Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/49

 

О.М , Л.П  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                               

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/214 дугаар шийтгэх тогтоолтой О.М , Л.П  нарт холбогдох 2015000910185 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.П , О.М , шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч О.М , Л.П , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, М.Найдан, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Булган аймгийн ... т оршин суух, 4 удаагийн ял шийтгэлтэй,  Х овогт О.М .

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 16-нд Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, Булган аймгийн ... т оршин суух, ял шийтгэлгүй,  Х овогт Л.П .

Шүүгдэгч О.М, Л.П  нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутаг Н  гэх газраас хохирогч Г.М ий хөхөл сойлготой шарга халзан морь, хээр толгойтой хээр халзан морь, хонгор халзан морьдыг хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/214 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Х овгийн О овогтой М , Х овгийн Л овогтой П  нарыг бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М , Л.П  нарыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М , Л.П  нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.М , Л.П  нарт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М  бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П гээс 475.000 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ...  оршин суух Б овгийн Г.М //-д олсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.М , Л.П  нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М ын өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх О.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, тэдний эрүүл мэнд ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан тэдгээрт эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв” гэжээ.

Миний үйлчлүүлэгч О.М  хэдийгээр удаа дараа шийтгэгдсэн ч сүүлд ял эдэлж байх хугацаандаа өөрийн гэм буруугаа ойлгон одоо л нэг хүн шиг амьдарч өвөө, эмээгээ санаа амар амьдруулах хүсэл зорилготой болж хүмүүжин хорихоос гарсан. Гэвч гараад 7 хонолгүй өмнө найзынхаа хүсэлт гуйлтаар хамт явсан хэрэг нь илэрч ял аваад байна. Энэ талаар анхны мэдүүлэгтээ тодорхой ярьж мэдүүлж байсан ч нэгэнт хулгайн хэрэгт хамт явсан гэм буруугаа шударгаар хүлээж, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан алдсан дээрээ алдахгүй алдаагаа засах чин сэтгэл, амьдралд хөлөө олох гэсэн хүслийг нь харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй ёсны зарчимд үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.2.1 дэх заалтыг хэрэглүүлэхээр гомдол гаргаж байна. Ял шийтгэл нь хатуу чангадаа бус оновчтой байхад түүний үр нөлөө оршдог тул М д ял оногдуулахдаа урт хугацаагаар хорьж шийтгэхдээ бус амьдралдаа шинэ алхам хийж, хүн шиг амьдраад үзье гэсэн хүсэл зоригийг нь мохоохгүй байх нэг удаагийн боломж олгоно уу гэж хүсэж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7.1.2-т зааснаар хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэн, мөн хуулийн 7.3.2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах зэрэг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Л.П  завж заалдах гомдолдоо “...Миний бие энэ хэрэгт анх холбогдсон цагаасаа өөрийн гэм буруугаа хүлээсээр ирсэн. 2019 оны 10 дугаар сард хөөрхөн хүүтэй болж гэр бүлээ зохион хуримаа хийж сайхан амьдрах хүсэл зорилго минь энэ хэрэгт холбогдож, талаар өнгөрч байгаад харамсаж өөрийн буруугаа ухамсарлаж маш их гэмшиж байна. Ээж минь 2020 онд зүрхний хагалгаанд орж намайг хоригдоход эмнэлэгт хэвтэж байсан. Мөн эхнэр хүүхэд хоёроо айлын хашаанд буулгасан байгаа тул би тэдэндээ маш их санаа зовж байна. Миний бие гэр бүлээ тэжээн тэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гал голомтоо сахих гэр бүлийн ноён нуруу эцэг хүн байтал анх удаагаа гэмт хэрэгт холбогдон бусдад хохирол учруулсан явдалд маш их харамсаж гэмшиж байна. Хохирогчид төлөх үлдэгдэл 475.000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Иймд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 тоот шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлээс минь хөнгөлж өгнө үү.” гэжээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч О.М ын өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Л.П нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Шүүгдэгч О.М , Л.П  нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутаг Н  гэх газраас хохирогч Г.М ий хөхөл сойлготой шарга халзан морь, хээр толгойтой хээр халзан морь, хонгор халзан морьдыг хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байна.

Шүүгдэгч О.М , Л.П  нар гэм буруутай байдал нь хохирогч гэрч нарын мэдүүлгүүд, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзээд тухайн үед болсон үйл баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс яллагдах онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, эзэмшигч, тэдгээрийн эд хариуцагч хүмүүсийн мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг онцлогтой. 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.М , Л.П  нарыг “бүлэглэж бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил нэг сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд “бүлэглэж бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.          

Анхан шатны шүүх шүүгдэгч О.М , Л.П  нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хоёр жил нэг сарын хорих ял оногдуулсан байдал нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу эрүүгийн хариуцлага гарцаагүй байх шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.  

Харин шүүгдэгч О.М  нь хохирогч Г.М эд хохирол 1.275.000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүгдэгч Л.П  нь хохирол 1.275.000 төгрөгөөс 900.000 төгрөгийг төлсөн байна.

Анхан шатны шүүх Л.П гийн үлдэх хохирлын тооцоог гаргахдаа алдаатай бодсон байх ба 1.275.000 төгрөгөөс төлсөн 900.000 төгрөгийг хасч тооцохдоо 475.000 төгрөг гэж бичсэнийг залруулж 375.000 төгрөг гэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иймд ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч О.М ын өмгөөлөгч М.Даваасүрэнгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7.1.2-т зааснаар хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэн, мөн хуулийн 7.3.2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах зэрэг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү”, шүүгдэгч Л.П гийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 тоот шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлээс минь хөнгөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М ын өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Л.П  нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолын “5 дахь заалтад “475.000 төгрөгийг” гэснийг “375.000 төгрөгийг” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М , Л.П  нарын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш цагдан хоригдсон нийт 41 хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД               М.ХҮРЭЛБААТАР

                                     Д.МӨНХӨӨ