Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1032

 

 

 

 

 

 

 

 

  2024       12         19                                      2024/ШЦТ/1032

 

 

 

 

 

     

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.***, Б.Гэрэл-Очир, Д.Энхцэцэг

иргэний хариуцагч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 5 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

****

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/09 тушаалаар нийслэлийн ***ийн даргаар ажиллаж байх хугацаандаа Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах нийслэлийн *** буюу ажлын байран дээрээ

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах’’, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээнэ”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт (төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах), 16 дугаар зүйлийн 16.5.5 дэх заалт (батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах,

***, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх хэсэгт Төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй гэр, байшин, орон сууцанд амьдардаг ажилтан түлээ нүүрсний хөнгөлөлтийг тухайн зах зээлийн ханштай уялдуулан олгоно. Мөн гэрээний 7.3.6 дахь хэсэгт Байнгын хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа ажилтнууд банкнаас авсан зээл дээрээ ажил олгогчтой зөвшилцсөний үндсэн дээр нэмж зээл авч болно гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

нийслэлийн ***ийн “***” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй ажилчдын орон сууцны хөтөлбөрт 96 хүнийг хамрагдсан мэтээр, мөн тус орон сууцанд хамрагдсан, Эрүүл мэндийн төвд 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилчдад дэмжлэг үзүүлэх талаарх албан бичгийг боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яаманд хүргүүлж,

улмаар Эрүүл мэндийн яамны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу Хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.4, 7.3.6 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 8.3.2 дахь заалт, Эрүүл мэндийн төвийн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ***2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаал гаргаж, дээрх албан бичигт дурдсан шалгуур хангахгүй, нэр бүхий 20 ажилтанд зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр, орон сууцны хөнгөлөлт нэрээр 90.000.000 төгрөг шилжүүлэн өгч, бусдад давуу байдал бий болгосны улмаас ***д 90.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд 1989 онд Анагаахын их сургуульд элсэн орж суралцаж төгсөөд Эрүүл мэндийн 7 дугаар төвд хүүхдийн эмч, арга зүйч, тасгийн эрхлэгчээр ажиллан 2016 оноос орлогч даргаар, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс тус эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажилласан. Миний ажил, амьдралын 20 гаруй жил ***тэй холбоотой. *** нь анх 60 ортой, 156 ажилтантай байгууллага байсан. Сайн хамт олонтойгоо ажилласнаар ахмадын эмнэлэг, 200 ортой хүүхдийн эмнэлэг, ***ийн шинэ цогцолбор барилга, 20 гаруй тасаг шинээр нээсэн. Ингээд 2013 оны 3 дугаар сар гэхэд 300 гаруй ажилтантай, 398 ажлын байртай эмнэлэг болсон. Гэтэл эмч, ажилчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаа асуудал тулгарсан. Манай ажилчид хэсэг хугацаанд ажиллан Солонгос улс руу виз мэдүүлж Солонгос улс яваад буцаж ирдэггүй, ийм байдлаар манай эмнэлэг маш олон эмч, ажилчдаа алдсан. Ажилчдын дунд тогтвор суурьшилтай ажиллах талаар судалгаа авахад ажилчид орон сууцтай болох асуудлыг шийдвэрлэж өгөх гэсэн байсан. 2017 оноос хойш энэ асуудал яригдах болсон. 2018 оны 5-6 дугаар сард манай эмч, ажилчид хуралдаад “***” ХХК-ний барьж байгаа орон сууцнаас байр худалдаж авах талаар дэмжиж өгөхийг хүссэн. Иймд удирдлагын багийн зүгээс тогтвор суурьшилтай олон жил ажилласан болон нарийн мэргэжлийн боловсон хүчнээ дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. 2018 оны цалингийн үлдэгдэл 90 сая төгрөг бол ажиллаагүй ажилчдын хэмнэгдсэн мөнгө юм. Гэхдээ тухайн үед зарим ажилчид маш ачаалалтай, 2-3 хүний ажлыг хийж ажилласан. Тухайн хэмнэгдсэн цалинг одоо ажиллаж байгаа ажилчдад орон сууц авахад нь дэмжлэг үзүүлэхээр Эрүүл мэнд сайд Д.Сарангэрэлд хандсан.

Энэ “***” ХХК-ний барьж байсан орон сууц нь манай ажилтай ойрхон байсан нь таалагдсан. Байрны 1 мк-ийн үнэ 1.350.000 төгрөг гэж танилцуулахад 98 хүн санал өгсөн байсан. “***” ХХК тухайн үед 3 орон сууц баригдах талаар хэлж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэсэн. Урьдчилгаа 30 хувь авах талаар танилцуулахад 63 хүн өргөдөл өгснөөс одоо 55 хүн уг байрандаа амьдарч байгаа.

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралд 7 хүн оролцсон. Тус хурлаар олон жил ажилласан хүнээ урамшуулах талаар ярихад шинэ залуу боловсон хүчнээ дэмжихгүй байна гэсэн санал гарсан ба урамшуулалт хэнийг хамруулах талаар ярилцан олон жил ажилласан, нарийн мэргэжлийн мэс заслын эмч нар зэрэг шинэ залуу боловсон хүчнээ урамшуулалд хамруулахаар шийдвэрлэн тушаал гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор ***, *** нар одоог хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. Намайг ажиллаж байхад 1 жилийн дотор хавдар судлаач эмч 7 удаа солигдож байсан тохиолдолд ч байгаа. Би төрийн харьяа эмнэлэгт ажиллаж байгаа ажилчдаа алдахгүйн тулд ийм шийдвэр гаргасан.

Намайг буруутгаж байгаа бусдад давуу байдал бий болгосон гэдгийг өөрийн хамаатан садан, ураг төрлийн хүмүүстээ ашигтай шийдвэр гаргасан байх гэж би ойлгож байгаа. Мөрдөгч анх надад хэлэхдээ та байгууллагын журмаа зөрчсөн юм байна гэж байснаа дараа нь намайг яллагдагчаар татаж байгаа талаараа гэнэт мэдэгдсэн. 2-3 жилийн хугацаа өнгөрөхөд намайг мөрдөгч дуудахгүй байсан болохоор больсон юм байна гэж би ойлгосон. Гэтэл өнгөрсөн онд би яллагдагчаар татагдаж өнөөдрийн байдалд хүрсэн.

Монголын төр, тэр дундаа Эрүүл мэндийн салбар иргэдийн дунд маш нэр хүндгүй болж байсан. Манай нийт ажилчдын 62 хувь шинэ залуу боловсон хүчин байсан. Бид эмч, ажилчдаа дэмжиж эхэлснээр манай эрүүл мэндийн төвийг олон хүн зорьж ирсэн.

Тухайн үед хурлын тэмдэглэлүүд гаргасан ба тэмдэглэлийг намайг ажлаа өгсний дараа Балдандугар, Хонгороо нар ажил хүлээлцэх үеэр Нийслэлийн аудит оруулсан байдаг. Шийдвэртэй танилцахад тушаал шийдвэр хангалтгүй байна гэж байсан. Нэгэнт ажлаасаа гарсан байсан болохоор хуулийн дагуу шийдвэрлэнэ биз гэж бодсон. Орон сууц авсан 10 гаруй хүн одоо тэтгэвэртээ гарсан байгаа. Орон сууцанд орсон ажилчдаас нэг ч ажилтан ажлаасаа гараагүй тогтвор суурьшилтай ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Боломж олдсон болохоор ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр болсон. Орон сууцанд орсон эмч, ажилчид баярласан гээд намайг гэртээ урьдаг байсан боловч би нэг ч айлд очоогүй. Миний монгол төрийн төлөө, нэг ч гэсэн эрүүл мэндийн байгууллагыг үлгэр жишээ байгууллага болгохын төлөө хоёргүй сэтгэл гаргаж ажилласан нь намайг өнөөдөр ийм байдалд хүргэж байна. Би үнэхээр буруутай үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээх ёстой байх гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***ыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон”-ы улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “... надад тус акт болон шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Нийслэлийн ***ийн даргаар ажиллаж байсан *** нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалаар 2018 оны цалингийн зардлын хэмнэлтийн 90 сая төгрөгийг ажилчдын орон сууцны хөнгөлөлт олгохдоо шалгуур үзүүлэлт, тогтвор суурьшилтай ажилласан жил, ажлын үр дүнг харгалзахгүй олгосон үйлдлийн улмаас манай байгууллагад хохирол учирсан. *** нь ***ийн даргын хувьд ямар нэгэн хууль тогтоомж, журмыг зөрчих эрхгүй, харин салбарын хууль журмыг биелүүлэх үүрэгтэй. ***ын уг хууль, журам зөрчсөн үйлдлийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Би тус 90.0 сая төгрөгөөс шалгуур хангасан хүнд олгосон мөнгөн дүн болон хувь хүний орлогын албан татварт суутгагдсан 9.0 сая төгрөг зэргийг нэхэмжлэхгүй. Хувь хүний орлогын албан татвар нь улсын төсөв рүү орж байгаа болохоор нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна” /4-р хх-н 158-159/ гэж,

гэрч *** “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/456 дугаартай энэ тушаалаар ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус Эрүүл мэндийн төвд олон жил ажилласан, тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, ажилчдад 90.000.000 төгрөгийг Сангийн яамнаас зардал хооронд гүйлгэх зөвшөөрөл авч, ажил олгогчоос олгох шагнал, тэтгэмж, урамшуулал гэсэн зардлаас гаргасан байсан. Гэтэл энэ буцалтгүй тусламжийг авсан нийт 20 хүнээс 4 хүн нь тухайн байгууллагад 10-аас дээш жил ажилласан болзол хангасан байсан ба 16 хүний жил нь хүрээгүй байсан. Мөн Эрүүл мэндийн сайдаас зөвшөөрөл авахдаа 10-аас дээш жил ажилласан ажилтан нарт олгоно гэж авчхаад тэгээгүй байсан. Түүнчлэн тушаалын үндэслэлд удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, хурлын тэмдэглэл байхгүй шууд тушаал гаргасан байсан. Анх ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр *** нь байрны компанитай гэрээ байгуулаад ажилласан ба тэрнийхээ дагуу ажилтан нар нь байранд хамрагдана гээд зээл авсан ба зээлийн мөнгө нь шууд барилга барьж байгаа компани руу нь шилжсэн байсан. Тэгээд энэ 34 ажилтны нийгмийн асуудлыг шийдэхээр л энэ мөнгөн урамшууллыг олгох гэж байгаад байранд хамрагдаж Төрийн банканд хүсэлт гаргаагүй хүмүүст орон сууцны тэтгэмж гээд олгосон байсан. Тэгэхдээ энэ 90.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон 20 хүнээс 8 хүн нь зээлд хамрагдаагүй байсан юм” /1-р хх-н 94-95/ гэж,

гэрч ***“... Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төсвийн шууд захирагч нь өөрийн байгууллагын урсгал зардал хооронд шилжүүлэх эрхтэй байдаг. Ингэхдээ мөн хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчаас сангийн яаманд хүсэлт нь ирж байж шийдвэрлэдэг. Шууд захирагч өөрөө шууд зардал хооронд шилжүүлэх эрх байхгүй, харин дээр хэлсэнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авч байж төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яаманд хандсанаар эрх нь нээгддэг юм. Төсвийн шууд захирагч болон байгууллагууд жилд хэдэн ч удаа төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхтэй. Яг энэ яригдаж байгаа байгууллагын хувьд бол хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сард өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 1а/4791 албан тоот бичгээр хүсэлтээ ирүүлснийг шийдвэрлэсэн байна. Энэ хүсэлтээр хамгийн сүүлд 90.000.000 төгрөгийн хуваарийн өөрчлөлтийг шийдвэрлүүлсэн байна. 90.000.000 төгрөгийг болохоор цалин хөлсний зардлын ангиллаас бууруулан тэтгэмжийн зардалд шилжүүлэн зарцуулсан байна. Энэ бол тухайн үеийн бичгээс харахад тус эрүүл мэндийн төвийн дэргэд шинээр ашиглалтад орох байсан хүүхдийн шинэ эмнэлэг нээгдэх хугацаа хойшилсноос хэмнэгдсэн цалингийн зардал гэсэн албан бичигтэй юм байна. ... Тиймээ 2018 онд цалингийн хэмнэлт гарсан. Хэмнэгдсэн мөнгөн дүнг ажилчдын орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулж болно. Тэгэхдээ Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд хэмнэгдсэн зардлыг байгууллага хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэж болно гэсэн хуулийн дагуу орон сууцны дэмжлэг олгож болно. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчилсан журмыг Сангийн сайдын тушаалаар гаргасан байдаг. Энэ тушаалаар байгууллага хамт олны 50 хувиас дээш хувь оролцсон хурлаар нээлттэй хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байх ёстой. Хэрэв ингэж шийдвэрлэсэн бол өгч болно” /1-р хх-н 98-100/ гэж,

гэрч *** “... 2018 онд Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. Тухайн байгууллагынхаа хүний нөөцийн бодлогыг барьж ажилладаг ба байгууллага болон удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу ажилтан нартай холбоотой А, Б тушаалуудыг гаргадаг. А тушаал нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанартай холбоотой тушаалууд, Б тушаал бол ажилтан нартай холбоотой ажилд орох, ажлаас гарах, чөлөө авах, цалин мөнгө, урамшуулалтай холбоотой тушаалуудыг гаргаад төвийн дарга баталдаг. Манай Хүний нөөцийн албанаас төсөл бичиж гаргадаг. Ерөнхийдөө бол би доор ажиллаж байгаа 2 албан хаагчдаа ийм тушаал гаргана гээд үүрэг өгдөг. Тэрний дагуу тушаалын төсөл бичигдэж орж ирдэг. Заримдаа би өөрөө ч бичдэг юм. ... Тийм хурал ерөөсөө болоогүй, би мэдээгүй. Ер нь бол би буцалтгүй тусламжтай холбоотой асуудлыг мэдэхгүй. Манай ажилтан нар энэ компаниас орон сууц авна гээд л гэрээ хийж байсан. Өөр зүйл мэдэхгүй. Надад үзүүлж байгаа тушаалыг бол манай ажилтан Бат-Эрдэнэ бичсэн байна лээ. Би энэ тушаалыг мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн. Би хурлын тэмдэглэл хөтөлдөг юм. Ийм хурал огт болоогүй. Яагаад тушаал дээр ийм үндэслэл бичсэн болохыг мэдэхгүй байна. Уг нь надад тушаалыг хянуулдаг ба энэ тушаалыг огт хянуулж байгаагүй. ... Би гаргаж өгөөгүй. Энэ хүмүүсийн нэрс болон ажилласан жилийг Бат-Эрдэнэ гаргаж өгсөн” /1-р хх-н 113-116/ гэж,

гэрч *** “... Төрийн банк тийм орон сууцанд хөнгөлөлт урамшуулал олгох ямар эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс орон сууцтай холбоотойгоор Төрийн банкнаас ямар ч тийм орон сууцтай холбоотой эрх үүрэг хариуцаж байгаагүй. Харин цалингийн хүүгийн хувьд шийдвэрлэсэн ба хүүг сарын 1.2 хувь болгож бууруулж авах цалингийн зээлийн хэмжээг 30 сая төгрөгт барьцаагүй болгосон. Тэгэхдээ ингэж шийдэх асуудал нь Төв банкны ерөнхий хороогоор шийдвэрлэдэг юм. Тэгж л шийдвэр гаргуулсан. Түүнээс биш орон сууцтай ерөөсөө холбогдохгүй цалингийн зээлийн л гэрээ юм. ... Ямар ч тийм гэрээ хийж байгаагүй. Байгууллагатай ганцхан л гэрээ хийдэг. Тэр гэрээ нь цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр л хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Өөр тийм орон сууцтай холбоотой асуудлаар гэрээ хийх ямар ч эрх байхгүй. Би энэ албан бичгийг анх удаа харж байна. Манай Төрийн банктай ерөөсөө орон сууц гэсэн хөтөлбөр, Төрийн банкнаас дэмжлэг үзүүлсэн зүйл огтоосоо байхгүй. Хэн гэдэг хүн ийм бичиг бичсэнийг огтоосоо мэдэхгүй байна. Энэ гэрээ гээд байгаа зүйл чинь цалингийн зээлийн гэрээ. Энэ гэрээ өөрөө бүх байгууллагуудтай хийдэг стандарт гэрээ юм. Жишээ нь танай Авлигатай тэмцэх газар манай Төрийн банкаар цалин хөлсөө авдаг бол яг ийм гэрээ л байгаа гэсэн үг. Бид нар гэрээнд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Энэ гэрээгээр орон сууц хөнгөлөх, дэмжлэг үзүүлэх ямар ч зүйл заалт байхгүй. Энэ гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Өөр гэрээ гэж байхгүй. Ерөөсөө л цалингийн зээлийн гэрээ, энэ гэрээний 2.2.1, 22.2, 22.3, 2.2.5 дэх хэсэгт зааснаар үйлчилгээг үзүүлэх л гэрээ юм. Гэрээ хийх эрхийг төв банкнаас шийдвэр гаргадаг юм. Түүнээс биш энэ гэрээ орон сууцтай ямар ч холбоогүй шүү” /1-р хх-н 117-120/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт:

***д 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100200520002 дугаартай данснаас Төрийн банкны 360000013759 дугаартай дансанд “нэг удаагийн буцалтгүй тусламж” гэх утгаар “***ийн даргын 680 тоот албан бичиг,

Эрүүл мэндийн сайдын 1а/5019 тоот албан бичгийг” үндэслэн 81.000.000 төгрөгийн №0000001170 дугаартай төлбөрийн хүсэлт /1-р хх-н 36/,  ***д 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100200520002 дугаартай данснаас Улаанбаатар хотын банкны 2602035638 дугаартай дансанд “хөрөнгө орлогын албан татвар” гэх утгаар “***ийн даргын 680 тоот албан бичиг, Эрүүл мэндийн сайдын 1 а/5019 тоот албан бичгийг” үндэслэн 9.000.000 төгрөгийн №0000001172 дугаартай төлбөрийн хүсэлт /1-р хх-н 37/,

Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6/6641 дугаартай албан бичгээр “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн сайдаас 1 а/4791 дугаартай албан бичгээр нийслэлийн ***ийн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулж, урамшууллын зардлыг 90 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал ирүүлсний дагуу төсвийн хуваарьт өөрчлөлт оруулсан” гэсэн баримтууд /1-р хх-н 39-47/,

***ийн хөдөлмөрийн дотоод журам /1-р хх-н 55-63/, ***, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2018 оны хамтын гэрээ /1-р хх-н 64-72/, Төрийн банктай байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллах 18/05 дугаартай гэрээ /1хх-н 107-109/, Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6/6641 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралт /1-р хх-н 143-144/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт /1-р хх-н 146-149/, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар ***ыг ***ийн даргаар томилсон тушаал /1хх-н 216/, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаартай “ажлын байрны үлгэрчилсэн загвар батлах тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 244-247/, Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шалгалтын тэмдэглэл /2-р хх-н 1-20/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг дотоод аудит газрын шалгалт хийсэн тэмдэглэл /2-р хх-н 24-50/, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэр бүхий 20 иргэний хариуцагчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 34-40/, ***ийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай “Байгууллагын эмч ажилчдын албан тушаалын цалингийн хувь хэмжээг батлах тухай” тушаал /5хх-н 80-93/, ***ийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дугаар тушаалын хавсралт “Удирдах зөвлөлийн хурлыг хийх журам”, Эмч нарын шуурхай зөвлөгөөний журам” /5хх-н 97-103/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтуудыг шүүх дүгнэвэл:

“нийтийн албан тушаалтан” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тодорхойлжээ.

Түүнчлэн “албан үүрэг, бүрэн эрх” гэж нийтийн албан тушаалтан эрхэлж байгаа албан тушаалын хувьд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээсэн үүргийн нэгдэл буюу эрх мэдлийг,

“албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг,

“өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох”-ыг тус тус тодорхойлсон байдаг.

 

Шүүгдэгч *** нийтийн албан тушаалтан мөн болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдоно.

 

Шүүгдэгч *** нь дээрх албан тушаалд буюу нийслэлийн ***ийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Буцалтгүй тусламж олгох тухай” Б/456 дугаартай тушаал гаргаж 2018 оны цалингийн зардлын хэмнэлтийн 90 сая төгрөгийг ажилчдын орон сууцны хөнгөлөлт олгохдоо шалгуур үзүүлэлт хангасан эсэх, тогтвор суурьшилтай ажилласан байдал, ажлын үр дүн зэргийг хэрхэн яаж харгалзсан нь тодорхойгүйгээр нэр бүхий хүмүүст олгожээ. Тухайлбал, зарим хүмүүсийн хувьд 10-аас дээш жил ажилласан гэх шаардлагыг хангаагүй, зарим нь орон сууцны зээлд хамрагдаагүй, буцалтгүй тусламж олгох төгрөгийн хэмжээг өөр өөр байдлаар тогтоосон шалтгаан тодорхой бус зэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй буюу дээр дурдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *** овогт ***ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “..., гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, ... -ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор энэ хэрэгт нэр бүхий иргэдийг “иргэний хариуцагч”-аар татсан нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр болсон төдийгүй тухайн хэргийн үйл баримтад нийцсэн байх тул энэ гэмт хэргээс улбаатай хохирлыг тэдгээр хүмүүсээр төлүүлэх нь зүйтэй. Үүнд:

иргэний хариуцагч *** “... би 2007 оноос 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ***д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 2018 онд би Хүний нөөцийн ажилтан албан тушаал дээр байсан. Манайх хүний нөөцийн 2 ажилтантай байсан ба би болохоор өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол, тушаалын төсөл боловсруулдаг байсан. Мөн ажилд орж байгаа хүмүүсийн материалыг бүрдүүлэх, ажилтан нарын акт, чөлөө, гавьяа шагналыг бүртгэж хариуцдаг байсан. Тушаалыг төвийн дарга гарга гэсний дагуу тушаалын төсөл боловсруулж хянуулаад бичиг хэргийн ажилтанд өгөөд гаргадаг юм. Төсөв санхүүтэй холбоотой асуудлыг би гаргадаггүй юм. Харин буцалтгүй тусламж, тэтгэмжийг би хариуцан тушаалын төсөл боловсруулдаг.

... Тийм хурал болоогүй. Тиймээ би боловсруулсан. Энэ тушаалыг гаргуулахаар ахлах нягтлан бодогч Гуацэцэг эгч *** даргатай хамт сууж байгаад ярилцаж тохироод нэрсийн хамт надад оруулж өгөөд тушаалын төсөл бэлд гэхээр нь би бэлдэж өгсөн. Төрийн сан хаах гээд байна, яаралтай тушаал гарга гэхээр нь би гаргаж өгсөн юм. Бас тушаалын хавсралтаар заагдсан алба хаагчдын нэрсийг бас барьж орж ирсэн. Хамтын гэрээ, байгууллагын дотоод журам, удирдах зөвлөлийн шийдвэрийг барьсан. Миний мэдэж байгаагаар бол 64 гэх шиг болсон.

Би буцалтгүй тусламж гэж 2.000.000 төгрөг авсан ба татвараа суутгаад надад 1.800.000 төгрөг өгсөн. Би өөрөө нэрээ тушаалд оруулаагүй, дарга нэр өгсөн. Би үндэслэлгүй тушаал гаргаж улсаас мөнгө авч болохгүй. Би энэ авсан мөнгөө буцааж төлнө. Бид хоёр олон жил хамт ажилласан, хоорондоо ажлын холбоотой л хүмүүс. Түүнээс биш нээх дотно харилцаа холбоо байхгүй ээ” /1-х хх-н 121-122/,

“... иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэхэд бүрэн барагдуулах болно” /1-р хх-н 185/ гэж,

иргэний хариуцагч ***“... энэ байрыг ***өөс төсөв гаргаж бариулаагүй. Харин энэ компани өөрсдөө барьсан байр юм. Барилгын явцаас захиалга өгсөн хүмүүс өөрсдөө мөнгөө төлөхөөр ярьж байсан. Би мартсан байна, ерөнхийдөө цалингийн зээл шиг л санаж байна. Би тухайн үед 20.000.000 төгрөгийн зээл авсан юм. Би 1.000.000 төгрөг авсан. Намайг сайн ажилладаг гэж л өгсөн. Тэр дундаа манаач нар дундаа олон жил ажилласан нь би байсан юм. Би тухайн үед машинтай мөргөлдөөд машины засварт өгсөн юм. Харин тиймээ, би тухайн үед мөсөн дээр дрифт хийж байгаад машиныхаа бөгсийг голын эрэгт мөргөсөн юм. Тэгээд зассан юм. Зориулалтын бусаар зарцуулснаа ойлгож байгаа. ... би 10 жил гэдгийг нь одоо л сонсож байна. Манай эхнэр бас энэ төвд нярав хийдэг юм. Тэгээд нэг гэр бүлийн 2 хүн ажилладаг, дэмжинэ гэж л *** дарга хэлж байсан. Тухайн үедээ бол авч болно гэж ойлгож байсан. Харин одоо болохгүй байсан юм байна гэдгээ ойлгож авлаа. Би энэ авсан мөнгөө буцааж төлье” /1-р хх-н 80-83/,

“... иргэний хариуцагч гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ мөнгийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд бүрэн барагдуулах болно” /1-р хх-н 189/ гэж,

иргэний хариуцагч *** “... би ***д 2013 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 8 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үед тухайн байгууллагад 5 жил 3 сарын хугацаанд ажиллаж байсан. Манай Эрүүл мэндийн төвөөс оны эцэс болоод урамшуулал олгож байна гэж ойлгосон. Надад 900.000 төгрөг олгогдсон. Би үр дүнгийн урамшуулал гэж ойлгосон. Энэ 900.000 төгрөгийг орон сууц худалдаж авахад зарцуулсан. Дундуур нь өөр зүйлд зарцуулсан байж магадгүй. Би анхандаа шууд орон сууцны урамшуулал гэж ойлгоогүй. Тэгээд дундуур нь өөр зүйлд зарцуулсан. Намайг иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Хууль бусаар олгогдсон мөнгө юм бол буцааж төлье” /1-р хх-н 158/ гэж,

иргэний хариуцагч *** *** “... би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үед тухайн байгууллагад 1 жил гаруй хугацаанд л ажиллаж байсан. Намайг эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчээр сайн ажилласан гэсэн. Би бүдүүн шулуун гэдэсний мэс заслыг анх дүүрэгт нэвтрүүлсэн юм. Тэгээд намайг сайн ажилласан гэж 4.500.000 төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Тухайн байгууллагад 10 жил ажиллаагүй нь үнэн” /1-р хх-н 162-163/ гэж,

иргэний хариуцагч ***ын *** “... би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үед тухайн байгууллагад 1 жил орчим хугацаанд л ажиллаж байсан. Надад өөрийн гэсэн хашаа байшин байхгүй. Тэгэхэд надад байрны урамшуулал гэж 4.500.000 төгрөг олгосон” /1-р хх-н 166-167/ гэж,

иргэний хариуцагч *** “... би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үед тухайн байгууллагад 4-5 жил ажилласан байсан. Надад байрны урамшуулал гэж 5.400.000 төгрөг өгсөн. Миний ажилласан жил маань 10 жил хүрэхгүй байгаа учраас уг 5.400.000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч байна” /1-р хх-н 172-173/ гэж,

иргэний хариуцагч *** “... би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тухайн байгууллагад 5 жил гаруй хугацаанд л ажиллаж байсан. Намайг иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би мөнгийг нь төлнө” /1-р хх-н 176-177/ гэж,

иргэний хариуцагч *** “... би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үед тухайн байгууллагад 14 жил тасралтгүй ажиллаж байсан. Би “***” ХХК-ийн баригдаж байгаа байрнаас байр худалдаж аваагүй. Харин хуучин байраа засаж сайжруулсан. Уг 7.200.000 төгрөгийг одоо амьдарч байгаа орон сууцны нөхцөлийг сайруулах засвар үйлчилгээнд зарцуулсан” /1-р хх-н 180-181/ гэж,

иргэний хариуцагч *** “... би 2018 онд тухайн байгууллагад ороод 2 жил болж байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар кассын ажилтан хийж байсан. Ар гэрийн гачигдалтай гээд, мөн ажилчдын байрнаас байр авсан гээд, тэрэндээ өгөөрэй гээд урамшуулал болгож надад 7.200.000 төгрөг өгсөн юм. Бэлнээр нь гаргаж аваад хүнээс зээлсэн байсан зээлүүдээ төлж барагдуулсан” /1-р хх-н 193-194/ гэж,

иргэний хариуцагч *** “... би Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ороод 2 жил гаран л болж байсан байх. Цалин буусан чинь дансанд 7.200.000 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд *** дарга энэ мөнгийг байрны буцалтгүй тусламж гэж өгсөн шүү гэж хэлсэн. Би энэ мөнгийг хүүхдийн виз гаргахад нь оруулсан юм. Манай хүүхэд Америк явах гээд мөнгөний хэрэг гараад би энэ мөнгийг зарцуулсан” /1-р хх-н 198-199/ гэж,

иргэний хариуцагч *** “... энэ тушаалыг хүний нөөцийн ажилтан Цэрэннадмид оруулж ирээд ахлах нягтлан бодогч Ц.Гуацэцэг надад өгсөн. Ингэсний дагуу би хүн хүнээр нь мөнгийг нь шивж оруулсан. Би тухайн үед 5 жил 8, 9 сар л болж байсан байх. Би хүлээн зөвшөөрч байна. Би ямар ч байсан төлөх ёстойгоо мэдэж байгаа” /1-р хх-н 204-205/ гэж,

иргэний хариуцагч *** “... ямар ч байсан ажилчдын байр бариулна гээд *** ХХК-ийг бид нарт танилцуулаад манай байгууллагын ажилтан нар захиалга өгсөн. Тэр дунд би бас 49.6 м.кв байрыг м.кв-г нь 1.150.000           төгрөгөөр бодож авсан юм. Өнөөдрийг байдлаар энэ байрны мөнгөнөөс 80 хувийг нь өгсөн байгаа ба сүүлийн 20 хувь нь дутуу байгаа. Энэ байр өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Тиймээ надад буцалтгүй тусламжаас 7.200.000 төгрөг өгсөн. Яагаад нэр орсон бэ гэхээр эхнийх нь тогтвортой ажиллаж байгаа гээд, дараа нь байрны мөнгөө цаг тухайд нь өгч чадах уу гэхээр нь би чадна гэсэн чинь миний нэрийг буцалтгүй тусламж авах хүний нэрс дунд оруулсан юм. Би энэ мөнгийг бэлнээр гаргаж аваад хурим хийхдээ зарцуулсан. Тухайн үед би хуримаа хийж байсан юм. Энэ мөнгө ороход байрныхаа төлбөрт өгөөрэй гэж хэлсэн юм. Тэр үед нь би байрны урьдчилгаагаа өгсөн байсан. Тэгээд нэхэгдээгүй байгаа юм чинь гээд шууд хурим найрандаа мөнгөө зарцуулсан. Би тухайн үед Батжаргал даргаас гуйсан юм. Би юу гэж гуйсан бэ гэхээр шалгуурт нь хүрэхгүй ч гэсэн намайг дэмжээд, буцалтгүй тусламжид хамруулж өгөөч ээ гэж гуйгаад өөрийнхөө нэрийг оруулуулсан юм. Би болохгүй гэдгээ мэдэж, гуйгаад тусламж авснаараа буруутаж байгаагаа ойлгож байна. Би авсан мөнгөө улсад буцааж төлнө” /1-р хх-н 77-79/,

“... намайг иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би энэ мөнгийг төлөх боломжгүй. Би ажил хийж байсан бол төлмөөр байна” /1-р хх-н 210/ гэж,

иргэний хариуцагч *** “... ***д ажиллаж байх хугацаанд “***” ХХК нь манай байгууллагатай хамтран ажиллаж ажилчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулна гэхээр нь би одоогийн өөрийн амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 419 дүгээр байрны 10 дугаар давхрын 1006 тоот орон сууцыг захиалж одоо тухайн байрандаа амьдарч байна. Намайг олон жил үр бүтээлтэй ажилласан, шаардлагад нийцсэн ажилтан гээд 1.350.000 төгрөгийн орон, сууцны дэмжлэг үзүүлсэн. Энэ мөнгийг би дээрх “***” ХХК-ийн барьж буй байрны урьдчилгаа төлбөртөө зарцуулсан” /5-р хх-н 10/ гэж,

иргэний хариуцагч *** “... тухайн компанийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 419 дүгээр байранд 47 м.кв 2 өрөө орон сууц захиалж худалдаж авч байсан. Худалдаж авах үед байгууллагын даргын тушаалаар орон сууцны дэмжлэг гэж 900.000 төгрөгийг 2018 онд сүүлч үеэр миний цалингийн дансанд шилжүүлж байсан. Иргэний хариуцагчаар татаж байгааг ойлгож мэдлээ, би энэ мөнгийг хариуцах этгээд нь болж байгаа учраас эргэн төл гэсэн хугацаанд төлөх боломжтой” /5-р хх-н 13/ гэж,

иргэний хариуцагч *** “... ямар учраас иргэний хариуцагчаар татаж байгааг ойлгож мэдлээ. Би энэ мөнгийг зохих ёсоор хариуцах этгээд болж байгаа учраас эргэн төл гэсэн хугацаанд бүрэн төлнө” /5-р хх-н 16/ гэж,

иргэний хариуцагч *** “... ***д 10-аас дээш жил ажилласан. Ажилчдад байрны хөнгөлөлтөд хамруулах шийдвэр гарсан гээд надад 900.000 төгрөг олгосон. Тухайн үед нь би баярлаж дансанд шууд ороод ирэхээр нь байрны урьдчилгаа мөнгөндөө “***” ХХК-ийн данс руу шилжүүлж байсан юм. Нэгэнт би 900.000 төгрөгийг ***ийн Захиргаа, санхүүгээс авсан нь үнэн болохоор иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Намайг буцаан төл гэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд би төлөхөд татгалзах зүйлгүй” /5-р хх-н 19/ гэж,

иргэний хариуцагч *** “... би олон жил ажилласан, өвчтэй аавыгаа асардаг байсан. Би өөрөө төрөлхийн зүрхний цоорхойтой, бамбайн хоргүй хавдраар оношлогдсон, өр толгойлсон эмэгтэй зэргийг харгалзан үзэж надад 7.650.000 төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн юм байх гэж ойлгосон. Надад энэ мөнгийг төрөөс олгож байгаа буцалтгүй тусламж гэж ойлгоод байрныхаа төлбөрт төлсөн юм. Одоо би үүнийг эргэн төлөх ямар ч боломж байхгүй” /5-р хх-н 22-23/ гэж,

иргэний хариуцагч *** “... буцалтгүй тусламж гэж өгсөн. Тухайн үед уг мөнгийг байрны урьдчилгаанд өгчихсөн. Гар дээрээ ч өгөөгүй, дансанд хийсэн байсан. Тэгэхээр нь тэр мөнгө дээр нь мөнгө нэмээд байрныхаа урьдчилгаанд өгсөн. Би энэ мөнгийг төлж чадахгүй ээ. Өдий 30 жил ажиллахдаа дэмжлэг гэж анх удаа 900.000 төгрөг авч байхад одоо түүнийг төлүүлнэ гэж юу гэсэн үг вэ, би төлж чадахгүй” /5-р хх-н 26/ гэж,

иргэний хариуцагч *** “... байгууллагад 10-аас дээш жил тогтвор суурьшилтай сайн ажиллаж байгаа, мөн хортой нөхцөлд 2 хүний ажлыг хавсарч ажиллаж байгаа гээд надад 7.200.000 төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Би уг мөнгийг худалдаж авах гэж байгаа байрныхаа урьдчилгаанд өгсөн. Маш олон жил хортой нөхцөлд ажилласан байж тэтгэвэртээ гарахын өмнө 7.200.000 төгрөгийг дэмжлэг гэж өгчхөөд одоо буцааж авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийнхөө байгууллагад оруулсан хувь нэмэр, үзлэгээр мөнгө олох зэргийг бодоод үзэхээр бусдаасаа илүү ачаалалтай байсан зэргээс үзэхэд би энэ мөнгийг одоо төлнө гэхэд их харамсалтай байна. Орон сууцандаа зарцуулаарай гэж өгсөн. Тэр мөнгийг бүгдийг нь байрныхаа урьдчилгаанд өгсөн” /5-р хх-н 32/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Дээрх иргэний хариуцагч нарын мэдүүлэг, тайлбараас үзвэл тэдгээрийн “буцалтгүй тусламж, дэмжлэг” байдлаар байгууллагаасаа мөнгөн тусламж авсныг үгүйсгэхгүй. Гэвч уг тусламж, дэмжлэгийг хууль, журамд нийцүүлж үндэслэлээ зөв тодорхойлж олгоогүй нь шүүгдэгч ***ын гэм буруутай үйлдлээс улбаатай буюу түүнд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хариуцагч *** өөрт ногдох 900.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна. /1-р хх-н 250-р хуудас/

 

Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих Лхасүрэнгийн Батбаярт олгогдсон 7.650.000 төгрөгийг шүүгдэгч ***аар төлүүлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч *** нь ***т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /4-р хх-н 217/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-н 215/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /4-р хх-н 218/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-н 207/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /4-р хх-н 216/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /4-р хх-н 219/, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /4-р хх-н 220/, газар эзэмших эрхийн лавлагаа /4-р хх-н 221/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /4-р хх-н 222/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн шүүгдэгчийн хувийн байдал /үүнд: анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх/ зэргийг харгалзав.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгч /яллагдагч/-ийг өөрийнх нь мэдүүлгээр буруутгах ойлголт биш бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэгжүүлсэн.

 

Нөгөөтээгүүр шүүгдэгч ***ын хувьд хэдийгээр Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг хийсэн боловч өөрийн энэ үйлдлээ байгууллагынхаа хамт олны эрх ашиг, амьдрал ахуйд нь туслах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байна гэж ойлгож байсан нь “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох явцад түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасныг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ***ын өмгөөлөгч С.***, Б.Гэрэл-Очир, Д.Энхцэцэг хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцов.

 

Гэвч шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоноос гадна шүүх энэ хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэв.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч ***д урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг[1] хүчингүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *** овогт ***ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:

шүүгдэгч ***аас 7.650.00 төгрөг, иргэний хариуцагч ***эс 1.800.000 төгрөг, иргэний хариуцагч ***гээс 5.400.000 төгрөг, иргэний хариуцагч ***гээс 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч ***аас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч ***ээс 900.000 төгрөг, иргэний хариуцагч ***гаас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч ***ас 900.000 төгрөг, иргэний хариуцагч ***гаас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч Б.***аас 4.500.000 төгрөг, иргэний хариуцагч Г.***гаас 4.500.000 төгрөг, иргэний хариуцагч ***ээс 1.350.000 төгрөг, иргэний хариуцагч ***ээс 900.000 төгрөг, иргэний хариуцагч ***аас 7.200.000 төгрөг, иргэний хариуцагч ***аас 7.650.000 төгрөг, иргэний хариуцагч ***ээс 900.000 төгрөг, иргэний хариуцагч ***аас 5.400.000 төгрөг, иргэний хариуцагч ***аас 900.000 төгрөг, иргэний хариуцагч ***гаас 1.350.000 төгрөг тус тус гаргуулж ***д олгосугай.

 

6. Иргэний хариуцагч *** төлбөл зохих 900.000 төгрөгийг төлж барагдуулсныг, шүүгдэгч *** иргэн ***т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ***д урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                    

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

[1] Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 370 дугаартай захирамж /4-р хх-н 231-232/