн тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.8, 3.10, 3.12-т борлуулагч бараа бүтээгдэхүүнийг дутаасан, орлогоо дутуу тушаасан тохиолдолд компанид учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөрөө хариуцан төлнө гэсэн зүйл заалтуудыг оруулсан байдаг. Мөн уг гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Борлуулагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, борлуулагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол түүний барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ юм. Борлуулагчийн гэрээний гол үүргийг үндэслэл болгоод улсын бүртгэлийн Y-1723003428 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 26 дугаар гудамжны 12А тоотод байрлах 38.5 м/кв талбайтай хувийн сууцыг барьцаасан байдаг. Мөн С.Идэрбаян газар барьцаалсан байдаг хэдий ч Свийт рөүд ХХК-аас шалгаад үзэхээр хувийн сууцыг барьцаанд тавьж, газрыг чөлөөлж авсан харагддаг тул үүргийн гүйцэтгэлийг хувийн сууцнаас хангуулах хүсэлтэй байна. Барьцааны гэрээний улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг хэргийн материалд өгсөн. С.Идэрбаян борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2014 оны 03 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгт 21.381.900 төгрөгийн төлбөртэй гардаг. С.Идэрбаян бараагаа хүлээж авсан хирнээ мөнгийг нь компанийн данс руу шилжүүлээгүй байдаг юм. С.Идэрбаян нь Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймаг дахь гэрээт борлуулагч Х.Ганчимэгтэй тооцоо нийлж 19.313.760 төгрөгийн өрөнд орсноо мэдэж байсан. Энэ үеэр Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан н.Амартүвшин шалгалт хийж, зөрчил илэрч, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэлцэл байгуулж гарын үсгээ зурсан байдаг. Мөн С.Идэрбаян нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн борлуулагчаар ажиллаж байсан нь үнэн. Би 21.381.900 төгрөгийн төлбөртэй. Уг өрийг төлнө гэсэн тодорхойлолтыг бичгээр өгсөн байдаг юм. Мөн Х.Ганчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанид С.Идэрбаян нь 19.313.760 төгрөгийн өртэй тухай тодорхойлолт өгсөн. Х.Ганчимэг нь гэрээт борлуулагч учраас компанитай байнга тооцоо нийлдэг ба С.Идэрбаян нь өөрийнхөө нэрээр Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн данс руу өөрийн нэрээрээ орлогоо шилжүүлдэг байсан. Мөн Ганчимэг нь нийлүүлэгч болон хамтран ажиллах 1314 дугаартай гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан байдаг. Ганчимэг өглөөд нь барааг хүлээлгэж өгөөд баримт үйлдээд, компанийн данс руу шилжүүлсэн баримтыг тулгах эрх үүрэг нь Х.Ганчимэгт олгогдсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хэрвээ С.Идэрбаян сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч С.Идэрбаян нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Идэрбаян нь Свийт рөүд ХХК-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Тус компанийн нэхэмжилсэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд хүн хөдөлмөрлөх үндсэн үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийг төр баталгаатай хангах, хүн бүр энэ үүргийг баталгаатай эдлэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчоос хөдөлмөрийн харилцаатай холбоотой албан ёсны шийдвэрийг дан бичгээр гаргадаг. Харин ажилтан нас барсан, хуулийн этгээд дүрэмд заасан зорилгоо биелүүлсэн тохиолдолд бичгээр шийдвэр гаргахгүй. "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани, С.Идэрбаян нарын дунд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээг 2012 оны 10 дугаар 26-ны өдөр байгуулан ажиллаж байсан. Энэхүү гэрээний 1.7-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгана. Гэрээний хугацааг өөрөөр тохиролцоогүй бол нэг жилээр сунгасанд тооцно гэж заасан. Тиймээс талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болох буюу 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэрээ байдаг. Гэрээнд зааснаар ажилтан ажлын байр, бусад бүх нөхцлөөр хангагдан ажиллаж байсан. Энэ хугацаанд С.Идэрбаян "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дотоод журмыг сахин, хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байсан. С.Идэрбаянтай байгуулсан энэ хөдөлмөрийн гэрээ энэ компанийн ажил үүргийг гүйцэтгэхээ болих хүртэл хүчин төгөлдөр байсан. Хавтаст хэрэгт борлуулагчийн гэрээ гэсэн зүйл бий. 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусахаар байгуулсан гэрээнээс харахад Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлүүдэд зааснаар уг гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээг бүхэлд нь авч үзвэл хөдөлмөрийн гэрээний дагуу борлуулагчаар ажиллуулах ийм гэрээ. Хөдөлмөрийн гэрээг борлуулагч талын чиг үүргийг нарийвчлан гаргасан. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээ биш. Хэрвээ ажил олгогч хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулах байсан юм бол өмнөх хөдөлмөрийн гэрээгээ цуцалж дараагийн гэрээг байгуулах ёстой байсан. "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани үүнийгээ ч нотолж чадахгүй байгаа. Тиймээс борлуулагчийн гэрээ гэх зүйл нь Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан гэж байгаа нь өмнө хийсэн хөдөлмөрийн гэрээгээ халхавчлах зорилгоор байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Учир нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг. Мөн Ганчимэг гэдэг хүнд бичиг өгсөн байдаг. Х.Ганчимэг, С.Идэрбаян хоёр борлуулагчийн гэрээтэй. Энэ хоёр хүний гэрээг авч үзэхэд хоорондоо ямар ч холбоо байхгүй. "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барааг Х.Ганчимэг хүлээж аваад Х.Ганчимэг С.Идэрбаянд хүлээлгэж өгнө гэсэн зүйл байхгүй. Гэрээнүүдийг уншихад ижил эрх, үүрэгтэй. Эндээс үзэхэд С.Идэрбаян Х.Ганчимэгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Харин "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах хариуцлага хүлээж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Борлуулагчийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээг нарийвчилж өгсөн болохоос биш хөлсөөр ажиллах гэрээ биш юм. "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани хохирол хүлээсэн гэж байгаа бол эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байсан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг байдаг. Ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр юуг тохиролцох ёстой вэ гэхэд ямар тохиолдолд ажил олгогч буруутай байх, ямар тохиолдолд ажилтан буруутай байх, ажилтан ажил олгогчийн өмнө ямар хариуцлага хүлээхийг тохиролцсон байх ёстой. Гэтэл ийм гэрээ байхгүй. Барьцааны гэрээг нэхэмжлэгч тал эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж үзэж байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн барьцаа шаардахгүй. Харин хөдөлмөрийн гэрээтэй салшгүй холбоотой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулах ёстой. Хөдөлмөрийн хуульд эд хөрөнгө барьцаалах гэсэн ойлголт байхгүй. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд байж болно. Хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр С.Идэрбаян 19.313.760 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дутагдлыг төлж барагдуулна гэж бичсэн байгаа. Мөн С.Идэрбаян 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 14-ний хооронд Х.Ганчимэгт 24.381.900 өр дутагдалтай гарсан үүнийг төлж барагдуулна гэсэн ийм тооцоо бий. Гэтэл "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани С.Идэрбаян нарын хооронд хийсэн тооцоо юу ч байхгүй. Өөрөөр хэлбэл "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлсөн ямар ч бичиг баримт байхгүй. С.Идэрбаян, Х.Ганчимэг нарын гэрээг харьцуулаад үзэхэд "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компаниас барааг нь Х.Ганчимэг аваад дамжуулан С.Идэрбаянд өгнө гэсэн зүйл байхгүй. Тийм учраас "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмнө С.Идэрбаян ямар ч хариуцлага хүлээх ёсгүй. Х.Ганчимэгт С.Идэрбаян төлөх ёстой болохоос биш С.Идэрбаян "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компанид ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй. Нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээгээр "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани, Х.Ганчимэг нар хоорондоо тус компанийн бараа бүтээгдэхүүнийг тус аймгийн зах зээлд гэрээний дагуу худалдан борлуулах үүрэгтэй болохоос биш Х.Ганчимэг С.Идэрбаян нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. Х.Ганчимэгээс С.Идэрбаян бараа авч худалдан борлуулалт хийж, түүний өмнө хариуцлага хүлээнэ гэсэн зүйл огт байхгүй. Барьцаа хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаа хөрөнгийн үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан. Энэ үүргийн хувьд барьцаагаар хангагдах үүрэг биш. Хөдөлмөрийн харилцаа, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр зохицуулагдах асуудал. Тийм учраас барьцааны гэрээ нь энэ тохиолдолд хүчин төгөлдөр бус юм. Борлуулагчийн гэрээ байгуулсан хугацаа, өр дутагдал гаргасан гэх хугацаа нь өмнөх хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. 2014 оны 3 дугаар сараас өр төлбөр гаргасан гэсэн атлаа 2014 оны 5 дугаар сард эхэлж хийгдсэн гэрээ байдаг. Энэ борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээ нь хоёулаа хөдөлмөрийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ юм. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлаагүй учраас сунгагдаж явсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ юм. Тийм учраас С.Идэрбаян хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. "Свийт рөүд" хязгаарлагдмал хариуцлагатай компани С.Идэрбаянтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Тийм учраас хариуцлага хүлээх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зөвхөн өөрийнх нь хөдөлмөрийн хөлсний хэмжээ буюу 250.000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээхээр байх тул энэ байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Идэрбаянд холбогдуулан Барааны үнэ 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг хариуцагч С.Идэрбаянгаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Идэрбаян нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс Борлуулагчийн гэрээ байгуулж ажиллаж байх хугацаандаа нийт 19.313.760 төгрөг дутагдуулсныг гаргаж өгнө үү гэж, хариуцагч С.Идэрбаян, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нар нь Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж байгаагүй учир хариуцлага хүлээхгүй, мөн уг компанийн барааг Х.Ганчимэг хүлээж аваад С.Идэрбаянд хүлээлгэж өгнө гэсэн зүйл байхгүй, үүрэг хүлээгээгүй, гэрээнүүдэд ижил эрх, үүрэгтэй оролцож байгаа. Борлуулагчийн гэрээ нь хөдөлмөрийн гэрээг нарийвчилж өгсөн болохоос биш хөлсөөр ажиллах гэрээ биш, иймд гарсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч С.Идэрбаян нь нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдааны төлөөлөгчөөр, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Содномбаяр овогтой Идэрбаянгийн №000104524 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани болон С.Идэрбаян нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12-3/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ -ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Борлуулагчийн гэрээ Барьцааны гэрээ гэх гэрээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Идэрбаянгаас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Борлуулагчийн гэрээ-ний 3.8, 3.12-т заасныг болон тус компанийн гэрээт борлуулагч Х.Ганчимэгийн тооцоог үндэслэн барааны үнэ 19.313.760 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Идэрбаянтай 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Борлуулагчийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр гэрээний хугацаа, ажлын цагийн хуваарь, ажлын хөлс гэрээ цуцлах журам зэргийг тохиролцсон байх ба талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу С.Идэрбаян нь Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх, компани нь гэрээний дагуу Борлуулагчид хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Зохигчийн хооронд байгуулагдсан Борлуулагчийн гэрээ-ний 3.8-д борлуулагч нь хүлээн авсан бараа, бүтээгдэхүүнийг дутаасан, орлогоо дутуу тушаасан, бараа бүтээгдэхүүн, орлогыг ашиглан шамшигдуулсан, завшсан, бусдад алдсан, ашиглуулсан, завшуулсан бол компанид учирсан хохирлыг өөрөө хариуцан арилгана гэж заасан ба борлуулагч С.Идэрбаян нь 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанид борлуулагчаар ажиллахдаа нийт 19.313.760 төгрөгийн дутагдал гаргасан болох нь 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х.Ганчимэгтэй хийсэн хэлцэл, С.Идэрбаяны Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанид хандаж бичсэн өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч С.Идэрбаян нь дутагдуулсан барааны үнийн дүн, барааны үнэ дутагдуулсан гэх үйл баримтын талаар маргадаггүй ба харин нэхэмжлэгч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил үүрэг гүйцэтгэж байсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байх хэдий ч талуудын хооронд байгуулагдсан Борлуулагчийн гэрээ-ний 3.10-т борлуулагч нь гэрээний үүргээ биелүүлэх явцад гарч болох эрсдлээс сэргийлэх үүднээс үл хөдлөх хөрөнгө компанид барьцаалж барьцааны гэрээ байгуулна гэж заасны дагуу 2014 оны 05 дугаар сарын 08-ны нэхэмжлэгч байгууллагатай барьцааны гэрээг байгуулж ажиллаж байжээ.

Иймд хариуцагч С.Идэрбаян нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хүлээн авсан бараа материалаа дутагдуулж, гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учруулсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч С.Идэрбаянгаас 19.313.760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь С.Идэрбаянтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь сайн дураараа төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай хүсэлтийг гаргаж байх ба талуудын хооронд байгуулагдсан Борлуулагчийн гэрээний 3.10, барьцааны гэрээний 5.1-д тус тус энэ талаар харилцан тохиролцсон байна.

Иймд хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Идэрбаянгаас 254.519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч талын хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн С.Идэрбаянтай тооцоо нийлж байсан зарлагын баримтууд гэх 137 хуудас баримт, Хаан банкны дансны хуулга 217 хуудас, хариуцагч С.Идэрбаянаас ирүүлсэн зарлагын баримт 74 хуудас нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй болно. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч талаас ирүүлсэн зарлагын баримтууд нь өөр өнгийн бал хольж бичсэн, засвартай, зарим баримтуудад хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, Хаан банкны харилцах дансны хуулга нь иргэн хуулийн этгээдийн харилцах дансны орлого зарлагын гүйлгээний хөдөлгөөний бүртгэл бөгөөд энэхүү бүртгэл нь бодит байдалтайгаа нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй, мөн залруулгын гүйлгээ хожим нь хийгдсэн байх нь уг бүртгэлд тусгагдаагүй үлдэх боломжтойн зэрэгцээ дансны хуулга нь төлбөр тооцоо хийсэн эх баримт биш тул дээрх үндэслэлүүдээр шүүх үнэлж шийдвэрлээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувдад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн боловч шүүх нэхэмжлэгчийн урд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэргийн нөхцөл болон бусад байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Идэрбаянаас 19.313.760 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254.519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Идэрбаянгаас 254.519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Свийт рөүд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Идэрбаян тєлбєрийг сайн дураар тєлєєгїй тохиолдолд улсын бүртгэлийн Y-1723003428 дугаарт бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 26 дугаар гудамжны 12А тоотод байрлах 38.5 м/кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулж, їїргийн гїйцэтгэлийг хангуулахыг шїїхийн шийдвэр гїйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН